Thursday, 20 December 2018


Орчуулагч  Б.Нямдорж

1.
Намтарын товчоон:
1973 он Улаанбаатар хотод төрсөн.
1988 онд УБ хотын 15-р дунд сургууль,
1990 онд 52-р дунд сургууль,
1993-1997 онд Испани хэлний “Говь” дээд сургуульд суралцсан.

2.
Орчуулсан ном:

Габриел Гарсия Маркес, Гунигт янхнуудаа дурсахуй роман,
Габриел Гарсия Маркес, Цайлган Эрендир тууж,
Хорхе Луис Борхес, Даян дэлхийн жигшүүрт түүх өгүүллэгийн түүвэр,
Хорхе Хусто Падрон, Тамын тойрог шүлгийн түүвэр,
Габриел Гарсия Маркес, Тахлын үеийн дурлал роман,
Габриел Гарсия Маркес, Зарлагдсан үхлийн товчоон роман,
Мигель де Унамуно, Нажидаа эдлэгч тууж,
Леопольдо Алас, Хоёр хайрцаг тууж

3.
Анх Г.Г.Маркесийн Гунигт янхнуудаа дурсахуй романыг орчуулсан. Анхных болохоор амаргүй байсан. Ямар нэг хэвлэлийн компанид орчуулаагүй, өөрөө бие даан орчуулж байсан болохоор орчуулгаа дундуур нь хэд хэдэн удаа тасалдуулсан. Уран зохиолын анхны орчуулга болохоор бүх үгийг нь мэдэж байвч өгүүлбэрийн утгыг гаргаж чадахгүй тохиолдол хэд хэд гарсан. Багш Б.Эрдэнэчимэг болон унаган испани хэлтэй перу, куба багш нараас асууж байж утгыг нь гаргаж байсан.

4.
Орчуулагч. Бичгийн, уран зохиолын орчуулга хийдэг хүнийг орчуулагч, хөрвүүлэгч гэх байх. Дуун хөрвүүлэгч гэж ард түмний хүндэтгэсэн хайрласан цол, гуншин. Харин ярианы, синхрон орчуулга хийдэг хүнийг хэлмэрч гэх болов уу.

5.
Эхний номоо уншилгүй шууд орчуулж байсан. Харин дараа нь эхлээд зохиолоо нэг уншихдаа мэдэхгүй үгнүүдээ түүж бичдэг болсон. Тэгээд тэр үгнүүдээ тольдож утгыг нь гаргаж аваад орчуулгаа эхэлдэг.

6.
Байгаа ч оноогүй, банзанд ч шүргээгүй орчуулга байгаа нь (ийм орчуулга олширч байгаа гэж бодохгүй байна, харин ч цөөрч байгаа гэж бодож байна) жам ёсных. Угаасаа уншигч олон шүүгээд гаргаад ирэхээр байгаа оноогүй орчуулгатай ном уншигдахаа, борлогдохоо байгаад аяндаа алга болно гэж боддог.

7.
Зуун жилийн ганцаардал романыг Г.Аким гуайн орчуулгатай тулган уншиж байсан. Тэгэхэд хоёрдогч хэлнээс монгол руу буулгасан гэхэд ямар нэг алдаа мадаг, буруу зөрүү орчуулсан юм олж хараагүй. Мэдээж эх хэлнээс нь орчуулбал илүү сайн, дөхөм байх нь ойлгомжтой ч эх бус хэлнээс нь ч сайн орчуулбал бараг ялгаагүй санагдана. Учир нь англи, испани, орос, франц зэрэг уран зохиолын түгээмэл хэлнүүдийн орчуулга маш сайн хөгжсөн тул хоёрдогч, гуравдагч хэл рүү маш сайн орчуулагдсан байдаг. Хоёрдогч хэлнээс орчуулахад эх хэлнээс орчуулснаас нэг их ялгаа гарахгүй болов уу. Хамгийн гол нь сайн орчуулах ёстой.

8.
Орчуулах явцад харь үгийг монгол хэлэнд хэрхэн оноох эрэлд байнга гардаг. Интернэт, онлайн толь бичиг их хөгжсөн тул нэг их зовлонгүй олдог. Зарим харь үгийг монгол хэлэнд хөрвүүлж буулгаагүй ч юм шиг, толь бичгээс хайгаад олддохгүй тохиолдол байдаг. Жишээ нь, resorte (оросоор пружина) гэдэг үг монголоор пүрш гэхээс өөр юм олдохгүй байлаа. Мэдээж пүрш бол монгол үг биш, пружина гэсэн орос үг. Гэвч Твиттер дээрх Save Mongolian пэйжийн тусламжтайгаар пүршийг монголоор “хариг” гэдэг болохыг олж мэдсэн. Хожим нь харахад, mongolitoli.mn дээр нь хариг гэж байдаг юм билээ.

9.
Asparagus гээд нэг төрлийн ногоо байдаг. Үүнийг хэрээний нүд хэмээн орчуулсан байдаг. Гэвч зохиол дээрээ “... хэрээний нүд идсэн...” гэхээр ерөөсөө болохгүй болохоор нь асралж гээд шинэ үг зохиочихсон. Асралж гэдэг үг монгол хэлэнд байдаггүйг хараад Asparagus-ыг санаанаасаа ингээд нэрлэчихсэн.
Монголд хэлэнд нэршил байхгүй үгийг зохиож шинэ үг үүсгэх ёстой гэж үздэг. Гагцхүү тэр нь Төрийн хэлний зөвлөлөөр батлагдах бараг боломжгүй тул өөрөө зохиогоод хэрэглээд явах нь зөв гэж боддог.

10.
Чөлөөт болон утгачилсан орчуулга угаасаа уран зохиолд тохирохгүй. Яруу найрагт утгачилсан, чөлөөт маягийн орчуулга хийхгүй бол яруу найргаараа буудаггүй байх. Уран зохиолд үгчилсэн орчуулга чухал. Тухайн үгийг тухайн үгээр нь буулгах ёстой.

11.
“Уран зохиол орчуулна гэдэг тухайн зохиолыг шинэ хэлэнд нээж шинээр бичиж байгаа хэрэг” хэмээн Маркес хэлсэн байдаг. Орчуулгыг монгол хүний сэтгэхүйд тааруулж байна гэж дүйцүүлж, гоёчилж орчуулбал тухайн зохиол, зохиолчийн хэв маяг алдагдана. Уран зохиолын орчуулга монгол зохиол болох ёсгүй.

12.
Орчуулах нь хийсвэрлэх урлаг биш, харин хэлснийг нь хэлснээр, байгааг байгаагаар нь буулгах хөрвүүлэх, буулгах бодит урлаг. Урлаг ч бас биш, зүгээр мэдлэг, туршлага байх гэж бодож байна. Орчуулга бол зүгээр л мэдлэг дээр тулгуурласан бичгийн ажил.

13.
Орчуулах явцад өгүүлбэрийг дэс дараа солих шаардлага гардаггүй. Харин хэт урт өгүүлбэрийг хоёр өгүүлбэр болгох, богино өгүүлбэрүүдийг нэг өгүүлбэр болгох тохиолдол гарна.

14.
Орчуулсан зохиолыг хэвлэхдээ хуудсыг хэд хэдээр нь хаях, хоосон хуудас хэвлэх тохиолдол гарч байсан. Үг, мөр буруу бичих, гээх нь цэвэр орчуулагч, редакторын ажил. Нэг номны хэвлэлт дээр хуудас хаягдсан тохиолдол гарч байснаас өөр зэрэмдэглэсэн зүйл гарч байсангүй.

15.
Яруу найргийг чөлөөт байдлаар утгачилж орчуулдаг байх.

16.
Хүүрнэл зохиол доторх шүлэг таарч байсангүй. Байвал өөрөө үгчилж орчуулаад яруу найрагчаар засуулна.

17.
Орчуулгыг өөрийн буюу монгол уншигчиддаа ойлгомжтой болгоно гэж орчуулгыг гоёчилж, өөрт таалагдсан үгээр орлуулахын эсрэг байдаг. Тухайн үгийг тэр үгээр нь, тэр өгүүлбэрээр нь буулгах ёстой. Харь сэтгэлгээг монгол болгох ёсгүй. Харь сэтгэлгээг харь сэтгэлгээгээр нь буулгаад бид тэрийг нь уншиж харь сэтгэлгээнд суралцах ёстой. Учир нь харь хэл дээрх зохиол нь монгол биш, зөвхөн харь сэтгэлгээ. Тэр харь сэтгэлгээг бид байгаагаар нь хүлээж авч, ойлгох ёстой болохоос монгол болгон өөрчилж болохгүй.

18.
Хорхе Хусто Падроны “Тамын тойрог” шүлгийн түүврийг испани хэлний орчуулагч Б.Пүрэвсүрэнгийн хамт орчуулж, яруу найрагч, зохиолч О.Мэнд-Ооёо гуай засч хянан гаргасан. Мөн Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан “Испани тууж, өгүүллэг”-ийг испани хэлний орчуулагч нартай хамтран орчуулсан.

19.
Цайлган Эрендира бэсрэг туужийг өмнө нь орос хэлнээс орчуулж байсан юм байна лээ. Урьд нь орчуулж байсныг мэдээгүй орчуулсан. Өмнөх орчуулгыг олж хараагүй. Давуу тал гэвэл, эх испани хэлнээс нь орчуулсан.

20.
Хэвлэгдсэн номоо байнга уншиж засвар хийж сайжруулдаг. Унших тусам өө сэв гарч ирдэг. Орчуулга дараа дараагийн хэвлэлтэд улам сайн, чамбай болох ёстой.

21.
Зарим үг, нэрэнд тайлбар зүүлт хийх тохиолдол гардаг

22.
Орчуулгын хэл үндэстний эх хэлний хөгжилд их тустай. Эх хэлээ баялаг, утга төгөлдөр байлгахад орчуулга, уран зохиол ихээхэн үүрэгтэй.

23.
Испани хэл дээрх уран зохиолыг монгол уншигчиддаа чадан ядан хүргэж байгаад миний орчуулгын хэрэг, нөлөө гарч байгаа юм болов уу.

24.
Сайн орчуулга бүр Монголын утга зохиолд гэгээн хишиг буянаа хайрласан биз ээ. Мэдээж маш олон зохиол байгаа.

25.
Орчуулгын алдаа оноог хэлэх, шүүмжлэх маш хэцүү. Орчуулгыг хянах нь тухайн зохиолыг дахин шинээр орчуулж буйгаас бараг ялгагдахгүй их хөдөлмөртэй тул ийм хүн олдохгүй. Тиймээс зөвхөн орчуулагч нарт сайн бүтээл гаргах, сайн орчуулга хийх хариуцлага ногдож байна.

26.
Миний орчуулгыг магтсан, шүүмжилсэн хүмүүс ч бий. Орчуулга, уран зохиолыг номын дэлгүүрийн борлуулалт, уншигчдын сэтгэгдлээр л үнэлэх болов уу.

27.
Монсудар хэвлэлийн газар орчуулгын хамгийн гайгүй шагналыг өгч байна.

28.
Монголд дан ганц орчуулгын хөлсөөр амьдрах бараг боломжгүй. Маш хөдөлмөрч, галзуу юм шиг хөдөлмөрч орчуулагч л орчуулгын хөлсөөр амьдрах боломжтой. Монголд уран зохиолын орчуулга, шан харамж хөгжиж л байна. Мэдээж эдийн засаг муу болохоор гадаадын орчуулагч нартай харьцуулшгүй доогуур байгаа. Орчуулагч нар хэвлэлийн компанитай хийж байгаа гэрээгээ сайн хийх хэрэгтэй байх. Одоогоор бүх юм хөгжлийн шатандаа явж байна.
  



Wednesday, 5 July 2017




Гарри Каспаров их шатарт буцаж ирнэ

Grand Chess Tour тэмцээнийг зохион байгуулагчид Сент-Луист болох тэмцээнд дэлхийн шатрын 13 дахь аварга Гарри Каспаров оролцох болсныг зарлалаа. Тэрээр 2005 онд их шатраас зодог тайлж, тэр цагаас хойш зөвхөн үзүүлэх тоглолтод оролцож байв. Үүнээс гадна 2010 он хүртэл сүүлийн арван жилийн шилдэг шатарчин Магнус Карлсений хувийн дасгалжуулагчаар ажиллажээ. Каспаров Сент-Луисийн тэмцээнд цагаан хуудсаар оролцож байна. Энд мөн дэлхийд чансаагаараа хоёрт жагсаж буй Хикару Накамура болон Сергей Карякин, Вишванатан Ананд нарын шилдгүүд тоглоно. “Би тэмцээнд оролцогчдын дундаж насыг дээшлүүлж, дундаж чансааг бууруулж байх шиг байна” хэмээн Гарри Каспаров Твитертээ бичжээ.
Гарри Каспаров 1985 онд Анатолий Карповтой түүхэн тоглолт хийж дэлхийн аварга болсон билээ. 2006 он хүртэл Дэлхийн шатрын холбооны чансааг тэргүүлж байв. Тэрээр чансааны 2851 оноо авч рекорд тогтоож байсныг зөвхөн Магнус Карлсен 2013 онд эвдсэн юм. Каспаров спортын замналаа дуусгасны дараа В.Путиний дэглэмийг эсэргүүцэж улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох болжээ. Сөрөг хүчний жагсаал цуглаанд оролцож, “Эв нэгдэл” Иргэний нэгдсэн фронтыг удирдаж байлаа. 2013 онд Гарри Каспаров эрх баригчдын мөрдлөгөөс болгоомжилж Оросыг орхижээ. Тэрээр Нью-Йоркт суурьшсан бөгөөд мөн 2014 онд иргэншлийг нь авсан Хорватад бас нэг гэртэй.

Чикагод 100 орчим хүн буудалцаанд өртжээ

АНУ-ын Тусгаар тогтнолын баярын дөрвөн амралтын өдрөөр Чикаго хотод 100 орчим хүн замбараагүй буудалцааны золиос болж, шархдаж гэмтжээ. Орон нутгийн гэмт хэргийн бүлэглэлүүд хоорондоо буудалцсан хэмээн цагдаа нар мэдээлэв. Буудалцаан ням гаригт эхэлсэн ба мягмар гаригт болсон буудалцаанд хамгийн олон хүн шархаджээ. Дор хаяж 15 хүн амиа алдсан хэмээн хэвлэлүүд баталж байна. Чикаго хотын эрх баригчид гэмт хэрэг хамгийн их гардаг хотын өмнөд болон баруун хэсэг рүү 1000 цагдаагийн нэмэлт хүч илгээсэн ч эмх замбараагүй байдлыг намжааж чадаагүй аж. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гэмт бүлэглүүдийн мөргөлдөөнийг эцэс болгохын тулд Чикаго хотын цагдаагийн газар руу ХМТ-ны ажилтнуудыг нэмэлт хүч болгон илгээгээд байна. Өнгөрсөн оны баярын үеэр 66 хүн буудалцаанд өртөн шархдаж байжээ.

Н.Мадурогийн талынхан парламент руу дайрч оров

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог дэмжигчид сөрөг хүчний хяналтад байдаг парламентын ордон руу дайран орж депутат, сэтгүүлчид рүү халджээ. Сөрөг хүчний хоёр депутат зодуулан нүүрэндээ цус болсон гарч ирж байгаа нь бичлэгээс харагдаж байв. Дайрч орсон хүмүүс хэд хэдэн депутат руу халдсан хэмээн сөрөг хүчний La Patilla сайт мэдээлэв. Найман хүн шархдаж бэртсэний дотор депутат Америко де Грасиа байгаа аж.
Ерөнхийлөгч Николас Мадуро Тусгаар тогтнолын баярын парад дээр үг хэлсний дараа эмх замбараагүй байдал эхэлжээ. Венесуэлийн парламентад 2015 оны арванхоёрдугаар сараас хойш сөрөг хүчний депутатууд давамгайлах болсон юм. Сүүлийн гурван сарын турш сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгч Мадурог огцрохыг шаардсан жагсаал цуглаан хийсээр байна. Үүний улмаас амиа алдсан хүний тоо 90-д хүрчээ. Мадурогийн талынхан болон сөрөг хүчнийхэн нэг нэгнээ хүчирхийллийг өдөөсөн хэмээн буруутгасаар байгаа аж.

“АНУ Хойд Солонгосын пуужингаас өөрийгөө хамгаалах чадвартай”

Баллистик пуужинг илрүүлэн замд нь устгах Америкийн систем нь Хойд Солонгосын тив хоорондын пуужингаас АНУ-ыг хамгаалах бүрэн чадвартай хэмээн Пентагоны хэвлэлийн төлөөлөгч, ахмад Жефф Дэвис мэдэгдэв. Долдугаар сарын 4-нд Хойд Солонгосын харвасан пуужин нь өмнө нь үзэгдэж харагдаагүй пуужин байсан, нислэгийн явцад дахин салж байндаа тусах чадвартай байлдааны толгой уг пуужинд байсан хэмээн тэрээр онцлов. Пхеньяны эрх баригчид амжилттай боллоо хэмээн зарласан “Хвасон-14” тив хоорондын пуужин 37 минутад 930 км зам туулан Япон тэнгист унасан юм. Хойдууд АНУ болон дэлхий нийтэд чиглэсэн аюул заналхийллээ нэмэгдүүлж байна хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Р.Тиллерсон мэдэгдсэн.
“Хвасон-14” пуужин ойролцоогоор 6700 км замыг туулах чадалтай хэмээн Америкийн эрдэмтэн, физикч Дэвид Райт үзэж байна. Энэ нь уг пуужин Аляскт түвэггүй хүрнэ гэсэн үг. Гэвч үүний тулд зөвхөн пуужин бус, мөн агаар мандалд нэвтэрч орох цэнэгт хошуу хэрэгтэй. Хойд Солонгосын тал одоогоор ийм чадалтай цэнэгт хошуутай болсон эсэх нь тодорхойгүй байна.

Ширүүн бороо гамшиг учруулав

Японы Кюшю арал дээр ширүүн аадар бороо гамшиг учруулж, хэд хэдэн хот тосгодын зам харгуйг усанд автуулаад байна. Зам харагдахгүй болсны улмаас гамшигт байдал үүсээд байгаа аж. “Нөхцөл байдал маш хүндэрлээ. Энэ бол онц ноцтой байдал. Хүмүүсийн амийг аврах нь хамгийн чухал болоод байна” хэмээн Японы Ерөнхий сайдын орлогч Таро Асо онц байдлын штабын хуралдаан дээр мэдэгджээ. Үер хэдэн сууринг замаас тусгаарлаад байна. Үерт живж урссан хүмүүс, машины талаар мэдээлэл байнга ирж байгаа аж. Хита хотод төмөр замын гүүр үерт автаж галт тэрэг явах боломжгүй болжээ. Борооны өмнөхөн Японы төв хэсэгт 5.7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. 

Tuesday, 4 July 2017



Олег эхнэртээ өв хөрөнгөө үлдээсэн үү?


“Иванушки International” хамтлагийн гоцлол дуучин Олег Яковлев зургадугаар сарын 29-нд өвчний улмаас нас барсан юм. Түүний үхлийн албан ёсны шалтгааныг уушигны үрэвслийн улмаас зүрх нь зогссон гэж гарсан ч үнэн хэрэгтээ элэгний хатуурал түүнийг авч одсон хэмээн найзууд нь хэлж байна. Учир нь Олег архинд тун дуртай нэгэн байжээ. Олег 2012 онд “Иванушки”-ийг орхиж ганцаараа уран бүтээлийн мөр хөөсөн ч хүссэн амжилт нь ирсэнгүй. Тэрээр Оросын алдарт хамтлагт ирсэн цагаасаа л бор дарсанд дурлах болжээ. “Тэр арга хэмжээ, аялан тоглолт, онгоцоор нисч байхдаа байнга уудаг байсан. Бүгд онгоцонд унтаж байхад тэр ганцаараа архи, коньяк уугаад явдаг байлаа. Тэр ер нь их зожиг, зуслан дээрээ очоод бүгчихдэг байсан. “Иванушки”-аас гарсны дараа нэг их амжилт олоогүй, нөгөө муу зуршил нь улам гүнзгийрсэн. Түүний элэг нь өвчтэй, архи ууж болохгүй байсан ч тэрээр уухгүй байж чаддаггүй байсан. Залуугаараа хорвоог орхисон шалтгаан нь энэ” хэмээн найз Леонид Зюник нь ярьжээ. Узбек аав, буриад ээжээс Монголд мэндэлсэн Олег Яковлев эхнэр Александра Куцеволд  ямар нэг өв хөрөнгө гэрээслэж үлдээсэн эсэх нь тодорхойгүй байна. 




Хойд Солонгос цөмийн зэвсэгтэй болохыг АНУ хүлээн зөвшөөрөхгүй

Хойд Солонгосын тал уржигдар тив хоорондын баллистик пуужин туршсаныг АНУ батлав. Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон үүнийг  АНУ болон дэлхий нийт рүү чиглэсэн Хойд Солонгосын аюул заналхийлэл шинэ түвшинд гарч байгаа явдал хэмээн нэрлээд “Пхеньян цөмийн зэвсэгтэй болохыг АНУ хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн онцлов. Хойд Солонгосын эрх баригчид тив хоорондын баллистик пуужингийн туршилт анх удаа амжилттай боллоо хэмээн мэдэгджээ. Ким Чен Уны дэглэм ийнхүү Аляскт пуужингийн цохилт өгөх боломжтой болж байна хэмээн Вашингтон үзэж байна. Гэвч зарим мэргэжилтнүүд уг пуужин байндаа хүрэх чадваргүй хэмээн тодорхойлжээ.
Хойдууд пуужин туршсаны дараа АНУ энэ асуудлыг хэлэлцэхийн тулд НҮБ-д хандаж Аюулгүйн зөвлөлийн онцгой хуралдаан хийхийг шаардсан юм. 15 улсын төлөөлөгч багтдаг зөвлөлийн хаалттай уулзалт долдугаар сарын 6-нд буюу өнөөдөр товлогджээ. АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн хээрийн сургуулийг зогсоохыг Москва, Бээжин хоёр шаардаж байна. Орос, Хятад хоёр Хойд Солонгосын пуужингийн туршилтыг хүлээн зөвшөөрч боломгүй хэмээн үзсэн ч АНУ пужингаас эсэргүүцэн хамгаалах THAAD системээ Өмнөд Солонгост байрлуулахыг эсэргүүцэж байгаа юм. Япон улс Хойд Солонгосын удирдлагад албан ёсоор эсэргүүцэл илэрхийлжээ. Ерөнхий сайд Шинзо Абэ “Хойдууд алсын тусгалтай тив хоорондын пуужин туршсан нь аюулын түвшинг нэмэгдүүлж байна” хэмээн ярив. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ч Пхеньяны пуужингийн ээлжит туршилтыг хатуу шүүмжилсэн аж.
“Энэ залууд пуужин туршихаас өөр хийх юм алга. Япон, Өмнөд Солонгос хоёр цаашдаа үүнтэй эвлэрээд яваад байна гэж итгэхэд ч бэрх байна. Магадгүй хятадууд нухацтай алхам хийж энэ утгагүй зүйлийг нэгмөсөн дуусгах биз” хэмээн Трамп Твиттер хуудсандаа бичжээ. Тэрээр үүний өмнөхөн Хятад, Японы лидертэй утсаар ярьж Хойд Солонгосын асуудлыг хэлэлцсэн байна. Хойд Солонгосын тал сүүлийн саруудад пуужингийн туршилтаа эрс нэмэгдүүлж, он гарсаар 11 дэх туршилтаа хийгээд байна. Японы цэргийнхний үзэж буйгаар, “Хвасон-14” тив хоорондын баллистик пуужин 37 минут нисч 930 км зам туулаад Япон тэнгист унасан аж. Хойд Солонгосын эрх баригчид “Манай пуужин дэлхийн аль ч цэгт хүрэх чадвартай” хэмээн мэдэгдсэн юм.

10 минутад 72 “Халуун нохой” иджээ

Nathan’s Annual Famous International Hot Dog Eating Contest буюу Хэн хамгийн их Hot Dog идэх вэ уралдаан АНУ-ын Кони Айлендэд боллоо. 2007 онд энэ тэмцээнд 10 минутын дотор 72 зайдастай хавчуурга идэж байсан америк залуу Жое Честнат энэ удаа мөн л 72 хавчуурга идэж рекорд амжилтаа давтжээ. Кармен Чинкотти 60 хот дог идэж хоёрдугаар байрт оржээ. Эдүгээ 33 настай Честнат анх 2005 онд энэ тэмцээнд оролцохдоо 32 Зайдастай хавчуурга идэж байжээ. Тэр цагаас хойш тасралтгүй дасгал сургуулилт хийсээр гол өрсөлдөгч Кобаяшиг давж чадсан юм. Тодорхой хугацаанд аль болох их хоол идэж рекорд тогтоох сонирхолтой амтерик залуу зайдастай хавчуурга, хачиртай талх, рамен идэж рекорд тогтоож байв.

Сирийн босогчид давшсаар байна

АНУ-аар дэмжүүлсэн курд, араб дайчид Ракка хотын хамгийн сайн хамгаалалт, бэхлэлттэй, хоёр гаруй жилийн турш лалын хэт лаврагч “Исламын улс” бүлгийн мэдэлд байсан хэсэг рүү нэьтрэн орж чаджээ. Сирийн босогчид хуучин хотын хана, бэхлэлтийг сэтэлж чадсан аж. АНУ тэргүүтэй олон улсын цэргийн хүчээр дэмжүүлсэн “Сирийн ардчилсан эвсэл” хэдэн сарын турш байлдсаны эцэст өнгөрсөн долоо хоногт хотыг бүрэн бүсэлжээ. Ракка хот нь жихадист дайчдын сүүлчийн гол түшиц газар болоод байгаа юм. “Исламын улс” бүлгийнхэн 2014 онд  Ракка хотыг эзэлж лалын халифат улсын нийслэлээр зарласан билээ. Дөрвөн мянга орчим лалын дайчин хамгаалж байгаа Ракка хотыг бүрэн эзэлж чадвал “Исламын улс” бүлэг маш том цохилт амсана хэмээн АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвсэл үзэж байна. Ракка хотын төлөөр тулалдаанд олон зуун энгийн иргэн амь насаа алджээ. Зургадугаар сард гэхэд л 173 энгийн иргэн дайны золиос болсон байна.

Гаванад “Хайрын зочид буудал” эргэж ирнэ


Кубын нийслэл Гавана хотын эрх баригчид 1990-ээд он хүртэл оршиж байсан “Хайрын зочид буудал”-ын сүлжээг эргэн сэргээхээр болжээ. Хүн ам ихтэй Гавана хотод дурласан, болзсон хосууд орох газаргүй хэцүүддэг нэг бэрхшээл байдаг. Зарим хувийн зочид буудал өрөөгөө цагаар өгөхдөө хэтэрхий өндөр үнэ нэхдэг ажээ. Төрийн дэмжлэгтэй “Хайрын зочид буудал”-ын сүлжээг сэргээснээр куба залуус гадаа, гудамжинд загас наадуулдаг явдалд цэг тавина хэмээн үзэж байна. Pоsаdаs буюу хосууд “хайр хийх”-д зориулсан “Хайрын зочид буудал” нь 1990 он хүртэл оршиж байсан. Ийм зочид буудлын нэг цагийн төлбөр харьцангуй хямд байжээ. Гэвч 1990-ээд онд Кубыг нөмөрсөн эдийн засгийн хямрал болон далайн хар шуурганы улмаас Pоsаdаs-уудыг түр хоргодох байр болгон ашигласнаар байхгүй болсон юм.

Monday, 3 July 2017



Total Иранд хий олборлолтод нэг тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ

Францын нефть, хийн Total компани Иран дахь Өмнөд Парсын ордоос хий олборлох гэрээг Тегераны Засгийн газартай хийлээ. Францын компани анхны хөрөнгө оруулалтаар нэг тэрбум орчим доллар зарцуулахаар төлөвлөжээ. Өрнөдийн зүгээс Ираны эрчим хүчний салбарт тавьсан хоригийг цуцалсны дараа Европоос орж ирж буй хамгийн том хөрөнгө оруулалт нь энэ болж байна. Дэлхийд хамгийн томд тооцогдож байгаа Өмнөд Парсын орд газрын 11 хэсэгт олборлолт явуулах тохиролцоонд Тегераны зүгээс Ираны нефтийн үндэсний компани (National Iranian Oil Company) гарын үсэг зуржээ. Энэ төсөлд мөн Хятадын үндэсний нефтийн компани (China National Petroleum Corporation, CNPC) оролцож байна. Гэрээнд заасны дагуу, Францын компани төслийн 50.1, CNPC 30, Ираны  Засгийн газар үлдсэн 19,9 хувийг эзэмших аж. 11 хэсэгт олборлолт явуулах өртөг дөрвөн тэрбум доллар. Орд газрын нийт нөөц нь хоёр тэрбум куб фут буюу 56.6 сая куб метр аж. Энэ нь өдөрт 400 мянган баррель нефтьтэй тэнцэх хий олборлоно гэсэн үг. Олборлолт 2020 оноос эхэлнэ хэмээн тооцоолж байна.
Өмнөд Парс нь Катараас зүүн хойд зүгт орших Персийн булан дахь Ираны Зүүн болон Өмнөд Парсын орд газрын өмнөд хэсэг юм. Өмнөд Парсад дэлхийн хийн нөөцийн найман хувь, Ираны хийн нөөцийн 50 хувь нь оршдог. 3700 хавтгай дөрвөлжин км газрыг эзлэх тус ордыг Ираны эрх баригчид 28 хэсэгт хуваажээ. Хоёр, гуравдугаар хэсэг дээр ОХУ-ын “Газпром” компани Францын Total, Малайзын Petronas компанитай хамтран олборлолт явуулахаар болжээ.
2000 оны сүүлчээр Ираны хийн салбарт хөрөнгө оруулалт хийхэд бэлэн өрнөдийн томоохон компаниудаас Total ганцаараа үлдсэн юм. Гэвч 2008 оны дундуур Францын компани “Ираны өмнөд нутагт хий олборлох ажлаа улс төрийн тогтворгүй байдлын улмаас зогсоож байна” хэмээн мэдэгдэж төслөөс гарч буйгаар зарлаж байв. Өнгөрсөн оны нэгдүгээр сард Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг “Иран улс цөмийн хөтөлбөрөө зогсоохтой холбоотой бүх амлалт, болзлоо биелүүллээ” хэмээн мэдэгдсэний дараа АНУ болон Европын холбоо Ираны эсрэг хориг арга хэмжээг цуцалсан билээ.
Хоёрдугаар сарын сүүлчээр буюу нэг жилийн дараа Иран улс амлалтаа зөрчиж АНУ Ираны эсрэг дахин хориг арга хэмжээ авчээ. АНУ-ын шинэ хориг арга хэмжээнд Ираны найман компани өртсөн юм. Тэднийг террорризмтой холбон буруутгажээ. Мөн дахиад 17 компанийг баллистик пуужин үйлдвэрлэхэд оролцсон хэмээн үйл ажиллагааг нь хязгаарлах арга хэмжээ авсан байна.

Э.Макроны амь насанд халдах гэж байжээ

Францын цагдаа хойд хэсгийн Аржантей хотын 23 настай оршин суугчийг Ерөнхийлөгч Эмммануэль Макроны амь насанд халдахаар заналхийлсэн хэмээн баривчиллаа. Тэрээр долдугаар сарын 14-нд болдог Бастилийг эзлэн авсан өдөрт зориулсан баярын жагсаалын үеэр төрийн тэргүүний амь насанд халдахаар зэхэж байжээ. Мань залуу нэгэн тоглоомын сайтны чаат дээр Калашниковын автомат буу худалдах авах сонирхолтой байгаагаа бичиж байсан аж. Цагдаа нар түүний гэрт ирэхэд тэрээр гал тогооны хутгаар зэвсэглэн эсэргүүцэл үзүүлжээ. Түүнийг байцаас үед тэрээр Макроныг улс төрийг үзлээс нь болж алахыг хүссэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Мөн лал, араб, харууд, ижил хүйстнүүдийг хөнөөхийг хүсч байсан гэдгээ хэлжээ. Өөрийгөө үндсэрхэг үзэлтэн хэмээн нэрлэсэн залуу 2011 онд 77 хүний аминд хүрсэн Андерс Брейвикийг шүтсэн үйлдлийнхээ төлөө 2015 онд шүүхээс тэнсэн харгалзах ял сонсож байжээ.

10 настай жаал автобус хулгайлж хотоор зугаалав

Хятадын Гуанжоу хотод 10 настай хөвгүүн автобус хулгайлж хотоор 40 минут зугаалсны эцэст цагдаа нар саатуулжээ. Жаалхүү автобусны жолооны ард сууж буй бичлэг Хятадын интернэтийн сүлжээгээр цацагдаад байна. Жаахан хүүхэд автобус жолоодон явж буйг харсан явган зорчигчид цагдаагийн газарт мэдэгдсэнээр 40 минут автобус хөлөглөн явж байсан хүүхдийг зогсоожээ. Тэрээр энэ хугацаанд автобусыг тун сайн жолоодож хэнийг ч мөргөж гэмтээсэнгүй. Жаалхүү хэрхэн автобус хулгайлсан нь тодорхойгүй байна. 10 настай жаал өмнө нь гар утас, хэтэвч хулгайлсан хэргээр баривлагдаж байсан хэмээн автобусыг эзэмшигч Guangzhou Yueyun Bus компаниас мэдэгдлээ. Түүнийг цагдаагийн хэсэгт аваачиж байцаасны эцэст суллаж явуулсан аж. Насанд хүрээгүйн улмаас жаалхүүг  ямар нэг гэмт хэрэгт буруутгасангүй хэмээн мэдээлж байна.

Мотоциклтой этгээдүүд хүмүүс рүү гал нээжээ

Францын Тулуз хотод мотоцикл хөлөглөсөн хоёр этгээд хэсэг хүмүүс рүү гал нээж нэг хүний аминд хүрч зургаан хүнийг шархдуулжээ. Халдлага тус хотын Рейнери дүүрэгт болсон хэмээн “France 3” телевиз мэдээлэв. Цагдаагийн газраас мэдэгдэж буйгаар, хүмүүс рүү буудсан хоёр этгээдийн нэг нь лал шашинтны хувцастай байжээ. Халдлага үйлдсэн этгээдүүд нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс байсан бололтой. Мөн өнгөрсөн амралтын өдрөөр Авиньон дахь лалын сүмийн гадаа буудалцаан болж найман хүн шархадсан юм. Сүсэгтнүүд оройн 22:30 цагийн үед  Ар-Рахма сүмээс гарч явахад нь хоёр этгээд гал нээсэн аж.

Леди Гага Оросын олигархуудын хүүхдүүдийн хуриман дээр дуулав


Америкийн дуучин Леди Гага Оросын олигархуудын хүүхдүүдийн хуриман дээр дууллаа хэмээн Daily Mail мэдээлэв. Альдар Османовын охин Лолита, Альберт Авдоляны хүү Гаспар нар Оскарын шагнал гардуулах ажиллагаа болдог “Долби” театрт гэрлэжээ. Зарим эх сурвалжийн мэдээллээр, хуримын зардал 10 сая долларт хүрсэн аж. Хуримын гоёлын цэцэгт гэхэд л 500 мянган доллар зарцуулсан хэмээн бичиж байна. Лолита хуримын ёслолдоо Zuhair Murad-ийн даашинзыг сонгожээ. Дуучин Леди Гага ямар үнэ хөлсөөр дуулсан нь тодорхойгүй ч тэрээр дор хаяж 250 мянган доллар авсан бололтой. Хуримын зочдын дунд Оросын шоу-бизнесийн нэртэй төлөөлөгчид байсан аж. 

Sunday, 2 July 2017



Трамп, Абэ нар Хойд Солонгост шахалт үзүүлнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар утсаар холбогдож цаг үеийн тулгамдсан сэдвээр ярилцаж санаа бодлоо солилцлоо хэмээн Японы Засгийн газрын төлөөлөгч мэдэгдэв. Хоёр улсын лидер хэд хэдэн асуудлаар санал солилцсоны дотор Хойд Солонгосын сэдэв голлох байр суурийг эзэлжээ. Тэд Пхеньяны эрх баригчдад үзүүлэх дарамт шахалтаа нэмэгдүүлэх талаар тохиролцсон байна. Мөн Дональд Трамп, Шинзо Абэ нар Германы Хамбург хотод болох “Их-20”-ийн уулзалтын үеэр тусдаа уулзалт хийж, нягт хамтран ажиллахаар болжээ. Тэд Хойд Солонгосын асуудал дээр Өмнөд Солонгостой хамтран ажиллахаар тохиролцсон байна. АНУ Хойд Солонгост дарамт шахалт үзүүлбэл дайн мөргөлдөөнд хүрч болзошгүй хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн сайдын орлогч Сергей Рябков мэдэгджээ.

Лондоны нисэх буудлыг түр хугацаагаар хаав

Лондоны Гатвтк нисэх онгоцны буудлын орчимд нисгэгчгүй аппарат агаарт үзэгдсэний улмаас тус нисэх буудлын нисэх, хөөрөх зурвасыг хагас цагийн хугацаатай хоёр ч удаа хаах хэрэгтэй болжээ. Хоёр нислэгийг өөр нисэх буудал руу шилжүүлжээ. Нисэх буудлын хэвлэлийн албанаас мэдээлж буйгаар, Гатвик буудалд буухаар орж ирсэн EasyJet авиакомпанийн онгоцыг Лондоны Станстид нисэх буудал руу явуулсан аж. Мөн British Airways-ийн нисэх онгоцыг өмнөд эргийн Борнмут хот руу явуулахаас өөр аргагүй болсон байна. Бусад нислэгийг Баруун Сассекс гүнлэгийн дээгүүр эргэлдүүлж байгаад хагас цагийн дараа буулгасан аж. Цагдаа нар ямар учиртай нисгэгчгүй төхөөрөмж нисч явсныг шалгаж байна. Гатвик нь Хитроугийн дараа ордог Лондоны томоохон нисэх буудал юм. Өнгөрсөн онд гэхэд л Гатвикаар 43 сая зорчигч үйлчлүүлжээ.

ОХУ-ын хил орчимд тагнуулын нислэг хийжээ

Сүүлийн долоо хоногт гадаад орнуудын нисгэгчгүй төхөөрөмж Оросын хил орчимд 15 удаа тагнуулын нислэг хийлээ хэмээн ОХУ-ын Батлан хамгаалах яаснаас мэдээлэв. АНУ-ын нисгэгчгүй төхөөрөмж найман удаа, Шведийнх гурав, Норвегийнх хоёр, Японых  хоёр удаа тагнуулын нислэг хийснийг Оросын Сансрын агаарын хүчин бүртгэж авчээ. Оросын нисэх хүчний сөнөөгч онгоцууд эдгээр төхөөрөмжийг илрүүлэхийн тулд зургаан удаа агаарт хөөрсөн байна. Долоо хоногийн өмнө АНУ-ын нисэх онгоцууд Тартус дахь Оросын цэргийн баазыг тагнасан нислэг хийснийг ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдэгдлээ.

Бразилд мафийн толгойлогчийг баривчлав

Бразилд хууль хяналтын байгууллагаас 30 жил зугтаасан “Цагаан толгойт” хочит хар тамхины мафийн толгойлогч Луиш Карлуш да Рошаг баривчилжээ. Тэрээр гоо сайхын мэс заслын тусламжтайгаар гадаад төрхөө өөрчилж, Витор хэмээх нэртэй болсон байжээ. Шинжээчид Витор, Роша хоёрын зургийг шинжлээд нэг хүн болохыг тогтоожээ. Түүнийг баривчлах ажиллагаанд 150 орчим цагдаа оролцсон байна. Роша Өмнөд Америкт томоохонд тооцогддог хар тамхины мафийг удирдаж байсан юм. Түүний удирдсан мафи Болив, Перу, Колумбид сар бүр таван тн кокаин нийлүүлдэг байжээ. Роша мөнгө угаасан, хар тамхи худалдсан, бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэргээр 50 жилийн ял авч магадгүй байна.

Марадона Оросын иргэн болохыг хүсч байна


Аргентины домогт хөлбөмбөгч Диего Армандо Марадона ОХУ-ын иргэн болохоор нухацтай бодож эхэлсэн тухайгаа “Советский спорт” сонинд ярьжээ. Тэрээр Холбоодын цомын тэмцээнийг үзэхээр ОХУ-д ирсэн юм. Марадона хэд хоногийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг шүтдэг гэдгээ хэлж байсан аж. “Би Оросын лидер Путинийг хүндэлж биширдэг. Тэр бол дэлхийн хүчтэй, ухаалаг удирдагч. Миний гэрт хоёр удирдагчийн хөрөг байдаг. Нэг нь Фидель Кастро, нөгөөх нь Владимир Путин. Би энэ удаагийн айлчлалаараа Ерөнхийлөгч Путинтэй уулзаж гар барихыг хүсч байна. Гэвч тэр намайг Кремльд урих эсэхийг мэдэхгүй байна” хэмээн домогт хөлбөмбөгч, 1986 оны дэлхийн аварга Марадона ярьжээ. Саяхан нэрт хөлбөмбөгч Мессигийн хурим болсон ч Марадонад урилга  ирээгүй юм. Энэ талаар сурвалжлагч асуухад Марадона “Миний урилга хаа нэгтээ гээгдсэн байх” хэмээн ёжтой хариулт өгөөд “Тэр намайг хуримандаа уриагүй ч бидний харилцаа өөрчлөгдөхгүй” гэжээ. 



Кристиано Роналдо гэрээслэлээ өөрчлөв

Кристиано Роналдогийн түүх өдрөөс өдөрт бичигдсээр байна. Өдөр бүр хүмүүсийн нүд, чихийг сортойлгож байдаг хүн цөөхөн. Ядуу зүдүү өссөн Роналдо хөвгүүн өнөөдөр хөлбөмбөгийн ачаар тэрбумаар тоологдох баян болжээ. Түүний зөвхөн цалин пүнлүү, зар сурталчилгаанаас олж буй орлого гэхэд л жилд 250 сая еврог давж байна. Саяхныг хүртэл нэрт хөлбөмбөгчийн өв хөрөнгөнөөс хувь хүртэх (түүнийг нас барсан тохиолдолд) гол хүмүүс нь түүний хүү Кристиано Жуниор, ээж Долорес Авейро нар байсан юм. Одоо энэ жагсаалт өөрчлөгдөж байна. Тээгч эхийн тусламжтайгаар мэндэлсэн ихэр хүүхэд Эва, Матео нар гэр бүлд нь нэмэгдсэнээр хөлбөмбөгчийн амьдралд бас нэг том өөрчлөлт гарчээ. Хэдхэн долоо хоногийн өмнө буюу зургадугаар сарын эхээр Роналдо Лиссабонд очиж Португалын шигшээ багтайгаа нэгдэхдээ нэгэн чухал ажлыг давхар амжуулжээ. Тэрээр гэрээслэлдээ өөрчлөлт оруулахаар өмгөөлөгч, хуульчдын зартай фирм дээр очиж гэр бүл, өв залгамжлалын асуудал хариуцсан мэргэжилтэнтэй уулзсан байна. Үүний хамгийн гол шалтгаан нь мэдээж шинэхэн мэндэлсэн ихэр хүүхдээ гэрээслэлдээ багтаах.
Роналдо хөлбөмбөг болон зар сурталчилгааны гэрээнээс асар их хөрөнгө мөнгийг цуглуулж чадсан юм. Энэ их хөрөнгийг нь өв залгамжлах хүмүүс нь хамгийн түрүүнд хүүхдүүд нь, тэгээд эрх мэдэл ихтэй ээж Долорес нь ажээ. Кристиано тун ч гэр бүлсэг, өгөөмөр нэгэн бөгөөд түүнийг сайн таньж мэдэх хүмүүс мань эрийг тун өгөөмөр хэмээн тодорхойлдог билээ. Зарим эх сурвалжийн олж мэдсэнээр, Роналдо хэнийг ч гэрээслэлийнхээ гадна үлдээгээгүй аж. Хүүхдүүд, ээжээс нь гадна нэрт хөлбөмбөгчийн төрсөн ах дүү нар, зээ дүү нар нь гэрээслэлд багтсан байна. Тиймээс авга нь нас барсан тохиолдолд зээ дүү нар нь нас биед хүрэхдээ өв хөрөнгө өвлөж авна гэсэн үг. Португалын хөлбөмбөгийн од бүх зүйлийг тодорхой, яв цав байлгахыг хүсдэг, хууль эрх зүйн асуудал дээр элдэв хар сүсэггүй байхыг эрмэлздэг аж.

Найз бүсгүй Жоржинагийн оньсого таавар мэт байдал үргэлжилсээр байна. Түүнийг жирэмсэн гэх цуу яриа түймэр мэт л асч байлаа. Роналдо найз бүсгүйнхээ гэдсэн дээр гараа тавьсан зургаа олон нийтийн сүлжээгээр цацсан нь ийнхүү “хардахад” хүрсэн юм. Италийн “Chi” сэтгүүл Жоржинаг жирэмсэн болсон, тэгэх тэгэхдээ бүр ихэр хүүхэд төрүүлэх гэж байна хэмээн бичжээ. Гэсэн хэдий ч испани бүсгүй Жоржина Родригес хэдхэн хоногийн өмнө загварын нэртэй агентлагтай гэрээ байгуулснаар энэ яриа намжих тал руугаа оржээ.