Tuesday, 13 October 2015




Орост Б.Асадыг дэмжсэн цамц худалдаанд гарчээ

ОХУ-ын нисэх хүчин Сирид тусгай ажиллагаа явуулж эхэлснээх хэд хоногийн дараа Сирийн Ерөнхийлөгчий Башар Асадыг дэмжих уриатай цамц Оост худалдаанд гарчээ. Сири дахь босогчдын байрлалд агаараас цохилт өгч байгаа зурагтай богино ханцуйтай цамц Москвагийн Тверийн гудамжин дахь “Оросын арми” дэлгүүрт зарагдаж байгаа аж.
ОХУ Крымийг нэгтгэсний дараа Путиний зурагтай цамц ихэд алдаршиж байсан юм. Өнгөрсөн оны зун Оросын “АняВаня” брэнд Кремлийн тэргүүний зурагтай Крым, Биднийг гүйцэхгүй, Тэр хамгийн эелдэг нь гэсэн бичигтэй цамц худалдаанд гаргасан нь ихээхэн амжилт олжээ. Эдгээр цамцыг гурван өдрийн дотор борлуулна хэмээн тооцоолж байсан ч таван мянган цамц нэг өдрийн дотор дууссан юм. Харин В.Путин өөрийн дүр төрхийг арилжааны зорилгоор ашиглахыг таашаагаагүй аж.

Унадаг дугуй Европын эдийн засагт ямар хувь нэмэр оруулдаг вэ?

Европ тивд Голланд, Унгар, Дани, Швед, Бельги улсын иргэд унадаг дугуйг хамгийн их хэрэглэдэг. Дугуй унахын давуу тал их, эрүүл мэндэд тустайгаас гадна мөнгө хэмнэж, хүрээлэн буй орчинг хамгаалж, хотын амьдралын чанарт сайнаар нөлөөлж байдаг. Гэвч энэхүү хоёр дугуйт тээврийн хэрэгслийн эдийн засагт оруулдаг хувь нэмэр нь маш их ажээ.
Хуучин тивийн дугуйчдын холбооноос гаргасан тооцоогоор, унадаг дугуй тивийн эдийн засагт жил бүр 200 тэрбум доллар оруулж байгаа аж. Энэ нь Данийн дотоодын нийт бүтээгдэхүүнээс давсан үзүүлэлт юм.  Дээрх тооцоо дүгнэлтийг гаргахдаа эрүүл мэндэд оруулж буй хувь нэмэр, түлш шатахууны хэмнэлт, хүрээлэн буй орчныг бохирдуулдаггүй зэрэг талуудыг харгалзжээ. Тодруулбал, хамгийн том ашиг нь эрүүл мэнд, аялал жуулчлалын салбар дахь хэмнэлтээс гарч байна. Иргэд унадаг дугуйгаар шилжилт хөдөлгөөн хийснээр эрүүл мэндийн зардлаас 121 тэрбум, аялал жуулчлалаас 44 тэрбум доллар хэмнэж байгаа аж. Зам дээрх эргэлт, хөдөлгөөн сайжирч 24 тэрбум доллар хэмнэсэн байна. Унадаг дугуйн үйлдвэрлэл жилд 18 тэрбум долларын ашиг олж байгаа аж.

Cathay Pacific Каспийн тэнгис дээгүүрх нислэгээ зогсоолоо

Дэлхийн томоохон авиакомпаниудын нэг Cathay Pacific (Хонконг) оросууд Сири дахь лалын босогчдын байрлалд пуужингаар цохилт өгч байгаатай холбоотойгоор Иран, Каспийн тэнгис дээгүүрх нислэгээ зогсоожээ. Бүс нутагт далавчит пуужингаар харваж байгаа нь зорчигч тээврийн нисэх онгоцонд аюул учруулж байна хэмээн Европын нислэгийн аюулгүй байдлын агентлаг сануулга гаргасан юм. Каспийн тэнгис дээгүүрх нислэг аравдугаар сарын 8-наас зогссон. Өмнө нь тус тэнгис дээгүүр өнгөрдөг байсан нислэгүүд одоо Өмнөд Хятад болон Москвагаар дамжиж байгаа аж. Air France мөн Каспийн тэнгис дээгүүрх нислэгээ зогсоохоор зэхэж байна.

Спилберг “Индиана Жонс-5”-ыг хийж магадгүй

Америкийн кино найруулагч Стивен Спилберг “Тагнуулын гүүр” шинэ киноныхоо талаар Yahoo Movies-т ярилцлага өгөхдөө алдарт “Индиана Жонс” киногоо үргэлжлүүлэх талаар ам унагажээ. “Индиана Жонс”-ын тавдугаар ангийг хийхээр болвол гол дүрд нь эдүгээ 73 настай Харрисон Форд л тоглох ёстой хэмээн Спилберг үзэж байгаа аж. Түүний “Тагнуулын гүүр” киноны гол дүрд Том Хэнкс тогложээ. Нэрт кино найруулагч Хэнкс, Форд нартай тус бүр дөрвөн кино бүтээгээд байна. “Одоо би Харрисон Фордтой “Индиана Жонс”-ын тавдугаар ангийг хийх юм шиг байна. Дараа нь шударга ёсыг тогтоохын тулд Хэнкстэй бас нэг кино хийх хэрэгтэй болно биз” хэмээн хошигножээ.

“Индиана Жонс-5”-ыг хийх төлөвлөгөөний талаар Lucasfilm студийн захирал Кетлин Кеннеди хэдэн сарын өмнө дуугарч байсан. Гэвч кино зохиол нь бичигдээгүй байгаа юм. Спилберг найруулж Харрисон Форд гол дүрд нь тоглосон “Индиана Жонс” анх 1981 онд дэлгэцэнд гарсан бол хамгийн сүүлчийнх нь 2008 онд гарчээ. Энэ кино нийтдээ хоёр тэрбум долларын орлого авчирсан юм. 


“Хэн, хаана байлдахыг хүсч байна тэнд байлдаж болно”

Лента.ру сайтын сурвалжлагч Доброволец.орг сайтын цэрэг татагчтай холбогдож ярилцсан байна. Тус сайт нь сайн дурын дайчдыг элсүүлж Ойрхи Дорнод дахь халуун цэг рүү илгээдэг ажээ.


Лента.ру: Сири явж байлдахыг хүсч байгаа хүн их байна уу?

Цэрэг элсүүлэгч Вадим: Өдөрт 30-50 хүсэлт ирж байна. Тэднээс яг явъя гэсэн хүн нь ганцхан байх жишээтэй.

-Хүмүүсийг яаж сонгож авдаг вэ. Насны хязгаарлалт байх уу?

-Насны доод хязгаар нь 23. Гэвч хүсэлт гаргаж буй хүмүүс нь 27-оос дээш настай байна. Насны дээд хязгаар тавихгүй байгаа. Явахыг хүссэн хүмүүсийг ярилцлагад оруулж, сэтгэцийг нь шалгадаг. Асуудалтай бол явуулдаггүй.

-Байлдааны ямар нэг чадвартай байх ёстой юу?

-Гол шалгуур нь байлдааны туршлага. Чеченьд, Новороссийд байлдаж байсан хүмүүс бидэнд хандаж байна. Цэргийн дээд боловсрол, гадаад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно. Гэвч бид одоогоор гол тоогоо гүйцээсэн тул татлагыг түр зогсоогоод байна. Манай хүмүүс өндөр технологийн зэвсэгтэй харьцдаг бол Сирид тэгж их харьцаад байдаггүй.  

-Оросууд Сири дахь байлдааны ажиллагаанд шууд оролцохгүй байна уу?

-Тэд нарийвчилсан тусгай ажиллагаанд л оролцдог. Үндсэндээ тэд толгойгоороо ажилладаг. Сирийн армийн өндөр мэргэшсэн ажилтнууд нь манай энгийн мэргэжилтнүүдийг гүйцдэггүй.

-Өнөөдөр хэдэн сайн дурынхан Сирид байлдаж байна вэ?

-Тодорхой хариулж чадахгүй нь. Хэдэн зуугаараа яригдана. Харин манай сайтаар дамжиж явсан хүмүүс гэвэл хэдэн арав л байгаа.

-Оросын сайн дурынхан тусдаа батальонд алба хаадаг уу, эсвэл Сирийн армийн нэг хэсэг болдог уу?

-Тэд Сирийн Засгийн газрын цэрэгт шууд захирагддаггүй. Гэвч тодорхой хүрээнд хамтран ажилладаг.

-Шалгарсан сайн дурынхан өөрсдийн мөнгөөр Сирид очдог уу, эсвэл та нар санхүүжүүлдэг үү?

-Янз бүрийн буяны сан, хандивийн мөнгөөр явуулдаг. Сайн дурынхан цалин авдаг эсэхийг мэдэхгүй юм. Ер нь бол сайн дураараа очиж байлдах гэж буй хүмүүс цалин нэхээд байдаггүй.

-Хууль сахиулах байгууллагууд та нарын ажлыг хориглодоггүй гэж үү?


-Бид Оросын холбооны хуулийг зөрчдөггүй. Сайн дурынхны статус нь онцгой байдаг. Тэд хөлсний дайчнаар явдаггүй. Дайн байлдааны үйл ажиллагаанд сайн дураараа оролцохыг аль өнгөрсөн зууны дундуур Женевийн конвенцоор зохицуулсан байдаг. Бүдүүлгээр тодорхойлж хэлвэл, хэн, хаана байлдахыг хүсч байна тэндээ байлдаж болдог гэсэн үг. Хамгийн гол нь сайн дурын этгээд хууль бус бүлэглэлд элсэхгүй байх ёстой.