Sunday, 3 January 2016



Аргентин Фолкленд арлын төлөө тэмцэнэ

Аргентины шинэ эрх баригчид маргаантай Малвинас арал (Фолкленд) дээр бүрэн эрхээ сэргээхийн төлөө тэмцэнэ хэмээн мэдэгдлээ. Буэнос-Айресийн Гадаад хэргийн яамнаас мэдэгдэж буйгаар, маргаантай газар нутаг дээр хяналтаа сэргээх нь Аргентины ард түмний хүсэлд нийцсэн төрийн бодлого юм. “Газар нутгийн маргааныг аль болох хурдан, шударгаар шийдвэрлэхийн тулд Аргентин улс Их Британийг яриа хэлэлцээнд урьж байна” хэмээн Гадаад хэргийн яамны мэдэгдэлд онцолжээ. 2013 оны гуравдугаар сард Фолкленд арал дээр бүх нийтийн санал асуулга болсон юм. Арлын иргэдийн олонх нь Британийн газар нутгийн статусаа хадгалан үлдэхийн төлөө саналаа өгчээ. Аргентин улс энэ санал асуулгын дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж.

Саудын Араб Ирантай дипломат харилцаагаа таслав

Тегеран эрс мэдэгдэл хийж, Иран дахь Саудын Арабын Элчин сайдын яам дайралтад өртсөний дараа Саудын Араб Ирантай дипломат харилцаагаа тасаллаа. Эр-Риаядад шийт шашны нэртэй зүтгэлтнийг цаазалсны дараа Ираны иргэд хилэгнэн Саудын Арабын эсрэг жагссан юм. Саудын Арабын эрх баригчид шийт шашны нэртэй зүтгэлтэн Нимр Бакр аль-Нимрийг өөр 46 хүний хамт терроризмын хэрэгт буруутган цаазалсан юм. Иран дахь Элчин сайдын яам халдлагад өртсөн нь дипломат харилцаагаа таслах шалтгаан болсон хэмээн Саудын Арабын Гадаад хэргийн сайд Адель аль-Жубейр мэдэгдлээ. Эр-Рияд Ираны бүх дипломат ажилтнуудыг 48 цагийн дотор улс орноос гарч явахыг шаарджээ. Ливаны “Хезболла” шийт бүлгийн лидер Хассан Насралла Саудын Арабыг лал шашинтнуудын хооронд иргэний дайн дэгдээхийг хүсч байна хэмээн буруутгажээ.

Алла Пугачева Твиттерт нэгджээ


Оросын эстрадын загалмайлсан эх Алла Пугачева интернэт, компьютерт огт сонирхолгүй гэдгээ хоёр жилийн өмнө хэлж байв. “Би интернэтэд юу ч ойлгодоггүй. Миний ач, Максим нар интернэтгүйгээр байж чадахгүй юм шиг байна лээ. Олон хүн Твиттерээр харилцдагийг би мэднэ. Тэр миний хийх ажил биш. Би компьютер ер хэрэглэдэггүй. Максим ямар нэг сонирхолтой юм үзүүлэх юм бол бид хамтдаа үзэж инээдэг” хэмээн Алла ярьж байсан билээ. Гэвч тэрээр шинэ жилээр шүтэн бишрэгчиддээ бэлэг барьж Instagram-д @orfey75alla хаягтай болсон байна. Алла Борисовна Instagram-даа хэд хэдэн зураг, бичлэг оруулж амжсаны дотор хоёр настай Лиза охиныхоо дуу дуулж буй бичлэгийг оруулжээ. Пугачева, Галкин нар хоёр жилийн өмнө түрээсийн эхийн тусламжтайгаар ихэр хүүхэдтэй (хүү, охин) болсон билээ. Хүүхдийнхээ зургийг дэлгэдэггүй Алла Instagram-д зураг, бичлэгийг нь оруулж шуугиан тарьжээ. 


Эзэнт гүрний боолуудын шарх

Япон цэргүүд Хятадын Нанжин хотод секс боолуудын төв болгон ашиглаж байсан байшинг музей болгон хувиргажээ. Эмэгтэйчүүдийн эмзэг, нандин хэсгүүдийг нь шалгадаг сандал, үзлэг хийдэг эмч нарын гэрэл зураг, бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлдэг эм бэлдмэл, зүү, тариур, дотор оношлуур, япон цэргүүдийн хувцас зэргийг музейд тавьжээ. Сomfort woman буюу япон цэргүүдийн секс боол болж явсан эмэгтэйчүүдийн зургийг томоор угаалгаж хананд өлгөжээ. Дээрх үзмэрүүдийн заримыг Ли Жиюун хандивлажээ. Хятадын өмнөд хэсгийн Жиансу мужид япон цэргүүдийн 40 орчим секс боолын төв байсны нэг нь энэ юм. “Чөлөөлөлтийн дараа ээж минь энэ түүхийг хэзээ ч ярьж байгаагүй. 2005 оны сүүлчээр хөршийн нэг хөгшин ээжийг минь comfort woman байсан гэдгийг хэлсэн юм. Сэтгэл хачин болж, итгэж чадахгүй байсан” хэмээн Ли Жиюуны өргөмөл хүү Тан Жиагуо өгүүлэв. Ли Жиюун энэ түүхээ хүүгээсээ нуусан төдийгүй, 1982 онд нас барсан нөхөртөө ч хэлээгүй аж. Жиагуо өргөмөл ээжээсээ тэр талаар асуухад тэрээр ихэд уурлаж, намайг доромжиллоо хэмээн юм ярихаас татгалзаж байв. Гэвч ятгаж, ярилцсаны эцэст хандлага нь өөрчлөгдөж, бүх секс боолуудын өмнөөс шударга ёсыг шаардахын тулд өнгөрсөн түүхээ дэлгэхийг зөвшөөрчээ. Ли Жиюун 2007 онд 79 насандаа өөд болжээ.
Ли Жиюуныг 13 настай байхад нэгэн янхны газрын эзэн цэвэрлэгээний ажилтан хэрэгтэй байна гэж хэлж, ажилд авчээ. “Гэвч хэсэг хугацааны дараа намайг янхан болохыг шаардсан” хэмээн тэрээр 2007 онд нас барахаасаа өмнө ярилцлага өгөхдөө дурдаж байв. “Намайг 5-6 охидын хамт өргөн орон дээр хэвтүүлээд цэргүүд ээлжлэн орж ирдэг байсан. Татгалзах юм бол буугаараа зодож, цохьдог байсан. Охидын нэг нь зодуураас олж үхвэл байшингийн эзэн нүх ухаад булчихдаг байсан. Эхэндээ бид 15-уулаа байсан ч зургаа нь үлдэж, бусад нь үхсэн” хэмээн хятад эмээ дурсаж байсан юм. Жиюун тэр газар хоёр жил болсны эцэст 1943 онд зугтаж чаджээ. 17 насандаа гэрлэсэн ч янхны газарт өгдөг байсан эм бэлдмэлийн улмаас хэзээ ч жирэмсэн болж чадаагүй юм. “Ээж минь япон цэргүүдийг шүүхийн өмнө аваачихыг хүсч байсан ч чадалгүй нас барсан. Нас барахаасаа өмнө миний нэрийн өмнөөс тэмцээрэй гэж захьсан” хэмээн Тан Жиагуо өгүүлэв. Япон цэргүүд 1931-1945 онд Хятадын газар нутаг дээр үйлдэж байсан яргалал, харгис үйлдлийг баримтжуулах ажлыг Бээжингийн эрх баригчид сүүлийн хэдэн жилд идэвхтэй хийж байгаа юм.
Япон улс дайны үед секс боол байсан Өмнөд Солонгосын эмэгтэйчүүдэд нөхөн төлбөр олгох талаар тохиролцоонд хүрсэн нь Хятадад маргаан дагуулж, тэд ч бас өөрсдийн эрхийг шаардаж байгаа аж. Японууд анх 1937 онд Нанжинд янхны газар байгуулж, хятад эмэгтэйчүүдийг хүчээр аваачин секс боол болгодог байжээ. Улмаар япон цэргүүдийн зугаа цэнгээний газар Шанхайд хүрээгээ тэлж Дайчи танхим гэсэн нэртэй болж байсан юм. 2014 онд Жилин мужийн архиваас Японы армийн баримт сэлтийг сэргээж авсны дараа япон цэргүүд хэдэн зуун зугаа цэнгээний газрыг байгуулж байсан нь ил болсон юм. Нанжинд гэхэд л 178 цэрэгт нэг comfort woman ногддог байжээ. Нанжины ойролцоох Жэнжиан хот дахь секс боолуудын төвд арав хоногт л найман мянга 929 япон цэрэг зочилж байсан нь архивын баримтаас ил болжээ.
“Орчин үеийн түүхэнд янхны газрын ийм том сүлжээг байгуулж байсан цорын ганц улс нь Япон” хэмээн Шанхайн их сургуулийн түүхч, судлаач Су Жилян өгүүлж байна. Япон, Хятад хоёр 1972 онд дипломат харилцаагаа сэргээсний дараа секс боолуудын асуудал сөхөгдөж, олон эмэгтэй шүүхэд өргөдөл гомдол гаргасан ч олигтой үр дүнд хүрэхгүй байгаа юм. Тэд шүүх дээр олон удаа ялагдал хүлээж байгаа ч бууж өгөх бодолгүй байна. Өмнөд Солонгосын арав гаруй эмэгтэй өнгөрсөн долоо хоногт улсынхаа шүүхэд Токиогийн эсрэг гомдол гаргаад байна. “Тэд нас барсан ч хүүхдүүд нь тэмцэх нь болно. Бидний хувьд мөнгө тийм чухал биш. Шударга ёс, хариуцлагыг тогтоохыг хүсч байна. Тэд уучлал гуйх ёстой.Өмнөд Солонгостой тохиролцоонд хүрснийг мэдээд миний уур хүрсэн. Японууд Хятадад бас ийм гэмт хэрэг үйлдсэн. Зөвхөн солонгосуудын өмнө уучлал гуйх нь хангалтгүй” хэмээн Ли Жиюуны өргөмөл хүү Тан Жиагуо ярилаа.


Зургийн тайлбар: Хятад цэрэг дөрвөн comfort woman-ийг чөлөөлсний дараа. 1944 он.