ХУВИРАЛ
Бүгд түүний сүйтгэгч нүдэн дундуур өнгөрч
Амьдрал, ертөнц мөн чанартаа мэрэгдэж,
Ус ус биш байхаа больж
Агаар ч агаар биш байхаа больжээ.
Бүх зүйл сэтгэлээсээ, дуу чимээнээсээ салжээ.
Бүгд эвдэрч, өөртөө төөрч, хөшжээ,
Үхэл, гуниг цөхрөлийн тэр мөчид үүрд зогсчээ.
Цаг хугацаа, утга учир байрнаасаа мултарч, хилэнт
хувирал,
Гялалзсан уяман, хүний түүхийн бүрэн сүйрэл.
Бид бол сүүдрийн дундах үнс нурам,
Ердөө тохиолдлоор нийлүүлсэн утаа,
Сарнисан цөм болсон хүний ул мөр,
Шавар шавхайны шингэн бодистой нэвчиж
гулсаж орж ирсэн ямар нэг зүйл,
хэнд ч дахиад хэзээ ч үг ч, сануулга ч байхгүй
ӨМХИЙ ҮНЭР
Түүнийг өмхий үнэр сэрээлээ,
Тэр юу ч харахгүй байна.
Сүүдэр өөрчлөгдөшгүй,
Харанхуйд ямар ч шат, ямар ч ялгаа алга,
Чулуун нүхэн дэх муу усны хоолой,
Тэр чигээрээ нүх, өмгөөлөлгүй байдал.
Тэр дуусашгүй өтгөн шугуйгаар тэмтчиж эхэллээ.
Шавар намган дундуур алхах дүлий чимээг л сонслоо.
Үхлийн сүүдэр шиг, арьсан дээгүүр удаан өнгөрөх хүчил
мэт,
Цөхрөл гуниг.
Салхи үе үе үлээж түүнийг мөшгинө,
Хорсолтой зүг рүү түүнийг түлхэж, чирнэ.
Тэр тэмтчин урагшилсаар,
Араас нь дагах жингээрээ харанхуйг зүсэн урагшилсаар.
Түүний толгой нь эргэн ганхлаа.
Тэрхүү харалган орчноос зугтах
Ганцхан бодол түүнийг эзэмджээ.
Архиран уухирах амьсгааг сонсон
Улам яаран алхана,
Хэдэн мянган амьтны амь тавьж буй чимээ,
Эсвэл хэвийн бус асар том заламгай ч байж магадгүй.
Тэр унаж, бүдэрч, зугтааж, хаашаа ч биш элийрэн алга
болно.
Аварга хэрээний далавчтай тэр салхи,
Танихгүй нэгний айдас хүйдсээр бүх талаас нь түүнийг
шархдуулна.
Гар нь мөргөлдөж, шингэн бодист живнэ.
Анир чимээгүй шиг хөдөлгөөнгүй хоцорно.
Түүний гайхалтай тэмтрэлтэд
Ширүүн гадарга өртлөө.
Урагшаа нэг ч алхах чадалгүй тэрээр
Өөрийг нь хайж буй хүйтэн чичиргээг сонслоо.
Дагжин чичэрч гараа өргөж
Тэрхүү нягт, урт, буцамхай матери дээгүүр
тэмтэрч, гараа гулгууллаа
Амьсгаа, далавчных нь харанхуй тас няс хийх чимээгээр
Өөрийнх нь хэмжээтэй амьтан ирснийг мэдлээ.
Цөхрөнгөө баран гүйж атаа хорсолдоо шатна.
Өвчин зовлонгийн сүүлчийн хязгаар ирж
Айдас бүрэн тарж бутрахад
Эцэж ядарсан хөлөө тэнийлгэлээ
Гэвч түүний гар хоёр урт утсанд хүрч
Доор нь дэлгэгдсэн хоёр далавч.
Тэнд татвалзсан хоёр тэмтрүүл, далавч,
наалдамхай хүйтэн цээж:
Түүний жижгэрсэн бие цогцос байлаа.
ТЭРХҮҮ САГЛАГАР ЖИН
Өглөөний нар савлаж байгаа мэт
Биен дотор сэлүүр ганхаж байхыг сонслоо.
Агаарын нүхэн дахь мөнгөн нүргээн.
Хүчтэй халуун салхи, найган шарчигнан дуугарна.
Би гараа мэдрэхгүй байлаа. Гар минь
гэрэл хайж буй урт эрхтнүүд болчихож.
Салхи намайг уухилуулж, газарт аргамжиж,
хэзээ ч суларч нисч чадахгүй айн чичирсэн
шувуу мэт цуурайтаж байлаа.
Миний хэлбэр ямар байх вэ? Арьсаар минь
бохир заваан зүйл ялгарч, богино жижигхэн хөлтэй
жижиг амьтад урсана. Энэ бол үерлэсэн их
ус утаа, хайрга авч яваа мэт чичирсэн зүүнүүдийн чийгтэй,
давалгаалсан үйл явц байлаа.
Миний нөгөө талд, хошуу, савар, хумстай
гэнэтийн тэмтрэхүй. Би салхи, нар, өсөн нэмэгдэгч дэлхийн
үл үзэгдэм буцлалтыг мэдэрч, тэрхүү саглагар өтгөн
жингээс
өөрийгөө чөлөөлөх гэж оролдлоо.
Бие цогцос минь оршин тогтнохоор шийтгүүлсэн эх дэлхий
дээр уур уцааргүй, нууцлагхан, найган ганхах хөгжмийн хамтаар цаг хугацааны нэг
хэсэг болон зөөлхөн дуугарлаа. Цахилгаан, гал, сүхийг хүлээн хүлээн зогслоо.
АВТОФАХИА
Гялалзсан толиор хүрээлэгдсэн
өрөөнд тэрий хадаад унтсан байлаа.
Тэрхүү нууцлаг, тод орчинд
Удаанаар сунасаар байгаа хүзүү минь тусчээ.
Сунасаар сунасаар, нүд минь
биеэсээ улам бүр холдсоор байлаа.
Дотор арзайлгам энэхүү аймшиг
Тааз, ханаар улам олон болж
Намайг хөдлөх газаргүй болтол шахлаа.
Тэрхүү мөнгөн ус, мөсөн хананы хооронд
Орилоон чарлаан ойн буцаж,
Арьс минь сунаж, бугуй, шилбэ маань
ёзоор болон жижгэрч, эцэст нь гялтагнасан,
хайрслаг гадаргуу л үлдлээ.
Бие минь өргөн олс мэт гэнэт савлахад
шавар мэт цангасан хоёр нүд толины булан бүрээс
намайг нэвт шувт ширтэж буйг харлаа,
атаа хорслоор дүүрэн шүгэлдэхийг сонсож явлаа,
тэгээд хөшсөн толгойгоо өөр рүүгээ эргүүлэхэд
тэр өөрийгөө ч, намайг ч залгиж эхлэв.
АНГАЛЫН АМЬТДЫН ДУНД
Намайг захирч тушаасан үгийг
Хэн хэлээд буйг би мэдэхгүй.
Өршөөлгүйгээр, эргэлзэлгүйгээр
би замаа мэдэж байна.
Би газар ухаж, түлхэж,
тэгээд үнэрлэнэ.
Нарийн хонгил гаргаж,
материйг нүхлэнэ.
Тоос, шороогоор дүүрсэн
нүдээ дээш өргөлөө,
Шороо болсон амаараа,
зэрлэгээр эзэмдлээ.
Намайг нөмөрсөн аймшгийг
би урьдчилан мэдэрч байна,
гэвч би харанхуй дундуур,
нягт цул, бохир дундуур,
Силурийн үеийн чулуужмалын
чулуун сүүдэр, хад, ногоо, шавар,
намаг, ялмаг дундуур дээш авирч байна.
Зөнгөөс ч илүү гал дөлийн ачаар тэсч үлдлээ,
Ирлээ, хүрлээ, шарилын чулууг зайлуулав.
Зөвхөн сохор чийг,
Гэвч миний гар харанхуй хүйтэн хавтанг хөдөлгөлөө.
Цогцсуудын гүн хашгираан
тэсвэрлэшгүй хоолойгоор биднийг дуудна.
Бид өмхийрч буй цогцсуудын нүдний
халуун цөцгийг уухаар ертөнцийн хязгаараас
дээш авирч байна.
Бодит бус ертөнцийн улиг болсон дуудлага
зүүд нойронд ирж, намайг үргэлж хөтөлж,
намайг дагаж байдаг мөөгөнцөр амьтдыг сэрээж байна.
Дараагийнх нь ангалын ертөнцийн цаг байх болно.
МӨНХИЙН ХӨДӨЛГӨӨНГҮЙ БАЙДАЛ
Сэрчигнэсэн модот гудамж,
гэрэл, шувуудын хоорондох мөрөөдөл,
амьд хайр, зузаан нөхөрлөл ард хоцорлоо.
Саарал хөлөг онгоц дээрх
дэмий өдөр, сайрхлын өндөр халуурал,
тэмүүлэл, ялалтын дуу ихтэй
алтан сүйх тэрэг явж өнгөрлөө.
Үгээр амьдралыг хөглөх
тэрхүү агуу хичээл зүтгэл хүртэл
мөн л ард үлдэж байна.
Мөхсөн дурсамж, хүсэл ч
Камбрианы усандаа буцаж очлоо.
Манан чимээгүй цаг хугацааг эвхжээ.
Гэрлийн сулхан хүчийг одоо л би мэдэрч байна,
хачин ядралт,
хүчирхэг жин, дуусашгүй хөдөлгөөнгүй байдал
бүх үгнээс илүүтэй надад хэлж байна:
Одоо би эрдэс чулуу.
No comments:
Post a Comment