Sunday, 31 August 2014

Палестины газар нутгийг өөрийн болгосныг АНУ шүүмжиллээ

Израиль улс Баруун эрэгт Палестины мэдэлд байсан 400 га газрыг өөрсдийн эзэмшил болгон авсныг АНУ-ын Төрийн департамент “Сөрөг үр дагавартай шийдвэр” хэмээн шүүмжилээ. “Палестины газар нутгийг өөрийн эзэмшилд авсан шийдвэр нь Газын зурвас дахь хямралыг энхийн аргаар шийдвэрлэхэд саад тээг болно” хэмээн Төрийн департаментын төлөөлөгч мэдэгдээд Израилийн Засгийн газрыг энэ шийдвэрээ цуцлахыг уриаллаа. Үүний өмнө Палестины босогчид Израилийн гурван хөвгүүнийг хулгайлж аминд нь хүрэхэд Израилийн тал хариу болгож Вифлем, Хеврон дахь Палестины газар нутгийг өөрсдийн эзэмшилд авсан билээ.

Украинд цэргийн тусламж үзүүлэхийг уриалав

АНУ-ын Сенатын Олон улсын хорооын тэргүүн Роберт Менендес Украинд цэргийн тусламж үзүүлэх уриалга гаргалаа. “Орос улс түрэмгийллийнхээ үр дагаварыг амсах ёстой. Украины хямрал нь зэвсэгт салан тусгаарлагчидтай бус, харин Оросын шууд түрэмгийлэлтэй холбоотой” хэмээн Менендес ярьжээ. Украинд зэвсэг илгээх санааг Бүгд найрамдах намын сенатч Жон Маккейн дэмжжээ. “Оросыг хүчтэй хориг арга хэмжээгээр ташуурдаад өгөх хэрэгтэй. АНУ Украинд зэвсэг нийлүүлж, эзлэн түрэмгийлэгчидтэй тэмцэхэд шаардлагатай тусламжийг үзүүлэх ёстой” хэмээн Маккейн хэллээ. Оросын эсрэг аваад буй хориг арга хэмжээ үр дүн муутай байна хэмээн Ардчилсан намын сенатч Дайэнн Файнстайн мэдэгдсэн юм.

Шведэд Эболагийн халдвар илэрсэн үү

Шведийн нийслэл Стокгольм хотод Эбола тахлын вирусээр халдварласан байж болзошгүй нэг тохиолдол илэрлээ хэмээн France-Presse агентлаг уламжлав. “Энэ бол зүгээр л нэг сэжигтэй тохиолдол” хэмээн хотын захиргааны төлөөлөгч мэдэгдлээ.
Тэр хүн Эбола тахал дэлгэрээд буй Баруун Африкийн улсаас ирсэн бөгөөд эдүгээ тусгаарлагдаад байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдэж буйгаар, Эбола тахлын халдвар 3069 хүн дээр илэрч 1550 хүн нас бараад байгаа ажээ.

Герман улс Иракийн курдуудад зэвсгээр туслана


Германы эрх баригчид бусад улсын жишээг дагаж Иракийн хойд нутагт “Лалын улс”-ын босогчдын эсрэг тулалдаж буй курдуудын “Пешмерга” бүлэгт зэр зэвсгийн тусламж үзүүлэх шийдвэр гаргалаа. Германы Батлан хамгаалахын сайд Урсула фон дер Лайений хэлж буйгаар, курдууд винтов буу болон танк эсэргүүцэгч зэрэг зэвсэг хүлээн авах ажээ. “Пешмерга” бүлгийн дөрвөн мянга орчим дайчин есдүгээр сарын сүүлч гэхэд ийм зэвсгээр хангагдах бололтой. АНУ, Итали, Франц, Их Британи курдуудад зэвсгээр туслахаа мэдэгдээ байна. Харин Германы зүгээс өгч буй зэвсэг лалын босогчдын гарт орох вий хэмээн шүүмжлэх хүмүүс цөөнгүй байна. 
Амиа золислогч 40 хүний аминд хүрчээ

Иракийн Рамади хотод баригдаж буй барилга дээр амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлж 40 орчим хүний аминд хүрчээ. Аюулгүйн албаны 25 хүн, 15 энгийн иргэн амиа алдсан байна. Баригдаж буй барилгад аюулгүйн албаны ажилтнууд байрлаж байжээ.
Рамади, Фаллужа хотод нэгдүгээр сараас хойш Иракийн Засгийн газрын хүчин болон “Лалын улс”-ын дайчдын хооронд тулаан өрнөсөөр байгаа юм. “Лалын улс” байгууллагын босогчид 2014 оны зургадугаар сараас эхлэн Иракийн баруун болон хойд хэсгээр дайралтаа эхлүүлжээ. Тэд богино хугацааны дотор томоохон хот, тосгодыг эзлээд байна. Хэт даврагчид Сири, Иракийн газар нутгийг хамарсан “Лалын халифат” байгуулж буйгаа зарласан юм. Долдугаар сард АНУ Иракийн эрх баригчдад тусалж лал босогчдын байрлалд агаараас цохилт өгчээ. Эдгээр довтолгоо үр дүнтэй болсныг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдсэн байна. Вашингтон Ирак дахь цэргийн ажиллагаанд өдөрт 7.5 сая доллар зарцуулж байгаа юм. Зөвхөн “Лалын улс” байгууллагын байрлалд агаараас цохилт өгөхийн тулд Пентагон 560 сая доллар гаргажээ.


Тайландын шинэ Засгийн газрыг армийнхан хянаж байна

Цэргийн удирдагч, Тайландын Ерөнхий сайд Прают Чан-Оча сайд нарын кабинетийн шинэ бүрэлдэхүүнийг зарлав. Сайд нарын суудлын гуравны нэгээс илүүг генералууд, эсвэл чөлөөнд гарсан генералууд эзлэхээр болжээ. Армийн төлөөлөгчид Батлан хамгаалах, Санхүү, Гадаад хэрэг, Худалдааны сайд зэрэг гол албан тушаалд очиж байгаа аж.
Тайландын хаан цэргийн удирдагч Прают Чан-Очаг цэргийн түр Засгийн газрын тэргүүнээр батлахыг дэмжсэнээр Прают Чан-Оча Ерөнхий сайдын суудалд албан ёсоор томилогджээ. Тавдугаар сарын 22-ны цус асгараагүй төрийн эргэлтийн явцад улс орны эрх мэдлийг гартаа авсан 60 настай Прают Чан-Оча Ерөнхий сайдын суудалд өрсөлдсөн цорын ганц нэр дэвшигч байсан юм. Тэрээр парламентын хуралдаанаар  Ерөнхий сайдаар томилогдлоо. Үүний өмнө армийнхан парламентын депутатуудыг сонгосон байв. Прают Чан-Очагийн хэлж буйгаар, улс орны тогтвортой байдлыг хадгалан үлдэх цорын ганц арга зам нь төрийн эргэлт байсан аж. Ерөнхий сайд Инглак Чинаватын Засгийн газрыг огцрохыг шаардсан ард иргэдийн жагсаал цуглаан зургаан сарын турш үргэлжилсний эцэст ийнхүү цэргийнхэн эрх мэдлийг аваад байна. Цэргийн удирдагч Прают Чан-Оча Ерөнхий сайдын үүргийг түр гүйцэтгэх бөгөөд цэргийнхэн 2015 оны эцсээр бүх нийтийн сонгуулийг явуулахаар төлөвлөжээ. Гэвч армийнхан улс орны эрх мэдлийг атгаж, цэргийн дэглэм тогтоож магадгүй хэмээн болгоомжилж буй хүмүүс байна.
Цэргийнхэн эрх мэдэлд гарснаар Тайландын иргэний засаглал зогсонги байдалд ороод байна. Улс төрийн гол намын лидерүүд саатуулагдаж, гэрийн хорионд оржээ. Цэргийн эрх мэдлийг авагуутаа улс төрийн тэргүүлэх лидерүүд, тэр тусмаа Ерөнхий сайд Инглак Чинаватыг түр баривчлан саатуулсан юм. Мөн хэд хэдэн төрийн зүтгэлтэн, сэтгүүлчийг баривчлаад байна.
Тайландын өнөөгийн хямрал 2006 оноос эхтэй. Тэр үед цэргийнхэн Ерөнхий сайд Таксин Чинаватыг Ерөнхий сайдын суудлаас түлхэн унагасан билээ. Таксин болон Инглак Чинават нар хөдөө орон нутгийн, тэр тусмаа хойд нутагт ихээхэн нэр хүндтэй. Ах дүү хоёр тус нутгийн хүн амын тусламжтайгаар сонгуульд нэг бус удаа  ялалт байгуулж байжээ. Гэвч дундад анги болон нийслэл Бангкок хотын элит ангийн төлөөлөгчид Засгийн газрын эсрэг жагсаал цуглаанд нэгдсэнээр Тайландын улс төрийн амьдрал 2013 оны арваннэгдүгээр сараас хойш зогсоод байгаа билээ. Эрх мэдлийг аваад байгаа цэргийнхэн Тайланд орныг хааш нь хөтлөхийг дэлхийн улс орнууд анхааралтай ажиглаж байна. 

Sunday, 17 August 2014



Кристина Агилера дахин ээж болов

Н.Мөнхжин

Америкийн нэрт дуучин, жүжигчин Кристина Агилера Лос-Анжелес хотын эмнэлэгт амаржиж охинтой болжээ. Охины эцэг нь түүнтэй хамтран амьдарч буй Мэтт Ратлер хэмээх залуу хэмээн ярьж байна. Агилера өмнөх гэрлэлтээсээ нэг хүүтэй хоцорсон нь эдүгээ зургаан нас хүрчээ.
Агилера, Ратлер нар өнгөрсөн хоёрдугаар сард сүй тавьж буйгаа зарласны дараа дуучин удалгүй хөл хүнд болсон юм. Кристина хөл хүнд байхдаа V Magazine сэтгүүлд нүцгэн гэрэл зургаа авахуулж шуугиан дэгдээж байжээ. Мөн Playboy сэтгүүлд гэрэл зургаа авахуулахыг хүссэн ч найз залуу нь зөвшөөрөөгүй юм.
АНУ, Өмнөд Солонгосыг бөмбөгдөнө хэмээн сүрдүүлэв

Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан цэргийн хээрийн сургууль нь цөмийн дайнд бэлтгэж буй хэрэг хэмээн Пхеньян үзэж байна. “Энэхүү цэргийн хээрийн сургууль нь огт байгаагүй өдөөн хатгалгад хариу өгч буй нэрийн дор дайн өдөөх гэсэн оролдлого юм. Тиймээс бид хариу болгож ямар ч цаг үед өршөөлгүйгээр урьдчилсан цохилт өгнө гэдгээ сануулж байна” хэмээн Солонгосын ардын армийн төлөөлөгч мэдэгдлээ.
Өмнөд Солонгос, АНУ-ын цэргийн хамтарсан сургууль өнөөдөр эхэлж байгаа аж. Пхеньяны удирдлага хамтарсан хээрийн сургуулийг эсэргүүцэж хэд хэдэн пуужин харваад байна. 

Wednesday, 6 August 2014

Жеймс Камерон Facebook, Twitter-ийг үзэн яддаг

Н.Мөнхжин

“Титаник”, “Аватар” киноны найруулагч, 59 настай Жеймс Кэмерон Facebook, Twitter-т “донтсон” хүмүүсийг уйтгартай, тэнэг хүн хэмээн нэрлэв. Тэрээр 11 мянган метрийн гүнд ганцаараа шумбасан түүхийг өгүүлэх “Ёроолгүй дуудлага 3D” шинэ баримтат киноныхоо нээлтэд зориулсан хэвлэлийн хурал дээр ийнхүү ярьжээ.
Facebook, Twitter бол цаг үрсэн шал дэмий зүйл. Би бүхний өмнө нээлттэй байж, юу хийж буйгаа бусадтай хуваалцахыг хүсдэггүй. Нисэх онгоцны буудал дээр хүмүүсийг харахаар гар утас руугаа “живж”, эргэн тойрноо анзаарах сөхөөгүй болсон байдаг. Техникийн хөгжил сайхан ч би нийгмийн, олон нийтийн сүлжээг үзэн яддаг” хэмээн нэрт кино найруулагч ярилаа.

Saturday, 2 August 2014

1655 палестин, 66 израиль амиа алдаад байна

Израилийн арми палестин босогчдын үүр, Израилийн газар нутаг руу пуужин харвахад ашигладаг газар доорх хонгилийг устгахын тулд долдугаар сарын 7-нд Газын зурваст байлдааны ажиллагааг эхлүүлээд байгаа билээ. Энэ хооронд НҮБ болон АНУ-ын санаачилгаар хоёр ч удаа гал зогсоолт зарласан ч нэмэр болсонгүй. Өнгөрсөн баасан гаригт 72 цаг гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч ердөө хоёр цагийн дараа байлдааны ажиллагаа сэргэжээ. Палестинуудад олзлогдсон гэгдээд байсан израиль цэрэг Хадар Голдин байлдааны үеэр амь эрсэдсэн болохыг тогтоосон байна.
Газын зурвасыг агаараар, газраар довтолж эхэлснээс хойш энгийн иргэд голдуу 1655 палестин амь насаа алджээ. Израилийн талаас 64 цэрэг, хоёр энгийн иргэн амь эрсэджээ. Израилийн арми Газын зурвас дахь цорын ганц цахилгаан станц болон НҮБ-ын сургуулийг бөмбөгдсөнийг дэлхий нийт буруутган зэмлэж байна.