Sunday, 31 August 2014

Палестины газар нутгийг өөрийн болгосныг АНУ шүүмжиллээ

Израиль улс Баруун эрэгт Палестины мэдэлд байсан 400 га газрыг өөрсдийн эзэмшил болгон авсныг АНУ-ын Төрийн департамент “Сөрөг үр дагавартай шийдвэр” хэмээн шүүмжилээ. “Палестины газар нутгийг өөрийн эзэмшилд авсан шийдвэр нь Газын зурвас дахь хямралыг энхийн аргаар шийдвэрлэхэд саад тээг болно” хэмээн Төрийн департаментын төлөөлөгч мэдэгдээд Израилийн Засгийн газрыг энэ шийдвэрээ цуцлахыг уриаллаа. Үүний өмнө Палестины босогчид Израилийн гурван хөвгүүнийг хулгайлж аминд нь хүрэхэд Израилийн тал хариу болгож Вифлем, Хеврон дахь Палестины газар нутгийг өөрсдийн эзэмшилд авсан билээ.

Украинд цэргийн тусламж үзүүлэхийг уриалав

АНУ-ын Сенатын Олон улсын хорооын тэргүүн Роберт Менендес Украинд цэргийн тусламж үзүүлэх уриалга гаргалаа. “Орос улс түрэмгийллийнхээ үр дагаварыг амсах ёстой. Украины хямрал нь зэвсэгт салан тусгаарлагчидтай бус, харин Оросын шууд түрэмгийлэлтэй холбоотой” хэмээн Менендес ярьжээ. Украинд зэвсэг илгээх санааг Бүгд найрамдах намын сенатч Жон Маккейн дэмжжээ. “Оросыг хүчтэй хориг арга хэмжээгээр ташуурдаад өгөх хэрэгтэй. АНУ Украинд зэвсэг нийлүүлж, эзлэн түрэмгийлэгчидтэй тэмцэхэд шаардлагатай тусламжийг үзүүлэх ёстой” хэмээн Маккейн хэллээ. Оросын эсрэг аваад буй хориг арга хэмжээ үр дүн муутай байна хэмээн Ардчилсан намын сенатч Дайэнн Файнстайн мэдэгдсэн юм.

Шведэд Эболагийн халдвар илэрсэн үү

Шведийн нийслэл Стокгольм хотод Эбола тахлын вирусээр халдварласан байж болзошгүй нэг тохиолдол илэрлээ хэмээн France-Presse агентлаг уламжлав. “Энэ бол зүгээр л нэг сэжигтэй тохиолдол” хэмээн хотын захиргааны төлөөлөгч мэдэгдлээ.
Тэр хүн Эбола тахал дэлгэрээд буй Баруун Африкийн улсаас ирсэн бөгөөд эдүгээ тусгаарлагдаад байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдэж буйгаар, Эбола тахлын халдвар 3069 хүн дээр илэрч 1550 хүн нас бараад байгаа ажээ.

Герман улс Иракийн курдуудад зэвсгээр туслана


Германы эрх баригчид бусад улсын жишээг дагаж Иракийн хойд нутагт “Лалын улс”-ын босогчдын эсрэг тулалдаж буй курдуудын “Пешмерга” бүлэгт зэр зэвсгийн тусламж үзүүлэх шийдвэр гаргалаа. Германы Батлан хамгаалахын сайд Урсула фон дер Лайений хэлж буйгаар, курдууд винтов буу болон танк эсэргүүцэгч зэрэг зэвсэг хүлээн авах ажээ. “Пешмерга” бүлгийн дөрвөн мянга орчим дайчин есдүгээр сарын сүүлч гэхэд ийм зэвсгээр хангагдах бололтой. АНУ, Итали, Франц, Их Британи курдуудад зэвсгээр туслахаа мэдэгдээ байна. Харин Германы зүгээс өгч буй зэвсэг лалын босогчдын гарт орох вий хэмээн шүүмжлэх хүмүүс цөөнгүй байна. 

No comments:

Post a Comment