Wednesday, 18 November 2015

Шатах ашигт малтмалын өртгийг удирдах арга зүй

Шатах ашигт малтмалд бидний сайн мэдэх нүүрс, газрын тос, байгалийн хий, шатдаг занар зэрэг ашигт малтмалууд орно. Шатах ашигт малтмалын хайгуул ба олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд олширч, үйл ажиллагаагаа өргөн хүрээтэйгээр явуулахтай зэрэгцээд манайд тулгарч буй чухал асуудлын нэг нь нөхөн сэргээгдэхгүй байгалийн нөөцийг хэрхэн хаягдалгүй, иж бүрэн ашиглаж, байгаль орчныг бохирдуулалгүй тэнцвэрт байдлыг хадгалж, эдийн засгийн үр ашигтай ажиллах явдал юм. Монгол Улсад нүүрсний 15 сав газар, гурван талбайд 160 орд, мөн 270 илэрц тогтоогдсон ба 2013 оны эхний хагас жилийн байдлаар нүүрсний геологийн таамаг баялаг 173.3 тэрбум тн (P), нарийвчилсан хайгуулаар тогтоогдсон нөөц 26.8 тэрбум тн (A+B+C) болж, нөөцөөрөө дэлхийд эхний 10 орны тоонд багтаж байна. (Геологи, уул уурхайн салбарын товхимол, 2014)
Манай улсын эдийн засагт эзлэх уул уурхайн салбарын бүтээгдэхүүн, тухайлбал нүүрсний нөлөөлөл их билээ. Иймд нүүрсний арвин их нөөцийг үр ашигтай олборлож, экпортлох шаардлагатай. Ган хайлуулах үйлдвэрийн үндсэн түүхий эд нь коксжих нүүрс тул манай улсын коксжих нүүрсний эрэлт БНХАУ-ын гангийн үйлдвэрлэлтэй шууд холбоотой юм. Тус улсын Коммунист Намын Төв Зөвлөлийн 18 дугаар бүгд хурлаар улсынхаа 13 дугаар таван жилийн (2016-2020) нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх төлөвлөгөөний үндсэн зорилтууд хэрэгжсэнээр хүн амын өсөлт, төвлөрөл, суурьшилт, хотжилтоос үүдэн орон сууц ба нийгмийн дэд бүтцийн бүтээн байгуулалт нэмэгдэх болно. Мөн түүнчлэн хот, орон нутгийн хүмүүсийн орлогын зөрүүг тэнцвэржүүлэх, орлогыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилтыг тавьж байгаа нь хүмүүсийн худалдан авах чадварыг сайжруулж, ингэснээр авто машин болон гэр ахуйн цахилгаан бараа г.м. худалдан авалт нэмэгдэх юм. Дээрх хүчин зүйлээс улбаалан гангийн үйлдвэрлэлийн хэрэгцээ өсөн нэмэгдэх боломжтой. Өнгөрсөн хугацаанд урд хөрш маань дэлхийн гангийн үйлдвэрлэлийн 40 гаруй хувийг дангаараа эзэлж байсан бөгөөд 2030 он хүртэл энэ хувиа алдахгүй, ойролцоо байхаар Дэлхийн гангийн холбооноос таамагласан байна. Иймээс Монгол Улсын коксжих нүүрсний экспорт үүнийг даган өсөх магадлалтай. Нүүрс олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг компанийн эцсийн зорилго нь бусад үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын нэгэн адилаар хөрөнгө оруулагчдын оруулсан хөрөнгийн өгөөжийг байж болох хамгийн өндөр түвшинд барихын тулд орлогыг хамгийн өндөр, зардлыг хамгийн бага байлгахыг чармайх явдал. Үүний тулд тухайн төслийг хэрэгжүүлэхээс өмнө уг төслийн үр ашигт байдлыг тооцож хэрэгжүүлэх эсэхийг шийдэх боломжтой бөгөөд энэ нь уул уурхайн салбарын хувьд ихэвчлэн тухайн ордын техник, эдийн засгийн үндэслэлийн эдийн засгийн тооцоо байх явдал бий. Иймд техник эдийн засгийн үндэслэл нь тухайн төслийн хэмжээнд, бүрэн утгаар нь бүх нөхцөл байдлыг авч үзэх боломжийг компанийн удирдлагуудад олгож, уурхайн нийт ашиглалтын хугацаанд хэдий хэмжээний зардал гаргаснаар хэдий хэмжээний орлогыг олж, хэдэн хувийн өгөөжийг хөрөнгө оруулагчдад өгч чадах вэ гэдгийг харуулах бүрэн боломжтой юм.  Өөрөөр хэлбэл тухайн бүтээгдэхүүний, тухайлбал нүүрсний амьдралын мөчлөгийг харуулж, аль мөчлөгт ямар зардал гарч, гарсан зардал нь орж байгаа орлогоороо бүрэн нөхөгдөж байгаа эсэхийг, мөн түүнчлэн түүнийг хэрхэн үр ашигтай удирдах, эсвэл үүнээс илүү үр ашигтай байж болох эсэхийг нягтлах, удирдах боломжийг олгодог давуу талтай юм. 


СЭЗДС, магистрант О.Отгонцэнгэл (Зөвлөх багш Т. Пүрэвдулам)

No comments:

Post a Comment