Wednesday, 9 December 2015




Аваргуудын лигийн шилдэг 16 баг шалгарлаа

Аваргуудын лигийн хэсгийн тоглолт дуусч 1/8 шигшээд өрсөлдөх 16 баг шалгараад байна. Хэсгийн нэгдүгээр байраар “Реал” (Испания), “Вольфсбург” (Герман), “Атлетико” (Испани), “Манчестер Сити” (Англи), “Зенит” (Орос), “Барселона” (Испани), «Байерн” (Герман), “Челси” (Англи) гарчээ. Хоёрдугаар байраар “ПСЖ” (Франц), “Эйндховен” (Голланд), “Бенфика” (Португал), “Ювентус” (Итали), “Рома” (Итали), “Арсенал” (Англи), “Динамо” (Украина), “Гент” (Бельги) шалгарлаа. Хэсэгтээ гуравдугаар байр эзэлсэн баг Европа лигт тоглох юм.
Хасагдах шатны сугалаа 14-нд Швейцарийн Ньон хотод болно. 1/8 шигшээд нэг хэсгийн, нэг улсын баг таарахгүй. Мөн Европын хөлбөмбөгийн холбооны шийдвэрээр Орос, Украины баг хоорондоо тоглохгүй юм.

Б.Обама дуртай ном, кино, дуугаа нэрлэв

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама 2015 оны хамгийн дуртай дуугаараа Кендрик Ламарын Much a Dollar Cost-ийг нэрлэв. Хамгийн сонирхолтой номоор зохиолч Лорен Гроффын Fates and Furies, гоё киногоор Мэтт Даймлны тоглосон The Martian-ийг нэрлэлээ хэмээн People сэтгүүл мэдээлэв. Тэргүүн хатагтай Мишель Обама Бруно Марсын Uptown Funk дуу, Элизабет Александрын The Light of the World ном, Pixar студийн “Puzzle” киног шилдгээр нэрлэсэн байна. Цагаан ордны эзэн “Никерборгийн эмнэлэг” олон ангит киног үзэх дуртай гэжээ. Мишель Обама анх удаа дуртай дууныхаа жагсаалтыг гаргахад Бейонс, Алиша Кис, Ники Минаж, Арета Франклин нарын дуу багтаж байжээ.

Орон гэргүй эр 500 мянган доллар хожжээ

Колорадо мужийн орон гэргүй эр Майкл Энгфорс сугалаагаар 500 мянган доллар хожлоо хэмээн New York Daily News сонин мэдээлэв. Энгфорс сүүлийн зургаан жилийн турш гудамжинд амьдарч байгаа аж. Бизнесээ алдаж, архинд орсон ч амьдралаа нааштайгаар эргүүлэх итгэлээ хэзээ ч алдаж байсангүй. Ердийн америк хүн арван доллараар сугалаа худалдаж авахаас зайлсхийдэг ч Энгфорс үзээд алдахаар шийдсэн аж. 61 настай тэнэмэл эр хагас сая доллартай болсныхоо дараа хамгийн түрүүнд сураггүй болсон охиноо хайж олохоор төлөвлөжээ.

Крым татгалзахын аргагүй санал тавина

Крымийн аялал, жуулчлалын компаниуд Турк, Египетэд амарч заншсан жуулчдад зориулж татгалзахын аргагүй санал тавих гэж байна хэмээн хойгийн Дэд бүтцийн сайд Сергей Стрельбицкий мэдэгдлээ. “Бид зочид буудал, үйлчилгээ, хөтөлбөрөө өдрөөс өдөрт сайжруулж байна. Бүх түвшний хүмүүст зориулсан татгалзахын аргагүй санал тавихаар бэлтгэж байна” хэмээн ярьжээ. Улс төрийн нөхцөл байдлын улмаас Турк, Египетэд амардаг орос жуулчдын урсгал эрс татарсан юм.
Крымийн амралт, сувилал, зочид буудлууд All inclusive буюу нэг өдрийн үнэд зочид буудал, өдрийн гурван хоол, уух юм 24 цагаар үнэгүй байдаг системийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.



Uniqlo, Zara-гийн Хятад дахь байлдан дагуулалт

Zara брэндийг эзэмшдэг Испанийн Inditex, Uniqlo брэндийн толгой компани Fast Retailing Group-ийн хооронд Хятадыг байлдан дагуулах тулаан ид өрнөж байна. Саяхан нэг хүүхэд бодлогоо цуцалсан, мөдхөн тэрбум 500 сая хүн амтай болох гэж байгаа Хятад улс бүх насны хүмүүст зориулсан хувцас үйлдвэрлэгч аварга том хоёр компанийн хувьд хамгийн ашигтай зах зээл юм. Тиймээс Амансио Ортега, түүний өрсөлдөгч япон тэрбумтан Тадаши Янай нар асар том зах зээлийн төлөө ширүүн өрсөлдөж байна. Uniqlo мөн Испанийг байлдан дагуулах санаатай байгаа нь Zara-гийн эзний сэтгэлийг түгшээхгүй байгаа аж.
Учир нь жинхэнэ тулаан Азид, тэр тусмаа Хятадад өрнөж байгаа ажээ. Бүгд найрамдах улсын эдийн засаг ирэх онд бага өсөлттэй гарахаар байгаа ч Олон улсын валютын сангаас гаргасан тооцоогоор, 2020 он хүртэл жил бүр 5.8-6.1 хувиар өсөхөөр байна. Ажилгүйдэл дөрвөн хувь орчимд тогтвортой байна гэжээ. Хамгийн чухал үзүүлэлт болох нэг хүнд ногдох орлого ирэх таван жилд долоон мянгаас 12 мянга 117 долларт хүрнэ хэмээн тооцоолов. Хятадын дундаж давхаргын өсөлт л дэлхийн томхон брэндүүдийн хорхойг хүргэж байна.
Энэхүү өсөлт, хөгжилтийг анаж байгаа Zara, Uniqlo бүс нутаг дахь өргөжилтийнхөө төлөвлөгөөг ид боловсруулаад завгүй байгаа аж. Inditex, Fast Retailing Group Хятадын зах зээлийг эзлэхээр зуузай холбон давхиж байна. Өнөөдрийн байдлаар Zara япон өрсөлдөгчөөсөө толгой илүү явж байна. Zara 2006 онд Шанхайд анхны дэлгүүрээ нээж байсан. Тэр цагаас хойш Хятад улс нь Испанийн тэрбумтны хөрөнгө оруулалтын гол гурван чиглэлийн нэг болжээ. Inditex групп Испанид 42 мянга, Орост есөн мянга 337 хүнийг ажлын байраар хангадаг. Үүний дараа найман мянга 584 иргэнийг нь ажилтай байлгаж байгаа Хятад улс орж байгаа аж. Zara-гийн Франц дахь дэлгүүрт долоон мянга 469, Итали, Герман, Португалд тус бүр таван мянган хүн ажилладаг.

Өнөөдөр Хятадын 63 хотын 500 гаруй лангуунд Inditex группын бүтээгдэхүүн байна. Хамгийн алдартай брэнд нь болох Zara-гийн дэлгүүр гэхэд л 165 байгаа аж. Мөн Inditex-ийн өөр брэндүүд болох Pull&Bear, Massimo Dutti, Bershka, Stradivarius, Oysho, Zara Home-ийн салбар дэлгүүр байна. Uniqlo брэндийг эзэмшдэг Японы Fast Retailing Group мөн л Шанхайд анх дэлгүүрээ нээж байжээ. Анхны дэлгүүрээ 2002 онд нээснээс хойш тогтвортой өргөжин тэлсээр өнөөдөр Хятад даяар 415 дэлгүүртэй болжээ. Тэд ойрын хугацаанд 91 шинэ салбараа нээхээр төлөвлөж байна. Uniqlo-гийн хамгийн том дэлгүүрээр Шанхай хотод байдаг ажээ. Zara, Uniqlo брэнд нь энгийн загвар, боломжийн үнээрээ бусдаас ялгардаг билээ.