Tuesday, 24 May 2016



Ж.Зумагийн дөрвөн эхнэр 11 автомашин улсын төсвөөр авчээ

Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Жейкоб Зумагийн дөрвөн эхнэр 11 автомашинаа улсын төсвөөр худалдаж авсныг тус улсын Хууль зүйн сайд Косинати Нлеко мэдэгдлээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Зумагийн эхнэрүүд хоёр Audi, хоёр Land Rover, хоёр Range Rover худалдаж авсан ч улсын төсвөөс үнийг нь төлжээ. Эдгээр автомашиныг эхнэрүүд нь аюулгүй байдлаа хангах гэж унадаг гэв. Зумагийн эхнэрүүдийн автомашинд зарцуулсан мөнгөөр 116 оюутны жилийн төлбөр, эсвэл 61 цагдаагийн жилийн цалинг өгөхөөр байна хэмээн сөрөг хүчний “Ардчилсан холбоо” эвслийн депутат Зак Мбеле ярилаа.
Жейкоб Зума төсвийн хөрөнгийг хувийн зорилгоор зарцуулсан хэрэгт нэг бус удаа хутгалдаж байна. Өнгөрсөн гуравдугаар сард Өмнөд Африкийн шүүх Ерөнхийлөгчийг хувийн байшин, усан сан, задгай театраа засахдаа улсын хөрөнгө ашиглаж Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзсэн юм. Төрийн тэргүүн энэ мөнгийг улсад буцааж өгнө хэмээн амлажээ. Сөрөг хүчин Зумаг огцрохыг шаардаж импичмент тулгасан ч тэрээр зайлж чадсан юм.

Европын холбоотой тохиролцсон гэрээгээ зогсоохоор заналхийлэв

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “Туркийн иргэдийг Европын холбооны улсуудад визгүй нэвтрүүлэх асуудлыг түлхэж дэмжихгүй бол цагаачлалын асуудлыг шийдвэрлэхээр Европын холбоотой байгуулсан гэрээг Туркийн парламент зогсоох болно” хэмээн мэдэгдлээ. Ойрхи Дорнод, Африкаас Туркт орж буй цагаачдад зориулсан хуаран барих мөнгийг Европын холбоо өгнө гэж амласан ч энэ мөнгө орж ирээгүй байна хэмээн Эрдоган хэлжээ.
Европын холбоо, Туркийн тал Европт орж ирсээр байгаа цагаач, дүрвэгчдийн асуудлыг шийдвэрлэх зарчмын тохиролцоонд хүрсэн юм. Туркт орж ирж байгаа цагаачдыг нутаг руу нь буцаах хөрөнгө мөнгийг Европын холбоо гаргаж өгөхөөр болсон аж. Хариуд нь Турк улс санхүүгийн тусламж авч, турк иргэдийг Европын холбооны улсуудад визгүй нэвтрүүлэх журмыг нэвтрүүлэхээр тохиролцсон байна. Европын холбооны төлөөлөгч Жан-Клод Юнкер тавдугаар сарын эхээр, Анкара хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол визгүй зорчих тохиролцоог хүчингүй болгоно хэмээн мэдэгджээ. Турк улс Европын холбооноос тавьсан 72 шаардлагыг биелүүлэх үүрэг хүлээсэн юм.

Google-ийн Парис дахь байрыг нэгжжээ

Францын татварын цагдаа Google компанийн Парис дахь байрыг нэгжжээ. Эрх баригчид интернэтийн компанийг 1.6 тэрбум долларын татвараас зайлсхийсэн хэмээн сэжиглэж байгаа аж. Харин Google-ийн албан ёсны төлөөлөгч Эль Верне, компани Францын зохих хууль тогтоомжийг мөрдөж ажилласан, шалгалтын тухайд Францын цагдаатай хамтран ажиллаж байгаа хэмээн мэдэгдэв. Татварын цагдаа болон санхүүгийн хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн 100 гаруй ажилтан Парисын IX дүүрэгт байрлах Google-ийн байранд нэгжлэг хийсэн байна. Франц, Их Британи болон бусад хэд хэдэн орон Google, Yahoo болон интернэтийн бусад компанийг зах зээлээс нь асар их ашиг олдог ч зохих татвараа төлдөггүй хэмээн сэтгэл дундуур байдаг аж. Google компани татвараас зайлсхийхийн тулд янз бүрийн, хууль бус, түрэмгий арга хэрэглэдэг хэмээн үзэж байна.


Кубад жижиг, дунд үйлдвэрийг зөвшөөрнө

Куба улс жижиг, дунд үйлдвэрийг хуулиар хүлээн зөвшөөрөхөөр болжээ. Коммунист намаас хэвлэлд өгсөн баримт бичиг дээр “Ажилчин болон түүний гэр бүлийн эрхэлж буй жижиг бизнес, жижиг, дунд хувийн үйлдвэрийг хүлээн зөвшөөрнө” хэмээн заажээ. Энэ асуудлыг дөрөвдүгээр сард болсон Коммунист намын их хурлаар хэлэлцсэн юм. Арлын социалист эдийн засгийг либералчлах үйл явцад энэ шийдвэр нь чухал алхам болж байна. Их хурлаар социализм гэдэг үг хэрэглэхээс зайлсхийж, эдийн засгаа гадаад ертөнц рүү хэрхэн нээх талаар түлхүү ярилцжээ. Гаваны эрх баригчид хувийн зах зээл, бизнесийг өргөжүүлэх талаар нэг алхам урагшилсан ч энэ тал дээр хэтэрхий удаан, хүнд сурталтай байгааг олон улсын тоймч, ажиглагчид шүүмжилж байна. Үйлдвэрлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлж, хөгжил дэвшилд зайлшгүй шаардлагатай дэд бүтцийг шинэчлэх, бүтээлч баг, хамт олныг бий болгоход улсын бус нөөц, баялгийг хөдөлгөөнд оруулах шаардлагатай байгааг эрх баригчид онцолжээ.
Хувийн бизнесийг хөгжүүлэх нь 2008 онд эрх мэдлийг гартаа авсан удирдагч Рауль Кастрогийн гол зорилгын нэг байсан юм. Кубад тариачид, фермерүүдэд газрыг нь өгч, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ зах дээр чөлөөтэй зарж, борлуулах эрхийг нь өгсөн. Мөн хувиараа ресторан, зоогийн газар, буурчийн газар ажиллуулахыг хүлээн зөвшөөрсөн ч эдгээр нь улсын хатуу хараа хяналт дор явж иржээ. Өнөөдөр Кубад зоогийн газар, дэн буудлын үйлчилгээ эрхэлдэг 1.5 сая орчим иргэн байна. Тэд үнэн хэрэгтээ хэдэн ажилтантай бизнесийн эзэд болсон ч хуулиндаа тэднийг үйлдвэр, компани хэмээн хүлээн зөвшөөрөөгүй байсан юм. Одоо тэднийг жижиг, дунд үйлдвэр, бизнесийн эзэн гэж хүлээн зөвшөөрснөөр хүнд суртал, улсаас зааж зааварладаг явдал үлэмж багасч, бизнес эрхлэгчид гадаадаас бараа, бүтээгдэхүүн худалдаж авах, импортлох эрхтэй болох юм.

Өнөөдрийг хүртэл хувийн бизнестэй куба иргэд зөвхөн улсын дэлгүүр, захаас бараа, бүтээгдэхүүн, түүхий эдээ худалдаж авах үүрэг хүлээж байна. Эсвэл хар захаас нууцаар, мөн агаараар зөөгч сүлжээ буюу куба иргэд гадаад улсаас ирэхдээ чемодандаа хийж авчирдаг бараа, материалыг ашигладаг. Энэ нь бизнесийн хангамж, хэрэгцээнд муугаар нөлөөлж, хомсдол бий болох, төрийн зах зээл дээрх үнэ нэмэгдэх үзэгдэл рүү түлхдэг байна. 2014 оноос эхлэн Куба, Америкийн харилцааны мөс хайлж, хоёр улс дипломат харилцаагаа сэргээсэн билээ. Улмаар хориг арга хэмжээг хэсэгчлэн цуцалсаар байгаа нь сайшаалтай. Гэвч Куба улсаас хамаарах зүйл их байгаа бөгөөд жижиг, дунд бизнесийг хүлээн зөвшөөрч, өргөжүүлэх шийдвэр гаргасан нь Куба дахь хувийн өмчийг хөгжүүлэх нэг чухал алхам боллоо.

Monday, 23 May 2016



“Ногоон нам”-ын экс лидер Австрийн Ерөнхийлөгч боллоо

“Ногоон нам”-ын экс тэргүүн, бие даан нэр дэвшигч Александр Ван дер Беллен Австрийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд ялалт байгуулжээ. Түүний өрсөлдөгч, Австрийн эрх чөлөөний намын дэвшигч Норберт Хофер ялагдлаа хүлээн зөвшөөрсөн байна. Ван дер Беллен 50,3, Хофер 49,7 хувийн санал авчээ. Дэлхийн II дайнаас хойш Австрийн хоёр гол намыг (Социал-демократ болон Ардын нам) төлөөлдөггүй улстөрч анх удаа Ерөнхийлөгчөөр сонгогдож байна. Сонгууль тун өрсөлдөөнтэй болж, Норберт Хофер нэлээд хугацаанд тэргүүлж байсан юм. 72 настай Ван дер Беллен Австрийг Европын холбоонд нэгдмэл байхыг дэмждэг ажээ.

Дуучин бүсгүйг шүтэн бишрэгч нь хутгалжээ

Японы поп дуучин Маю Томитаг Токиод тоглолт хийх гэж байхад нь нэгэн бишрэгч нь олон удаа хутгалж хүнд шархдуулжээ. Томохиро хэмээх залуу дуучин бүсгүйн хүзүү, цээжинд нь 20 удаа хутгалсан аймшигтай хэрэг гарав. Маю Томита өгсөн бэлгийг нь авалгүй буцаасан тул уурандаа ийм гэмт хэрэг үйлдсэн хэмээн мэдүүлсэн байна. “Томитад бэлэг илгээсэн ч хүлээж авалгүй буцаасан байсан. Яагаад буцаасныг асуухад булзааруулаад хариу хэлээгүй. Тэгээд уурандаа түүнийг олон удаа хутгалсан хэмээн” гэмт хэрэгтэн ярьжээ. 2014 онд Японы AKB48 хамтлагийн хоёр гишүүнийг Такизава хото дахь арга хэмжээн дээр нэг шүтэн бишрэгч нь хөрөө барин довтолж шархдуулж байв. AKB48 Токио хотын Акихабара дүүрэгт өөрийн гэсэн театртай, 48 дуучинтай, Япон болон Азийн орнуудад алдартай хамтлаг юм.

Банкны автоматаас 13 сая доллар хулгайлжээ

Японд үл мэдэгдэх этгээдүүд гурван цагийн дотор банкны автомат машинаас 13 сая доллар хулгайлжээ. Гэмт этгээдүүд Өмнөд Африкийн нэгэн банкны хэрэглэгчдийн мэдээллийг ашиглан хуурамч картаар мөнгө гаргаж авчээ. Халдлагад 1400 орчим автомат машин өртсөн бөгөөд хулгайч нар гадаадын төлбөрийн карт хүлээж авдаг 7-Eleven дэлгүүрийн сүлжээнд байрлуулсан мөнгөний машинуудыг онилжээ. Хэрэглэгчдийн мэдээллээ ашиглуулсан Өмнөд Африкийн Standart банк 19.2 сая долларын хохирол хүлээгээд байна. Японд банкны автомат машинаас нэг удаа 100 мянган иен (913 доллар) авч болдог ба хулгайч нар гурван цагийн дотор 13 сая доллар авч чадсан байна. Цагдаагийн газраас сайтар бэлтгэсэн, зохион байгуулалттай гэмт хэрэг хэмээн мэдэгдэв.

АНУ-ын их сургуульд атеизмийн тэнхим нээгдлээ

АНУ-ын Майамийн их сургуульд дэлхийд анх удаа атеизм буюу шашингүйн үзлийн тэнхим нээгдлээ хэмээн The New York Times сонин мэдээлэв. Шашингүйн үзлийг судлах тэнхимийг 83 настай бизнесмэн Луи Аппижианийн хандивласан 2.2 сая доллараар нээжээ. “Атеистуудыг битгий ялгаварлан гадуурхаасай гэж хүссэн юм. Шашингүйн үзлийг хууль эрхийн хүрээнд хүлээн зөвшөөрөх нэг алхам болсон гэж бодож байна” хэмээн бизнесмэн хэллээ. Хувьслын нэрт биологч Ричард Докинс түүний хичээл зүтгэлийг ихэд үнэлж, Майамийн их сургуульд баяр хүргэжээ.

Испанийн нудистууд ялагдал хүлээв

Кадиз хотын далайн эрэгт нарлах эрхийн төлөө долоон жилийн турш шүүхээр явсан Испанийн нудистууд ялагдал хүлээжээ. Орон нутгийн эрх баригчид нудистууд буюу нүцгэлэгчдийг хотын харъяаны эрэг дээр зочлохыг хориглож, зөрчсөн тохиолдолд 750 еврогоор торгохоор болов. Испанийн натуризмийн холбоо нудизм нь хүний үндсэн эрхийн нэг хэмээн дээд шүүхэд гомдол гаргасан ч няцаагдсан байна. Испанийн аялал жуулчлалын мэдээллээс үзвэл, жил бүр 1.5 сая хүн зөвхөн нүцгэн шалдан далайн эргээр зугаалах гэж ирдэг аж. 500 мянга орчим испани иргэн байнга нүцгэнээр амардаг гэсэн тооцоо бий. 


Хүрээлэн буй орчны бохирдол дайнаас 200 дахин их үхэл авчирч байна

Хүрээлэн буй орчин, агаарын  бохирдол жил бүр дайнаас 200 дахин их үхэл учруулж байгааг өчигдөр Найробид эхэлсэн Хүрээлэн буй орчны НҮБ-ын хоёрдугаар ассамблейн (UNEA-2) илтгэлд онцолжээ. 170 гаруй орны төлөөлөгчид оролцож байгаа энэхүү уулзалтын зорилго нь НҮБ-аас өнгөрсөн есдүгээр сард баталсан Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх хөтөлбөрийг боловсруулж, 2030 он хүртэл хүрээлэн буй орчны талаар баримтлах бодлогыг тодорхойлох юм. 2012 онд хүрээлэн буй орчин, агаарын бохирдлын улмаас 12 сая хүн амь насаа алдсан болохыг судалгаа харуулж байна. Бидний амьсгалж буй агаар, идэж буй хоол хүнс, ууж буй уснаас дэлхий дээрх нас баралтын 23 хувь нь үүдэлтэй. Химийн бодисын алдагдал, бохирдсон агаар, эрүүл бус амьдралын хэвшил үүнд хамгийн их нөлөөлж байна. Сахарын цөл орчмын Африкийн орнуудад гэхэд л халдварт өвчин, хоол хүнсээр дамждаг өвчин, шимэгч хорхойнууд халдварладаггүй өвчнөөс илүүтэй хор хөнөөл учруулж байна.
Дэлхийн газрын зургийг харвал хүрээлэн буй орчноос үүдэлтэй үхэлд хамгийн их нэрвэгдэж буй бүс нутаг нь Азийн зүүн өмнөд хэсэг (28 хувь), Номхон далайн баруун хэсэг (27 хувь) юм. Газар дундын тэнгисийн зүүн хэсгээр нийт нас баралтын 22 хувь нь агаарын бохирдолтой холбоотой, Европ тивд энэ зүүүлэлт 15 хувьтай байна. Жил бүр долоон сая хүн агаарын бохирдлоос, 3.5 сая хүн ундны усны хомсдол, эрүүл ахуйн доголдлоос болж хорвоог орхиж байгааг илтгэлд онцолжээ. 1995 оноос хойш 600 гаруй мянган хүн цаг агаарын өөрчлөлттэй холбоотой гамшгийн улмаас амь насаа алдсан бол, 4.1 сая хүн гэмтэж, бэртэж, орон гэрээ алдаж, яаралтай тусламж авах  шаардлагатай болжээ. Эрүүл мэндэд учрах аюулыг хамгийн их нэмэгдүүлж байгаа хүчин зүйл нь цаг агаарын өөрчлөлт болж байгаа аж. 2030-2050 онд дээрх шалтгаан дээр нэмэгдэн хоол хүнсний дутагдал, хумхаа, гэдэс гүйлгэх, дулаарлын улмаас үүссэн ядаргааны улмаас жил бүр 250 мянган үхэл нэмэгдэж болзошгүй байгааг санууллаа.

Эрүүл хүрээлэн буй орчинд хөрөнгө оруулах нь олон ашиг тус авчирна хэмээн НҮБ үзэж байна. Озоны давхаргыг гэмтээж буй 100 гаруй бодисыг устгаснаар арьсны хорт хавдрыг хоёр саяаар, хараа муудах өвчнийг мэдэгдэхүйцээр багасгаж, бензин шатахуун дахь тугалгыг байхгүй болгосноор цаг бусын үхлийг нэг саяаар бууруулах боломжтой. Яндангийн утаа, метан хий зэрэг агаар бохирдуулагч хийг багасгаснаар жил бүр 2.4 хүний амийг аварч болох ажээ.