Saturday, 30 November 2013





Сири хүүхдүүд эцэг эхгүйгээр дүрвэн амьдарч байна

Ливан, Иордан дахь дүрвэгсдийн хуаранд гурван мянга 700 орчим сири хүүхэд эцэг, эхгүйгээр амьдарч, тэдний олонх нь ямар нэг насанд хүрсэн хүний харгалзаагүйгээр, өөрсдөө хил давж дүрвэсэн байна хэмээн НҮБ-ын Дүрвэгсдийн хорооны (ACNUR) илтгэлд онцолжээ. “Сирийн ирээдүй: дүрвэгч хүүхдүүдийн байдал” хэмээх илтгэл нь Ливан, Иордан дахь бага насны дүрвэгсдийн нөхцөл байдалд гүнзгий судалгаа, дүгнэлт хийсэн анхны ажил болж байгаа юм. Энэ хоёр улсад Сириэс дүрвэсэн 1.1 сая хүүхдийн 60 хувь нь амьдарч байгаа аж. Эцэг эхчүүд нь иргэний дайнд нас барсан, эсвэл дайн, мөргөлдөөний бүсэд Засгийн газрын цэрэг болон босогчдод барьцаалагдаж дайчлагдсан нь дээрх нөхцөл байдлын гол шалтгаан болж байна. Эцэг эхчүүд хүүхдүүдээ зэвсэгт бүлгүүдэд дайчлуулахгүйн тулд тэднийгээ хөрш улс руу явуулахаас өөр аргагүй байдалд ордог аж. “Дүрвэсэн хүүхдүүд ганцаардал, аюултай байдал, тусгаарлалт хэмээх сэтгэл зүйн бэрхшээлтэй тулгарч байна. Гэр бүл, эцэг эхээсээ салсан сири хүүхдүүдийн байдал маш хүнд байна” хэмээн ACNUR-ийн Олон улсын хамгааллын төвийн захирал Волкер Турк Женевт тавьсан илтгэлдээ онцолсон юм.
Ливан, Иорданд дүрвэн гарсан 70 мянган сири гэр бүлийн өрхийн тэргүүн байхгүй байгаагийн улмаас хүүхдүүд ажил хөдөлмөр хийхээс өөр аргагүй байдалд орж байна. Бүр долоон настай хүүхэд ч тун бага мөнгөний төлөө олон цагаар ажиллаж байгаа аж. Өрхийн тэргүүнгүй болсон гэр бүлийн бараг тавин хувь нь хүүхдүүдийнхээ ажиллаж олсон бага мөнгөөр амь зууж байгаа нь судалгаагаар харагджээ. 270 хүүхэдтэй ярилцаж судалгаа явуулахад, тэд орон гэрээ орхин явахаас өөр аргагүй болж, дүрвэж явах замдаа гэр бүл, найз нөхдөө алдаж, насанд хүрсэн хүмүүст ашиглагдаж, дайчлагдан бие, сэтгэлийн асар их дарамтыг туулж байгаа нь тодорхой болсон юм.
Дүрвэсэн хүүхдүүдийн 29 хувь нь дайнаас зугтааж орон гэрээ орхисон, эсвэл гэр нь бөмбөгдөлтөд өртөж сүйрсэн, дүрвэх замдаа ихэд зовж зүдэрсэн тухайгаа ярьжээ. Хүүхдүүд сэтгэл зүйн дарамтаас гадна дайн, тулааны хөлд өртөж шархадсан байх нь элбэг байна. Дүрвэгсдийн хуаранд ирж буй олон хүүхэд шархтай иржээ. Ливанд гэхэд л 2013 оны эхний зургаан сард 741 хүүхэд дайны шархтайгаар эмнэлэгт хүргэгджээ. Иордан дахь Затри хуаранд мянга орчим хүүхэд эмнэлэгт хүргэгдэж шархаа эмчлүүлсэн байна. НҮБ-ын ажилтнууд судалгаа явуулж байхад олон хүүхэд Сирид буцан очиж тулалдаанд орох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Боловсролын хувьд нөхцөл байдал тун муу. Ливаны дүрвэгсдийн хуаранд байгаа сургуулийн насны 270 мянган хүүхдийн дөнгөж 20 хувь нь ямар нэг хичээлд хамрагдаж байна. Иордан дахь сири хүүхдүүдийн тал хувь нь буюу 83 мянган хүүхэд бүрэн бус байдлаар хичээлд хамрагдаж байгаа аж.
Сирийн хямрал, дүрвэлтийн бас нэг санаа зовоосон тал нь дүрвэгсдийн хуаранд мэндэлж буй хүүхдүүд юм. Тэнд мэндэлж буй сири хүүхдүүд ямар ч иргэншилгүй хоцорч байна. Ливан дахь дүрвэгсдийн хуаранд мэндэлсэн 781 хүүхдийн 77 хувь нь төрсний албан ёсны гэрчилгээгүй. Иорданд энэ онд мэндэлсэн 1400 сири хүүхэд төрсний гэрчилгээгээ аваагүй байна. Тиймээс тэдэнд ямар нэг орны иргэншил олгох боломжгүй болж байгаа аж. Сирийн иргэний дайны улмаас тус улсын 2.2 сая иргэн эх орноо орхин дүрвэжээ. Тэдгээрийн талаас илүү хувь нь насанд хүрээгүй хүүхдүүд. Хүүхдүүдийн 75 хувь нь 12-аас доош настай байна.

No comments:

Post a Comment