Saturday, 30 November 2013







Киевт жагсаал, цуглаан хийхийг хориглолоо

Киевийн засаг захиргааны тойргийн шүүх Киев хотын Тусгаар тогтнолын талбай, Европын талбай, Банкны, Грушевийн, Богомольцын гудамж зэрэг томоохон талбай, гудамжинд жагсаал, цуглаан хийхийг 2014 оны нэгдүгээр сарын 7 хүртэл хориглосон шийдвэр гаргалаа. Киев хотын захиргаанаас ийм хүсэлт гаргасныг ёсоор болгожээ. Өргөдөлд заасан талбай, гудамжнаас өөр газар тайван жагсаал, цуглаан хийж болно хэмээн Украины нийслэлийн захиргаанаас мэдэгдлээ. Гол талбай дээр жагсаал цуглааныг хориглосон нь шинэ жилийн гацуур, гоёл чимэглэл бэлтгэх ажилтай холбоотой хэмээн тайлбарлав. Хоёр хоногийн өмнө Киевт болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр олон хүн гэмтэж бэртсэн юм.

Японууд төсвийн алдагдлыг багасгана хэмээн амлав

Японы Засгийн газар ирэх санхүүгийн жилд төсвийн алдагдлыг дор хаяж 40 тэрбум доллараар багасгана гэсэн зорилт тавилаа хэмээн NHK телевиз мэдээлэв. Эдүгээ төсвийн алдагдал 225 тэрбум долларт хүрээд байгаа юм. Сүүлийн хэдэн жилд Японы хүн ам хөгширч, нийгмийн хангамжийн систем доголдох болсон тул төсвийн алдагдал ихээхэн нэмэгдэх болжээ. Мөн эдийн засгийг сэргээх арга хэмжээний хүрээнд хэд хэдэн удаа томоохон мөнгөний нийлүүлэлт хийсэн нь төсөвт сөргөөр нөлөөлсөн байна.

Газар нутгийн маргааныг дэвэргэхгүй байхыг хүсчээ

Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Цинь Ган “Хятад-Энэтхэгийн зүүн хилийн маргаантай газар нутгийн асуудлаар Бээжингийн байр суурь өөрчлөгдөхгүй” хэмээн мэдэгдэв. Хятадын тал хил, хязгаарын заагийн асуудлаар хоёр талын хэлэлцээ хийх таатай нөхцөлийг бий болгоход бэлэн байгаагаа уламжилжээ. Газар нутгийн маргааныг дэвэргэх үйлдэл хийхгүй байхыг Хятад улс хүссэн байна.
Энэтхэгийн Ерөнхийлөгч Пранаб Кумар арваннэгдүгээр сарын 29, 30-нд Аручанал-Прадеш мужид зочилсон аж. Энэ бүс нутгийг Дели өөрийн газар нутаг хэмээн үздэг ч багагүй хэсгийг нь хятадууд манай харъяаны нутаг хэмээн зүтгэдэг ажээ. Хоёр улс хамтын ашиг сонирхлоо хамгаалахын тулд асуудлыг хурцатгахаас зайлсхийж, уулзалт, хэлэлцээ хийх ёстой хэмээн Хятадын Гадаад хэргийн яам онцолжээ.  

Б.Обама: АНУ-ын шинэ Ерөнхийлөгчөөр эмэгтэй хүн тодорч магадгүй

АНУ-ын лидер Барак Обама улс орны дараагийн Ерөнхийлөгчөөр эмэгтэй хүн тодорч магадгүй хэмээн мэдэгдлээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан, экс тэргүүн хатагтай Хиллари Клинтон Цагаан ордны тэргүүн Барак Обамаг залгамжилж гарч ирнэ хэмээн тойм, шинжээчид үзэж байна. Б.Обама Ерөнхийлөгчийн бүрэх эрхийн хугацаагаа дуусгасны дараа гэр бүлийн хамт Вашингтонд үлдэнэ хэмээн ярьжээ. Хоёр удаа АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Б.Обама 2016 онд албан тушаалаасаа буух юм. Ардчилсан намаас Х.Клинтоноос өөр Ерөнхийлөгчид нэр дэвших хүчтэй, нөлөөтэй улстөрч байхгүй хэмээн ажиглагчид үзэж байгаа юм.

 Таван мянга 632 хүн шуурганд амиа алджээ

Филиппиныг дайрсан “Хайян” хэмээх хүчтэй далайн шуурганд амиа алдсан хүний тоо таван мянга 632-т хүрээд байна хэмээн тусулсын Онцгой байдлын яамнаас мэдэгдлээ. Хохирлын тоо дөрөв хоногийн өмнөхөөс зуу гаруй хүнээр нэмэгджээ. “Хайян” нь Филиппины түүхэн дэх хамгийн хүчтэй шуурга  болсон юм. Байгалийн гамшигт өртсөн бүсэд нөхцөл байдал тун хүнд байна хэмээн НҮБ-аас мэдэгдэв. Шуурганы улмаас хагас сая хүн орон гэргүй хоцорч, гадаа амьдарч байна.

Хойд Солонгост баривчлагдсан АНУ-ын иргэнийг суллахыг шаардлаа

Вашингтоны засаг захиргаа Хойд Солонгост баривчлагдсан АНУ-ын иргэн Мерилл Ньюманыг даруй суллахыг шаардлаа. 83 настай Ньюман сар гаруйн өмнө Хойд Солонгост жуулчилж явахад хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан, Пхеньяны социалист системийг гутаан доромжилсон хэмээн үзэж баривчилсан юм. Тэрээр Хойд Солонгост байхдаа орон нутгийн эрх баригчидтай уулзаж, Солонгосын армийн өнгөрсөн түүхийн талаар асуусан нь ийнхүү саатуулагдахад хүргэсэн бололтой.
Солонгосын дайны ахмад дайчин Мерилл Ньюман Хойд Солонгост амралтаа өнгөрүүлээд буцах гэж байжээ. Түүнийг мөн 1950-53 оны Солонгосын дайны үеэр энгийн номхон иргэдийн аминд хүрсэн хэмээн буруутгаж байгаа аж.

No comments:

Post a Comment