Wednesday, 5 July 2017




Гарри Каспаров их шатарт буцаж ирнэ

Grand Chess Tour тэмцээнийг зохион байгуулагчид Сент-Луист болох тэмцээнд дэлхийн шатрын 13 дахь аварга Гарри Каспаров оролцох болсныг зарлалаа. Тэрээр 2005 онд их шатраас зодог тайлж, тэр цагаас хойш зөвхөн үзүүлэх тоглолтод оролцож байв. Үүнээс гадна 2010 он хүртэл сүүлийн арван жилийн шилдэг шатарчин Магнус Карлсений хувийн дасгалжуулагчаар ажиллажээ. Каспаров Сент-Луисийн тэмцээнд цагаан хуудсаар оролцож байна. Энд мөн дэлхийд чансаагаараа хоёрт жагсаж буй Хикару Накамура болон Сергей Карякин, Вишванатан Ананд нарын шилдгүүд тоглоно. “Би тэмцээнд оролцогчдын дундаж насыг дээшлүүлж, дундаж чансааг бууруулж байх шиг байна” хэмээн Гарри Каспаров Твитертээ бичжээ.
Гарри Каспаров 1985 онд Анатолий Карповтой түүхэн тоглолт хийж дэлхийн аварга болсон билээ. 2006 он хүртэл Дэлхийн шатрын холбооны чансааг тэргүүлж байв. Тэрээр чансааны 2851 оноо авч рекорд тогтоож байсныг зөвхөн Магнус Карлсен 2013 онд эвдсэн юм. Каспаров спортын замналаа дуусгасны дараа В.Путиний дэглэмийг эсэргүүцэж улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох болжээ. Сөрөг хүчний жагсаал цуглаанд оролцож, “Эв нэгдэл” Иргэний нэгдсэн фронтыг удирдаж байлаа. 2013 онд Гарри Каспаров эрх баригчдын мөрдлөгөөс болгоомжилж Оросыг орхижээ. Тэрээр Нью-Йоркт суурьшсан бөгөөд мөн 2014 онд иргэншлийг нь авсан Хорватад бас нэг гэртэй.

Чикагод 100 орчим хүн буудалцаанд өртжээ

АНУ-ын Тусгаар тогтнолын баярын дөрвөн амралтын өдрөөр Чикаго хотод 100 орчим хүн замбараагүй буудалцааны золиос болж, шархдаж гэмтжээ. Орон нутгийн гэмт хэргийн бүлэглэлүүд хоорондоо буудалцсан хэмээн цагдаа нар мэдээлэв. Буудалцаан ням гаригт эхэлсэн ба мягмар гаригт болсон буудалцаанд хамгийн олон хүн шархаджээ. Дор хаяж 15 хүн амиа алдсан хэмээн хэвлэлүүд баталж байна. Чикаго хотын эрх баригчид гэмт хэрэг хамгийн их гардаг хотын өмнөд болон баруун хэсэг рүү 1000 цагдаагийн нэмэлт хүч илгээсэн ч эмх замбараагүй байдлыг намжааж чадаагүй аж. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гэмт бүлэглүүдийн мөргөлдөөнийг эцэс болгохын тулд Чикаго хотын цагдаагийн газар руу ХМТ-ны ажилтнуудыг нэмэлт хүч болгон илгээгээд байна. Өнгөрсөн оны баярын үеэр 66 хүн буудалцаанд өртөн шархдаж байжээ.

Н.Мадурогийн талынхан парламент руу дайрч оров

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог дэмжигчид сөрөг хүчний хяналтад байдаг парламентын ордон руу дайран орж депутат, сэтгүүлчид рүү халджээ. Сөрөг хүчний хоёр депутат зодуулан нүүрэндээ цус болсон гарч ирж байгаа нь бичлэгээс харагдаж байв. Дайрч орсон хүмүүс хэд хэдэн депутат руу халдсан хэмээн сөрөг хүчний La Patilla сайт мэдээлэв. Найман хүн шархдаж бэртсэний дотор депутат Америко де Грасиа байгаа аж.
Ерөнхийлөгч Николас Мадуро Тусгаар тогтнолын баярын парад дээр үг хэлсний дараа эмх замбараагүй байдал эхэлжээ. Венесуэлийн парламентад 2015 оны арванхоёрдугаар сараас хойш сөрөг хүчний депутатууд давамгайлах болсон юм. Сүүлийн гурван сарын турш сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгч Мадурог огцрохыг шаардсан жагсаал цуглаан хийсээр байна. Үүний улмаас амиа алдсан хүний тоо 90-д хүрчээ. Мадурогийн талынхан болон сөрөг хүчнийхэн нэг нэгнээ хүчирхийллийг өдөөсөн хэмээн буруутгасаар байгаа аж.

“АНУ Хойд Солонгосын пуужингаас өөрийгөө хамгаалах чадвартай”

Баллистик пуужинг илрүүлэн замд нь устгах Америкийн систем нь Хойд Солонгосын тив хоорондын пуужингаас АНУ-ыг хамгаалах бүрэн чадвартай хэмээн Пентагоны хэвлэлийн төлөөлөгч, ахмад Жефф Дэвис мэдэгдэв. Долдугаар сарын 4-нд Хойд Солонгосын харвасан пуужин нь өмнө нь үзэгдэж харагдаагүй пуужин байсан, нислэгийн явцад дахин салж байндаа тусах чадвартай байлдааны толгой уг пуужинд байсан хэмээн тэрээр онцлов. Пхеньяны эрх баригчид амжилттай боллоо хэмээн зарласан “Хвасон-14” тив хоорондын пуужин 37 минутад 930 км зам туулан Япон тэнгист унасан юм. Хойдууд АНУ болон дэлхий нийтэд чиглэсэн аюул заналхийллээ нэмэгдүүлж байна хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Р.Тиллерсон мэдэгдсэн.
“Хвасон-14” пуужин ойролцоогоор 6700 км замыг туулах чадалтай хэмээн Америкийн эрдэмтэн, физикч Дэвид Райт үзэж байна. Энэ нь уг пуужин Аляскт түвэггүй хүрнэ гэсэн үг. Гэвч үүний тулд зөвхөн пуужин бус, мөн агаар мандалд нэвтэрч орох цэнэгт хошуу хэрэгтэй. Хойд Солонгосын тал одоогоор ийм чадалтай цэнэгт хошуутай болсон эсэх нь тодорхойгүй байна.

Ширүүн бороо гамшиг учруулав

Японы Кюшю арал дээр ширүүн аадар бороо гамшиг учруулж, хэд хэдэн хот тосгодын зам харгуйг усанд автуулаад байна. Зам харагдахгүй болсны улмаас гамшигт байдал үүсээд байгаа аж. “Нөхцөл байдал маш хүндэрлээ. Энэ бол онц ноцтой байдал. Хүмүүсийн амийг аврах нь хамгийн чухал болоод байна” хэмээн Японы Ерөнхий сайдын орлогч Таро Асо онц байдлын штабын хуралдаан дээр мэдэгджээ. Үер хэдэн сууринг замаас тусгаарлаад байна. Үерт живж урссан хүмүүс, машины талаар мэдээлэл байнга ирж байгаа аж. Хита хотод төмөр замын гүүр үерт автаж галт тэрэг явах боломжгүй болжээ. Борооны өмнөхөн Японы төв хэсэгт 5.7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. 

Tuesday, 4 July 2017



Олег эхнэртээ өв хөрөнгөө үлдээсэн үү?


“Иванушки International” хамтлагийн гоцлол дуучин Олег Яковлев зургадугаар сарын 29-нд өвчний улмаас нас барсан юм. Түүний үхлийн албан ёсны шалтгааныг уушигны үрэвслийн улмаас зүрх нь зогссон гэж гарсан ч үнэн хэрэгтээ элэгний хатуурал түүнийг авч одсон хэмээн найзууд нь хэлж байна. Учир нь Олег архинд тун дуртай нэгэн байжээ. Олег 2012 онд “Иванушки”-ийг орхиж ганцаараа уран бүтээлийн мөр хөөсөн ч хүссэн амжилт нь ирсэнгүй. Тэрээр Оросын алдарт хамтлагт ирсэн цагаасаа л бор дарсанд дурлах болжээ. “Тэр арга хэмжээ, аялан тоглолт, онгоцоор нисч байхдаа байнга уудаг байсан. Бүгд онгоцонд унтаж байхад тэр ганцаараа архи, коньяк уугаад явдаг байлаа. Тэр ер нь их зожиг, зуслан дээрээ очоод бүгчихдэг байсан. “Иванушки”-аас гарсны дараа нэг их амжилт олоогүй, нөгөө муу зуршил нь улам гүнзгийрсэн. Түүний элэг нь өвчтэй, архи ууж болохгүй байсан ч тэрээр уухгүй байж чаддаггүй байсан. Залуугаараа хорвоог орхисон шалтгаан нь энэ” хэмээн найз Леонид Зюник нь ярьжээ. Узбек аав, буриад ээжээс Монголд мэндэлсэн Олег Яковлев эхнэр Александра Куцеволд  ямар нэг өв хөрөнгө гэрээслэж үлдээсэн эсэх нь тодорхойгүй байна. 




Хойд Солонгос цөмийн зэвсэгтэй болохыг АНУ хүлээн зөвшөөрөхгүй

Хойд Солонгосын тал уржигдар тив хоорондын баллистик пуужин туршсаныг АНУ батлав. Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон үүнийг  АНУ болон дэлхий нийт рүү чиглэсэн Хойд Солонгосын аюул заналхийлэл шинэ түвшинд гарч байгаа явдал хэмээн нэрлээд “Пхеньян цөмийн зэвсэгтэй болохыг АНУ хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн онцлов. Хойд Солонгосын эрх баригчид тив хоорондын баллистик пуужингийн туршилт анх удаа амжилттай боллоо хэмээн мэдэгджээ. Ким Чен Уны дэглэм ийнхүү Аляскт пуужингийн цохилт өгөх боломжтой болж байна хэмээн Вашингтон үзэж байна. Гэвч зарим мэргэжилтнүүд уг пуужин байндаа хүрэх чадваргүй хэмээн тодорхойлжээ.
Хойдууд пуужин туршсаны дараа АНУ энэ асуудлыг хэлэлцэхийн тулд НҮБ-д хандаж Аюулгүйн зөвлөлийн онцгой хуралдаан хийхийг шаардсан юм. 15 улсын төлөөлөгч багтдаг зөвлөлийн хаалттай уулзалт долдугаар сарын 6-нд буюу өнөөдөр товлогджээ. АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн хээрийн сургуулийг зогсоохыг Москва, Бээжин хоёр шаардаж байна. Орос, Хятад хоёр Хойд Солонгосын пуужингийн туршилтыг хүлээн зөвшөөрч боломгүй хэмээн үзсэн ч АНУ пужингаас эсэргүүцэн хамгаалах THAAD системээ Өмнөд Солонгост байрлуулахыг эсэргүүцэж байгаа юм. Япон улс Хойд Солонгосын удирдлагад албан ёсоор эсэргүүцэл илэрхийлжээ. Ерөнхий сайд Шинзо Абэ “Хойдууд алсын тусгалтай тив хоорондын пуужин туршсан нь аюулын түвшинг нэмэгдүүлж байна” хэмээн ярив. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ч Пхеньяны пуужингийн ээлжит туршилтыг хатуу шүүмжилсэн аж.
“Энэ залууд пуужин туршихаас өөр хийх юм алга. Япон, Өмнөд Солонгос хоёр цаашдаа үүнтэй эвлэрээд яваад байна гэж итгэхэд ч бэрх байна. Магадгүй хятадууд нухацтай алхам хийж энэ утгагүй зүйлийг нэгмөсөн дуусгах биз” хэмээн Трамп Твиттер хуудсандаа бичжээ. Тэрээр үүний өмнөхөн Хятад, Японы лидертэй утсаар ярьж Хойд Солонгосын асуудлыг хэлэлцсэн байна. Хойд Солонгосын тал сүүлийн саруудад пуужингийн туршилтаа эрс нэмэгдүүлж, он гарсаар 11 дэх туршилтаа хийгээд байна. Японы цэргийнхний үзэж буйгаар, “Хвасон-14” тив хоорондын баллистик пуужин 37 минут нисч 930 км зам туулаад Япон тэнгист унасан аж. Хойд Солонгосын эрх баригчид “Манай пуужин дэлхийн аль ч цэгт хүрэх чадвартай” хэмээн мэдэгдсэн юм.

10 минутад 72 “Халуун нохой” иджээ

Nathan’s Annual Famous International Hot Dog Eating Contest буюу Хэн хамгийн их Hot Dog идэх вэ уралдаан АНУ-ын Кони Айлендэд боллоо. 2007 онд энэ тэмцээнд 10 минутын дотор 72 зайдастай хавчуурга идэж байсан америк залуу Жое Честнат энэ удаа мөн л 72 хавчуурга идэж рекорд амжилтаа давтжээ. Кармен Чинкотти 60 хот дог идэж хоёрдугаар байрт оржээ. Эдүгээ 33 настай Честнат анх 2005 онд энэ тэмцээнд оролцохдоо 32 Зайдастай хавчуурга идэж байжээ. Тэр цагаас хойш тасралтгүй дасгал сургуулилт хийсээр гол өрсөлдөгч Кобаяшиг давж чадсан юм. Тодорхой хугацаанд аль болох их хоол идэж рекорд тогтоох сонирхолтой амтерик залуу зайдастай хавчуурга, хачиртай талх, рамен идэж рекорд тогтоож байв.

Сирийн босогчид давшсаар байна

АНУ-аар дэмжүүлсэн курд, араб дайчид Ракка хотын хамгийн сайн хамгаалалт, бэхлэлттэй, хоёр гаруй жилийн турш лалын хэт лаврагч “Исламын улс” бүлгийн мэдэлд байсан хэсэг рүү нэьтрэн орж чаджээ. Сирийн босогчид хуучин хотын хана, бэхлэлтийг сэтэлж чадсан аж. АНУ тэргүүтэй олон улсын цэргийн хүчээр дэмжүүлсэн “Сирийн ардчилсан эвсэл” хэдэн сарын турш байлдсаны эцэст өнгөрсөн долоо хоногт хотыг бүрэн бүсэлжээ. Ракка хот нь жихадист дайчдын сүүлчийн гол түшиц газар болоод байгаа юм. “Исламын улс” бүлгийнхэн 2014 онд  Ракка хотыг эзэлж лалын халифат улсын нийслэлээр зарласан билээ. Дөрвөн мянга орчим лалын дайчин хамгаалж байгаа Ракка хотыг бүрэн эзэлж чадвал “Исламын улс” бүлэг маш том цохилт амсана хэмээн АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвсэл үзэж байна. Ракка хотын төлөөр тулалдаанд олон зуун энгийн иргэн амь насаа алджээ. Зургадугаар сард гэхэд л 173 энгийн иргэн дайны золиос болсон байна.

Гаванад “Хайрын зочид буудал” эргэж ирнэ


Кубын нийслэл Гавана хотын эрх баригчид 1990-ээд он хүртэл оршиж байсан “Хайрын зочид буудал”-ын сүлжээг эргэн сэргээхээр болжээ. Хүн ам ихтэй Гавана хотод дурласан, болзсон хосууд орох газаргүй хэцүүддэг нэг бэрхшээл байдаг. Зарим хувийн зочид буудал өрөөгөө цагаар өгөхдөө хэтэрхий өндөр үнэ нэхдэг ажээ. Төрийн дэмжлэгтэй “Хайрын зочид буудал”-ын сүлжээг сэргээснээр куба залуус гадаа, гудамжинд загас наадуулдаг явдалд цэг тавина хэмээн үзэж байна. Pоsаdаs буюу хосууд “хайр хийх”-д зориулсан “Хайрын зочид буудал” нь 1990 он хүртэл оршиж байсан. Ийм зочид буудлын нэг цагийн төлбөр харьцангуй хямд байжээ. Гэвч 1990-ээд онд Кубыг нөмөрсөн эдийн засгийн хямрал болон далайн хар шуурганы улмаас Pоsаdаs-уудыг түр хоргодох байр болгон ашигласнаар байхгүй болсон юм.

Monday, 3 July 2017



Total Иранд хий олборлолтод нэг тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ

Францын нефть, хийн Total компани Иран дахь Өмнөд Парсын ордоос хий олборлох гэрээг Тегераны Засгийн газартай хийлээ. Францын компани анхны хөрөнгө оруулалтаар нэг тэрбум орчим доллар зарцуулахаар төлөвлөжээ. Өрнөдийн зүгээс Ираны эрчим хүчний салбарт тавьсан хоригийг цуцалсны дараа Европоос орж ирж буй хамгийн том хөрөнгө оруулалт нь энэ болж байна. Дэлхийд хамгийн томд тооцогдож байгаа Өмнөд Парсын орд газрын 11 хэсэгт олборлолт явуулах тохиролцоонд Тегераны зүгээс Ираны нефтийн үндэсний компани (National Iranian Oil Company) гарын үсэг зуржээ. Энэ төсөлд мөн Хятадын үндэсний нефтийн компани (China National Petroleum Corporation, CNPC) оролцож байна. Гэрээнд заасны дагуу, Францын компани төслийн 50.1, CNPC 30, Ираны  Засгийн газар үлдсэн 19,9 хувийг эзэмших аж. 11 хэсэгт олборлолт явуулах өртөг дөрвөн тэрбум доллар. Орд газрын нийт нөөц нь хоёр тэрбум куб фут буюу 56.6 сая куб метр аж. Энэ нь өдөрт 400 мянган баррель нефтьтэй тэнцэх хий олборлоно гэсэн үг. Олборлолт 2020 оноос эхэлнэ хэмээн тооцоолж байна.
Өмнөд Парс нь Катараас зүүн хойд зүгт орших Персийн булан дахь Ираны Зүүн болон Өмнөд Парсын орд газрын өмнөд хэсэг юм. Өмнөд Парсад дэлхийн хийн нөөцийн найман хувь, Ираны хийн нөөцийн 50 хувь нь оршдог. 3700 хавтгай дөрвөлжин км газрыг эзлэх тус ордыг Ираны эрх баригчид 28 хэсэгт хуваажээ. Хоёр, гуравдугаар хэсэг дээр ОХУ-ын “Газпром” компани Францын Total, Малайзын Petronas компанитай хамтран олборлолт явуулахаар болжээ.
2000 оны сүүлчээр Ираны хийн салбарт хөрөнгө оруулалт хийхэд бэлэн өрнөдийн томоохон компаниудаас Total ганцаараа үлдсэн юм. Гэвч 2008 оны дундуур Францын компани “Ираны өмнөд нутагт хий олборлох ажлаа улс төрийн тогтворгүй байдлын улмаас зогсоож байна” хэмээн мэдэгдэж төслөөс гарч буйгаар зарлаж байв. Өнгөрсөн оны нэгдүгээр сард Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг “Иран улс цөмийн хөтөлбөрөө зогсоохтой холбоотой бүх амлалт, болзлоо биелүүллээ” хэмээн мэдэгдсэний дараа АНУ болон Европын холбоо Ираны эсрэг хориг арга хэмжээг цуцалсан билээ.
Хоёрдугаар сарын сүүлчээр буюу нэг жилийн дараа Иран улс амлалтаа зөрчиж АНУ Ираны эсрэг дахин хориг арга хэмжээ авчээ. АНУ-ын шинэ хориг арга хэмжээнд Ираны найман компани өртсөн юм. Тэднийг террорризмтой холбон буруутгажээ. Мөн дахиад 17 компанийг баллистик пуужин үйлдвэрлэхэд оролцсон хэмээн үйл ажиллагааг нь хязгаарлах арга хэмжээ авсан байна.

Э.Макроны амь насанд халдах гэж байжээ

Францын цагдаа хойд хэсгийн Аржантей хотын 23 настай оршин суугчийг Ерөнхийлөгч Эмммануэль Макроны амь насанд халдахаар заналхийлсэн хэмээн баривчиллаа. Тэрээр долдугаар сарын 14-нд болдог Бастилийг эзлэн авсан өдөрт зориулсан баярын жагсаалын үеэр төрийн тэргүүний амь насанд халдахаар зэхэж байжээ. Мань залуу нэгэн тоглоомын сайтны чаат дээр Калашниковын автомат буу худалдах авах сонирхолтой байгаагаа бичиж байсан аж. Цагдаа нар түүний гэрт ирэхэд тэрээр гал тогооны хутгаар зэвсэглэн эсэргүүцэл үзүүлжээ. Түүнийг байцаас үед тэрээр Макроныг улс төрийг үзлээс нь болж алахыг хүссэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Мөн лал, араб, харууд, ижил хүйстнүүдийг хөнөөхийг хүсч байсан гэдгээ хэлжээ. Өөрийгөө үндсэрхэг үзэлтэн хэмээн нэрлэсэн залуу 2011 онд 77 хүний аминд хүрсэн Андерс Брейвикийг шүтсэн үйлдлийнхээ төлөө 2015 онд шүүхээс тэнсэн харгалзах ял сонсож байжээ.

10 настай жаал автобус хулгайлж хотоор зугаалав

Хятадын Гуанжоу хотод 10 настай хөвгүүн автобус хулгайлж хотоор 40 минут зугаалсны эцэст цагдаа нар саатуулжээ. Жаалхүү автобусны жолооны ард сууж буй бичлэг Хятадын интернэтийн сүлжээгээр цацагдаад байна. Жаахан хүүхэд автобус жолоодон явж буйг харсан явган зорчигчид цагдаагийн газарт мэдэгдсэнээр 40 минут автобус хөлөглөн явж байсан хүүхдийг зогсоожээ. Тэрээр энэ хугацаанд автобусыг тун сайн жолоодож хэнийг ч мөргөж гэмтээсэнгүй. Жаалхүү хэрхэн автобус хулгайлсан нь тодорхойгүй байна. 10 настай жаал өмнө нь гар утас, хэтэвч хулгайлсан хэргээр баривлагдаж байсан хэмээн автобусыг эзэмшигч Guangzhou Yueyun Bus компаниас мэдэгдлээ. Түүнийг цагдаагийн хэсэгт аваачиж байцаасны эцэст суллаж явуулсан аж. Насанд хүрээгүйн улмаас жаалхүүг  ямар нэг гэмт хэрэгт буруутгасангүй хэмээн мэдээлж байна.

Мотоциклтой этгээдүүд хүмүүс рүү гал нээжээ

Францын Тулуз хотод мотоцикл хөлөглөсөн хоёр этгээд хэсэг хүмүүс рүү гал нээж нэг хүний аминд хүрч зургаан хүнийг шархдуулжээ. Халдлага тус хотын Рейнери дүүрэгт болсон хэмээн “France 3” телевиз мэдээлэв. Цагдаагийн газраас мэдэгдэж буйгаар, хүмүүс рүү буудсан хоёр этгээдийн нэг нь лал шашинтны хувцастай байжээ. Халдлага үйлдсэн этгээдүүд нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс байсан бололтой. Мөн өнгөрсөн амралтын өдрөөр Авиньон дахь лалын сүмийн гадаа буудалцаан болж найман хүн шархадсан юм. Сүсэгтнүүд оройн 22:30 цагийн үед  Ар-Рахма сүмээс гарч явахад нь хоёр этгээд гал нээсэн аж.

Леди Гага Оросын олигархуудын хүүхдүүдийн хуриман дээр дуулав


Америкийн дуучин Леди Гага Оросын олигархуудын хүүхдүүдийн хуриман дээр дууллаа хэмээн Daily Mail мэдээлэв. Альдар Османовын охин Лолита, Альберт Авдоляны хүү Гаспар нар Оскарын шагнал гардуулах ажиллагаа болдог “Долби” театрт гэрлэжээ. Зарим эх сурвалжийн мэдээллээр, хуримын зардал 10 сая долларт хүрсэн аж. Хуримын гоёлын цэцэгт гэхэд л 500 мянган доллар зарцуулсан хэмээн бичиж байна. Лолита хуримын ёслолдоо Zuhair Murad-ийн даашинзыг сонгожээ. Дуучин Леди Гага ямар үнэ хөлсөөр дуулсан нь тодорхойгүй ч тэрээр дор хаяж 250 мянган доллар авсан бололтой. Хуримын зочдын дунд Оросын шоу-бизнесийн нэртэй төлөөлөгчид байсан аж. 

Sunday, 2 July 2017



Трамп, Абэ нар Хойд Солонгост шахалт үзүүлнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар утсаар холбогдож цаг үеийн тулгамдсан сэдвээр ярилцаж санаа бодлоо солилцлоо хэмээн Японы Засгийн газрын төлөөлөгч мэдэгдэв. Хоёр улсын лидер хэд хэдэн асуудлаар санал солилцсоны дотор Хойд Солонгосын сэдэв голлох байр суурийг эзэлжээ. Тэд Пхеньяны эрх баригчдад үзүүлэх дарамт шахалтаа нэмэгдүүлэх талаар тохиролцсон байна. Мөн Дональд Трамп, Шинзо Абэ нар Германы Хамбург хотод болох “Их-20”-ийн уулзалтын үеэр тусдаа уулзалт хийж, нягт хамтран ажиллахаар болжээ. Тэд Хойд Солонгосын асуудал дээр Өмнөд Солонгостой хамтран ажиллахаар тохиролцсон байна. АНУ Хойд Солонгост дарамт шахалт үзүүлбэл дайн мөргөлдөөнд хүрч болзошгүй хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн сайдын орлогч Сергей Рябков мэдэгджээ.

Лондоны нисэх буудлыг түр хугацаагаар хаав

Лондоны Гатвтк нисэх онгоцны буудлын орчимд нисгэгчгүй аппарат агаарт үзэгдсэний улмаас тус нисэх буудлын нисэх, хөөрөх зурвасыг хагас цагийн хугацаатай хоёр ч удаа хаах хэрэгтэй болжээ. Хоёр нислэгийг өөр нисэх буудал руу шилжүүлжээ. Нисэх буудлын хэвлэлийн албанаас мэдээлж буйгаар, Гатвик буудалд буухаар орж ирсэн EasyJet авиакомпанийн онгоцыг Лондоны Станстид нисэх буудал руу явуулсан аж. Мөн British Airways-ийн нисэх онгоцыг өмнөд эргийн Борнмут хот руу явуулахаас өөр аргагүй болсон байна. Бусад нислэгийг Баруун Сассекс гүнлэгийн дээгүүр эргэлдүүлж байгаад хагас цагийн дараа буулгасан аж. Цагдаа нар ямар учиртай нисгэгчгүй төхөөрөмж нисч явсныг шалгаж байна. Гатвик нь Хитроугийн дараа ордог Лондоны томоохон нисэх буудал юм. Өнгөрсөн онд гэхэд л Гатвикаар 43 сая зорчигч үйлчлүүлжээ.

ОХУ-ын хил орчимд тагнуулын нислэг хийжээ

Сүүлийн долоо хоногт гадаад орнуудын нисгэгчгүй төхөөрөмж Оросын хил орчимд 15 удаа тагнуулын нислэг хийлээ хэмээн ОХУ-ын Батлан хамгаалах яаснаас мэдээлэв. АНУ-ын нисгэгчгүй төхөөрөмж найман удаа, Шведийнх гурав, Норвегийнх хоёр, Японых  хоёр удаа тагнуулын нислэг хийснийг Оросын Сансрын агаарын хүчин бүртгэж авчээ. Оросын нисэх хүчний сөнөөгч онгоцууд эдгээр төхөөрөмжийг илрүүлэхийн тулд зургаан удаа агаарт хөөрсөн байна. Долоо хоногийн өмнө АНУ-ын нисэх онгоцууд Тартус дахь Оросын цэргийн баазыг тагнасан нислэг хийснийг ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдэгдлээ.

Бразилд мафийн толгойлогчийг баривчлав

Бразилд хууль хяналтын байгууллагаас 30 жил зугтаасан “Цагаан толгойт” хочит хар тамхины мафийн толгойлогч Луиш Карлуш да Рошаг баривчилжээ. Тэрээр гоо сайхын мэс заслын тусламжтайгаар гадаад төрхөө өөрчилж, Витор хэмээх нэртэй болсон байжээ. Шинжээчид Витор, Роша хоёрын зургийг шинжлээд нэг хүн болохыг тогтоожээ. Түүнийг баривчлах ажиллагаанд 150 орчим цагдаа оролцсон байна. Роша Өмнөд Америкт томоохонд тооцогддог хар тамхины мафийг удирдаж байсан юм. Түүний удирдсан мафи Болив, Перу, Колумбид сар бүр таван тн кокаин нийлүүлдэг байжээ. Роша мөнгө угаасан, хар тамхи худалдсан, бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэргээр 50 жилийн ял авч магадгүй байна.

Марадона Оросын иргэн болохыг хүсч байна


Аргентины домогт хөлбөмбөгч Диего Армандо Марадона ОХУ-ын иргэн болохоор нухацтай бодож эхэлсэн тухайгаа “Советский спорт” сонинд ярьжээ. Тэрээр Холбоодын цомын тэмцээнийг үзэхээр ОХУ-д ирсэн юм. Марадона хэд хоногийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг шүтдэг гэдгээ хэлж байсан аж. “Би Оросын лидер Путинийг хүндэлж биширдэг. Тэр бол дэлхийн хүчтэй, ухаалаг удирдагч. Миний гэрт хоёр удирдагчийн хөрөг байдаг. Нэг нь Фидель Кастро, нөгөөх нь Владимир Путин. Би энэ удаагийн айлчлалаараа Ерөнхийлөгч Путинтэй уулзаж гар барихыг хүсч байна. Гэвч тэр намайг Кремльд урих эсэхийг мэдэхгүй байна” хэмээн домогт хөлбөмбөгч, 1986 оны дэлхийн аварга Марадона ярьжээ. Саяхан нэрт хөлбөмбөгч Мессигийн хурим болсон ч Марадонад урилга  ирээгүй юм. Энэ талаар сурвалжлагч асуухад Марадона “Миний урилга хаа нэгтээ гээгдсэн байх” хэмээн ёжтой хариулт өгөөд “Тэр намайг хуримандаа уриагүй ч бидний харилцаа өөрчлөгдөхгүй” гэжээ. 



Кристиано Роналдо гэрээслэлээ өөрчлөв

Кристиано Роналдогийн түүх өдрөөс өдөрт бичигдсээр байна. Өдөр бүр хүмүүсийн нүд, чихийг сортойлгож байдаг хүн цөөхөн. Ядуу зүдүү өссөн Роналдо хөвгүүн өнөөдөр хөлбөмбөгийн ачаар тэрбумаар тоологдох баян болжээ. Түүний зөвхөн цалин пүнлүү, зар сурталчилгаанаас олж буй орлого гэхэд л жилд 250 сая еврог давж байна. Саяхныг хүртэл нэрт хөлбөмбөгчийн өв хөрөнгөнөөс хувь хүртэх (түүнийг нас барсан тохиолдолд) гол хүмүүс нь түүний хүү Кристиано Жуниор, ээж Долорес Авейро нар байсан юм. Одоо энэ жагсаалт өөрчлөгдөж байна. Тээгч эхийн тусламжтайгаар мэндэлсэн ихэр хүүхэд Эва, Матео нар гэр бүлд нь нэмэгдсэнээр хөлбөмбөгчийн амьдралд бас нэг том өөрчлөлт гарчээ. Хэдхэн долоо хоногийн өмнө буюу зургадугаар сарын эхээр Роналдо Лиссабонд очиж Португалын шигшээ багтайгаа нэгдэхдээ нэгэн чухал ажлыг давхар амжуулжээ. Тэрээр гэрээслэлдээ өөрчлөлт оруулахаар өмгөөлөгч, хуульчдын зартай фирм дээр очиж гэр бүл, өв залгамжлалын асуудал хариуцсан мэргэжилтэнтэй уулзсан байна. Үүний хамгийн гол шалтгаан нь мэдээж шинэхэн мэндэлсэн ихэр хүүхдээ гэрээслэлдээ багтаах.
Роналдо хөлбөмбөг болон зар сурталчилгааны гэрээнээс асар их хөрөнгө мөнгийг цуглуулж чадсан юм. Энэ их хөрөнгийг нь өв залгамжлах хүмүүс нь хамгийн түрүүнд хүүхдүүд нь, тэгээд эрх мэдэл ихтэй ээж Долорес нь ажээ. Кристиано тун ч гэр бүлсэг, өгөөмөр нэгэн бөгөөд түүнийг сайн таньж мэдэх хүмүүс мань эрийг тун өгөөмөр хэмээн тодорхойлдог билээ. Зарим эх сурвалжийн олж мэдсэнээр, Роналдо хэнийг ч гэрээслэлийнхээ гадна үлдээгээгүй аж. Хүүхдүүд, ээжээс нь гадна нэрт хөлбөмбөгчийн төрсөн ах дүү нар, зээ дүү нар нь гэрээслэлд багтсан байна. Тиймээс авга нь нас барсан тохиолдолд зээ дүү нар нь нас биед хүрэхдээ өв хөрөнгө өвлөж авна гэсэн үг. Португалын хөлбөмбөгийн од бүх зүйлийг тодорхой, яв цав байлгахыг хүсдэг, хууль эрх зүйн асуудал дээр элдэв хар сүсэггүй байхыг эрмэлздэг аж.

Найз бүсгүй Жоржинагийн оньсого таавар мэт байдал үргэлжилсээр байна. Түүнийг жирэмсэн гэх цуу яриа түймэр мэт л асч байлаа. Роналдо найз бүсгүйнхээ гэдсэн дээр гараа тавьсан зургаа олон нийтийн сүлжээгээр цацсан нь ийнхүү “хардахад” хүрсэн юм. Италийн “Chi” сэтгүүл Жоржинаг жирэмсэн болсон, тэгэх тэгэхдээ бүр ихэр хүүхэд төрүүлэх гэж байна хэмээн бичжээ. Гэсэн хэдий ч испани бүсгүй Жоржина Родригес хэдхэн хоногийн өмнө загварын нэртэй агентлагтай гэрээ байгуулснаар энэ яриа намжих тал руугаа оржээ. 

Sunday, 18 June 2017




Лондонд дахин халдлага гарав уу?

Лондоны хойд хэсгийн Финсбюри-парк дүүрэгт дунд оврын автомашин лалын сүмээс гарч яваа хүмүүсийг мөргөж дайрчээ. Нэг хүн амиа алдаж, хэд хэдэн хүн гэмтэж бэртсэн, нэг хүнийг энэ хэрэгт холбогдуулан баривчилсан хэмээн цагдаагийн газраас мэдээлэв. 77 хүн гэмтэж бэртсэнээс гурвынх нь байдал хүнд байгаа аж. Энэ нь санаатай алан хядах үйлдэл байсан уу, эсвэл тохиолдлын зүйл байв уу гэдгийг цагдаа нар мөрдөн шалгаж байна. Урьдчилан сэргийлэх үүднээс зэвсэгтэй цагдаа нар хэргийн газар иржээ. Их Британийн лал шашны зөвлөлийн тэргүүн Харун Рашид “Твиттер” хуудсандаа “Автомашин оройны мөргөлөөс гарч яваа хүмүүсийг дайрсан. Автомашины жолооч санаатайгаар хүмүүсийг дайрсан” хэмээн бичсэн байна. Лал шашинтай иргэд Рамадан сард зориулсан мөргөл хийчихээд гарч явсан аж. Ямар ч байсан цагдаагийн газар энэ хэрэг явдлыг тун нухацтай шалгаж байна. Цагдаа нар хэргийн газрыг бүсэлж, түргэн тусламжийн машин иржээ. Финсбюри-парк дүүрэг дээгүүр нисдэг тэрэг эргүүл хийж байгаа аж.
Сүүүлийн үед Лондон хотод хэд хэдэн халдлага гараад байна. Зургадугаар сарын 3-нд Лондоны төвийн гүүрэн дээр нэг гурван этгээд автомашинаар явган хүмүүсийг санаатайгаар дайрч, дараа нь Боро-маркет захын тэнд буугаад хүмүүс рүү хутга барин дайрсан юм. Энэ халдлагын улмаас долоон хүн амиа алдаж, арваад хүн шархадсан. Цагдаа нар халдагч этгээдүүдийг буудаж устгажээ. Мөн гуравдугаар сарын 22-нд Халид Масуд гэгч этгээд Вестминстерийн гүүрэн дээр автомашинаар хүмүүсийг дайрч, дараа нь нэг цагдааг хутгалан нийт таван хүний аминд хүрсэн юм.

Францын парламентад 223 эмэгтэй сонгогджээ

Францын парламентын доод танхимд 223 эмэгтэй сонгогдсон нь улс орны түүхэнд байгаагүй амжилт боллоо хэмээн Le Parisien мэдээлэв. Ийнхүү 577 суудалтай үндэсний чуулганы депутатуудын 38.6 хувийг эмэгтэйчүүд эзлэх боллоо. Парламентын өмнөх чуулган 155 эмэгтэй депутаттай байсан юм. Францын парламентын сонгуулийн хоёрдугаар шатанд шинэ Ерөнхийлөгч Эммануэль Макроны нам ялалт байгуулсан билээ. Мөн Марин Ле-Пен, экс Ерөнхий сайд Мануэль Вальс нар парламентад суудалтай болоод байна. Сонгуулийн дүнгээр Макроны нам парламентад үнэмлэхүй олонх болж чаджээ.

Хойд Солонгосын цэрэг Өмнөд Солонгос руу зугтжээ

Хойд Солонгосын цэргийн албан хаагч Ханган мөрнийг сэлж гатлан Өмнөд Солонгос руу зугтжээ. Сүүлийн долоо хоногт хоёр дахь орголт болж байгаа нь энэ . Хойд Солонгосын цэрэг живэхгүйн тулд мөрөндөө хөөсөнцөр бэхэлж Ханган мөрний нарийн хэсгээр нь сэлж гарч ирсэн хэмээн Өмнөд Солонгосын штабын дарга нарын нэгдсэн хорооноос мэдэгдлээ. Өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгосын бас нэг цэрэг хоёр улсыг хуваадаг хатуу хяналт, хамгаалалтай хэсгээр хил нэвтрэн өмнөд нутагт орж ирсэн юм. Ер нь жилд нэг хойдсолонгос цэрэг өмнөд рүү зугтан гардаг аж.
Хамгийн сүүлд оргосон цэрэг нь 20 орчим настай, одоогоор Сөүлээс баруун хэсэгт орших Кимпхо хотод ирээд байна хэмээн Ренхап агентлаг мэдээллээ. Өмнөд Солонгосын тал руу сэлж гарч ирсэн цэрэг эргийн харуултай таарахдаа “Намайг битгий алаарай, би танай улс руу зугтаж орж ирлээ” хэмээн хашгирсан аж.
Өмнөд болон Хойд Солонгос улс 1953 оны дайны дараа эвлэрэлд хүрсэн ч албан ёсоор энхийн гэрээ байгуулаагүй байгаа тул дайны байдалд байгаа гэсэн үг. Солонгосын дайн дууссанаас хойш Хойд Солонгосын 30 мянга орчим иргэн өмнөд рүү зугтаж гарсан хэмээн Сөүлийн тал үздэг. Тэд ихэвчлэн Хойд Солонгостой хамгийн их газраар хил залгадаг Хятадын газар нутгаар дамжин зугтдаг ажээ.

Пол Маккартни 75 хүрлээ

ХХ зууны хамгийн агуу дуучдын нэг, алдарт “Битлз” хамтлагийн амьд үлдсэн хоёр гишүүний нэг Сэр Пол Маккартни 75 нас хүрлээ. “Битлз” хамтлаг нэг хэсэг Есүс Христээс илүү алдар сууг олж явсан нь Жон Леннон ч, Ринго Старр ч, Жорж Харрисоноос ч бус, зөвхөн Пол Маккартнийн зохиосон дуутай холбоотой байсан юм. 60-аад оны эхээр түүний зохиосон Yesterday дууг өнөөдрийг хүртэл 2200 гаруй мэргэжлийн дуучин дуулжээ. Пол Маккартнийн өөрөө болон хамтран бичсэн 32 дуу янз бүрийн цаг үед Billboard сэтгүүлийн шилдэг дууны жагсаалтыг тэргүүлж байв. Түүний хөрөнгө чинээ 1.2 тэрбум доллараар үнэлэгдэж байна.
Их Британид түүнийг үндэсний үнэт өв хэмээн хүлээн зөвшөөрдөг. Тэрээр маш олон шагнал, хүндэтгэл хүлээсний хамгийн нэр хүндтэй нь мэдээж 1997 онд хатан хаан Элизабетаас авсан Сэр цол юм. Пол Маккартни хангалттай өндөр нас сүүдрийг зооглоод байгаа ч зүгээр суусангүй. Өнгөрсөн онд Pure McCartney хэмээх шилдэг дууныхаа цомгийг гаргасан бол, саяхан “Карибын тэнгисийн дээрэмчид” кинонд нэгэн жижигхэн, хөгжилтэй дүрийг бүтээсэн юм.

Португалын гал түймэрт 62 хүн амь насаа алдлаа

Португалын төв хэсэгт гарсан ойн түймрийн улмаас 62 хүн нас бараад байна хэмээн эрх баригчид мэдээлэв. Тэдний ихэнх нь автомашинтайгаа явж байгаад галд бүслэгдэж угаартаж, шатаж нас барсан байна. Автомашин дотроо шатсан 30 хүний цоцгсыг олжээ. Мөн автомашинаасаа холгүй амиа алдсан 17 хүний цогцсыг олсон байна. Тэд явганаар түймэртэй ой модыг гатлах гэж яваад амь үрэгдсэн бололтой. “Амь үрэгдсэн хүний тоо нэмэгдэж болзошгүй” хэмээн Португалын Засгийн газрын тэргүүн Антониу Кошта хэллээ. Түймэрт амь насаа алдсан хүмүүсийн дунд дөрвөн хүүхэд байгаа аж. 60 орчим хүн хүнд, хөнгөн түлэгдэж эмнэлэгт хүргэгджээ. Гал командын хэдэн зуун машин, нисэх онгоц, мянга орчим гал сөнөөгч ажиллаж байгаа ч ойн түймрийг хяналтдаа авч чадахгүй байна.

Гал түймэр нэгэн зэрэг дөрвөн зүг рүү маш хурдан тархаж байгаа аж. Португалын хэд хэдэн мужид сүүлийн үед 40 градусаас дээш халж байгаа ажээ. 

Wednesday, 14 June 2017




Амазон мөрний ай сав аюулд оров

Бразил, Герман, Сингапур, Их Британи, АНУ-ын эрдэмтэн, судлаачид Амазон мөрний ай сав, эко систем эрсдэлд орж, устах аюултай болоод байна хэмээн мэдэгдлээ. Судалгааны дүнг Nature сэтгүүлд нийтэлсэн байна. Мэргэжилтнүүд DEVI (Dam Environmental Vulnerability Index) буюу Хүрээлэн буй орчны эмзэг байдлын индексийг тооцож гаргахад түгшмээр дүн гарчээ. Энэ индекс нь 0-100 хүртэл хэмжүүртэй, дээд үзүүлэлтэд хүрвэл эко систем бүрэн устдаг аж. Амазон мөрний хамгийн  том цутгалан болох Мадейрад DEVI индекс хамгийн өндөр (80-аас дээш) гарчээ. Тэнд Санту-Антониу, Жирау гэсэн хоёр усан цахилгаан станц байдаг. Мөн Мараньон, Укаяли бэлчирт DEVI индекс 71, 61-д хүрч бүртгэгдсэн байна.
Ой модыг ихээр огтлох, голын урсгалыг өөрчлөх, биологийн олон төрөл зүйлийг устгах, хөрс зэвэрч муудах зэрэг нь Амазон мөрний ай сав, эко систем муудахад голлон нөлөөлж байгаа аж. Амазон мөрний ай савд 428 усан цахилгаан станц барихаар төлөвлөж байснаас 140-ыг бариад байна. Амазон мөрөн дэлхийн цэнгэг усны 20 хувийг эзэлж, олон зуун төрлийн ургамал, амьтны амьдрах орчныг бүрдүүлж байдаг ажээ.

200 мянган литр дарсыг газар асгажээ

Францын Эро мужид үл мэдэгдэх этгээдүүд Монпелье хотоос 10 км-т орших нэгэн дарсны агуулах руу дайрч 200 мянган литр дарсыг газар руу асгажээ. Тэд агуулахад байсан дарсны 17 тусгай савны цоргыг онгойлгож гоожуулжээ. Цагдаа нар энэ хэргийг шалгаж байна. Le Figaro-д бичиж буйгаар, Испаниас импортлодог дарсны үнэ нэмэгдсэнийг эсэргүүцсэн идэвхтнүүд энэ хэрэгт оролцсон бололтой. Өнгөрсөн оны наймдугаар сарын 3-нд Францын Сет хотын нэгэн гудамжтинд дарсны үер болсон юм. Авто зам, явган зам дээр хэдэн мянган тн дарс асгаж, газар доорх авто зогсоол, орон сууцнууд дарсны үерт автаж байсан билээ. Тэр хавьд байдаг дарсны агуулахыг мөн л санаатайгаар эвдэн сүйтгэж, дарсыг нь асгаж байсан аж.

Д.Трамп 71 хүрлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 71 нас хүрчээ. Washington Post сонинд бичсэнээр, АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч насан баяраа гэр бүлийн хүрээнд даруухан тэмдэглэжээ. Гэргий Меланиа, хүү Баррон нар нь Нью-Йорк хотоос Вашингтонд, Цагаан ордонд шилжиж ирсэн нь хамгийн том бэлэг болсон аж. Трамп төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэж байсан талаар хэвлэлүүд бичиж байна. Тэрээр 42 насны төрсөн өдрөө өөрийн нэг казинод нижгэр тэмдэглэж, томоохон лазерийн шоу хийж бүгдийг алмайруулж байжээ. Д.Трамп 1996 онд өөрийн мэдэлд нь байдаг бүх барилгыг дүрсэлсэн, супермений хувцастай Трампын дүрстэй аварга торт хийлгэж зочдоо дайлсан аж. 2005 онд 59 насны баяраараа “Малибугийн аврагчид”-ын од Памела Андерсоныг урьж, 15 метр өндөр бялууны лааг үзээж байв. Харин өчигдөр тохиосон 71 насны баяраа тун даруухан, цомхон хүрээнд тэмдэглэснийг гэргий Меланиа нь ярьжээ. 


Японы эзэн хаан сэнтийгээ шилжүүлэхээр болов

Японд урьд өмнө хэзээ ч ийм юм болж байсангүй. Амьд сэрүүн ч эрүүл мэнд нь сайнгүй эзэн хаан Акихито Японы парламент болон Засгийн газарт хандаж хааны суудлаас татгалзах зөвшөөрөл өгөхийг хүсчээ. Ард түмэн үүнийг эсрэг биш байгаа ч гунигтай байна.
Эзэн хааны хүсэлтийг ёсоор болгох билэгдлийн санал хураалтыг 235 депутат дэмжиж, эсэргүүцсэн нэг ч санал гарсангүй. “Хууль батлагдлаа” хэмээн сайд нарын танхимийн ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихида Суги мэдэгдэж, гүн бөхийж хүндэтгэл үзүүлжээ. Ийнхүү эзэн хаан Акихитод хаан ширээнээс татгалзах зөвшөөрлийг олгож, шинэ эрин үеийн эхлэлийг тавилаа. Эзэн хаан Акихито 2018 оны арванхоёрдугаар сард хааны титмээ буулгаж өгсний дараа тэрхүү шинэ эрин 2019 оны нэгдүгээр сард эхэлнэ хэмээн таамаглаж байна. Энгийн япон иргэдийн 85 хувь нь парламентын шийдвэрийг дэмжиж, эзэн хаан чөлөөнд гарч амрах нь зөв гэж үзжээ. 83 нас сүүдрийг зооглоод байгаа Акихито түрүү булчирхайн хорт хавдраар шаналахын зэрэгцээ зүрхэндээ хүнд мэс засал хийлгэсэн юм. Тэрээр ард түмэндээ хандаж үг хэлэхдээ, эрүүл мэндийн улмаас ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй болж байна гэжээ. Олонх дэлхийн иргэдийн хувьд нэг настай хүн чөлөөнд гарч байгаа ч япон иргэдийн хувьд тийм биш. Учир нь Японы хаан сэнтийний сүүлийн 200 жилийн түүхэнд ийм явдал болж байгаагүй аж. Япон иргэдийн хувьд Акихито нь дэлхийн II дайны дараах Японы билэгдэл болсон хүн юм.
Акихито хаан ширээнээс татгалзах шийдвэр гаргасны дараа ВВС-ийн сурвалжлагчид Токиогийн гудамжинд иргэдээс санаа бодлыг нь сонсжээ. Япон иргэд эзэн хаандаа тун ам сайтай, түүнгүйгээр амьдралаа төсөөлөхөд хэцүү хэмээн ярьж байв.

Өнөөгийн Үндсэн хуулийн дагуу, хаан ширээг залгамжлагч нь эрэгтэй талаа дагасан эрэгтэй байх ёстой. Охид, гүнж нар нь хаан ширээг залгамжлах эрхгүй, тэд энгийн хүнтэй гэрлэвэл эзэн хааны удам, овгоос гардаг аж. Акихитогийн охин Саяко, ач охин Мако нар ийм замыг сонгосон билээ. Эзэн хаан Акихито хоёр хүүтэй. Том хүү Нарухито, бага хүү Фумихито, мөн 10 настай ач хүү Хисахито байгаа. 57 настай Нарухито Японы шинэ эзэн хаан болох нь тодорхой. Гурав дахь үеийнхнээс ганцаараа эр хүйсийг төлөөлж байгаа Хисахито том болоод хүүтэй болохгүй бол хаант засаглал төгсгөл болох аж. Тэр тохиолдолд Японы парламент Үндсэн хуулиа эргэн харах нь тодорхой. Жүничиро Коизүмийн Засгийн газар 2000 онд хаан сэнтийг эмэгтэй хүйсийн төлөөлөлд шилжүүлэхийг зөвшөөрөх талаар өөрчлөлт хийх хэрэгтэй хэмээн ярьж, хэлэлцүүлж байв. Гэвч Шинзо Абэ намынхаа консерватив чанарыг хадгалж үлдэхийн тулд энэ талаар ярихыг хүсэхгүй байна. 

Monday, 12 June 2017





168 сая хүүхэд хөдөлмөр эрхэлж байна

Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулан НҮБ-аас гаргасан тоо баримтаар, дэлхий даяар 168 сая хүүхэд ажил хийж, тэдний тал хувь нь буюу 85 сая нь амь насанд аюултай хөдөлмөр эрхэлж байна. Хүүхэд, багачуудыг ажил хөдөлмөрт дайчилдаг явдлыг нэн даруй халах ёстой хэмээн тус байгууллагын илтгэлд онцолжээ. Учир нь, хүүхдийн ажил хөдөлмөр эрхлэлт нь ихэвчлэн боолчлолтой холбогдож байдаг, мөн хүүхдийн сургуульд сурах, тоглож наадах эрх хаягддаг аж. Хүүхдүүдийг хамгийн ихээр ажиллуулдаг салбар нь хөдөө аж ахуй. Арван хүүхдийн зургаа нь буюу 98 сая хүүхэд хөдөө аж ахуйн салбарт нуруугаа авахуулсан морь мэт зүтгэж байгаа бол, үйлчилгээний салбарт 54 сая, үйлдвэрлэлийн талбарт 12 сая хүүхэд ажил хөдөлмөр эрхэлж байна. Энэ онд хүүхдийн хөдөлмөр нь дайн мөргөлдөөн, байгалийн гамшгийн улмаас улам хүнд бэрх, өрөвдмөөр байдалтай болжээ.
Цаг агаарын өөрчлөлт, байгалийн гэнэтийн гамшиг зэрэг нь хүүхдийн хөдөлмөрийг ашиглах явдлыг улам гааруулж байна хэмээн Хүмүүсийн газар сангийн илтгэлд дурдсан юм. Никарагуа дахь нөхцөл байдлыг судалж үзэхэд, байгаль, хүрээлэн буй орчны нөхцөл байдал муудахын хэрээр хүүхдийн хөдөлмөрийн шинэ хэлбэр үүсч байгаа аж. Үүний нэг жишээ нь ил задгай хогийн цэг ихээр үүсч буй явдал. Хогийн цэг нэмэгдэхийн хэрээр тэнд ажиллах, тэндээс орлого олох гэсэн хүүхдүүдийн тоо нэмэгдсээр байгаа аж. Ливанд ирсэн сири дүрвэгчдийн хүү Али гэр бүлдээ туслахын тулд хог дээрээс олсон эд зүйлсийг зарж суудаг тухай Дэлхийн зөн байгууллага жишээ татан мэдээлж байна. Иордан, Ливи дахь дүрвэгсэд ажил, хөдөлмөр эрхлэх эрхгүй байдаг. Хууль бусаар аахар шаахар ажил хийдэг ч маш бага цалинтай. Тиймээс хүүхдүүд нь сургуульд суухын оронд ажил хөдөлмөр эрхлэхээс өөр аргагүй болдог байна.
Хүүхдийн эрхийг хамгаалагч Plan International байгууллагаас гаргасан тооцоогоор, 10 сая хүүхэд, тэдний 67 хувь нь охид, боолчлолын нөхцөлд гэрийн үйлчилгээний ажил хийж байна. Энэ орон сууц, гэрт байдаг “нууц” ажил тул хянах боломжгүй үйл ажиллагаа юм. Латин Америк, Африкийн олон оронд хүүхдүүд гэрийн үйлчилгээнд ажиллахыг нийгэм нь хүлээн зөвшөөрсөн байдаг. Эдгээр улс оронд хүүхдийн хөдөлмөрийг хязгаарлаж, сурах бололцоогоор хангахыг шаарддаг ч олигтой ахиц гардаггүй аж. НҮБ-ын гишүүн орнууд Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд 2025 он гэхэд хүүхдийн хөдөлмөрийг устгах үүрэг, амлалт авсан ч биелэх төлөв харагдахгүй байгаа юм.

Манчестерийн алуурчин хагас жилийн өмнөөс халдлагад бэлтгэж байжээ

Дуучин Ариана Грандегийн концерт дээр бөмбөг дэлбэлсэн Манчестерийн алуурчин Салман Абеди 2016 оны арванхоёрдугаар сараас эхлэн халдлага үйлдэхээр бэлтгэж байсан тухай Ливийн тусгай албаны төлөөлөгч Ахмед Салем мэдэгдэв. Ливийн эрх баригчдад Абедийн Ливи болон Британи дахь холбоо сүлбээний талаар чухал мэдээлэл байсан, гэвч Ливийн тусгай албад ТТГ-тай илүү мэдээлэл солилцож байсан гэжээ.
Салман Абеди Манчестерт халдлага үйлдэхээсээ өмнө Триполид гэр бүлийн хамт нэг сар болжээ. Түүнийг Триполид ирсэн даруйд тусгай албад хараандаа авч, 20 настай дүү Хашем, эцэг Рамадан нарыг ч анхааралдаа авсан аж.
Халдлагын дараа Хашем, Рамадан нарыг Ливид баривчилсан ба өдөр бүр байцааж байна. Салман 2015 онд “Исламын улс” бүлэгт элссэн хэмээн дүү Хашем нь ярьжээ. Салман Абеди тэсрэх бөмбөг хийх материал худалдаж авахад дүү нь тусласан байна. Тавдугаар сарын 22-нд Манчестер хотод дуучин Ариана Грандегийн концерт дээр халдлага болж 22 хүн амь насаа алдсан юм.

Панам Тайваньтай дипломат харилцаагаа таслав

Панамын эрх баригчид Хятадын төлөө Тайваньтай дипломат харилцаагаа таслажээ. “Зөвхөн нэг Хятад бий. Тайвань түүний нэг хэсэг” хэмээн тус улсын Засгийн газрын мэдэгдэлд онцолжээ. Ийнхүү Панам улс Тайванийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж Бээжингийн талд ороод байна. Тайванийг Хятадын нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрөх нь Хятадтай дипломат харилцаа тогтоох нэг нөхцөл болдог. Харин Тайвань үүнийг эсэргүүцэж, Тайваньд Хятадын жинхэнэ удирдлага бий, Бүгд найрамдах Хятад ард улс бол 1950 оны иргэний дайны явцад коммунистуудад эзлэгдсэн газар нутаг хэмээн үздэг аж. Үнэхээр Хятадын бүгд найрамдах улс (БНХАУ биш) НҮБ-ыг үүсгэн байгуулагчдын нэг байсан билээ. Тус улс 1971 он хүртэл НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн байж байгаад Бээжинд энэ суудлаа алдсан юм. Панамын шийдвэрийн дараа Тайваньтай дипломат харилцаагаа хадгалан үлдэж буй улсын тоо 20 боллоо. Хятадууд сүүлийн үед Панамд ихээхэн хөрөнгө оруулалт хийх болжээ.

Байгаль нуурыг хамгаалахад 314 сая рубль гаргажээ

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Байгаль нуурыг хамгаалах төсөлд Холбооны төсвөөс хөрөнгө гаргаж Буриадын бүгд найрамдах улсад шилжүүлэх зарлигт гарын үсэг зуржээ. Улаан-Үүдийн цэвэрлэх байгууламжийг сэргээн засварлахад 314 сая рубль олгож байгаа аж. Байгаль нуурын хамгаалалт, Байгаль орчмын нутгийг 2020 он хүртэл хөгжүүлэх төсөлд холбооны төсвөөс ийнхүү томоохон тусламж үзүүлж байна. Байгаль нуур руу асгадаг Улаан-Үүдийн хэрэглэсэн, бохир усны хэмжээг үлэмж багасгаж, хотын экологийн түвшнийг сайжруулахад энэ мөнгийг зарцуулах ажээ.

Брэд Питт, Женнифер Анистон нар эргэн нийлэх үү?

Брэд Питт (53 настай), Женнифер Анистон (48) нар нэг үе  Холливудын хамгийн атаархам хосыг бүрдүүлж байсан ч тэдний хамтын амьдрал ердөө л таван жил үргэлжилсэн юм. Брэдийн амьдралд өөр бүсгүй буюу Анжелина Жоли гарч ирснээр тэдний холбоо тасарч байсан билээ. Жоли, Питт хоёр “Ноён болон Хатагтай Смит” кинонд тоглосныхоо дараа бие биедээ дурлаж, 2006 оны наймдугаар сард Францын Chateau Miraval тансаг эдлэн дээр хуримаа хийж байв. Гэвч нэрт жүжигчин архинд донтсон болон бас бус асуудлын улмаас Холливудын хамгийн алдарт хос хоёр тийш болсон юм. Үүний дараа нэг хэсэг хямарсан Брэд Питт одоо эргэн сэргэж, амьдралынхаа жолоог эргүүлэн атгасан бололтой. Америкийн Life & Style сэтгүүл мэдээлж буйгаар, Брэд Питт экс эхнэр Женнифер Анистон руу утасдаж Анжелинагаас болж хаяж явсандаа уучлал гуйжээ. Анистон ч энэ дуудлагад сэтгэл хангалуун байгаа аж. Тэрээр уучлалыг хүлээн авч, одоо урагшаа харах цаг болсон гэж экс нөхөртөө хэлжээ. Ямар ч байсан тэдний харилцаанд зүгээргүй нэг “оч үсэрлээ” хэмээн хэвлэлүүд бичиж байна. 

Sunday, 11 June 2017




CR7-ийн ихрүүд Мадридад ирнэ

Дэлхийн шилдэг хөлбөмбөгч Кристиано Роналдо дөнгөж сая мэндэлсэн ихэр Эва, Матео хоёроо харахаас хоног тоолон хүлээж байна. Түүний шинэ хүүхдүүд АНУ-ын Зүүн эрэгт түрээсийн эхийн хэвлийгээс гурав хоногийн өмнө мэндэлсэн билээ. Роналдогийн ээж Долорес Авейро Атлантын далайг гаталж ач нартайгаа танилцсан ба энэ долоо хоногт тэднийг Мадридад, нэрт хөлбөмбөгчийн тансаг La Finca эдлэн дээр авчрахаас зэхэж байна. Дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог Алтан бөмбөг шагналыг тав дахь удаагаа авах нь бараг тодорхой болоод байгаа Кристиано Роналдо одоогоор Португалд шигшээ багийнхаа бэлтгэлд гараад байна. Түүний ихэр хүүхэд (охин Эва, хүү Матео) зургадугаар сарын 8-нд Калифорни орчмын нэг хотод түрээсийн эхийн хэвлийгээс мэндэлсэн юм. Роналдо хүүхдүүдийг нь тээж төрүүлсэн америк бүсгүйд дор хаяж нэг сая доллар төлсөн хэмээн Португалын хэвлэлүүд бичиж байна. Роналдогийн том хүү Роналдо жуниор зургаан жилийн өмнө мөн л түрээсийн эхийн тусламжтайгаар мэндэлсэн билээ.

Косовогийн сонгуульд Р. Харадинайн эвсэл ялалт байгуулав

Косовогийн парламентын сонгуульд Косовогийн албаниудын цэргийн хээрийн командлагч асан Рамуш Харадинайн тэргүүлдэг эвсэн ялалт байгуулжээ. Тэрээр 2004-2005 онд Косовогийн Ерөнхий сайдаар ажиллаж байв. Дайны дараа Косово тусгаар тогтносны дараа байгуулагдсан эвслийг Харадинай удирдаж байна. Серб улс түүнийг дайны гэмт хэрэгт буруутгадаг аж.
Харадинайн эвсэл нийт саналын 34 хувийг аваад байна хэмээн сонгуулийн хорооноос мэдээлэв. Сөрөг хүчний зүүний үзэлтэй нам 25 хувийн санал авчээ. Өнөөгийн Ерөнхий сайд Иса Мустафа тэргүүтэй эвсэл 26 хувийн санал авсан байна. Косовогийн хязгаар 2008 онд Сербээс салж тусгаар тогтнолоо зарлажээ. АНУ болон Европын ихэнх орон Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн юм. Косовогийн албани үндэстэн Рамуш Харадинай 1998-1999 онд Косовогийн чөлөөлөх армийг удирдаж байжээ. Тэрээр Косовогийн сербүүдийг хоморголон устгасан хэрэгт буруутгагдсан ч Гаагын шүүхээр цагаатгагдсан билээ.

Пуэрто-Рико АНУ-д нэгдэхээр шийджээ

Пуэрто-Рикогийн иргэд бүх нийтийн санал асуулгаараа АНУ-д нэгдэж, түүний 51 дэх муж болох хүсэлтийг АНУ-ын Конгресст илгээхийг дэмжжээ. Өнөөдөр Пуэрто-Рико нь АНУ-д чөлөөт байдлаар нэгдсэн улс гэсэн статустай байдаг ба үндсэндээ АНУ-ын хяналтад байдаг. Санал асуулгад нийт иргэдийн ердөө 23 хувь нь оролцож, 97 хувь нь АНУ-д нэгдэхийг дэмжсэн байна. Пуэрто-Рикогийн эрх баригчид энэ дүнгийн дагуу АНУ-д нэгдэх үйл явцыг эхлүүлэх үүрэггүй, эцсийн шийдвэрийг АНУ-ын Конгресс гаргах ажээ.
Пуэрто-Рико арал өөрийн статусаа тодорхойлох тав дахь удаагийн санал асуулгаа явуулсан нь энэ. Өмнөх санал асуулга 2012 онд болж иргэдийн 60 хувь нь АНУ-д нэгдэхийн төлөө санал өгч байжээ. Гэвч АНУ-ын Конгресс энэ талаар ямар нэг шийдвэр гаргаагүй юм. Бүх нийтийн санал асуулгыг зарлан явуулсан Пуэрто-Рикогийн захирагч Рикардо Роселло “АНУ-ын 51 дэх муж болох нь эдийн засгийн хямралаас гарах цорын ганц зам” хэмээн мэдэгджээ. Тус арлын эдийн засаг 103 тэрбум доллараар үнэлэгддэг, харин гадаад өр нь 72 тэрбум долларт хүрчээ.

“Питтсбург Пингвинс” Стэнлийн цомын аварга боллоо


Үндэсний хоккейн лигийн (NHL) Стэнлийн цомын аварга тодорчээ. “Питтсбург Пингвинс” зургаа дахь тоглолтод “Нэшвилл Предаторс”-ийг 2:0 харьцаагаар хожсоноор цувралыг 4-2-оор дуусгаж аварга боллоо. “Оцон шувуунууд” тоглолтын 59, 60 дахь минутад гоол оруулжээ. Ийнхүү “Питтсбург Пингвинс” Стэнлийн цомыг тав дахь удаагаа, сүүлийн хоёр улирал дараалан хүртэж байна. Алдарт “Детройт Ред Уингз” 1997, 1998 оны улиралд хоёр дараалан энэ цомын эзэн болж байв.  “Оцон шувууд”-ын ахлагч Сидни Кросби хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан бол, орос довтлогч Евгений Малкин 28 оноогоор (10+18) Стэнлийн цомын шилдэг довтлогч болжээ.