CR7-ийн ихрүүд Мадридад ирнэ
Дэлхийн шилдэг хөлбөмбөгч Кристиано Роналдо дөнгөж сая мэндэлсэн
ихэр Эва, Матео хоёроо харахаас хоног тоолон хүлээж байна. Түүний шинэ хүүхдүүд
АНУ-ын Зүүн эрэгт түрээсийн эхийн хэвлийгээс гурав хоногийн өмнө мэндэлсэн билээ.
Роналдогийн ээж Долорес Авейро Атлантын далайг гаталж ач нартайгаа танилцсан ба
энэ долоо хоногт тэднийг Мадридад, нэрт хөлбөмбөгчийн тансаг La Finca эдлэн дээр авчрахаас зэхэж байна. Дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог
Алтан бөмбөг шагналыг тав дахь удаагаа авах нь бараг тодорхой болоод байгаа
Кристиано Роналдо одоогоор Португалд шигшээ багийнхаа бэлтгэлд гараад байна.
Түүний ихэр хүүхэд (охин Эва, хүү Матео) зургадугаар сарын 8-нд Калифорни орчмын нэг хотод түрээсийн эхийн
хэвлийгээс мэндэлсэн юм. Роналдо хүүхдүүдийг нь тээж төрүүлсэн америк бүсгүйд
дор хаяж нэг сая доллар төлсөн хэмээн Португалын хэвлэлүүд бичиж байна. Роналдогийн
том хүү Роналдо жуниор зургаан жилийн өмнө мөн л түрээсийн эхийн тусламжтайгаар
мэндэлсэн билээ.
Косовогийн сонгуульд Р. Харадинайн эвсэл ялалт байгуулав
Косовогийн парламентын сонгуульд Косовогийн албаниудын цэргийн
хээрийн командлагч асан Рамуш Харадинайн тэргүүлдэг эвсэн ялалт байгуулжээ. Тэрээр
2004-2005 онд Косовогийн Ерөнхий сайдаар ажиллаж байв. Дайны дараа Косово
тусгаар тогтносны дараа байгуулагдсан эвслийг Харадинай удирдаж байна. Серб улс
түүнийг дайны гэмт хэрэгт буруутгадаг аж.
Харадинайн эвсэл нийт саналын 34 хувийг аваад байна
хэмээн сонгуулийн хорооноос мэдээлэв. Сөрөг хүчний зүүний үзэлтэй нам 25 хувийн
санал авчээ. Өнөөгийн Ерөнхий сайд Иса Мустафа тэргүүтэй эвсэл 26 хувийн санал
авсан байна. Косовогийн хязгаар 2008 онд Сербээс салж тусгаар тогтнолоо
зарлажээ. АНУ болон Европын ихэнх орон Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн
зөвшөөрсөн юм. Косовогийн албани үндэстэн Рамуш Харадинай 1998-1999 онд
Косовогийн чөлөөлөх армийг удирдаж байжээ. Тэрээр Косовогийн сербүүдийг
хоморголон устгасан хэрэгт буруутгагдсан ч Гаагын шүүхээр цагаатгагдсан билээ.
Пуэрто-Рико АНУ-д нэгдэхээр шийджээ
Пуэрто-Рикогийн иргэд бүх нийтийн санал асуулгаараа АНУ-д
нэгдэж, түүний 51 дэх муж болох хүсэлтийг АНУ-ын Конгресст илгээхийг дэмжжээ.
Өнөөдөр Пуэрто-Рико нь АНУ-д чөлөөт байдлаар нэгдсэн улс гэсэн статустай байдаг
ба үндсэндээ АНУ-ын хяналтад байдаг. Санал асуулгад нийт иргэдийн ердөө 23 хувь
нь оролцож, 97 хувь нь АНУ-д нэгдэхийг дэмжсэн байна. Пуэрто-Рикогийн эрх
баригчид энэ дүнгийн дагуу АНУ-д нэгдэх үйл явцыг эхлүүлэх үүрэггүй, эцсийн
шийдвэрийг АНУ-ын Конгресс гаргах ажээ.
Пуэрто-Рико арал өөрийн статусаа тодорхойлох тав дахь
удаагийн санал асуулгаа явуулсан нь энэ. Өмнөх санал асуулга 2012 онд болж
иргэдийн 60 хувь нь АНУ-д нэгдэхийн төлөө санал өгч байжээ. Гэвч АНУ-ын
Конгресс энэ талаар ямар нэг шийдвэр гаргаагүй юм. Бүх нийтийн санал асуулгыг
зарлан явуулсан Пуэрто-Рикогийн захирагч Рикардо Роселло “АНУ-ын 51 дэх муж
болох нь эдийн засгийн хямралаас гарах цорын ганц зам” хэмээн мэдэгджээ. Тус
арлын эдийн засаг 103 тэрбум доллараар үнэлэгддэг, харин гадаад өр нь 72 тэрбум
долларт хүрчээ.
“Питтсбург Пингвинс” Стэнлийн цомын аварга боллоо
Үндэсний хоккейн лигийн (NHL) Стэнлийн цомын аварга тодорчээ. “Питтсбург Пингвинс” зургаа дахь тоглолтод “Нэшвилл
Предаторс”-ийг 2:0 харьцаагаар хожсоноор цувралыг 4-2-оор дуусгаж аварга
боллоо. “Оцон шувуунууд” тоглолтын 59, 60 дахь минутад гоол оруулжээ. Ийнхүү “Питтсбург
Пингвинс” Стэнлийн цомыг тав дахь удаагаа, сүүлийн хоёр улирал дараалан хүртэж
байна. Алдарт “Детройт Ред Уингз” 1997, 1998 оны улиралд хоёр дараалан энэ цомын
эзэн болж байв. “Оцон шувууд”-ын ахлагч
Сидни Кросби хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан бол, орос довтлогч
Евгений Малкин 28 оноогоор (10+18) Стэнлийн цомын шилдэг довтлогч болжээ.


No comments:
Post a Comment