Wednesday, 7 June 2017

Сураггүй болсон нисэх онгоцны сэгийг олжээ

Бирм улсад зургадугаар сарын 7-нд радараас алга болсон цэргийн нисэх онгоцны сэгийг олжээ. 122 хүн суулгаж явсан агаарын хөлөг Андаман тэнгис дээгүүр явж байгаад холбоо тасарсан юм. Онгоцны үлдэгдэл болон зорчигчдын цогцсыг улс орны өмнөд хэсгийн Тавой суурингаас холгүй эргээс олсон байна. Ямар нэг хүн амь гарсан талаарх мэдээлэл алга. Хятадад үйлдвэрлэсэн Y-8F-200 загварын нисэх онгоц 7-нд Янгон хот руу нисч яваад сураггүй болсон юм. Эрэл хайгуулын ажиллагаанд Бирмийн флотын есөн хөлөг онгоц, нисэх хүчний гурван тагнуулын нисэх онгоц оролцжээ. 122 хүний 15 нь хүүхэд, 35 нь цэргийн албан хаагч байжээ. Ослын шалтгаан тодорхойгүй байна. Онгоцны нисгэгч нь гурван мянган цаг ниссэн туршлагатай, агаарын хөлөг нь өнгөрсөн гуравдугаар сард Бирмийн армид ирсэн, 800 цаг ниссэн байжээ.

Хойд Солонгос дахин пуужин туршлаа

Хойд Солонгосын тал хөлөг онгоцны эсрэг пуужин хэд хэдийг харвасан нь 200 км орчим нисээд тэнгист уналаа хэмээн Өмнөд Солонгосын цэргийнхэн мэдэгдэв. Сөүлийн үзэж буйгаар, пуужингуудыг Хойд Солонгосын зүүн эргээс харважээ. “Пхеньяны эрх баригчид хөлөг онгоц устгах зориулалттай байж магадгүй хэд хэдэн үл мэдэгдэх пуужинг Канвондо мужаас Япон тэнгис рүү харвалаа” хэмээн Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний мэдэгдэлд онцолсон аж. Хойдууд ийнхүү цэргийн томоохон хөлөг онгоцыг өндөр ончтойгоор харвах пуужинтай гэдгээ батлан харууллаа хэмээн Өмнөд Солонгосын цэргийнхэн үзэж байна. Дэлхийн нийт буруутган зэмлэсээр байгаа ч Пхеньян пуужингийн туршилтаа үргэлжлүүлсээр байгаа юм. Тэд дөрөвдүгээр сард хоёр ч пуужин туршсан нь амжилтгүй болсон билээ.

“Боко Харам”-ын дайчид томоохон хот руу дайрчээ

Хэт даврагч “Боко Харам” бүлгийн дайчид Нигерийн зүүн хойд хэсгийн нэг сая гаруй хүн амтай Майдугури хот руу дайрчээ. Сүүлийн жил хагасын дотор тус бүлгийнхний хийж буй хамгийн том довтолгоо нь энэ юм. Гэрчүүдийн хэлж буйгаар, хотын зүүн болон баруун өмнөд хэсэгт цагийн турш буудалцаан, дэлбэрэлт болжээ. Энгийн иргэд шархадсан тухай мэдээлэл ирж байна. Майдугури хотод засаг захиргааны төв нь байрладаг Борно мужийн захирагч лалын дайчид довтолсон гэдгийг батлаад, армийнхан довтолгоог няцааж чадсан гэв. Довтолгооны үеэр хэдэн хүний амь нас үрэгдсэн талаар мэдээлэл алга. Нигерийн арми өнгөрсөн онд “Боко Харам” бүлгийг хамгийн сүүлчийн гол түшиц газар болох Самбиса ойгоос хөөн гаргасан юм. Сүүлийн үед тус бүлгийн хүч ихээхэн суларч байгаа ч тэд Нигерийн хойд хэсэг болон Камерунд халдлага, довтолгоо хийсээр байгаа ажээ.

Токио хамгийн үнэтэй хот байхаа болив


Гадаадын иргэд, мэргэжилтнүүдийн хувьд хамгийн үнэтэй хот гэгддэг Японы нийслэл Токио энэ жагсаалтыг тэргүүнээс буужээ. Судалгаа шинжилгээний ECA International фирмийн үзэж буйгаар, дэлхийн хамгийн үнэтэй хотоор Анголын нийслэл Луандаа тодорчээ. Токио жагсаалтын долоо хүртэл буусан аж. Дэлхийн хамгийн үнэтэй хотын жагсаалтад Луандагийн араас Хонконг орсон бол, гурваас зургадугаар байрыг Швейцарийн Цюрих, Женев, Каракас эзэлжээ. Эхний аравт Сөүл, Каракас, Хартум хот орсон байна. Паундын ханш унасны улмаас Лондон хот энэ жагсаалтад 132-р байрт бичигджээ. Токио хот 2016 оны турш дэлхийн хамгийн үнэтэй хот байсан юм.

No comments:

Post a Comment