Sunday, 12 February 2017


Ямар улсын иргэд хамгийн урт насладаг вэ?

Глобал судалгааны Life wealth institute хүрээлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон улс орнуудын Засгийн газрын эх сурвалжийг нэгтгэн дундаж наслалтын жагсаалтыг гаргажээ. Ард иргэд нь хамгийн өндөр насладаг 50 орныг танилцуулъя. Дундаж наслалт нь сайн засаглал, улс орны эдийн засгийн байдалтай салшгүй холбоотой болохыг тус хүрээлэн цохон тэмдэглэж байна. Монгол улс энэ жагсаалтад дэлхийн 183 орноос 122-т (дундаж наслалт 62) жагсчээ.


Доминика     77 79 75
А.Н.Э.           77 78 76
Бахрейн       77 77 76
Албани         78 80 75
Коста-Рика   79 82 77
Ливан            79 81 77
Куба              79 81 77
Бруней          79 80 77
Словени        80 83 77
Макао            80 83 78
Бельги 80 83 78
Дани 80 82 78
Кипр 80 82 78
Тайвань 80 82 78
Бермуд 81 84 77
Португал 81 84 78
Грек 81 84 78
Финланд 81 84 78
Чили 81 84 78
Австри 81 84 79
Их Британи 81 83 79
Норвеги 81 84 80
Норвеги 81 83 79
Ирланд 81 83 79
Герман 81 83 79
Шинэ-Зеланд 81 83 80
Мальт 81 82 79
Кайманы арал 81 82 79
Өмнөд Солонгос 82 85 78
Франц 82 85 79
Швед 82 84 80
Люксембург 82 84 80
Лихтенштейн 82 84 80
Израиль 82 84 80
Канад 82 84 80
Австрали 82 84 80
Исланд 82 84 81
Андорра 82 84 81
Япон 83 87 80
Сингапур 83 86 80
Сан Марино 83 86 80
Испани 83 85 80
Итали 83 85 80
Швейцарь 83 85 81
Хонконг 84 87 81

Монако 89 92 86

Saturday, 11 February 2017




Mossack Fonseca-г үүсгэн байгуулагчдыг авлигын хэргээр баривчлав

Панамын прокурорын газрын шийдвэрээр “Панамагейт” буюу офшор дансны шуугианаар нэрд гарсан хууль зүйн Mossack Fonseca фирмийг үндэслэгчдийг баривчилжээ. Тус фирмээр үйлчлүүлэгчдийн данс, нэр, мөнгөтэй холбоотой мэдээлэл задарснаар дэлхийн нөлөө бүхий улстөрч, бизнесмэн, тамирчид эвгүй байдалд орж байсан билээ. Панамын эрх баригчид Рамон Фонсека, Юрген Фонсека нарыг офшор данс нээж Бразилийн Odebrecht барилгын компаниар дамжуулан янз бүрийн улс орны өндөр тушаалын түшмэдийн авлигын мөнгийг зувчуулж байсан хэмээн үзэж байна. Тэднийг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт баривчилжээ.
Өмгөөлөгч нар нь тэднийг барьцаагаар суллахыг хүсч өргөдөл гаргасан ч прокурор зөвшөөрсөнгүй. Mossack Fonseca-г үүсгэн байгуулагчдыг гадаадын аль нэг улс руу шилжүүлж болзошгүй байгааг өмгөөлөгчид сэтгүүлчдэд мэдээлэв. Odebrecht нь Өмнөд Америкийн барилгын томоохон компани юм. Тус компани Бразилд олон жилийн турш төрийн мэдлийн Petrobras компанийн барилгын ажлын гол гүйцэтгэгчээр ажиллаж байв. 2015 оны зун Odebrecht-ийн тэргүүн Марсело Одебрехтийг Бразилийн холбооны цагдаагийн ажилтнууд баривчилж, 2016 оны гуравдугаар сард тэрээр авлига өгсөн, авсан, мөнга угаасан хэргээр шүүхээс 19 жилийн ял сонссон билээ. Odebrecht компани Латин Америкийн орнуудын албан тушаалтнууд, бизнесмэнүүдээс нийт 800 сая долларын авлига авсан гэдгээ тэрээр хүлээн зөвшөөрсөн аж. Мөн зарим албан тушаалтныг худалдан авч, тендер авахын тулд 300 сая орчим долларыг авлига хэлбэрээр зарцуулсан байна.
2016 онд Mossack Fonseca фирмийн нууц бичиг баримт, мэдээлэл алдагдаж дэлхийн гол шуугиан болсон юм. Төрийн албан тушаалтан, бизнесмэнүүд хориг арга хэмжээнээс бултаж, татвараас зайлсхийж, авлигын мөнгөө хадгалж нуухын тулд тус фирмийг ашигладаг байсан нь ийнхүү ил болсон. Тус фирмээр үйлчлүүлж байсан хүмүүсийн дотор дэлхийн янз бүрийн улс орны одоогийн болон экс 72 төрийн тэргүүн, мөн сайд, бизнесмэн, нэртэй зүстэй хүмүүс байв.

Орангутанг сармагчингууд “Хий-үнсэлт”-ээр ярьдаг

Орангутанг сармагчингуудын гаргаж буй дуу авиаг судалсан эрдэмтэд тэдний “Хий-үнсэлт”-д ихээхэн анхаарал хандуулжээ. Сармагчингуудын гаргаж буй дуу авиа хүний гаргадаг гийгүүлэгч авиатай адилхан хэмээн дүгнээд байна. Орангутангууд "Хий-үнсэлт”-ийг янз бүрийн дуу авиа, дохиотой хольж нэг нэгэндээ мэдээлэл дамжуулдаг аж. Хүн төрөлхтний өвөг дээдсийн анхны яриа, үг хэллэг яг ингэж үүсч байсан хэмээн судлаачид үзэж байна. Сармагчингууд нэг нэгэнтэйгээ алсаас харилцаж ойлголцохын тулд “Хий-үнсэлт” хийх буюу уруул, амаа хөдөлгөж богино дуу авиаг (үг бүтээдэг үе) нийлүүлэн дуугардаг ажээ.
Харин сармагчингуудын хэл яагаад энэ хэвээрээ үлдэж, хүний хэл яагаад хөгжиж хүн яагаад ийм олон, баялаг хэлээр ярьдаг болсон бэ гэдэг тун маргаантай асуудал. Зарим эрдэмтэн, хамгийн муу гентэй хүмүүс улам муудаж хувирсаар сармагчин үүссэн хэмээн үздэг. Хүн сармагчингаас үүссэн гэдэг онол тун эргэлзээтэй болж, үүнийг сургуульд заахаа больж ийнхүү олон талаас нь тайлбарлан ярих болжээ.



АНУ, Кубын дипломат харилцааны мөсийг хайлуулсан үрийн шингэн

-Кубыг тагнуулч Херардо Эрнандесийн үрийн шингэний тээвэрлэлт хоёр улсын харилцааны мөсийг хайлуулахад чухал нөлөө үзүүлжээ-

Америк, Хятадын хоорондох харилцаа сайжрахад ping pong буюу ширээний теннисийн дипломат ёс (1970-аад оны эхээр Хятад, Америкийн ширээний теннисийн тоглогчид харилцан тоглолт хийсэн нь улс төрийн харилцаа сэргэхэд гол нөлөө үзүүлж байв) чухал үүрэг гүйцэтгэж байв. Тэгвэл өнөөдөр Куба, Америкийн тохиолдол дээр эсперматозойд (үрийн шингэн) дипломатчийн үүрэг гүйцэтгэжээ. Учир нь, АНУ-д бүх насаараа хоригдох ял эдэлж байсан куба тагнуулч Херардо Эрнандесийн үрийн шингэнийг Кубад аваачсан нь Хүйтэн дайны сүүлчийн хананы нэг нуран унаж эхлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн юм.
Херардо өнгөрсөн бямба гаригт хөл хүнд эхнэр Адриана Пересийн хамт Гаванад олон нийтийн өмнө гарч ирэх хүртэл хамгийн өндөр түвшний яриа хэлэлцээ дөрвөн жил үргэлжилсэн ажээ. Куба залуу хайртай бүсгүйгээ жирэмслүүлэхэд 16 жилийн хагацал саад болсонгүй. Тэд охинтой болвол Paz буюу Энх тайван гэж нэрлэхээр болжээ. 2010 онд Барак Обама Цагаан ордонд ирсний дараа хоёр улсын харилцаанд сайжрал бий болсны хүрээнд Кубын тал анх энэ сэдвийг хөндсөн аж. Гэвч тэр үед Америкийн шоронгийн системийн дагуу хоригдлыг эхнэртэй нь дотно байдлаар уулзуулах боломжгүй байсан юм.
Шоронгоос хэн нэгэн хоригдлын үрийн шингэнийг авч гарах боломж байдаг ч куба тагнуулч Эрнандесийн хувьд ямар ч боломжгүй байв. Тэрээр “хэтэрхий чухал” хоригдол байсан тул хууль эрх зүйн системд ямах нэг алдаа гарах вий хэмээн ихэд болгоомжилж байлаа. Хажуугаар нь хоёр улсын харилцааны асуудал ихээхэн нөлөөлж байсан юм. Хүмүүс АНУ-аас Куба руу хяналттай, хязгаарлалттай аялдаг бол хэдэн сая эсперматозойдыг хэрхэн нэг саванд хийгээд тийшээ авч явж болох билээ?
2012 оны нэгдүгээр сард Обамагийн зөвлөх Рикардо Зуньига, Бен Родс нар хоёр талын харилцааг яаж сайжруулж болох талаар Кубын талтай анхны уулзалтыг хийжээ. Хоёрдугаар сард Ардчилсан намын сенатч, Кубын эсрэг хориг арга хэмжээг цуцлахыг дэмждэг Патрик Лихи Гаванад айлчиллаа. Түүний уулзсан хүмүүсийн дотор куба тагнуулчийн эхнэр Перес байжээ. Лихи асуудлыг шийдэх зорилготойгоор АНУ руу буцлаа. Тэгээд хэвлэл мэдээллээр гараад байдаггүй ч Төрийн департаментад онцгой нөлөөтэй зөвлөх Тим Рейзерт ханджээ.
Рейзер кубуудад хандаж нэгэн тодорхой санал тавилаа: Адриана Пересийг жирэмслүүлсний хариуд Гаваны эрх баригчид Кубад тагнуул хийсэн хэргээр шийтгүүлээд байсан Америкийн иргэн Алан Гроссын шоронгийн нөхцөлийг сайжруулах. Ийнхүү Гросс хоригдож буй гяндангийхаа гэрлийг шөнөөр унтраалгаж чадсан гэдэг. Мөн тэрээр Рейзертэй хэд хэдэн удаа утсаар ярьжээ.
Гэвч нөгөө нэг асуудал үлдээд байсан нь Эрнандесийн үрийн шингэнийг гаргаж авах байв. The New York Times сонинд бичсэнээр, Америкийн түүхэнд хоригдлыг хиймэл жирэмслүүлэлтэд оролцуулсан ганцхан тохиолдол байсан аж. Куба тагнуулч Херардо Эрнандесийг хоёр дахь нь болгохын тулд Рейзер хамаг нэр нөлөөгөө ашиглах хэрэгтэй болов. Эцсийн эцэст түүний хөлдөөсөн үрийн шингэнийг Панамд аваачиж тэнд Адрианаг жирэмслүүлсэн байна. Тэгээд л АНУ,Кубын хоорондох мөс хайлж эхэлжээ. Адриана бүсгүй энэ 16 жилийн хугацаанд нөхөртэйгээ уулзах гэж олон удаа оролдсон АНУ түүнд виз өгөөгүй юм.

Улмаар “Кубын тав”-аас Америкийн шоронд үлдээд байсан гурван тагнуулч (тэдний нэг нь Эрнандес) суллагдан эх орондоо ирж, Алан Гросс ч суллагдан АНУ руу буцсан юм. Ерөнхийлөгч Барак Обама 1961 оноос хойш тасарсан дипломат харилцааг сэргээж буйгаа зарлаж, харилцан элчин сайдын яамаа нээхээр болсон. Ийнхүү 60 орчим жил үргэлжилж буй Кубын эсрэг хориг арга хэмжээ төгсгөл болох эхлэл тавигдлаа. АНУ-ын жолоог гартаа авсан шинэ Ерөнхийлөгч Дональд Трамп Кубын талаар ямар бодлого явуулах нь ихээхэн анхаарал татаж байна. Бүгд найрамдах намынхан Эрх чөлөөний арлын эсрэг үргэлж хатуу бодлого баримталсаар ирсэн. Гэвч эрх мэдлийг авснаасаа хойш тун зоримог, гэнэтийн шийдвэр гаргаж байгаа Трампт Кубын эсрэг хоригийг цуцлах зориг байгаа юу хэмээн тоймч, ажиглагчид ярьж байна. Хамгийн гол нь, Кубын эсрэг хоригийг АНУ-ын Конгресс хэлэлцэж шийдвэрлэдэг нь хамгийн хяслантай ажээ.    

Monday, 6 February 2017




Хатан хаан II Элизабетийн өндөр насалж буйн нууц

Английн цог жавхлант хатан хаан II Элизабет удахгүй 91 нас сүүдрийг зооглох гэж байна. Тэрээр 90 насны босгыг давсан Английн анхны хатан (хаан) болсон билээ. II Элизабет анхилуун хэвээрээ, 2015 онд гэхэд л Их Британид 306 арга хэмжээнд оролцож, гадаадад 35 удаа айлчилжээ. Урт, эрүүл саруул насалж буй Английн хатан хаанаас бид юу суралцаж болох вэ?

1.Сайн удам (ген)

II Элизабетийн ээж, хатан хаан Элизабет 101 насалжээ. Өндөр нас, эрүүл саруул бие бялдартай хүмүүсийн эцэг эхчүүдийн 50 хувь нь өндөр насласан хүмүүс байдаг, өндөр нас удам дамжих нь элбэг хэмээн Оксфордын хүн амын хөгшрөлт, наслалтын судалгааны хүрээлэнгийн мэргэжилтэн Сара Харпер баталж байна.
Эцэг эх, өвөө эмээ нь 80, 90 насласан бол хүүхдэд нь удамшдаг аж. Эцэг эх нь өндөр насладаг хүмүүс архаг хууч өвчин, хорт хавдар, зүрх судасны өвчнөөр өвдөх магадлал тун бага байдаг. Хатан хааны эцгийн талын эмээ 85, эхийн талын эмээ нь 89 насалж байжээ.

2. Архи, тамхи хэрэглэдэггүй

II Элизабет хэзээ ч тамхи татаж байсангүй. Архийг амсах төдий. Удаан тамхи татсан хүмүүс дундаж наслалтаас 10 жил бага насладаг. Английн хатан хаан тамхи татаж байгаагүй төдийгүй, татах гэж ч оролдож байгаагүй хэмээн түүний төлөөлөгчөөр олон жил ажилласан Дики Арбитер дурсан ярьж байв.

3. Эрүүл хооллолт

Хатан хаан цардуул, төмс, цагаан будаа, гоймонг хэзээ ч хоолондоо хэрэглэж байгаагүй хэмээн түүний хувийн тогоочоор ажиллаж байсан Даррен Мкгреди ярьжээ. Бие галбиртаа ихээхэн анхаардаг II Элизабет салаттай тахиа зэрэг хөнгөхөн хооллохыг эрхэмлэдэг аж. Хатан хаан ч, түүний нөхөр хунтайж Филипп ч ххол ундыг хэзээ ч хэтрүүлж байсангүй. Жингийн илүүдэлтэй хүмүүс жирийн хүмүүсээс 5-10 жилээр бага насладгийг эрдэмтэд тогтоосон юм. Зөв хооллож, жингээ зохих хэмжээнд барьж чадвал зүрхний янз бүрийн өвчин, чихрийн шижин болон хорт хавдраас сэргийлдэг.

4. Тогтвортой гэр бүл

Тогтвортой гэр бүл эрүүл мэндийн нэг чухал үндэс болдгийг эрдэмтэд баталжээ. Гэр бүлтэй байх нь зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг 15 хувиар бууруулдаг, мөн даралтаас бараг 100 хувь сэргийлдэг болохыг Нью-Йоркийн Лангоны их сургуулийн эрдэмтэд нотолсон юм. II Элизабет, түүний нөхөр Филипп (96 настай)  нар 68 жил ханилж байна. Хатан хаан 2012 онд “Алтан ой”-гоо тэмдэглэж байхдаа “Урагш хөтөлж байнгын хүч чадал өгч байдаг алмааз эрдэнэ” хэмээн нөхөртөө гүн хүндэтгэл үзүүлж байв.

5. Дасгал, амралт

Хатан хаан долоо хоногт нэг, эсвэл хоёр удаа морь унаж, өдөрт заавал алхаж дасгал хийдэг аж. Өглөө нохойгоо салхилуулж чадахгүй бол үдээс хойш заавал авч гардаг. Ер нь суугаад байдаггүй, үргэлж хөдөлж, алхаж байдаг аж. Тэрээр нэгэн ёслол дээр 90 минутын турш зогсож байсан удаатай. Хатан хаан өдөрт дор хаяж 30 минут дасгал хөдөлгөөн хийхийн зэрэгцээ сайн, бөх унтах тал дээр их анхаардаг. “II Элизабет шөнө долоон цаг унтаж, өглөө 07.30-д сэрдэг” хэмээн Арбитер ярьжээ. Зургаагаас дээш цаг унтдаг хүмүүс өндөр наслах магадлалтай байдгийг эрдэмтэд баталсан юм.

6. Бухимдал үгүй

Бухимдаж, уурлаж уцаарлах нь нас богиносгодог. Бухимдаж, шаналж явдаг хүмүүс зүрхний өвчнөөр өвдөх магадлал 20 хувиар их байдаг аж. “Хатан хаан уурлаж бухимдаж байхыг хараагүй. Ямар нэг зүйлд уурлаж бухимдаж болох ч ихэнх тохиолдолд хатан хааны буруу байдаггүй. Тиймээс тэр тун бага бухимддаг” хэмээн Арбитер хэлж байна.

7. Оюуны дасгал

Их Британи болон Хамтын нийгэмлэгийн 15 орны төрийн тэргүүний хувиар тэрээр олон зүйлд цаг зав, оюун бодлоо зориулах хэрэгтэй болдог. “Хатан хаан дэлхийн бүх Засгийн газраас ирсэн бичиг баримтыг хүлээж авдаг. Захидал, мэдэгдлийг уншиж, илтгэл тавихын тулд бэлтгэл хийж, зарим үед судалгаа хийж суудаг аж. Оюуны дасгал хийх нь тархи, оюуныг сэргэг, сэргэлэн байлгадаг төдийгүй урт наслахад ч нөлөөлдөг болохыг эрдэмтэд тогтоосон юм.

8. Итгэл бишрэл

Хатан хаан II Элизабет Их Британиа дахь Итгэл бишрэлийг хамгаалагч гэсэн албан ёсны хэргэмтэй. Тэрээр үнэнч христос шашинтан билээ. Хатан хаан бурхны агуу их хайранд үргэлж талархаж явдгаа 90 насных нь ойд зориулсан The Servant Queen and the King She Serves номд батлан өгүүлсэн байдаг. Бурханд сүсэглэснээр сэтгэлээ ариун байлгаж, урт наслахын бас нэг түлхүүр болдгийг эрдэмтэд батласан билээ.

Еврейн тосгоныг хууль ёсны гэж үзэв


Баруун эрэг дахь Палестины эзлэгдсэн газар нутаг дээр баригдсан еврейчүүдийн дөрвөн мянга орчим гэр, байшинг хууль ёсны хэмээн үзсэн маргаантай хуулийг Израилийн парламент баталжээ. Хуулийн төслийг 60 депутат дэмжиж, 52 нь эсэргүүцсэн байна. Байшин баригдсан газар нутгийг эзэмшиж байсан палестин иргэдэд нөхөн төлбөр, эсвэл өөр газар олгохоор болж байгаа аж. Палестинаас эзэлж авсан газар нутаг дээр еврейн суурин байгуулах нь Израиль-Палестины харилцааны хамгийн эмзэг сэдэв билээ. Израилийн парламентаар батлагдсан хуулийг шүүхэд давж заалдахаар болжээ. Израилийн Ерөнхий прокурор Авихай Манделбит дээрх хуулийг Үндсэн хуулийг зөрчсөн хэмээн үзэж, дээд шүүх дээр энэ хуулийг хамгаалахгүй хэмээн мэдэгджээ. Израилийн парламентын зарим депутат “Бид өөрсдийн хууль ёсны газар нутаг дээр тосгон, суурин байгуулж байгаа” хэмээн мэдэгдэж байна. 

Sunday, 5 February 2017




Румынчууд Засгийн газраа огцрохыг шаардаж байна

Румыний хэдэн зууг мянган иргэн нийслэл Бухарест хотын гудамжинд гарч авлигачдыг өөгшүүлж буй эрх баригчдыг эсэргүүцэн жагслаа. Ард түмний эсэргүүцлийн давалгаанаас айсан Засгийн газар нөгөө маргаантай шийдвэрээ цуцалжээ. Ийнхүү төрд 200 мянган лев (47 мянган доллар)-ээс ихгүй хохирол учруулж, цөөхөн жилийн  ял эдэлж байгаа “Цагаан захтнууд” хугацаанаасаа өмнө суллагдах боломжгүй боллоо. Уурлаж бухимдсан иргэд ингээд зогссонгүй Засгийн газрыг огцрохыг шаардсаар байна. Зарим эх сурвалжийн мэдээгээр, өчигдөр Румын даяар 500 мянган хүн гудамжинд гарч бухимдлаа илэрхийлжээ. 1998 онд коммунист дэглэмийг түлхэн унагахад л ийм олон хүн эсэргүүцлээ илэрхийлэн нэгдэж байсан юм.

Ж.Ассанж эрх чөлөөг шаардав

WikiLeaks-ийг үндэслэгч Жулиан Ассанж Их Британи, Шведийн эрх баригчдад хандаж  эрх чөлөө олгохыг хүслээ. Тэрээр АНУ-д хүчээр хүргэгдэхээс зайлсхийж Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд дөрөв гаруй жилийн турш амьдарч байгаа юм. Хүний эрхийн асуудал хариуцсан НҮБ-ын хороо нэг жилийн өмнө “Британи, Шведийн эрх баригчид идэвхтэн Ассанжийг хууль бусаар саатуулсан. Тиймээс тэр Эквадорын дипломат төлөөлөгчийн газрыг ямар нэг саадгүй орхин явах ёстой” гэдэг шийдвэр гаргасан билээ. Ассанж энэ шийдвэрийн нэг жилийн ойг тохиолдуулан хоёр улсын эрх баригчдад хандан эрх чөлөө олгож хөдөлж, аялахад саад хийхгүй байхыг хүсчээ. Харин Лондоны эрх баригчид, хууль зүйн хувьд НҮБ-ын хорооны шийдвэрийг дагах албагүй,  Ассанжийг Швед улсад шилжүүлж өгөх шийдвэр дээрээ зогссоор байх болно хэмээн мэдэгдэв.

Qatar Airways онгоц хамгийн удаан нисчээ

Qatar Airways авиакомпанийн агаарын хөлөг түүхэнд хамгийн урт, удаан нислэг хийлээ хэмээн The Guardian мэдээлэв. Катарын Доха хотоос Австралийн Окланд хүртэлх нислэг 16 цаг 23 минут үргэлжилж 14 мянга 535 м зам туулжээ. Qatar Airways –ийн Boeing 777-200LR онгоц энэ хооронд цагийн 10 бүсийг туулж, дөрвөн нисгэгч, экипажийн 15 гишүүн түүхэнд хамгийн урт, удаан хэмээн тэмдэглэгдсэн аялалыг удирдаж, үйлчлүүлэгчдийг 1100 аяга цай, кофе, хоёр мянган хүйтэн ундаагаар дайлжээ. Үүний өмнө Air India авиакомпани буулгүйгээр хамгийн урт нислэг хийж байсан билээ. Air India-ийн Боинг 14 цаг 30 минутын дотор 15 мянган  км замыг туулж байжээ. 


Мексикийн хил дээрх хана хэрмийг хоёр жилийн дотор барина

Дональд Трампын сонгуулийн өмнөх амлалтын нэг болох Мексикийн хилийн дагуу хамгаалалтын хана хэрэм босгох ажил хоёр жил үргэлжилнэ хэмээн АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын департаментын тэргүүн Жон Келли мэдэгдлээ. Тэрээр Fox News телевизэд ярилцлага өгөхдөө, хууль бус хил нэвтрэлт, цагаачлал, хууль бус наймаа, хүний наймаанаас сэргийлэх гол зорилготой хана хэрмийг ойрын саруудад босгож эхлэхээр төлөвлөж байна хэмээн ярьжээ. Хамгийн их асуудал, бэрхшээл дагуулдаг хилийн бүсэд эхэлж хана хэрмийг болгож байгаад дараа нь үлдсэн зайг нь хааж нийлүүлэх аж. 
Америк-Мексикийн зарим хэсэгт хэрэм босгосын оронд эхлээд сүүлийн үеийн өндөр технологи ашиглаж хяналт тавих юм. Үүний үр дүнгээс шалтгаалж хана хэрэм босгох эсэх асуудал яригдах бололтой. Хана хэрэм босгох зайлшгүй шаардлагатай хэсэг их байгаа аж. Хана хэрэм босгох мөнгө, санхүүг мөдхөн шийдвэрлэнэ гэсэн ч хаанаас, хэдийн хэр хэмжээний мөнгө гаргахыг хэлсэнгүй. Ерөнхийлөгч Д.Трамп хилийн хамгаалалтын хашааны мөнгийг Мексик улс гаргана гэж мэдэгдсэн ч Мехикогийн Засгийн газар үүнийг няцаасан билээ.

Тэрбумтан Дональд Трамп Ардчилсан намын Хиллари Клинтонтой Цагаан ордны эзний суудлын төлөө өрсөлдөж байхдаа АНУ-д байнга бэрхшээл учруулж, төсвийн асар их мөнгийг үрж байдаг Мексикийн хил дээрх асуудлыг хана хэрэм босгож шийдвэрлэнэ хэмээн амласан нь багагүй сонгогчийн саналыг татсан гэдэг. Хууль бус цагаачдын эсрэг тэмцлийн явцад Америкийн олон хилчин, цагдаа амь насаа алдсан юм. Давах боломжгүй хана хэрмийг хилийн дагуу босгоод авбал дээрх асуудлыг нэгмөсөн шийдвэрлэж, жил бүр төсвөөс гарч байдаг асар их мөнгийн хэмнэнэ хэмээн Трампын засаг захиргаа үзэж байна. Тэрээр АНУ-ын Ерөнхийлөгч болсноос хойш хэдхэн хоногийн дараа хилийн дагуу хамгаалалтын хэрэм босгох зарлигт гарын үсэг зурсан юм. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу босгох хана хэрэм нь хилийн хяналт, хамгаалалтын салбарт ажиллах хүчний тоог 10 мянгаар нэмэгдүүлэх аж. Хана хэрэм нь АНУ-д нэвтрэх гэсэн хууль бус цагаачид болон Өмнөд Америкийн хар тамхины мафиудын үйл ажиллагааг мэдэгдэхүйц хумина хэмээн Цагаан ордны эзэн хэлжээ. Харин үүнд хэдий хэмжээний мөнгө гаргах нь маргаан дагуулсан хэвээр байна. Хамгийн сүүлд тэрээр, хана хэрэм босгоход арван тэрбум доллар шаардлагатай хэмээн дуугарчээ.

Wednesday, 1 February 2017






Facebook компани технологи хулгайлсан хэргээр 500 сая доллар төлөхөөр болов

Марк Зукербергийн Facebook компани олон хэмжээст хэлбэрээр харж болдог виртуал нүдний шил үйлдвэрлэгч Oculus үйлдвэрийг хоёр тэрбум доллараар худалдан авч байсан билээ. Ийнхүү 3D, 4D киноны зах зээлд виртуал орчныг бодит мэт болгодог нүдний шил үйлдвэрлэгч Oculus компани ноёрхох хандлагатай болж иржээ. Дэлхийн хамгийн алдартай олон нийтийн сүлжээ Facebook-ийн харъяанд ирсэн Oculus компани шүүхийн шийдвэрийн дагуу Zenimax компанид хагас тэрбум доллар төлөхөөр болоод байна. Мэдээж энэ шийдвэрийг давж заалдан хэмээн Oculus-ийн төлөөлөгч мэдэгдлээ.
Oculus-ийн мэргэжилтнүүд виртуал бодит орчныг мэдрүүлдэг Rift нүдний шилийг үйлдвэрлэхдээ манай технологийг хуулбарласан хэмээн Zenimax компани шүүхэд гомдол гаргасан юм. Шүүгчид Oculus-ийг үндэслэгч Палмер Лакийг мэдээллийг задруулахгүй байх гэрээг зөрчсөн хэмээн үзсэн байна. Гэвч түүнийг худалдааны нууцын зэрэглэл, тохиролцоог зөрчсөн гэдгийг баталж чадаагүй аж. Гомдол гаргасан тал Oculus компаниас эхлээд хоёр тэрбум доллар нэхэмжилжээ. Facebook-ийг үндэлэгч Марк Цукерберг Oculus-ийн бүтээгдэхүүн бусдын ямар нэг технологийг ашиглаагүй” хэмээн няцаасан мэдэгдэл хийсэн байна.

Д.Трампт эгдүүцсэн хоригдлууд хүмүүсийг барьцаалжээ

АНУ-ын Делавэр мужийн Смирна хот дахь шоронгийн хоригдлууд хуяг, харгалзагч нарын барьцаанд авчээ. Барьцаанд орсон хүмүүсийн нэг нь News Journal сэтгүүлийн сурвалжлагтай холбогдож хоригдлууд Ерөнхийлөгч Дональд Трампын бодлогод эгдүүцсэндээ хүмүүсийг барьцаалсан хэмээн мэдээлсэн байна. Үүний дараа хэдэн арван цагдаа Смирна дахь шорон руу хөдөлсөн ч тэд зарим хуягийг сулласан байв. Өөр нэг эх сурвалж мэдээлснээр, хоригдлуудын барьцаанд эргэлтээр ирсэн нэг ээж байгаа аж. Барьцаанд үлдсэн хүмүүсийг суллах хэлэлцээ үргэлжилж байгаа бөгөөд хоригдлууд шоронд хуваарилсан мөнгийг хэрхэн зарцуулдгийг тайлагнах шаардлага тавьж байна. Смирна дахь шорон нь үхлийн ялтай хоригдлуудыг тусгаарлах өрөөтэй эрэгтэйчүүдийн онц, чанга дэглэмтэй шорон юм.

American Airlines Кубад анхны ажлын өргөөгөө нээв

АНУ-ын American Airlines авиакомпани Куба улсад анхны төлөөлөгчийн газраа нээлээ хэмээн El Nuevo Herald сонин мэдээлэв. Хоёр улсын хоорондох шууд нислэг 55 жилийн өмнөөс зогсоод байсан билээ. Гэвч Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаа Кубатай харилцах харилцааг эргэн харж, хориг арга хэмжээг зөөлрүүлсний үр дүнд хоёр улс дипломат харилцаагаа сэргээж, Элчин сайдын яамаа харилцан нээж, өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн шууд нислэгээ сэргээсэн юм.
2016 оны есдүгээр сараас хойш Кубатай агаарын байнгын харилцаа холбоогоо сэргээсэн АНУ-ын гурав дахь авиакомпани нь American Airlines болж байна. Тэр үед United Аirlines эрх чөлөөний арал руу шууд нислэгээ сэргээж Майами-Сиенфуэгос, Майами-Ольгин чиглэлд нисэх болжээ. АНУ-ын Флорида мужийн Майами хотоос Кубын нийслэл Гавана хүртэл ердөө л 150 км зайтай. Харин Цагаан ордны шинэ эзэн Дональд Трампын гэнэтийн, хачирхалтай зарлиг, шийдвэрийн улмаас American Airlines-ийн хөрөнгийн үнэлгээ таван тэрбум доллараар буурчээ.

Авлигын эсрэг жагсаалд 230 мянган хүн нэгдлээ

Румыний нийслэл Бухарест хотод авлигын хэргээр ял эдэлж буй түшмэдийг шоронгоос гаргах Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцсэн жагсаал болж 150 мянган хүн жагсчээ. Улсад 200 мянган лев буюу 47.5 мянган доллараар илүүгүй хохирол учруулсан, таваас доош жилийн ялтай хүмүүсийг өршөөлийн хуульд хамруулахаар болж байгаа аж. Бусад хотод болсон жагсаалд нийт 120 мянган хүн оролцсон мэдээ ирэв. Нийслэл хотол болсон жагсаал тайван болж өнгөрсөн ч жагсаалын дараа төв талбайд орж ирсэн хөлбөмбөгийн 300 орчим хөгжөөн дэмжигч цагдаа нартай тулж чулуу, галт шил чулуудаж танхайрчээ. Цагдаа нар хариуд нь нулимс асгаруулагч хий ашиглаж, хоёр эсэргүү, хоёр цагдаа хөнгөн гэмтсэн байна. Авлигын хэргээр “хөнгөн” яллагдсан хүмүүсийг өршөөлийн хуульд хамруулж эрх чөлөө олгосноор дүүрч, төсөв мөнгө нь хэцүүдээд байгаа шоронгийн ачааллыг хөнгөлнө хэмээн эрх баригчид үзэж байгаа аж. Хамгийн гол нь, өршөөлийн хуулиар, сонгуулийн саналыг луйвардсан хэргээр шоронд орсон Румыний Социал-демократ намын дарга Дан Войкулеску ял завшин суллагдах гэж байгаа нь иргэдийн эгдүүцлийг хүргэжээ.

Гудамжны шорлогийг хааж агаарын бохирдолтой тэмцэнэ

Хятадын нийслэл Бээжин хотын эрх баригчид агаар цэвэршүүлэх тэмцлийн хүрээнд гудамжны хэдэн зуун шорлогийг хааж байна. Хотын агаарыг шорлогний утаанаас чөлөөлөх ажиллагаа гурван сар үргэлжилж байгаа аж. Энэ хугацаанд шорлогний 500 орчим метал суурийг хурааж, дахин ашиглуулахгүйн тулд хэрчиж жижиглэн устгал хийсэн байна. Бээжин  хотын гудамжны шорлог дээр ихэвчлэн Шинжаан –Уйгурын автономит бүсийн лал шашинтай уйгурууд ажилладаг хэмээн зарим эх сурвалж мэдээлэв.
Хятадын хүрээлэн буй орчныг хамгаалагчдын хэлж буйгаар, Бээжин хотын иргэд шорлогны үнэр, утаанаас ихэд залхаж гомдол гаргасан аж. Гэвч зарим идэвхтнүүдийн үзэж буйгаар, агаарын бохирдол зэрэг томоохон асуудал, бэрхшээлтэй илүү өргөн хүрээтэй арга хэлбэрээр тэмцэх ёстой ажээ. Бээжин хотын захиргаа өмнө нь агаарын бохирдлын түвшинг тогтоох онцгой хэмжүүрийг гаргаж байсан. Хотод энэ хэмжүүр дээд цэгтээ хүрвэл онцгой арга хэмжээ авч эхэлнэ хэмээн зааж өгсөн юм. Тухайлбал энэ үед автомашиныг тэгш, сондгой дугаараар нь ялган хөдөлгөөнд оролцуулна гэжээ. Мөн боловсролын байгууллагууд үйл ажиллагаагаа зогсоох ёстой.
Хотын эрх баригчид энгийн өдрүүдэд ч агаарын бохирдлын түвшинг бууруулахаар чармайж байна. Жишээлбэл, автомашинуудыг дугаарийнх нь сүүлчийн орноор харгалзан ажлын нэг өдөр хөдөлгөөнд оролцохыг хоригложээ. Мөн нийслэл хотын ойр орчимд байдаг хэд хэдэн үйлдвэрийн үйл ажиллагааг бүрэн зогсоож хаах бодолтой байна.
Бээжин хотын агаар ихээхэн бохирдолтой байгаа нь иргэдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлж, уушигны хорт хавдраар өвчлөх магадлалыг нэмэгдүүлж байгааг судалгааны дүн харуулж байна. Салхигүй өдөр хотын агаар мандалд утаа тортог ихээр хуримтлагдаж, хот тэр чигээрээ өтгөн манантай юм шиг харагддаг. Хотын агаар бохирдож буй гол шалтгаан нь автомашин болон үйлдвэрээс гарч буй утаа тортог, хаягдал ажээ.

Жонни Депп сард хоёр сая доллар зарцуулдаг

“Далайн дээрэмчид” киноны дүрээр дэлхийд танигдаж, долларыг хэдэн зуун саяаар нь халааслах болсон Холливудын од Жонни Депп хэтэрхий үрэлгэн зангийнхаа улмаас сүйрэхэд ойртжээ. Тэрээр өөрийнх нь мөнгө, санхүүг барьдаг Management Group фирмийг буруутгаж байв. Гэтэл тус фирм “Жүжигчин Жонни Депп мөнгө, хөрөнгөө үрэн таран хийж хямралд орсон нь манайхтай хамаагүй. Сард хоёр сая орчим доллар үрдэг заншилтай Жонни Депп өөрөө үүнд буруутай” хэмээн мэдэгдэж шүүхэд гомдол гаргаад байна. Холливудын од 14 байшинг худалдаж авахдаа 75 сая доллар зарцуулсан, мөн зохиолч Хантер Томпсонд хүндэтгэл үзүүлж байна хэмээн түүний чандрыг тусгай тоноглолтой их буугаар цацахад гурван сая доллар зарцуулсан хэмээн зарлав. Одоо түүнд тулгараад байгаа санхүүгийн хүндрэлийг жүжигчин өөрөө бүрэн хариуцах ёстой хэмээн Management Group фирмээс мэдэгдлээ. Жонни Депп ямар ямар зүйлд хэдэн доллар зарцуулсныг Deadline сайт нийтэлсэн байна.

18 сая доллар, 45 метр урт дарвуулт хөлөг
4 сая доллар, дампуурсан хөгжмийн брэнд нэр
3 сая доллар, зохиолч Хантерийн үнсийг их буугаар цацахад
300.000 доллар (сар бүр),40 хүнтэй хувийн ажилтнуудын цалинд
200.000 доллар (сар бүр), хувийн онгоцоор нисэхэд
150.000 доллар (сар бүр), 24 цагийн хувийн хамгаалалтад

30.000 доллар (сар бүр), импортын дарс худалдаж авахад