Wednesday, 1 February 2017






Facebook компани технологи хулгайлсан хэргээр 500 сая доллар төлөхөөр болов

Марк Зукербергийн Facebook компани олон хэмжээст хэлбэрээр харж болдог виртуал нүдний шил үйлдвэрлэгч Oculus үйлдвэрийг хоёр тэрбум доллараар худалдан авч байсан билээ. Ийнхүү 3D, 4D киноны зах зээлд виртуал орчныг бодит мэт болгодог нүдний шил үйлдвэрлэгч Oculus компани ноёрхох хандлагатай болж иржээ. Дэлхийн хамгийн алдартай олон нийтийн сүлжээ Facebook-ийн харъяанд ирсэн Oculus компани шүүхийн шийдвэрийн дагуу Zenimax компанид хагас тэрбум доллар төлөхөөр болоод байна. Мэдээж энэ шийдвэрийг давж заалдан хэмээн Oculus-ийн төлөөлөгч мэдэгдлээ.
Oculus-ийн мэргэжилтнүүд виртуал бодит орчныг мэдрүүлдэг Rift нүдний шилийг үйлдвэрлэхдээ манай технологийг хуулбарласан хэмээн Zenimax компани шүүхэд гомдол гаргасан юм. Шүүгчид Oculus-ийг үндэслэгч Палмер Лакийг мэдээллийг задруулахгүй байх гэрээг зөрчсөн хэмээн үзсэн байна. Гэвч түүнийг худалдааны нууцын зэрэглэл, тохиролцоог зөрчсөн гэдгийг баталж чадаагүй аж. Гомдол гаргасан тал Oculus компаниас эхлээд хоёр тэрбум доллар нэхэмжилжээ. Facebook-ийг үндэлэгч Марк Цукерберг Oculus-ийн бүтээгдэхүүн бусдын ямар нэг технологийг ашиглаагүй” хэмээн няцаасан мэдэгдэл хийсэн байна.

Д.Трампт эгдүүцсэн хоригдлууд хүмүүсийг барьцаалжээ

АНУ-ын Делавэр мужийн Смирна хот дахь шоронгийн хоригдлууд хуяг, харгалзагч нарын барьцаанд авчээ. Барьцаанд орсон хүмүүсийн нэг нь News Journal сэтгүүлийн сурвалжлагтай холбогдож хоригдлууд Ерөнхийлөгч Дональд Трампын бодлогод эгдүүцсэндээ хүмүүсийг барьцаалсан хэмээн мэдээлсэн байна. Үүний дараа хэдэн арван цагдаа Смирна дахь шорон руу хөдөлсөн ч тэд зарим хуягийг сулласан байв. Өөр нэг эх сурвалж мэдээлснээр, хоригдлуудын барьцаанд эргэлтээр ирсэн нэг ээж байгаа аж. Барьцаанд үлдсэн хүмүүсийг суллах хэлэлцээ үргэлжилж байгаа бөгөөд хоригдлууд шоронд хуваарилсан мөнгийг хэрхэн зарцуулдгийг тайлагнах шаардлага тавьж байна. Смирна дахь шорон нь үхлийн ялтай хоригдлуудыг тусгаарлах өрөөтэй эрэгтэйчүүдийн онц, чанга дэглэмтэй шорон юм.

American Airlines Кубад анхны ажлын өргөөгөө нээв

АНУ-ын American Airlines авиакомпани Куба улсад анхны төлөөлөгчийн газраа нээлээ хэмээн El Nuevo Herald сонин мэдээлэв. Хоёр улсын хоорондох шууд нислэг 55 жилийн өмнөөс зогсоод байсан билээ. Гэвч Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаа Кубатай харилцах харилцааг эргэн харж, хориг арга хэмжээг зөөлрүүлсний үр дүнд хоёр улс дипломат харилцаагаа сэргээж, Элчин сайдын яамаа харилцан нээж, өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн шууд нислэгээ сэргээсэн юм.
2016 оны есдүгээр сараас хойш Кубатай агаарын байнгын харилцаа холбоогоо сэргээсэн АНУ-ын гурав дахь авиакомпани нь American Airlines болж байна. Тэр үед United Аirlines эрх чөлөөний арал руу шууд нислэгээ сэргээж Майами-Сиенфуэгос, Майами-Ольгин чиглэлд нисэх болжээ. АНУ-ын Флорида мужийн Майами хотоос Кубын нийслэл Гавана хүртэл ердөө л 150 км зайтай. Харин Цагаан ордны шинэ эзэн Дональд Трампын гэнэтийн, хачирхалтай зарлиг, шийдвэрийн улмаас American Airlines-ийн хөрөнгийн үнэлгээ таван тэрбум доллараар буурчээ.

Авлигын эсрэг жагсаалд 230 мянган хүн нэгдлээ

Румыний нийслэл Бухарест хотод авлигын хэргээр ял эдэлж буй түшмэдийг шоронгоос гаргах Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцсэн жагсаал болж 150 мянган хүн жагсчээ. Улсад 200 мянган лев буюу 47.5 мянган доллараар илүүгүй хохирол учруулсан, таваас доош жилийн ялтай хүмүүсийг өршөөлийн хуульд хамруулахаар болж байгаа аж. Бусад хотод болсон жагсаалд нийт 120 мянган хүн оролцсон мэдээ ирэв. Нийслэл хотол болсон жагсаал тайван болж өнгөрсөн ч жагсаалын дараа төв талбайд орж ирсэн хөлбөмбөгийн 300 орчим хөгжөөн дэмжигч цагдаа нартай тулж чулуу, галт шил чулуудаж танхайрчээ. Цагдаа нар хариуд нь нулимс асгаруулагч хий ашиглаж, хоёр эсэргүү, хоёр цагдаа хөнгөн гэмтсэн байна. Авлигын хэргээр “хөнгөн” яллагдсан хүмүүсийг өршөөлийн хуульд хамруулж эрх чөлөө олгосноор дүүрч, төсөв мөнгө нь хэцүүдээд байгаа шоронгийн ачааллыг хөнгөлнө хэмээн эрх баригчид үзэж байгаа аж. Хамгийн гол нь, өршөөлийн хуулиар, сонгуулийн саналыг луйвардсан хэргээр шоронд орсон Румыний Социал-демократ намын дарга Дан Войкулеску ял завшин суллагдах гэж байгаа нь иргэдийн эгдүүцлийг хүргэжээ.

Гудамжны шорлогийг хааж агаарын бохирдолтой тэмцэнэ

Хятадын нийслэл Бээжин хотын эрх баригчид агаар цэвэршүүлэх тэмцлийн хүрээнд гудамжны хэдэн зуун шорлогийг хааж байна. Хотын агаарыг шорлогний утаанаас чөлөөлөх ажиллагаа гурван сар үргэлжилж байгаа аж. Энэ хугацаанд шорлогний 500 орчим метал суурийг хурааж, дахин ашиглуулахгүйн тулд хэрчиж жижиглэн устгал хийсэн байна. Бээжин  хотын гудамжны шорлог дээр ихэвчлэн Шинжаан –Уйгурын автономит бүсийн лал шашинтай уйгурууд ажилладаг хэмээн зарим эх сурвалж мэдээлэв.
Хятадын хүрээлэн буй орчныг хамгаалагчдын хэлж буйгаар, Бээжин хотын иргэд шорлогны үнэр, утаанаас ихэд залхаж гомдол гаргасан аж. Гэвч зарим идэвхтнүүдийн үзэж буйгаар, агаарын бохирдол зэрэг томоохон асуудал, бэрхшээлтэй илүү өргөн хүрээтэй арга хэлбэрээр тэмцэх ёстой ажээ. Бээжин хотын захиргаа өмнө нь агаарын бохирдлын түвшинг тогтоох онцгой хэмжүүрийг гаргаж байсан. Хотод энэ хэмжүүр дээд цэгтээ хүрвэл онцгой арга хэмжээ авч эхэлнэ хэмээн зааж өгсөн юм. Тухайлбал энэ үед автомашиныг тэгш, сондгой дугаараар нь ялган хөдөлгөөнд оролцуулна гэжээ. Мөн боловсролын байгууллагууд үйл ажиллагаагаа зогсоох ёстой.
Хотын эрх баригчид энгийн өдрүүдэд ч агаарын бохирдлын түвшинг бууруулахаар чармайж байна. Жишээлбэл, автомашинуудыг дугаарийнх нь сүүлчийн орноор харгалзан ажлын нэг өдөр хөдөлгөөнд оролцохыг хоригложээ. Мөн нийслэл хотын ойр орчимд байдаг хэд хэдэн үйлдвэрийн үйл ажиллагааг бүрэн зогсоож хаах бодолтой байна.
Бээжин хотын агаар ихээхэн бохирдолтой байгаа нь иргэдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлж, уушигны хорт хавдраар өвчлөх магадлалыг нэмэгдүүлж байгааг судалгааны дүн харуулж байна. Салхигүй өдөр хотын агаар мандалд утаа тортог ихээр хуримтлагдаж, хот тэр чигээрээ өтгөн манантай юм шиг харагддаг. Хотын агаар бохирдож буй гол шалтгаан нь автомашин болон үйлдвэрээс гарч буй утаа тортог, хаягдал ажээ.

Жонни Депп сард хоёр сая доллар зарцуулдаг

“Далайн дээрэмчид” киноны дүрээр дэлхийд танигдаж, долларыг хэдэн зуун саяаар нь халааслах болсон Холливудын од Жонни Депп хэтэрхий үрэлгэн зангийнхаа улмаас сүйрэхэд ойртжээ. Тэрээр өөрийнх нь мөнгө, санхүүг барьдаг Management Group фирмийг буруутгаж байв. Гэтэл тус фирм “Жүжигчин Жонни Депп мөнгө, хөрөнгөө үрэн таран хийж хямралд орсон нь манайхтай хамаагүй. Сард хоёр сая орчим доллар үрдэг заншилтай Жонни Депп өөрөө үүнд буруутай” хэмээн мэдэгдэж шүүхэд гомдол гаргаад байна. Холливудын од 14 байшинг худалдаж авахдаа 75 сая доллар зарцуулсан, мөн зохиолч Хантер Томпсонд хүндэтгэл үзүүлж байна хэмээн түүний чандрыг тусгай тоноглолтой их буугаар цацахад гурван сая доллар зарцуулсан хэмээн зарлав. Одоо түүнд тулгараад байгаа санхүүгийн хүндрэлийг жүжигчин өөрөө бүрэн хариуцах ёстой хэмээн Management Group фирмээс мэдэгдлээ. Жонни Депп ямар ямар зүйлд хэдэн доллар зарцуулсныг Deadline сайт нийтэлсэн байна.

18 сая доллар, 45 метр урт дарвуулт хөлөг
4 сая доллар, дампуурсан хөгжмийн брэнд нэр
3 сая доллар, зохиолч Хантерийн үнсийг их буугаар цацахад
300.000 доллар (сар бүр),40 хүнтэй хувийн ажилтнуудын цалинд
200.000 доллар (сар бүр), хувийн онгоцоор нисэхэд
150.000 доллар (сар бүр), 24 цагийн хувийн хамгаалалтад

30.000 доллар (сар бүр), импортын дарс худалдаж авахад

No comments:

Post a Comment