Sunday, 5 February 2017




Румынчууд Засгийн газраа огцрохыг шаардаж байна

Румыний хэдэн зууг мянган иргэн нийслэл Бухарест хотын гудамжинд гарч авлигачдыг өөгшүүлж буй эрх баригчдыг эсэргүүцэн жагслаа. Ард түмний эсэргүүцлийн давалгаанаас айсан Засгийн газар нөгөө маргаантай шийдвэрээ цуцалжээ. Ийнхүү төрд 200 мянган лев (47 мянган доллар)-ээс ихгүй хохирол учруулж, цөөхөн жилийн  ял эдэлж байгаа “Цагаан захтнууд” хугацаанаасаа өмнө суллагдах боломжгүй боллоо. Уурлаж бухимдсан иргэд ингээд зогссонгүй Засгийн газрыг огцрохыг шаардсаар байна. Зарим эх сурвалжийн мэдээгээр, өчигдөр Румын даяар 500 мянган хүн гудамжинд гарч бухимдлаа илэрхийлжээ. 1998 онд коммунист дэглэмийг түлхэн унагахад л ийм олон хүн эсэргүүцлээ илэрхийлэн нэгдэж байсан юм.

Ж.Ассанж эрх чөлөөг шаардав

WikiLeaks-ийг үндэслэгч Жулиан Ассанж Их Британи, Шведийн эрх баригчдад хандаж  эрх чөлөө олгохыг хүслээ. Тэрээр АНУ-д хүчээр хүргэгдэхээс зайлсхийж Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд дөрөв гаруй жилийн турш амьдарч байгаа юм. Хүний эрхийн асуудал хариуцсан НҮБ-ын хороо нэг жилийн өмнө “Британи, Шведийн эрх баригчид идэвхтэн Ассанжийг хууль бусаар саатуулсан. Тиймээс тэр Эквадорын дипломат төлөөлөгчийн газрыг ямар нэг саадгүй орхин явах ёстой” гэдэг шийдвэр гаргасан билээ. Ассанж энэ шийдвэрийн нэг жилийн ойг тохиолдуулан хоёр улсын эрх баригчдад хандан эрх чөлөө олгож хөдөлж, аялахад саад хийхгүй байхыг хүсчээ. Харин Лондоны эрх баригчид, хууль зүйн хувьд НҮБ-ын хорооны шийдвэрийг дагах албагүй,  Ассанжийг Швед улсад шилжүүлж өгөх шийдвэр дээрээ зогссоор байх болно хэмээн мэдэгдэв.

Qatar Airways онгоц хамгийн удаан нисчээ

Qatar Airways авиакомпанийн агаарын хөлөг түүхэнд хамгийн урт, удаан нислэг хийлээ хэмээн The Guardian мэдээлэв. Катарын Доха хотоос Австралийн Окланд хүртэлх нислэг 16 цаг 23 минут үргэлжилж 14 мянга 535 м зам туулжээ. Qatar Airways –ийн Boeing 777-200LR онгоц энэ хооронд цагийн 10 бүсийг туулж, дөрвөн нисгэгч, экипажийн 15 гишүүн түүхэнд хамгийн урт, удаан хэмээн тэмдэглэгдсэн аялалыг удирдаж, үйлчлүүлэгчдийг 1100 аяга цай, кофе, хоёр мянган хүйтэн ундаагаар дайлжээ. Үүний өмнө Air India авиакомпани буулгүйгээр хамгийн урт нислэг хийж байсан билээ. Air India-ийн Боинг 14 цаг 30 минутын дотор 15 мянган  км замыг туулж байжээ. 

No comments:

Post a Comment