Лондонд дахин халдлага гарав уу?
Лондоны хойд хэсгийн Финсбюри-парк дүүрэгт дунд оврын
автомашин лалын сүмээс гарч яваа хүмүүсийг мөргөж дайрчээ. Нэг хүн амиа алдаж,
хэд хэдэн хүн гэмтэж бэртсэн, нэг хүнийг энэ хэрэгт холбогдуулан баривчилсан
хэмээн цагдаагийн газраас мэдээлэв. 77 хүн гэмтэж бэртсэнээс гурвынх нь байдал
хүнд байгаа аж. Энэ нь санаатай алан хядах үйлдэл байсан уу, эсвэл тохиолдлын
зүйл байв уу гэдгийг цагдаа нар мөрдөн шалгаж байна. Урьдчилан сэргийлэх
үүднээс зэвсэгтэй цагдаа нар хэргийн газар иржээ. Их Британийн лал шашны
зөвлөлийн тэргүүн Харун Рашид “Твиттер” хуудсандаа “Автомашин оройны мөргөлөөс
гарч яваа хүмүүсийг дайрсан. Автомашины жолооч санаатайгаар хүмүүсийг дайрсан”
хэмээн бичсэн байна. Лал шашинтай иргэд Рамадан сард зориулсан мөргөл хийчихээд
гарч явсан аж. Ямар ч байсан цагдаагийн газар энэ хэрэг явдлыг тун нухацтай
шалгаж байна. Цагдаа нар хэргийн газрыг бүсэлж, түргэн тусламжийн машин иржээ.
Финсбюри-парк дүүрэг дээгүүр нисдэг тэрэг эргүүл хийж байгаа аж.
Сүүүлийн үед Лондон хотод хэд хэдэн халдлага гараад
байна. Зургадугаар сарын 3-нд Лондоны төвийн гүүрэн дээр нэг гурван этгээд автомашинаар
явган хүмүүсийг санаатайгаар дайрч, дараа нь Боро-маркет захын тэнд буугаад
хүмүүс рүү хутга барин дайрсан юм. Энэ халдлагын улмаас долоон хүн амиа алдаж,
арваад хүн шархадсан. Цагдаа нар халдагч этгээдүүдийг буудаж устгажээ. Мөн
гуравдугаар сарын 22-нд Халид Масуд гэгч этгээд Вестминстерийн гүүрэн дээр
автомашинаар хүмүүсийг дайрч, дараа нь нэг цагдааг хутгалан нийт таван хүний
аминд хүрсэн юм.
Францын парламентад 223 эмэгтэй сонгогджээ
Францын парламентын доод танхимд 223 эмэгтэй сонгогдсон
нь улс орны түүхэнд байгаагүй амжилт боллоо хэмээн Le Parisien мэдээлэв. Ийнхүү
577 суудалтай үндэсний чуулганы депутатуудын 38.6 хувийг эмэгтэйчүүд эзлэх
боллоо. Парламентын өмнөх чуулган 155 эмэгтэй депутаттай байсан юм. Францын
парламентын сонгуулийн хоёрдугаар шатанд шинэ Ерөнхийлөгч Эммануэль Макроны нам
ялалт байгуулсан билээ. Мөн Марин Ле-Пен, экс Ерөнхий сайд Мануэль Вальс нар
парламентад суудалтай болоод байна. Сонгуулийн дүнгээр Макроны нам парламентад
үнэмлэхүй олонх болж чаджээ.
Хойд Солонгосын цэрэг Өмнөд Солонгос руу зугтжээ
Хойд Солонгосын цэргийн албан хаагч Ханган мөрнийг сэлж гатлан Өмнөд Солонгос руу зугтжээ. Сүүлийн долоо хоногт хоёр дахь
орголт болж байгаа нь энэ . Хойд Солонгосын цэрэг живэхгүйн тулд мөрөндөө
хөөсөнцөр бэхэлж Ханган мөрний нарийн хэсгээр нь сэлж гарч ирсэн хэмээн Өмнөд
Солонгосын штабын дарга нарын нэгдсэн хорооноос мэдэгдлээ. Өнгөрсөн долоо
хоногт Хойд Солонгосын бас нэг цэрэг хоёр улсыг хуваадаг хатуу хяналт,
хамгаалалтай хэсгээр хил нэвтрэн өмнөд нутагт орж ирсэн юм. Ер нь жилд нэг хойдсолонгос
цэрэг өмнөд рүү зугтан гардаг аж.
Хамгийн сүүлд оргосон цэрэг нь 20 орчим настай, одоогоор
Сөүлээс баруун хэсэгт орших Кимпхо хотод ирээд байна хэмээн Ренхап агентлаг
мэдээллээ. Өмнөд Солонгосын тал руу сэлж гарч ирсэн цэрэг эргийн харуултай
таарахдаа “Намайг битгий алаарай, би танай улс руу зугтаж орж ирлээ” хэмээн
хашгирсан аж.
Өмнөд болон Хойд Солонгос улс 1953 оны дайны дараа
эвлэрэлд хүрсэн ч албан ёсоор энхийн гэрээ байгуулаагүй байгаа тул дайны
байдалд байгаа гэсэн үг. Солонгосын дайн дууссанаас хойш Хойд Солонгосын 30
мянга орчим иргэн өмнөд рүү зугтаж гарсан хэмээн Сөүлийн тал үздэг. Тэд
ихэвчлэн Хойд Солонгостой хамгийн их газраар хил залгадаг Хятадын газар нутгаар
дамжин зугтдаг ажээ.
Пол Маккартни 75 хүрлээ
ХХ зууны хамгийн агуу дуучдын нэг, алдарт “Битлз”
хамтлагийн амьд үлдсэн хоёр гишүүний нэг Сэр Пол Маккартни 75 нас хүрлээ. “Битлз”
хамтлаг нэг хэсэг Есүс Христээс илүү алдар сууг олж явсан нь Жон Леннон ч,
Ринго Старр ч, Жорж Харрисоноос ч бус, зөвхөн Пол Маккартнийн зохиосон дуутай
холбоотой байсан юм. 60-аад оны эхээр түүний зохиосон Yesterday дууг өнөөдрийг
хүртэл 2200 гаруй мэргэжлийн дуучин дуулжээ. Пол Маккартнийн өөрөө болон
хамтран бичсэн 32 дуу янз бүрийн цаг үед Billboard сэтгүүлийн шилдэг дууны
жагсаалтыг тэргүүлж байв. Түүний хөрөнгө чинээ 1.2 тэрбум доллараар үнэлэгдэж
байна.
Их Британид түүнийг үндэсний үнэт өв хэмээн хүлээн зөвшөөрдөг.
Тэрээр маш олон шагнал, хүндэтгэл хүлээсний хамгийн нэр хүндтэй нь мэдээж 1997
онд хатан хаан Элизабетаас авсан Сэр цол юм. Пол Маккартни хангалттай өндөр нас
сүүдрийг зооглоод байгаа ч зүгээр суусангүй. Өнгөрсөн онд Pure McCartney хэмээх
шилдэг дууныхаа цомгийг гаргасан бол, саяхан “Карибын тэнгисийн дээрэмчид”
кинонд нэгэн жижигхэн, хөгжилтэй дүрийг бүтээсэн юм.
Португалын гал түймэрт 62 хүн амь насаа алдлаа
Португалын төв хэсэгт гарсан ойн түймрийн улмаас 62 хүн
нас бараад байна хэмээн эрх баригчид мэдээлэв. Тэдний ихэнх нь автомашинтайгаа
явж байгаад галд бүслэгдэж угаартаж, шатаж нас барсан байна. Автомашин дотроо
шатсан 30 хүний цоцгсыг олжээ. Мөн автомашинаасаа холгүй амиа алдсан 17 хүний
цогцсыг олсон байна. Тэд явганаар түймэртэй ой модыг гатлах гэж яваад амь
үрэгдсэн бололтой. “Амь үрэгдсэн хүний тоо нэмэгдэж болзошгүй” хэмээн
Португалын Засгийн газрын тэргүүн Антониу Кошта хэллээ. Түймэрт амь насаа
алдсан хүмүүсийн дунд дөрвөн хүүхэд байгаа аж. 60 орчим хүн хүнд, хөнгөн
түлэгдэж эмнэлэгт хүргэгджээ. Гал командын хэдэн зуун машин, нисэх онгоц, мянга
орчим гал сөнөөгч ажиллаж байгаа ч ойн түймрийг хяналтдаа авч чадахгүй байна.
Гал түймэр нэгэн зэрэг дөрвөн зүг рүү маш хурдан тархаж
байгаа аж. Португалын хэд хэдэн мужид сүүлийн үед 40 градусаас дээш халж байгаа
ажээ.















