Tuesday, 9 June 2015



Samsung Galaxy S6 Active

Samsung корпорац шинэ гар утсаа гаргахад бэлэн болоод байна. Саяхан гаргасан Galaxy S6, Galaxy S6 Edge загвар нь дэлхий нийтийг байлдан дагуулсан бол тун удахгүй Galaxy S6 Active загвараа танилцуулахад бэлэн болжээ. Энэ нь ухаалаг гар утаснууд дотроо хамгийн бат бөх нь байх аж. Samsung Galaxy S6 Active нь тун тэсвэрлэг их биеийнхээ ачаар ус, тоос, элснээс хамгийн сайн хамгаалагдсан. Бусад үзүүлэлтээс нь дурдвал, QHD нягтаршил, 2.560 x 1.440 пикселтэй Super AMOLED технологийн 5.1 инч дэлгэц, Exynos 7420 процессортой. Арын камер нь 16 мегапиксел, урд талынх нь таван мегапиксел. Дотоод багтаамж нь 32GB хүртэл байх юм. Samsung Galaxy S6 Active ухаалаг гар утас зургадугаар сарын 12-ноос эхлэн Америкийн AT&T оператороор дамжин хэрэглэгчдийн гарт хүрэх ажээ.

Оросын хакеруудыг хардаж байна

Олон улсын TV5 Monde телевиз кибер халдлагад өртсөн хариуцлагыг “Исламын улс” бүлэг хүлээсэн ч үнэн хэрэгтээ халдлагын ард Оросын хакерууд байгаа хэмээн Францын цагдаагаас мэдэгдэв. TV5 Monde телевизийн интернэт сайт дөрөвдүгээр сарын 8-нд халдлагад өртөж дөрөвдүгээр сарын 9-ний өглөө хүртэл нэвтрүүлэг тасалдсан аж. Сайтад жихад суртал ухуулга байрлуулсан байв. Халдлагын үр дагаварыг арилгахын тулд 12 цаг зарцуулжээ.
Цагдаагийн газар эдүгээ Оросын APT28 хакерийн бүлгийг энэ хэрэгт хардаж байна. Тус бүлэг нь Цагаан ордон, НАТО-гийн гишүүн орнууд болон Украины идэвхтнүүдийн сайтыг довтолсон хэрэгт холбогдож байсан юм.

Туркийн Засгийн газар огцорлоо

Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоган Ахмет Давутоглугийн Засгийн газрыг огцруулах шийдвэр гаргалаа. Эрх баригч нам парламент дахь олонхийн байр сууриа алдсаны дараа эвслийн шинэ Засгийн газрыг байгуулах ёстой болсон юм. 2014 оны наймдугаар сараас хойш эрх баригч Шударга ёс, хөгжлийн намыг толгойлж байгаа Ахмет Давутоглуд сайд нарын шинэ танхимийг бүрдүүлэх даалгавар өгөх бололтой.

Сөрөг хүчний намууд эрх баригч намтай ямар ч зөвшилцөл хийхгүй хэмээн мэдэгдэж, Эрдоганы Засгийн газар дахь үүрэг, нөлөөг багасгах хүсэлтэй байна. Ийнхүү эвслийн Засгийн газар байгуулах хэлэлцээ хүндрэх төлөвтэй болов. 45 хоногийн дотор Засгийн газар бүрдэхгүй бол Үндсэн хуульд заасны дагуу дахин сонгууль болох юм. 


Шинжлэх ухаанд зориулсан цогцосны наймаа

АНУ-ын эрдэмтэн, судлаачид цаазлуулсан гэмт хэрэгтний цогцсоор дутагдаад ирэхээр тэдгээрийг хулгайлдаг байв. Өөрөөр хэлбэл “Амилсан хүмүүс”-ийг хэн нэгнээр хулгайлуулахын тулд мөнгө төлдөг байсан аж. Энэ бол XVIII, XIX зуунд болж байсан явдал. Тэгвэл одоо байдал өөрчлөгджээ. Оюутан, судлаач нарт хүний бие цогцос хэрэгтэй байсаар байна. Бие цогцсоо шинжлэх ухааны төлөө хандивлах хүсэлтэй хүмүүс гол нийлүүлэгчид байдаг аж. Энэ нь саяхныг болтол анагаах ухааны хэрэгцээнд хангалттай байв. Гэвч анагаахын их сургуулиудын судалгаа шинжилгээ нэмэгдэхийн хэрээр зөвхөн их сургуулиуд бус, мөн эмнэлгийн судалгааны хувийн үйлдвэр, эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг компани, мэс заслын сургалтын төвүүдэд хүний бие, эрхтэн, эд эс улам бүр хэрэгтэй болсоор байна. Энэхүү эрэлт хэрэгцээний улмаас АНУ-д шинэ зах зээл буюу цогцос, эрхтний худалдаа, наймааны бизнес цэцэглэх болжээ.
Сэтгүүлч Гален Кох, Питер Ланг, Ник Фараго нар эрэл хайгуул хийсний эцэст Америкт энэ төрлийн 20 орчим үйлдвэр байгааг олж мэджээ. Хэдийгээр энэ нь тун хачин, эвгүй бизнес ч эдгээр компаниуд хууль ёсны үйл ажиллагаа явуулдаг байна. Тэд Аризона мужийн Финикс хотын үйлдвэрлэлийн бүсэд байрладаг Research for life компаниар орж үйл ажиллагаатай нь танилцжээ.
Компанийн менежер Гарланд Шревс “Энэ бол гэр бүлийн компани. Нийт 40 орчим ажилтантай. Эхнэр, хүүхэд минь ч ажилладаг” хэмээн ярилаа. Research for life нь гоё ганган байшинтай, энгийн албан өрөөтэй компани аж. Энд ирж буй бие цогцоснууд бүгд хандивын, сайн дурынх байдаг. Олон хүн оршуулгын болон чандарлалтын зардлаас зайлсхийхийн тулд ийм сонголт хийдэг ажээ. Сайхан инээмсэглэлтэй, нүдэнд дулаахан 50 орчим настай ноён Шревс энэ бизнесийг эхлүүлэхээсээ өмнө оршуулгын бизнесийн салбарт 36 жил ажиллажээ.
“Биднийг цогцосны банк гэж нэрлэдэгт зарим хүн дургүй байдаг. Амьдрал дээр та ердийн банкинд очвол тэнд юу байх вэ? Мөнгө л байна. Харин цогцосны банкинд очих юм бол цогцос л байх нь ойлгомжтой” хэмээн тэрээр өгүүлэв. Research for life компанид худалддаг цогцос, эд эрхтнүүд шилжүүлэн суулгах мэс засалд зориулагдаагүй. Зөвхөн анагаах ухаан, судалгаа шинжилгээнд ашигладаг бөгөөд их сургуулиудаас гадна эрдэм шинжилгээний төвүүд худалдан авдаг аж. Тус компани бараа бүтээгдэхүүнээ сайн дурын үндсэн дээр хүлээж авдаг. “Бие цогцсоо хандивлах шийдвэрийг тухайн хүн, ар гэр нь өөрсдөө гаргадаг. Бид хэн нэгнийг хүчилдэггүй, шарилаас цогцос хулгайлах гэсэн ойлголт байхгүй. Одоогоор манайд 80 орчим цогцос байна” хэмээн Шревс ярилаа.
Тус компани цогцсыг хүлээж аваад эхлээд хөргөгчид хадгалдаг. Дараа нь цуснаас нь дээж авч сүрьеэ, элэгний вирус болон бусад халдварт өвчин байгаа эсэхийг шалгаж, ерөнхий байдал нь ямар байгаа, ямар хэсгүүдийг худалдаж болохыг судалж тогтоодог. Оршуулгын газарт нутаглахаасаа өмнө шинжлэх ухаанд бие цогцсоо хандивлах хүсэлтэй хүмүүс үргэлж олддог аж.

Биеийн эд эрхтнүүд тус тусдаа үнэтэй. Хөлдөөсөн толгой 500, шилбэ 200, нуруу 1500-1800, өвдөг 300, гар 125 долларын үнэтэй. Бүтэн цогцсыг 2000-3000 доллараар худалддаг хэмээн Шревс хэлж байна. Хүний биеийн эд эрхтнийг худалдах нь АНУ-д хууль бус байдаг ч эдгээр компаниуд энэ наймааг хууль ёсны дагуу хийх аргыг нь олсон аж. Тэд бие цогцосноос мөнгө олдоггүй, харин худалдан авагчид нийлүүлсэн үйлчилгээнийхээ хөлсийг авдаг ажээ. Цогцосны зарагдахгүй хэсгийг чандарлаж ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгдөг байна.


Дахин нэг хүн амиа алджээ

Өмнөд Солонгост Ойрхи Дорнодын амьсгалын синдром (MERS) өвчнөөр нас барсан хүний тоо долоод хүрлээ хэмээн мэдээлэв. Хамгийн сүүлд 68 настай эмэгтэй энэ өвчний золиос болжээ. Нэмж найман хүн халдвар авчээ. Энэ өвчний улмаас кино театрын орлого хаагдаж, бейсбол зэрэг олон хүн үздэг спорт, арга хэмжээ зогсоод байна. Вирус улс орны эдийн засагт ихээхэн хохирол учруулж магадгүй хэмээн эрх баригчид болгоомжилж байна. “Бид идэвхтэй, хариуцлагатай арга хэмжээ авч энэ долоо хоногт вирусын тархалтыг зогсоох зорилго тавилаа” хэмээн Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэгч Чой Кюн Хван ярилаа.

MERS вирус нь үхлийнаюултай ч 2003 онд Азид дэгдэж олон зуун хүний аминд хүрсэн SARS ханиадаас бага хөнөөлтэй ажээ. 
Хятадад буудалцаан болжээ


Хятадын зүүн хойд хэсгийн Хэбэй мужид буудалцаан болсны улмаас гурван хүн амиа алдаж, таван хүн шархадлаа хэмээн “Синьхуа” агентлаг мэдээлэв. Гал нээсэн этгээд цагдаа нартай буудалцаж байгаад алуулсан хэмээн мэдээлж байна. Амь үрэгдсэн хүмүүсийн дотор нэг цагдаа байгаа аж. Мөн цагдаагийн нэг ажилтан шархаджээ. Галт зэвсэг хатуу хяналтад байдаг Хятад улсад иймэрхүү буудалцаан тун ховор гардаг. Тэр этгээд яагаад гал нээх болсныг судлан шалгаж байна. 

Monday, 8 June 2015

“Исламын улс”-ын талаарх нууц мэдээллийг олзолжээ

АНУ-ын тусгай албад “Исламын улс” бүлгийн бүтэц зохион байгуулалт, санхүүгийн ажиллагаа, нууц зорилгын тухай мэдээллийг олзолж авлаа хэмээн New York Times сонин мэдээлэв. Сирийн газар нутаг явуулсан тусгай ажиллагааны явцад олзолж авсан ноутбук, гар утас болон бусад мэдээлэл тээгч төхөөрөмжөөс дээрх мэдээллийг олж авчээ. Эдгээр мэдээллийн тусламжтайгаар лалын босогчдын байрлалыг тодорхойлж, толгойлогчдын нэг Абу Хамидыг агаарын довтолгооноор устгаж чадсан юм. Тусгай албад долоон терабайт багтаамжтай мэддээллийг тайлж дүгнэлт хийсэн байна. “Исламын улс”-ын толгойлогч Абу Бакр аль-Багдади хэрхэн нуугдаж зугтдагийг эдгээр мэдээллийн тусламжтайгаар тогтоож чадсан байна.

Гэмт хэрэгтэн, хар тамхичдыг Карибын тэнгсиээр аялуулна

Данийн эрх баригчид хар тамхичин, гэмт хэрэгтэн залуусыг Карибын тэнгисээр нэг жилийн турш аялуулах гэж байна. Den Maritime Base компани энэхүү аялалыг зохион байгуулах аж. Гэмт хэрэг үйлдэж байсан 59 залуусыг хоёр хөлөг онгоцонд хувааж нэг жилийн турш тэнгисээр аялуулж хүмүүжүүлэх ажээ. Нэг зорчигчийн зардалд төрөөс 70 мянган доллар гаргаж байна. Залуусыг хар тамхинаас гаргах, засан хүмүүжүүлэхийн тулд ийм хөтөлбөр санаачилсан аж. Карибын тэнгисийн үзэлгэлэнт газрууд аялалын хөтөлбөрт багтжээ. 



“Нутгаа орхих, лал шашинд орох, эсвэл алуулах гэсэн л сонголт байна”

Иракийн цөөнхийн эвслийн гүйцэтгэх хорооны гишүүн Виллиам Варда “АВС”-д ярьж байна

-Жихадист хөдөлгөөн Ирак дахь христос шашныг устгахаар заналхийлж байна уу?

-Жихад босогчдод эзлэгдсэн хот, тосгодоос  христосууд хөөгдөж, орон сууцыг нь сүйтгэж, эзэлж, эмэгтэйчүүдийг нь хүчирхийлж байна. Христос сүмүүдийг шатааж байна. Ирак дахь христианизм мянган жилийнхээ түүхэнд хамгийн хүнд бэрх үедээ ирээд байна.

-Танай байгууллагад ямар баримт байгаа вэ?

-1997 оны албан ёсны статистикийг харвал Иракт 1.2 сая христос шашинтан байсан. Одоо тэд хагас саяаас бага болсон. Өөрөөр хэлбэл бараг нэг сая христос улс төрийн бодлого, лалуудын фанатизм, дайныг тэвчилгүй улс орноо орхиж явсан. 200 мянган христос амьдардаг Ниниве мужид “Исламын улс” бүлэг орж ирснээс хойш тэд олноороо дүрвэсэн.

-Саддам Хусейний дэглэм унаснаас хойш хэдэн христос шашинтан итгэл үнэмшлээсээ болж амиа алдсан бэ?

-Хүний эрхийн талаарх сүүлчийн мэдээллээс харвал, 2003 оноос хойш мянга гаруй христос шашинтан алуулсан байна.  Тэдний 700 гаруй нь зөвхөн итгэл үнэмшлээсээ болж амиа алдсан. “Исламын улс” бүлгийн дайчид болон радикал лалууд энэ аллагыг үйлдсэн. Зарим нь Америкийн эзэрхийллийн өш хонзонг авч байна гэдэг юм.

-Шашны өв соёл, христос сүмд ямар хохирол учирч байна?

-Жихадистуудад эзлэгдсэн газруудаас Нинивед хамгийн их сүм байна. Тэдгээрийн ихэнхийг шатаасан. “Исламын улс” бүлэг заримыг нь зэвсгийн агуулах, агаарын довтолгооноос хоргодох байр болгон ашиглаж байна. Тэд шашны эртний судрууд, Есесийн төрөлх хэл болох арамео хэл дээр бичигдсэн ном зэрэг урлагийн жинхэнэ сор бүтээлүүдийг булааж аваад байна.

-Лалын халифат улс байгуулснаа зарласан жихад босогчид христос иргэдийн талаар ямар бодлого баримталж байна вэ?

-Тэд христос шашинтнуудад гурван сонголт л санал болгож байна. Нутгаа орхиж явах, лал шашинд орох, эсвэл алуулах.

-“Исламын улс” бусад цөөнхөд хэрхэн хандаж байна вэ?

-Адилхан, заримд нь бүр дор хандаж байна. Язиди нар байна. Жихадистууд тэднийг лал шашинтан гэж үздэггүй. Тэднийг христосуудтай адилаар шийтгэж, хавчиж байна.

-Саддамыг унагасны дараа Америкийн цэрэг аюулгүй байдлыг сахиулж байсан ч 2011 онд Иракийг орхин гарсан...?

-АНУ 2011 онд Иракаас цэргээ татсан нь том алдаа болсон. Ингэснээр Иран улсын нөлөө ихсэж, Иракийн амьдралд хошуу дүрэх боломжийг олгосон. Мөн америкуудын орхисон онгорхой цоорхойг лалын босогчид тун хурдан эзэлсэн нь өнөөдрийн байдалд хүргээд байна.

-Өрнөдийнхэн та нарыг хаячихав уу?


-Тийм ээ. Ирак дахь христосууд эдийн засгийн хувьд ч, оюун санааны хувьд ч хүчирхэг байлаа. Одоо тэд бүхнээ алдсан. Орон гэрээ, байр сууриа орхих хэрэгтэй болж, өөр муж руу, гадаад руу дүрвэж байна. Christian Solidarity International болон төрийн бус байгууллагууд бидэнд тусламж илгээдэг ч Иракийн Засгийн газар, АНУ, Европын түвшинд бид өнчирсөн мэт л байна. АНУ Иракийн христосуудад цагаачлах боломж олгож байна. Гэхдээ л бид эх нутагтаа амьдармаар байна. Иракаас явмааргүй байна.

Sunday, 7 June 2015

MERS вирусээр өвчилсөн хүний тоо 87-д хүрчээ

MERS хэмээх амьсгалын замын өвчнөөр халдварласан 23 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт халдвар авсан хүний тоо 87-д хүрлээ хэмээн Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Анхны тохиолдол илэрсэн эмнэлэгт гэхэд л 17 хүн энэ вирусээр халдварлаад байна. Өвчтөнүүд байж магадгүй 24 эмнэлэгт хатуу чанд хяналт галгалт явуулна хэмээн эрх баригчид мэдэгдлээ. Вирусын улмаас таван хүн амь насаа алдаад байна.

Орос, Катар эрхээ хасуулж магадгүй

Олон улсын хөлбөмбөгийн холбооны (ФИФА) дүрмийг мөрдөх, аудит хийх хорооны төлөөлөгч Доменико Скала ОХУ дахь 2018 оны,  Катар дахь 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг цуцалж магадгүй хэмээн мэдэгдлээ. “Саналыг худалдаж авсан нотолгоо гарч ирвэл санал хураалтын дүнг хүчингүй болгоно. Одоогоор тийм нотолгоо гарч ирээгүй байна” хэмээн тэрээр Швейцарийн Sonntags Zeitung сонинд ярьжээ. Скала 2013 онд мөн ийм мэдэгдэл хийж байсан юм. Орос, Катарын тал дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхийг худалдан авсан гэх яриаг эрс няцааж байна. Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхийг буцааж авсан тохиолдол гарч байгаагүй юм.

Эрдоганы нам хүчээ алдав

Туркийн Ерөнхийлөгч Режеп Таип Эрдоганы тэргүүлдэг Шударга ёс, хөгжлийн нам сонгуулийн урьдчилсан дүнгээр парламент дахь олонхийн байр сууриа алдах нь тодорхой болов. Саналын 90 хувийг боловсруулж гаргахад Шударга ёс, хөгжлийн нам 42 хувийн санал авчээ. Курд үндэстний Ардын ардчилсан нам 11 хувийн санал авч анх удаа парламентад багтлаа.
Ийнхүү Эрдоганы нам олонхийн байр сууриа алдаж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг өргөтгөж чадахгүй болов. Эрх баригч нам Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар Ерөнхийлөгчийн эрх мэдлийг өргөтгөх талаар судалж байсан билээ.



Ениел Маркес: Өдөр нь таксины жолооч хийж, орой нь бэлтгэлдээ гардаг байлаа

АНУ-ын “Нью-Йорк Космос” багийн Пеле,  Рауль Гонсалес нарын ододтой нүүр тулан хөлбөмбөг тоглосныхоо дараа хөлсөө хатааж аваад төрөлх хот руугаа буцаж хувийн “бизнес”-ээрээ амьдардаг гайхамшигтай тамирчинтай Куба арал дээр тааралдаж болно. Тэр бол Кубын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч, Вилья Клара багтайгаа Кубын долоон удаагийн аварга болсон, Оны шилдэг хөлбөмбөгч мөн мототаксичин Ениел Маркес юм. АНУ-ын “Нью-Йорк Космос” баг Куба арал дээр ирж Кубын шигшээтэй нөхөрсөг тоглолт хийжээ.
Хойд хэсгийн Санта Клара хотод ачаатай мотоцикл жолоодон яваа түүнийг олон фэнүүд нь “таних” гэж бөөн юм болдог аж. OnCubaMagazine сэтгүүлийн сурвалжлагч хөлбөмбөгч, мототаксичин Маркестэй уулзаж ярилцжээ.

-Та яагаад хувиараа хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авав?

-Хоёр хүүхдийнхээ ирээдүйг баталгаатай болгох гол зорилготой. Хүү найм, охин есөн настай. Эхнэр минь Венесуэльд ажиллаж ирсний дараа бид мөнгөө зарцуулахаар шийдэж мототакси худалдаж авсан юм.

-Бүх мөнгөөрөө авчихсан уу?

-Тийм ээ. Эхэндээ тун хэцүү байлаа. Эхний хэдэн сар би өөрөө жолооч хийж, ээлжлэх хүн олдохгүй байсан. Өглөө мототаксиныхаа жолоочийг хийж, орой нь бэлтгэлдээ, тоглолтдоо гардаг байлаа. Өдөр дуусахад маш их ядарч байсан болохоор хэдэн сар хийгээд больсон. Биеийн хүч маш их шаардсан ажил л даа.

-Зорчигчид таныг таньдаг байсан уу?

-Хөгжилтэй явдал их болсон. Энэ ажлыг дөнгөж эхлээд явж байхад бусад жолооч нар намайг “Тамирчин” гээд нэрлэчихсэн, би арай өөр бие бялдартай байсан болохоор тэгсэн хэрэг л дээ. Мөн нэг удаа их сургууль орохоор явж байлаа. Нэг залуу толинд намайг хараад би ч бас хараад харц тулгарахгүй юу. Тэр буухдаа “Та чинь Кубын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч юм биш үү. Мототакси жолоодож юу хийж яваа юм” гэж асуулаа. Миний инээд хүрч “Би өөрөө ч итгэхгүй байна, гэхдээ л ийм байна даа” гэж хариулж билээ.

-Мототакси чинь эвдрэхээр юу хийдэг вэ?

-Өөрийн зардлаар засварын газарт өгнө, засварчин хайна. Азаар, ийм тохиолдолд дасгалжуулагч нар надад нэг өдрийн чөлөө өгдөг юм. Гэхдээ такси минь цөөхөн эвдэрсэн.

-Та одоо мототаксигаа барьж байна уу?

-Үгүй. Таксигаа техникийн үзлэгт оруулж байгаа. Гараад ирэхээр нь өөр жолооч олоод явуулна.

-Хувиараа хөдөлмөр эрхлэнэ гэхээр гэр бүл тань юу гэж байсан бэ?

-Тэд их дэмжсэн. Хоёр ажил хийх их хүнд байсан. Ойр дотны хүмүүс маань спортын, хувийн амьдралын тал дээр ч үргэлж дэмжиж байлаа.  Тэдний дэмжлэггүйгээр үүнийг хийх боломжгүй байсан.

-Хөлбөмбөгч, таксичны ирээдүйгээ хэрхэн харж байна вэ?


-Бие бялдрын хувьд тун сайн байна. Үндэсний шигшээ багтаа үргэлжлүүлэн тоглохын тулд боломжтой бүхнийг хийнэ. Алтан цомд (Copas de Oro) найман удаа оролцсон Оделин Молинатай эн зэрэгцэхийг хүсч байна. Улс орон маань өөрчлөгдөж байна. Гадаадын аль нэг лигт гэрээгээр тоглохын төлөө явах болно. Ааах!, мэдээж мототаксигаа орхихгүй шүү.

Monday, 1 June 2015

500 орчим зорчигчтой хөлөг онгоц живжээ

Хятадын Шар мөрөнд 458 зорчигчтой явж байсан “Дорнын од” хэмээх хөлөг онгоц зургадугаар сарын 1-нд живжээ. Энэ тухай “Синьхуа” агентлаг уламжлав. Аврагдаж чадсан хөлгийн ахмад болон инженерийн батлан хэлж буйгаар, хөлөг онгоц хүчтэй салхинд цохигдон маш хурдан живжээ. Хөлөг онгоцонд экипажийн 47 гишүүн, 405 зорчигч, жуулчны компанийн таван ажилтан явж байсан аж. Хөлөг онгоц Жансу мужийн нийслэл Нанкин хотоос баруун өмнөд хэсгийн Чунцин хот орохоор явж байжээ. Аврах ажиллагаа явагдаж байгаа ч хүчтэй салхи хүндрэл учруулж байна.

Тамхины компаниудыг 12.3 тэрбум доллараар торгов

Канадын шүүх тамхи үйлдвэрлэгч олон улсын гурван компанийг тамхичдад 12.3 тэрбум долларын нөхөн төлбөр олгох ёстой гэсэн шийдвэр гаргалаа. Энэ нь нөхөн төлбөрийн хэмжээгээр дээд амжилт тогтоосон шүүхийн шийдвэр болов. Тамхи татдаг компаниуд тамхидалтаас үүсдэг хор хохирлыг урьдчилан сануулаагүй хэмээн хүмүүс шүүхэд гомдол гаргасан аж. Канадын Квебек мужийн хоёр хэсэг тамхичид энэ өргөдлийг гаргасан байна. Ихээхэн хэмжээний торгууль хүлээгээд байгаа Imperial Tobacco, Rothmans Benson, Hedges and JTI-MacDonald компани шүүхийн шийдвэрийг давж заалдахаар болжээ.

Боливт цагдаа нар Ерөнхийлөгчийн автомашин руу бууджээ


Ерөнхийлөгч Эво Моралесийн автомашин руу цагдаагийн ажилтнууд гал нээлээ хэмээн АР мэдээлэв. Энэ үеэр Ерөнхийлөгч автомашиндаа байгаагүй аж. Жолооч төрийн тэргүүнийг нийслэл Сукре хотод аваачих нисэх онгоцны нисгэгчийг авахаар явж байжээ. Ерөнхийлөгчийн амь насанд халдахыг оролдсон хэргээр цагдаагийн дөрвөн ажилтныг саатуулаад байна. Ерөнхийлөгчийн автомашин зам дээр өөр нэг автомашинтай шүргэлцсэний дараа тэр машинаас хоёр цагдаа гарч ирж гал нээжээ. Цагдаагийн ажилтнуудын үйлдлийг шалгах тусгай мөрдөгчийн багийг томилоод байна. 


“Хойд Солонгост Ким Чен Ун бус, эцгийнх нь сонгосон элитүүд захирдаг”

1972 онд Хойд Солонгосын элитүүд дунд төрсөн Чан Жин Сун залуудаа “Кафка”, “Орвелл”-ийг уншиж чадаагүй ч дараа нь “Хүндэт удирдагч” номоо бичихдээ бодит байдалд тулгуурлахаас өөр арга байсангүй. Нэгдсэн фронтын хэлтсийн ажилтан байсан тэрээр Ким Чен Иртэй уулзаж байсан тул дэглэмд “зөвшөөрөгдсөн” шилмэл тойргоос бүрдэж байсан суртал ухуулгын хамгийн гязалзсан гишүүний нэг байв. Чан Жин Сун удирдагчаа магтан дуулсан шүлэг бичдэг байсан ч “Хайрт удирдагч” нь тансаг зоог барьж байхад албат харъяатууд нь өлслгөлөнгөөр үхэж байхыг хараад сэтгэлээр унадасан гэдэг. Ийнхүү тэрээр 1990-ээд оны Их Өлсгөлөнгөөр сэдэвлэсэн яруу найргийн номоо бичиж эхлэн 2004 онд Өмнөд Солонгос руу зугтан гарахдаа авч яваад “Охиноо 100 воноор зарж байлаа” гэдэг нэртэйгээр хэвлүүлжээ. Тэрээр дахин нэг ном бичсэн нь Хойд Солонгост эрх мэдлийг хэн атгадаг тухай юм.

-Пхеньянд хэн эрх мэдлийг атгадаг вэ?

-Ким Чен Ун үнэмлэхүй эрх мэдэлтэй гэж бодож байгаа бол тийм биш. Цаад сүүдэрт нь эцэг Ким Чен Ирийнх нь сонгосон найзуудын хүрээлэл толгойлдог Зохион байгуулах, чиглүүлэх хэлтэс хамаг эрх мэдлийг атгаж байдаг. Тэрээр 2011 онд нас барсны дараа Ким Чен Ун нь зөвхөн эмх журмыг сахиулж байх билэгдлийн төлөөлөл болсон юм. Залуу удирдагчийн өвөө, дэглэмийг үндэслэгч Ким Ир Сен ч мөн ялгаагүй суртал ухуулгын төлөөлөл болж байсан. Тэр үед мөн л хүү Ким Ир Сен нь Зохион байгуулах хэлтсээр замжуулан эрх мэдлийг атгаж байсан юм.

-Тэгвэл дэглэмийн хоёр дахь хүн, хүргэн ах Чан Сон Тэкийг цаазлах тушаалыг Ким Чен Ун өгөөгүй юм уу?

- Зохион байгуулах хэлтэс Ким Чен Ирийн эгчтэй гэрлэсэн Чан Сон Тэктэй эрх мэдлээ их булаацалддаг байсан. “Хайрт удирдагч” өөд болсны дараа Чан Сон Тэк эрх мэдлийг гартаа авах гэж оролдсон тул Зохион байгуулах хэлтэс түүнийг цаазлахаар шийдсэн. Хойд Солонгосын элитүүд улс оронд ямар нэг өөрчлөлт гарахаас айж байдаг. Ким Чен Ун хүргэн ахаа цаазлах тушаалыг өгөөгүй. Учир нь тэр энэ тушаалыг өгөх эрх мэдэлтэй байсан бол цаазыг олон нийтийн өмнө гүйцэтгэхгүй байсан. Гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг гурван үеээр нь шийтгэдэг зарчмын дагуу Чан Сон Тэкт оноосон ял нь залуу удирдагчийн дээд нэр төрийг сэвтүүлсэн зүйл болсон л доо. Зохион байгуулах хороо эрх мэдлээ ашиглан Чан Сон Тэкийг олон нийтийн өмнө цаазалнаар Ким Чен Уны нэр төрийг хойдуудын нүдэн дээр унагасан.

-Тан Ким Чен Ирийг сайн таньдаг байсан. Тэр ямар хүн бэ?

-Дэглэмд итгэх нь хүүхэд наснаас л ой ухаанд суусан зүйл. Гэвч түүнтэй хоёр дахь удаагаа уулзахдаа удигдагчийг тахин шүтэх сэтгэл минь алдарсан. Учир нь тэр хөл нүцгэн, балмад хэлбэрээр яриа өрнүүлж, нэг орос дуу сонсоод уйлаад байсан. Эхний уулзалтаар бол улс орны бурхантай уулзлаа гээд айдас төрж байсан.

-Хойд Солонгос нээлттэй болох боломж байна уу?

-Хятад шиг үе шаттай өөрчлөлт Хойд Солонгост болохгүй. Яагаад гэвэл, Бээжингийн дэглэм эдийн засгаа нээж, зах зээлээ либералчлах эрмэлзэлтэй. Гэвч Хойд Солонгосын элитүүд Хятадтай наймаа хийдэг улсын үйлдвэрүүдийг хянаж, улам бүр томорч, Кимийн гэр бүлийн хууль ёсны байдал дээр дулдуйдан эрх мэдэлд улам бүр хадагдсаар байдаг. 1990-ээд оны өлсгөлөнгийн үеэр Хоол хүнс түгээх улсын систем нурж унасан. Өнөөдөр Хойд Солонгост Армийн дээд удирдагчид болон Хөдөлмөрийн намын түшмэлүүд гэсэн хоол хүнс түгээх  асуудлыг хариуцсан хоёр газар байна. Тэд давуу байдлаа хадгалж, үнэ тогтоож, гадаадаас бараа худалдаж авах эрхээ хадгалан үлдэж, энэ дэглэмийг аль болох урт удаан байлгахыг хүсч байна. Каддафийн дэглэмд тохиолдсон шиг Хойд Солонгос сүйрэх нь зөвхөн цаг хугацааны асуудал. Өөрчлөлтийн ганцхан хувилбар нь эрх мэдлийг унагах хувьсгал байх болно.

-Гэвч Ким Чен Ун эрх мэдэлд мөнхрөхийн тулд цөмийн зэвсэгтэй болсон биз дээ?

-Суртал ухуулгаас хамаардаг Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөө үргэлж дөвийлгөдөг. Тэдний цөмийн хөгжил, хөтөлбөр тун ядмаг гэдгийг Хойд Солонгосоос зугтан гарсан эрдэмтэд, цэргийнхэн баталдаг юм.

-Хойд Солонгос Ким Чен Уныг доромжилсон “Interview киноны төлөө Sony-г хакердсан гэж үнэн үү?


-Тийм ээ. Учир нь энэ кино дэглэмийн үндэс суурь болсон Кимийн гэр бүлийн хууль ёсны байдалд заналхийлж байсан. Хойд Солонгост Холливудын нөлөөг сайн мэддэг тул энэ кино нь Пхеньянд цөмийн бөмбөг мэт л заналхилйж байсан.