Sunday, 7 June 2015

MERS вирусээр өвчилсөн хүний тоо 87-д хүрчээ

MERS хэмээх амьсгалын замын өвчнөөр халдварласан 23 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт халдвар авсан хүний тоо 87-д хүрлээ хэмээн Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Анхны тохиолдол илэрсэн эмнэлэгт гэхэд л 17 хүн энэ вирусээр халдварлаад байна. Өвчтөнүүд байж магадгүй 24 эмнэлэгт хатуу чанд хяналт галгалт явуулна хэмээн эрх баригчид мэдэгдлээ. Вирусын улмаас таван хүн амь насаа алдаад байна.

Орос, Катар эрхээ хасуулж магадгүй

Олон улсын хөлбөмбөгийн холбооны (ФИФА) дүрмийг мөрдөх, аудит хийх хорооны төлөөлөгч Доменико Скала ОХУ дахь 2018 оны,  Катар дахь 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг цуцалж магадгүй хэмээн мэдэгдлээ. “Саналыг худалдаж авсан нотолгоо гарч ирвэл санал хураалтын дүнг хүчингүй болгоно. Одоогоор тийм нотолгоо гарч ирээгүй байна” хэмээн тэрээр Швейцарийн Sonntags Zeitung сонинд ярьжээ. Скала 2013 онд мөн ийм мэдэгдэл хийж байсан юм. Орос, Катарын тал дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхийг худалдан авсан гэх яриаг эрс няцааж байна. Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхийг буцааж авсан тохиолдол гарч байгаагүй юм.

Эрдоганы нам хүчээ алдав

Туркийн Ерөнхийлөгч Режеп Таип Эрдоганы тэргүүлдэг Шударга ёс, хөгжлийн нам сонгуулийн урьдчилсан дүнгээр парламент дахь олонхийн байр сууриа алдах нь тодорхой болов. Саналын 90 хувийг боловсруулж гаргахад Шударга ёс, хөгжлийн нам 42 хувийн санал авчээ. Курд үндэстний Ардын ардчилсан нам 11 хувийн санал авч анх удаа парламентад багтлаа.
Ийнхүү Эрдоганы нам олонхийн байр сууриа алдаж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг өргөтгөж чадахгүй болов. Эрх баригч нам Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар Ерөнхийлөгчийн эрх мэдлийг өргөтгөх талаар судалж байсан билээ.

No comments:

Post a Comment