Monday, 1 June 2015

500 орчим зорчигчтой хөлөг онгоц живжээ

Хятадын Шар мөрөнд 458 зорчигчтой явж байсан “Дорнын од” хэмээх хөлөг онгоц зургадугаар сарын 1-нд живжээ. Энэ тухай “Синьхуа” агентлаг уламжлав. Аврагдаж чадсан хөлгийн ахмад болон инженерийн батлан хэлж буйгаар, хөлөг онгоц хүчтэй салхинд цохигдон маш хурдан живжээ. Хөлөг онгоцонд экипажийн 47 гишүүн, 405 зорчигч, жуулчны компанийн таван ажилтан явж байсан аж. Хөлөг онгоц Жансу мужийн нийслэл Нанкин хотоос баруун өмнөд хэсгийн Чунцин хот орохоор явж байжээ. Аврах ажиллагаа явагдаж байгаа ч хүчтэй салхи хүндрэл учруулж байна.

Тамхины компаниудыг 12.3 тэрбум доллараар торгов

Канадын шүүх тамхи үйлдвэрлэгч олон улсын гурван компанийг тамхичдад 12.3 тэрбум долларын нөхөн төлбөр олгох ёстой гэсэн шийдвэр гаргалаа. Энэ нь нөхөн төлбөрийн хэмжээгээр дээд амжилт тогтоосон шүүхийн шийдвэр болов. Тамхи татдаг компаниуд тамхидалтаас үүсдэг хор хохирлыг урьдчилан сануулаагүй хэмээн хүмүүс шүүхэд гомдол гаргасан аж. Канадын Квебек мужийн хоёр хэсэг тамхичид энэ өргөдлийг гаргасан байна. Ихээхэн хэмжээний торгууль хүлээгээд байгаа Imperial Tobacco, Rothmans Benson, Hedges and JTI-MacDonald компани шүүхийн шийдвэрийг давж заалдахаар болжээ.

Боливт цагдаа нар Ерөнхийлөгчийн автомашин руу бууджээ


Ерөнхийлөгч Эво Моралесийн автомашин руу цагдаагийн ажилтнууд гал нээлээ хэмээн АР мэдээлэв. Энэ үеэр Ерөнхийлөгч автомашиндаа байгаагүй аж. Жолооч төрийн тэргүүнийг нийслэл Сукре хотод аваачих нисэх онгоцны нисгэгчийг авахаар явж байжээ. Ерөнхийлөгчийн амь насанд халдахыг оролдсон хэргээр цагдаагийн дөрвөн ажилтныг саатуулаад байна. Ерөнхийлөгчийн автомашин зам дээр өөр нэг автомашинтай шүргэлцсэний дараа тэр машинаас хоёр цагдаа гарч ирж гал нээжээ. Цагдаагийн ажилтнуудын үйлдлийг шалгах тусгай мөрдөгчийн багийг томилоод байна. 

No comments:

Post a Comment