Tuesday, 9 June 2015



Samsung Galaxy S6 Active

Samsung корпорац шинэ гар утсаа гаргахад бэлэн болоод байна. Саяхан гаргасан Galaxy S6, Galaxy S6 Edge загвар нь дэлхий нийтийг байлдан дагуулсан бол тун удахгүй Galaxy S6 Active загвараа танилцуулахад бэлэн болжээ. Энэ нь ухаалаг гар утаснууд дотроо хамгийн бат бөх нь байх аж. Samsung Galaxy S6 Active нь тун тэсвэрлэг их биеийнхээ ачаар ус, тоос, элснээс хамгийн сайн хамгаалагдсан. Бусад үзүүлэлтээс нь дурдвал, QHD нягтаршил, 2.560 x 1.440 пикселтэй Super AMOLED технологийн 5.1 инч дэлгэц, Exynos 7420 процессортой. Арын камер нь 16 мегапиксел, урд талынх нь таван мегапиксел. Дотоод багтаамж нь 32GB хүртэл байх юм. Samsung Galaxy S6 Active ухаалаг гар утас зургадугаар сарын 12-ноос эхлэн Америкийн AT&T оператороор дамжин хэрэглэгчдийн гарт хүрэх ажээ.

Оросын хакеруудыг хардаж байна

Олон улсын TV5 Monde телевиз кибер халдлагад өртсөн хариуцлагыг “Исламын улс” бүлэг хүлээсэн ч үнэн хэрэгтээ халдлагын ард Оросын хакерууд байгаа хэмээн Францын цагдаагаас мэдэгдэв. TV5 Monde телевизийн интернэт сайт дөрөвдүгээр сарын 8-нд халдлагад өртөж дөрөвдүгээр сарын 9-ний өглөө хүртэл нэвтрүүлэг тасалдсан аж. Сайтад жихад суртал ухуулга байрлуулсан байв. Халдлагын үр дагаварыг арилгахын тулд 12 цаг зарцуулжээ.
Цагдаагийн газар эдүгээ Оросын APT28 хакерийн бүлгийг энэ хэрэгт хардаж байна. Тус бүлэг нь Цагаан ордон, НАТО-гийн гишүүн орнууд болон Украины идэвхтнүүдийн сайтыг довтолсон хэрэгт холбогдож байсан юм.

Туркийн Засгийн газар огцорлоо

Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоган Ахмет Давутоглугийн Засгийн газрыг огцруулах шийдвэр гаргалаа. Эрх баригч нам парламент дахь олонхийн байр сууриа алдсаны дараа эвслийн шинэ Засгийн газрыг байгуулах ёстой болсон юм. 2014 оны наймдугаар сараас хойш эрх баригч Шударга ёс, хөгжлийн намыг толгойлж байгаа Ахмет Давутоглуд сайд нарын шинэ танхимийг бүрдүүлэх даалгавар өгөх бололтой.

Сөрөг хүчний намууд эрх баригч намтай ямар ч зөвшилцөл хийхгүй хэмээн мэдэгдэж, Эрдоганы Засгийн газар дахь үүрэг, нөлөөг багасгах хүсэлтэй байна. Ийнхүү эвслийн Засгийн газар байгуулах хэлэлцээ хүндрэх төлөвтэй болов. 45 хоногийн дотор Засгийн газар бүрдэхгүй бол Үндсэн хуульд заасны дагуу дахин сонгууль болох юм. 

No comments:

Post a Comment