Sunday, 29 January 2017





“Зуун жилийн ганцаардал”-ын домог буюу Габо Буэнос-Айрест хэзээ ч буцаж очоогүйн нууц

-Габриель Гарсия Маркесийг шимтэн уншдаг хүн бүрт энэ түүх содон-

“Зуун жилийн ганцаардал” дээр сэлүүрчин боол мэт л 18 сар суусны дараа 1966 оны есдүгээр сард Габриель Маркес 500 хуудас гар бичмэлээ Буэнос Айрес руу илгээхээр Мехико хот дахь гэрээс нь хамгийн ойр шуудангийн салбар руу явжээ. Тэнд очсоныхоо дараа тэр болон эхнэр Мерседес нь гар бичмэлийнхээ зөвхөн талыг нь явуулах мөнгөтэй байгаагаа мэдсэн гэдэг. Дэвсгэртүүд, зоосон мөнгөө дахин тоолж үзээд гар бичмэлээ дахин жинлэж үзэв. Шуудан дээр эргэж ирж мөнгөө төлөөд “Зуун жилийн ганцаардал”-ын эхийн талыг нь л Буэнос-Айерс дахь хэвлэлийн компани руу явууллаа.
Гэртээ буцаж ирээд тэдэнд үлдээд байсан хатаагч, халаагч, холигч зэрэг гэр ахуйн цахилгаан хэрэгслээ барьцаанд тавьж үлдсэн хэсгийг нь илгээжээ. Шуудангаас гараад Мерседесийн хэлсэн үгийг Габо хожим нь олон удаа дурсан ярьсан билээ. Хайртай гэргий нь 18 сарын турш дотроо хуримтлуулсаар явсан тэрхүү бухимдлаа “Энэ зохиол одоо муу зохиол болох нь дутаж дээ” гэж ганцхан амьсгаагаар хэлсэн гэдэг.

Домог яриа ба бодит байдал

Габриель Гарсия Маркес бодит байдлыг илүү сэтгэл татам, сэрдхийлгэм болгохын тулд уран сэтгэмжлэн баяжуулсан байж болзошгүй нь түүний амьдралд тохиолдсон адал явдлаас харагддаг. “Амьдрал бол туулж өнгөрүүлсэн тэр зүйл биш, харин хэн нэг нь санан дурсаж бусдад өгүүлж байдаг зүйл юм” хэмээн тэрээр дурдатгал номныхоо өмнөтгөл үгэнд онцолсон байдаг. “Зуун жилийн ганцаардал” дээр ч ганцхан ийм зүйл болсон юм биш. Үнэндээ, Гарсия Маркес энэхүү зохиолынхоо үндэс, гол санааг домог яриа, ид шидийн мананд төөрүүлэхийн тулд анхаарлаа хандуулсан юм. Габо 2002 онд Колумбын “Cambio” сэтгүүлд нийтлэгдсэн “Романы дараахь роман” өгүүлэлдээ Нобелийн шагнал авчирсан алдарт зохиол хэрхэн төрж байснаа дурсан ярьсан байдаг.
“1965 оны эхээр Мерседес бид хоёр хоёр хүүхдээ аваад Акапулькод хэд хоног амрахаар автомашинаараа явж байлаа. Гэнэт зам дээр гарч ирсэн үхрийг золтой л дайрчихсангүй, үхрээс бултаж хэд мурчигнаад зогслоо. Сэтгэл минь ч гэнэт хачин болж хямарч орхив. Тэгтэл Родриго,
-Би ч бас том болохоороо зам дээр гарч ирсэн үхрийг алж орхино хэмээн ихэд баяртайгаар хашгирч билээ.
Далайн эрэг дээр очсон ч би нэг ч минут тайвширч чадсангүй. Мягмар гаригт бид  Мехико хот руу буцаж ирээд сэтгэлд тэвчихийн аргагүй буцалсаар байгаа эхний өгүүлбэрийг бичихээр бичгийн машиныхаа ард суугаад “Тэрхүү явдлаас хойш олон жилийн дараа хурандаа Аурелиано Буэндия цэргүүдийн өмнө буудуулах гэж зогсож байхдаа эцэг нь мөс үзүүлэхээр авч явсан эртний нэгэн үдшийг эргэн саналаа" хэмээн тэрлэв. Тэр цагаас хойш намайг эзэмдсэн хөөрүү мөрөөдөлдөө умбаж Макондог чөтгөр рүү авч явсан хэмээх сүүлчийн мөр хүртэл нэг ч өдөр зогсоогүй” хэмээн Габо “Зуун жилийн ганцаардал”-ыг хэрхэн эхлүүлж, дуусгаснаа дурсан өгүүлсэн билээ. Мексикийн хамгийн алдартай амралт зугаалгын газар болох Акапулько явах замд тэрхүү “гайтай” үхэр таараагүй бол дэлхий дахиныг одоо ч гайхуулсаар байгаа “Зуун жилийн ганцаардал” роман төрөхгүй байсан ч юм билүү.
50 жилийн өмнө хэвлэгдэж байсан “Зуун жилийн ганцаардал” роман эдүгээ домог болсон ч амьд, амьд домог хэвээрээ. Агуу Габогийн хожим нь Нобелийн шагнал хүртэх заяатай “Зуун жилийн ганцаардал” романыг анх хэвлэсэн Буэнос-Айресийн хэвлэлийн компани эхний долоо хоногт 1800 ширхэгийг зарсан гэдэг. Дараагийн долоо хоногт борлуулалт эрс нэмэгдэж 8000 хувь хэвлэгдсэн энэ зохиол гурван долоо хоногийн дотор л дуусчээ. Ийнхүү Габриель Гарсия  Маркес хэмээх эрхмийг дэлхийн уран зохиолын ертөнц хүлээн зөвшөөрч Сайхан Ремедиостой хамт тэнгэр рүү хөөрсөн цагаан даавууны дэвэлтэд гэрэлтсэн нэр хүнд тэнгэрээс Габогийн дээр бууж ирсэн юм. “Зуун жилийн ганцаардал” зохиолынхоо амжилтыг тэмдэглэх гэж тэр үед Буэнос Айрест анх удаа очсон Габо энэ хотод дахиж хэзээ ч очоогүй билээ. Даруухан, энгийн Габриель тэр цагаас хойш өмнөх шигээ хүн биш болж, Аргентины нийслэлд хэзээ ч буцаж очоогүй юм. “Буэнос Айрест очихдоо болгоомжтой байх хэрэгтэй. Чамайг зовоож ч мэднэ” гэж тэрээр хэлсэн удаатай. Алдарт зохиолчийн энэ үг ямар утга агуулгатайг хэн ч тайлж  чадаагүй боловч Буэнос-Айрес хот “Зуун жилийн ганцаардал”-ын домогтой салшгүй холбоотой нь дамжиггүй юм.

Зургийн тайлбар: “Зуун жилийн ганцаардал” романы анхны хэвлэлт


Volkswagen Toyota-г гүйцлээ

Германы Volkswagen концерн борлуулсан автомашиныхаа тоогоор энэ зах зээлд тэргүүлэгч Японы Toyota компанийг гүйцжээ. Toyota 2016 онд 10 сая 175 мянган автомашин борлуулжээ. Энэ тоо баримтад мөн Toyota-гаас үйлдвэрлэн гаргадаг ачааны Hino Motors болон Daihatsu, Lexus багтаж байна. Тэгвэл Volkswagen өнгөрсөн онд худалдааны хэмжээгээ 3.8 хувиар өсгөж 10 сая 310 мянган автомашин борлуулжээ. Ийнхүү Германы концерн автомашин үйлдвэрлэлийн зах зээлд дэлхийд тэргүүлэх болов. Wolkswagen ойрын үед ажлын байраа 30 мянгаар цомхотгохоор болсон ч зах зээл нь тогтвортой байгаа аж. Тус концерн Wolkswagen-аас гадна тансаг зэрэглэлийн Audi, Bentley, Bugatti, Lamborghini, мөн Skoda, Seat зэрэг автомашиныг үйлдвэрлэдэг.

Квебекийн лалын сүмд зургаан хүний аминд хүрчээ


Канадын Квебек мужийн лалын шашны сүмд халдлага болж зургаан хүн амиа алдлаа хэмээн тус мужийн цагдаагийн газраас мэдээлэв. Халдлагын үеэр мөн найман хүн шархдаж гэмтсэн байна. Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо лалын сүмд болсон хэрэг явлдыг алан хядах ажиллагаа хэмээн нэрлэжээ. Халдлага болох үзэр сүмд 50 гаруй хүн байсан бөгөөд 39 хүн суманд өртөлгүй эсэн мэнд үлдсэн хэмээн цагдаагийн газраас мэдээлжээ. Халдлагын золиос болсон хүмүүс нь 35-70 насныхан байна. Зэвсэгтэй этгээд яагаад халдлага үйлдэх болсныг хуулийн байгууллагууд судалж байна. 
Алтайд анд явсан нь

Осетийн Беслан хотод 2004 оны есдүгээр сарын 1-нд сургуулийн нээлт дээр Чеченийн алан хядагчид нэвтрэн баахан хүүхэд, эцэг эхийг барьцаалаад чөлөөлөх ажиллагааны үеэр 350 орчим байх аа, хүн амиа алдаад аймаар юм болсон.
Ердөө үүний дараахан Испанийн хоёр анчин ирдэг юм, Бернардо, Гильермо гээд 50, 60 гарсан хоёр баагий. Тэд Барселона хотоос “Аэрофлот”-ын онгоцоор Москвагаар дамжаад ирж. Тэгсэн Барселонагийн нисэх буудал дээр Оросын онгоц бууны тусгай, онцгүй зөвшөөрөл нэхээд, байхгүй юм чинь онгоцонд оруулалгүй аваад үлджээ. Бесланы хэрэг явдлын дараа хяналт шалгалтаа бүр чангатгасан юм байна лээ. Тэгээд буугүй хоёр нөхөр сайхан маасайчихсан бууж ирдэг юм байна. Тэгээд ачаагаа авах гэтэл бас байдаггүй, төөрөөд алга болжээ. Ингээд буу ч үгүй, чемодан ч үгүй паскаа ганзагласан хоёр анчин тосч авлаа өөөө... 
Маргааш нь Ховд явах ёстой. Бууны эрэлд гарлаа. “Нью-Жуулчин” компанийн захирал Нэргүйн болон Пан Зоригоо хэмээх нөхрийн бууг олж авлаа. Гэтэл ердөө л есхөн сумтай. (Анчид ер нь 40 сумтай ирдэг л дээ). Дахиад сумны эрэлд гарлаа. Амралтын өдөр байсан тул эрсээр эрсээр арай хийж нэг хайрцаг, 20 ширхэг, сум олж авлаа. Тэгээд л Ховд руу нислээ дээ. Ховд хотод буугаад Үенч сум дахь отог руу явахаасаа өмнө захаар орж анчид ганц нэг хувцас, солионы гутал нтр авч байна. Ууланд өмсөх гутал, хувцас юу ч байхгүй юм чинь.
Оройдоо Үенчийн хавцал дахь Аригаагийн (Думаабаатарын Ариунболд) отог дээр ирээд маргааш өглөө нь хоёр орчуулагч нэг нэг анчнаа аваад хоёр тийшээ авдаа гарлаа даа. Гол зорилго бол тав хоногийн дотор нэг нэг тэх (янгир) унагах. Би Бернардог, Жагаа ах Гильермог аваад 29 сумаа хоёр хувааж аваад нутгийн газар анчдаа дагуулаад үүрийн таван цагийн үед гарлаа. Манай баг нэлээн яваад уул руугаа өгсөөд явж байтал, арай үүр цайгаагүй байсан, машины гэрэлд шууд л хоёр чоно ороод ирлээ. Хангайд машины гэрэлд чоно орж ирэхээр зугтчихаад байдаг, харин Алтайд гэрэл рүү хараад зогсчих нь элбэг.
Анчнаа буулгаад “За бууд” л гэлээ, чоно 100 гаран л метрийн зайд л байсан. Бенни (Бернардо) чоныг бууныхаа дуранд оруулж чадалгүй жаал мунгинаж байснаа нэг оруулж аваад “За, буудлаа” гэж байна. Би дурангаар хараад зогсож байлаа. Гайхал саарлыг дурангаар харахад яг наашаа хараад л зэвүүн гоё харагдаж билээ. Манай хүн ч тасхийлгэлээ, чонын хойд хөлийг оножээ. Уул өөдөө өгсөх гээд зогсож байсан чоно нэг гаслаад шууд л буцаад уруудаад харайлгалаа. Харамсалтай нь бид дахин олж харж чадсангүй алдчихсан юм. Бид бүгдээрээ, Бенни бүр ч их харамсаж, шогшроод л....
Ангаа үргэлжлүүлж өдөржин явсан холоос хэдэн тэх харж явсаар эхний өдөр дуусав. Дараагийн өдөр арав гаран тооны тэх харж сайн ойртож чадахгүй байсаар нар хэвийлгэж, отог руу буцах замдаа нөгөө талаас нь олж харж аваад жаал харж зогсов. Тэхүүд бараг 700-800 метрийн зайтай, уулын бараг орой дээр байсан. Бенни “Буудчих уу” гээд байхаар нь нэг тэхийг зааж өгч байгаад бууд бууд л гэлээ. Мань хүн хоёр гурав ч буудаад оносонгүй, сүүлд нь манай газарч анчин Заяа бууг нь шүүрч авснаа хоёр ч буудаад хаялаа, оноогүй ээ... Ангийн гурав дахь өдөр буу дуугаргасангүй, ангаа хайж, дурандаж явсаар дууслаа.
Харин дөрөв дэхь өдөр хэдэн сайхан амьтан олж аваад араас нь мөшгилөө дөө. Нэг уул даваад орсон сүргийн араас явсаар байгаад давсан газраас нь өнөө хэдийг олоод авлаа шүү. Тэд давж нэлээн уруудаад хэсэг хадан дунд ороод хэвтчихэж. Мань хэд нь дурандаад л, алийг нь буудах уу гэж ярилцаад л сууж байлаа. Нэлээн байж байгаад нөгөөдүүл чинь босоод идээшлэх маягтай болохоор нь нэгийг зааж өгч байгаад буудуулав. Гэтэл оносонгүй, тэхнүүд үргэн давхиж, доод жалга руу, гэхдээ бидний доогуур ташуу маягтай давхилаа. Гүйж байхад Бенни бас хоёр, гурав буудаад авсан. Онодоггүй ээ! Тэхнүүд жалга руу орж харагдахаа болив. Цаад талын энгэр рүү гарахыг хүлээж суутал гарч ирсэнгүй. Заяа “Эд нар энэ доор хурчихлаа шүү” гэж байна. Бид ч буудсан газраасаа жалга дөхөн уруудасхийгээд, суугаад амраад явж байлаа, хад асгагүй цагаан энгэрээр. Гэтэл доод талын хэдэн чулууны араас эвэр цухуйж нөгөө тэхнүүд чинь ар араасаа гараад ирлээ шүү...!!!
Ил цагаан, нуугдах хад чулуугүй энгэрээр явж байсан бид ч (газарчин Бенни бид гурав) тэндээ шомбойж суугаад хөдөлгөөнгүй боллоо. Гэтэл өнөө гайхлууд чинь ар араасаа үсэрч гарч ирснээ яг биднийг чиглээд, зарим идэсхийгээд л, өөдөөс тайван яваад байдаг юм даа, ердөө л зуу гаран метрийн зайтай. Сэмээрхэн Беннид хэлж бууг нь бэлдүүлж байгаад нэг тэхийг бууд гэлээ. Мань эр буугаа өвдгөн дээрээ тавьж шагайж байгаад л аваад хаялаа даа... Гэтэл бас оносонгүй. Өнөөдүүл хөндлөн урдуур гүйхэд нь дахиад нэг сум тавьтал урд талын хааг нь хуга буудаж, тэх ч годройтож унаснаа доголоод л цаашаа давхилаа. Нэмээд хоёр гурав ч буудсан байх, тэгж байж тэхээ унагаж авлаа даа. Дараа нь манай газарч залуу хэлж байсан “Тэх нарны өөдөөс юм хардаггүй” гэж. Нөгөө тэхнүүд бидний өөдөөс л яваад байсан, тэгсэн бидний яг чанх араас, тэхнүүдийн өөдөөс нар тусч байсан болохоор тэд нар ил шовойгоод сууж байсан биднийг хараагүй юм байна лээ.
Тэхээ янзалж эвэр, толгойг нь салгаж аваад нэлээн хойно уулын энгэрт байгаа машин руугаа зүтгэлээ. Заяа мах авна гээд тэхний хоёр гуяыг нь салгаж аваад эвэрний хоёр үзүүрт өлгөөд дээшээ зүтгэв. Буун дуунаар гарч ирдэг тас шувууд биднийг холдов уу үгүй юу эргэлдэн буугаад найраа эхлэвэй.....
Ангаа хийчихсэн додигор улсууд Баян Алтайдаа талархаад машиндаа суун уруудаад буулаа даа, үдээс хойш дөрвөн цагийн хавьцаа.  Хоорондоо шан пан гээд буу халаад л, Бенни эхний өдөр буудаж алдсан чонондоо харамсаад л “Гайхал чоно чи, дахиад гараад ирдэг ч болоосой” гээд л хашгирч явтал урд сууж явсан газарч Заяа “Чоно, чоно” гээд л хашгирлаа. Уулнаасаа буугаад ам руу орох гээд явж байсан. Хоёр чоно цаад энгэрээр гүйж явна даа. Уулын ам руугаа гялс буугаад жолоочдоо “Амаа өгсөөд гишгэ” л гэлээ. Жолооч маань сайн гишгэж өгдөггүй шүү... “Үгүй чи жаахан гишгээд өгөөч, яваад өгөөч” гэж Заяа бид хоёр нийлж хашгирсаар чоно гүйж явсан зэгстэй энгэрт дөхөж зогсоод бүгд машинаасаа үсрэн бууцгаав. Нээрээ нэг зүйлийг хэлэхээ мартаж, тэхээ агнасны дараа бид ердөө л гурван сумтай үлдчихээд ингэж отог руугаа буцаж явсан юм.
Хараад зогсож байтал цаад энгэрийн өвс, дэрс хөдөлж нэг чоно явж байгаа нь мэдэгдлээ. Анчиндаа “Бэлэн байгаараа” гэж хэлээд байлдааны бэлэн байдалд орлоо доо. Өнөө чоно ч зэгс хөдөлгөсөөр захад нь гараад ирэв.
Бенни машины арын запас дугуйн дээр буугаа тавьж хараалж байгаад л панхийлгэлээ. Нам авжээ. Чоно тэр доороо л унаад өгсөн. Ойрхон ч газар байсан даа, 40-50 метр. Сэмээрхэн алхаад яваад очтол жижгэвтэр чоно гэдсэндээ зад буудуулаад газар дээрээ нам явжээ. Тэхээ агнаад бууж явахдаа нэг сумаар чоно нам буудсан Бенни хашгирч гуаглаад л сүйд болж байна. Тэгсэн анх удаа чоно унагаж байгаа нь тэр юм байж, арга ч үгүй биз. Монголчууд чоно алсан хүнийг “Одоо л анчин боллоо” гэж хэлдэг дээ. Гадаадын лайтай зэвүүн гоё буу үүрсэн анчид таван тивд бараг бүх анг агнасан мөртлөө чоныг бол агнаж үзээгүй л байдаг юм, бараг бүгдээрээ.
Тэх, чоно унагасан баатрууд отог руугаа дахин хөдлөв. Бенни ч асар их баяртай, ганцаараа хашгирч яриад л “Одоо нэг үнэг гараад ирдэг ч болоосой, тэгвэл ай яая аа....” гээд л орилж байна. Гэтэл ингэж хэлж дуусав уу үгүй юу нэг үнэг машины урдуур хөндлөн гараад хажуугийн энгэр рүү гараад явдаг юм даа. Машин ч шаасан гадас мэт нам зогсож, Бенни үсэрч буугаад хажуугийн энгэрээр давхиж буй (гүйж биш, бүр давхиж явсан юм шүү) үнэгийг дагуулж шагайж байгаад л гохоо дарсан чинь үсэртэл нь авдаг юм даа... Очоод үзтэл хөөрхий үнэгийг бараг авах юмгүй болтол нь зад буудсан байж билээ.
Ингээд Дөлгөөн (жолооч), Заяа, Бенни бид дөрөв ангийн дөрөв дэх хоногт нэг өдөрт л тэх, чоно, үнэг унагаад отог дээрээ баатарлаг амьтад буусан даа. Жагаа ахын дагуулж явсан Гильермо дөрвөн өдөр хоосон, эцсийн буюу тав дахь хоногт азаа үзнэ дээ гээд л байж байсан. Нээрээ Бенни үнэг буудаж унагачихаад буугаа толгой дээрээ өргөөд эргэлдэж бүжиглээд л “Хөөрхий Гильермо, хөөрхий Гильермо” гээд л бахдалтай нь аргагүй хашгираад байж билээ. Тэд нар чинь унагасан ангаараа, том жижгээрээ их өрсөлдөнө л дөө.
Маргааш нь манай баг анд гарсангүй амрав. Ангаа хийгээгүй Гильермо, Жагаа ах нар эцсийн өдрөө гарлаа даа. Маргааш өглөө нь Ховд явахгүй бол болохгүй, онгоцноосоо хоцорно. Энэ өдөр тэнгэр бүрхэг, бороо дусагнаастай, уууландаа манан ихтэй байсан тул бүгд л Гильермог яах бол гэж бодож байлаа. Харин үд өнгөрөв үү үгүй юу нөгөөдүүл чинь машиныхаа гэрлийг асааж, дохиод л ороод ирдэг юм. Мэдээж ангаа хийсэн учраас ийнхүү эрт, гэрэл мэрлээ анивчуулан орж ирж байгаа хэрэг. Тэгсэн Гильермо манай анчны тэхнээс хавьгүй илүү том эвэртэй сайхан амьтан унагасан байсан даа. Их азтай, манантай юу ч харагдахгүй, нэг орой дээр гарахаар явган өгсөөд явж байтал (11 цагийн үед) манан сарниад тэндээс нь хэдэн тэх гараад ирсэн юм байна лээ. Баян Алтай бол тэгээд өгөх хүндээ хишгээ өгдөг аж.
Ховдоос УБ-т онгоцоор буухад хоёр анчны чемодан ирчихэж. Бөөн баяр! Чемонданаа онгойлгож онгоцонд танилцсан испани залуу хосод jamon буюу гахайн утсан мах гаргаж “Май май, ав ав” гэж өгөөд л, “Паа, шинэ өмднүүд” гэж орилоод л, бас л хөгжилтэй, хөгтэй анчид даа...
Маргааш нь хөвчийн ан буюу бор гөрөөс агнахаар Амарбаясгалант хийд рүү гараад шидлээ. Тэндхийн “Амарбаясгалант” баазад байрлаж, тэр хавийн уул хөвчөөр бор гөрөөс, чоно авладаг юм. Тэнд дөрвөн өдөр ан хийхэд манай Бенни эцсийн өдөр ганц бор гөрөөсөө унагасан бол, Гильермо хоёр дахь өдөр л нэг дор хоёр чоно унагаад, дараа нь бор гөрөөс, дорго хүртэл агнасан юм даа. Алтайд ялан дийлсэн манай анчин Бенни Сэлэнгэд ирээд нөгөөхдөө “нам тавиулсан нь” энэ. Нэг юм хэлэхэд, доргоны мах янзын гоё юм байна лээ, яг л тарвага. Тэр өвчихдөө үелүүлсэн өөх, махны амт гээд яг л тарвага. Ингэж нэг хоёр сайхан гартай сонирхолтой анд явж билээ.

Жич:



Баян Алтай, сайхан Монгол нутгийнхаа хишгийг их ч хүртсэн. Гадаадын хүмүүсээр ан амьтнаа алууллаа, хядууллаа гэх санаа бодол байдаг л. Гэхдээ монголчууд бид чинь зах зээлд орсны дараа мөнгөний төлөө сор болсон ан амьтнаа өөрсдөө л хядаж, дуусгаж байсан. Тэрнээс гадаадын анчин ирээд Засгийн газраас баталсан ан амьтныг авлаад явахаар ан амьтан дуусна гэсэн ойлголт байхгүй л дээ. Бүр тэр тусмаа, гадаадынханд ан амьтнаа авлуулж, мэдээж бүх зүйл хууль ёсны дагуу, сум орон нутгийн төсөвтөө багагүй орлого оруулдаг нутаг, уулын ан амьтан харин ч өсч үрждэг юм шүү..!! Гадаадынхан үргэлж томыг нь буюу хөгшнийг нь шилж унагадаг. Нүүрсээ ухаад зараад ашиг олдогтой адил, хангайн сайхан хишгээ ч сайхан, зөв зүйтэй ашиглаад орлого олж суухад одоохондоо буруу зүйл байхгүй биз. Монголчууд ч эрт дээр үеэсээ ан аваар амьдарч, Баян Хангай, Баян Алтайнхаа хишгийг хүртэж ирсэн уламжлалтай ард түмэн. Тэр их хишгээс гадаадынхан ч хүртэж, нутгийн анчин, газарчин гээд олон монголчууд ч бас “хишиг” хүртэж байгааг л би л хувьдаа зөв гэж үздэг. Үнэхээр хангайн хишиг их ээ, тэрийг бид хуваалцах л ёстой.




25 жилийн дараа гэртээ ирсэн энэтхэг жаалын түүх “Оскар” авах уу

“Оскар”-ын шагналд нэр дэвшээд буй кинонд Дев Пател дүрийг нь бүтээсэн Саро Брирли хөвгүүн тав наслахдаа хэн хүний үзээгүй хатуу хөтүү амьдралыг туулсан юм. Хүнд зүгээр л туслах гэсэн сониуч зандаа хөтлөгдсөн тэрээр ах Гуддугаа дагаж ажил руу нь явсан ч тэрхүү галт тэрэг болон хүчтэй мөрөөдөл нь бяцхан хөвгүүнийг гэр бүлээс нь холдуулжээ. Калькутта хотын харгис гудамжинд ганцаараа хөл тавьсан тэрээр хэдэн сарын турш бусад золгүйчүүдийн хамтаар гудамжинд амьдарчээ. Газар дор амьдардаг хүмүүсийн өршөөлгүй харц, өлсгөлөн, өвчингийн улмаас амь тавьж буй гуйлгачдыг харж, хүүхдийг садар самуунд уруу татагчаас зугтаж, “газар нутаг”-т нь эзэн суух нь хэмээн бачимдсан хүүхдүүдийн “чулуун бороо”-ноос амь гарч явсан удаатай. Саро хөвгүүн хаягдал хоол, унтахад хэрэгтэй хатуу цаас хайж, булан бүрээс ирэх аюулаас зайлж явсан юм. Саро Брирли энэ бүх зовлонг тэвчиж гарч чадна гэж мэдэж байсан. Тэрээр тэсч үлдэхийн тулд, амьд гарахын тулд бодит байдлыг жаргалтай дурсамжаасаа илүүд үзэж дотроо хадгалсаар явжээ. Тэсч үлдэх зөн совин нь дийлж, илүү их эрч хүчээр санаанд оромгүй адал явдлыг эхлүүлсэн байна. Гэвч хувь заяа амьдралд нь өөр эргэлтийг авчрахаар түүнийг хойш нь чангааж, зогсоож байсан билээ.
Гудамжинд золчин нохой мэт амьдарсан итгэмээргүй цаг үе гэнэт зогсож ид шид тохиох нь тэр. Нэгэн австрали гэр бүл Саро хөвгүүнийг өргөж авчээ. “Өргөж авсан ээж минь өрөөг Энэтхэгийн газрын зургаар гоёсон. Орны хажууд хананд өлгөсөн. Би өглөө босох бүртээ тэр газрын зургийг хардаг байлаа. Миний дурсамжийг амьд байлгаж, гарал үүслийг минь үргэлж сануулж байхын тулд үүнийг хийсэн байсан” хэмээн Брирли дурсан ярьж байна. “Гэртээ харих урт зам” хэмээн түүний бодит түүхийг өгүүлсэн номоор сэдэвлэн саяхан “Lion” хэмээн кино бүтээсэн нь удахгүй болох “Оскар”-ын шилдэг киноны төрөлд тунаж үлджээ.
Хувь заяаны төөргөөр сайн хүмүүстэй учирч элбэг хангалуун амьдралтай болж 25 жил өнгөрсөн ч хүүхэд ахуй насны дурсамж, гуниг түүний сэтгэлээс арилсангүй. Өсч том болсон энэтхэг залуу улам л гуниглах болж, төрүүлж өсгөсөн аав ээж, гэр бүлээ мэдэхийг улам хүсэх болов. Өнгөрсөн үетэйгээ эвлэрч, төрүүлсэн аав ээжээ таньж мэдэхгүй бол урагшаа алхаж чадахаа больсноо нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолж байв. Өсч том болж байхдаа л дотроо хадгалсаар, боловсруулсаар ирсэн шийдэмгий бодол нь багын дурсамжийг нь эргүүлэн авчирч төрж өссөн тосгоныхоо нэрийг Google Earth дээр хайж олсон байна. “Тэр бол миний хамгийн аймшигтай айдас байсан. Интернэтийн газрын зураг дээр төрөлх тосгоноо хайж олсон ч гэртээ харихад тэд маань байхгүй байвал яана гэж бодоход үнэхээр хүнд байсан” хэмээн Саро Брирли сэтгэлээ дэлгэсэн юм. Гэвч тэрээр төрөлх нутаг руугаа тэр дороо яаран явсангүй.
Гэвч хоёр жилийн дараа гэртээ харихаар шийдэж, газрын зурагнаас илрүүлсэн төрөлх тосгондоо очиход ээж, аав, ах дүү нар нь байж байсан юм. Тэрээр хувь заяагаар төөрсөн гэр бүлээ олоод зогсохгүй, эцэг эхээс заяасан нэрээ хүртэл эргүүлэн олж авчээ. Түүнд Саро биш, Шеру буюу хинди хэлэнд арслан хэмээх нэрийг хайрласан байсан аж. Өөрийн эзэмшлийн сүргээ эргүүлэн хураадаг арслан шиг л тэрээр олон жилийн турш хуримтлагдсан гуниг, гэрээ санасан сэтгэлээ гарган “архирч” гэр бүлээ эргүүлэн олж авсан юм. “Зэрэгцэн зогсож ярилцаж буй хоёр ээжийгээ хараад л миний бүх санаа зовнил, айдас замхран алга болсон. Тэд маань надад нэг биш, хоёр амь, амьдрал хайрласан” хэмээн Шеру ярьжээ. “Гэртээ харих урт зам” номд “Чи өөрийгөө хэн гэдгийг мэдэхийн тулд хаанаас ирснээ мэдэх ёстой” хэмээн бичсэн байдаг билээ.

Хятад жуулчидтай хөлөг онгоц алга болжээ

Малайзын эрэг орчимд явж байсан Хятадын 28 жуулчинг суулгаж явсан хөлөг онгоц сураггүй алга болжээ. Менгалум арал руу явж байсан хөлөг Кота-Кинабалу хотын боомтоос гараад Малайзын мэдлийн усанд явж байхдаа холбоо тасарч сураггүй болжээ. Эрх баригчид түгшүүр зарлаж, эрлийн баг яаралтай араас нь хөдөлжээ. Аврах ажиллагаа явуулахад хүчтэй салхи, том давалгаа саад болж байна. Эрэл хайгуулын ажиллагаанд цагдаагийн ажилтнууд, мөн Малайзын нисэх хүчин, тэнгисийн цэргийн флотынхон оролцож байна. Менгалум арал нь зэрлэг, цэвэрхэн далайн эргээрээ гадаадын жуулчдыг ихээхэн татдаг алдартай газар ажээ.

Д.Трампын тушаалыг биелүүлэхгүй байхыг шүүхээс зөвшөөрөв

Шинэ-Йорк дахь холбооны тойргийн шүүх АНУ-ын нисэх буудлуудын дамжин өнгөрөх бүсэд байгаа Ойрхи Дорнодын цагаачдыг АНУ-ын газар нутагт хөл тавихыг хориглосон Ерөнхийлөгч Дональд Трампын тушаалд түр хориг тавьжээ.
Ийнхүү шүүгч Энн Донелли Иргэний эрх чөлөөг хамгаалах Америкийн холбооны (ACLU) хүсэлтийг ёсоор болгов. Трампын зарлигийн улмаас АНУ-ын нисэх буудлуудын транзит бүсэд 200 орчим цагаач гацаад байсан юм. Өнгөрсөн долоо хоногийн тав дахь өдөр гаргасан зарлигийн дагуу АНУ-д лалын радикал террористуудыг оруулахаас сэргийлэхийн тулд бусад улсаас цагаач хүлээж авах хөтөлбөрийг 120 хугацаагаар түдгэлзүүлсэн юм. Трампын тушаалын дагуу, Ирак, Иран, Йемен, Ливи, Сири, Сомали, Суданы иргэдийг АНУ руу нисэх онгоцонд оруулахгүй байх ёстой. Цагаачдад АНУ-д байнга оршин суух эрх байхгүй, эсвэл дипломат визгүй л бол АНУ-д оруулахгүй гэж байна.  Үүний дараа ACLU-ийн хуульчид дээрх улсын уугуул иргэдээс ирсэн гомдлыг авч хэлэлцээд Цагаан ордны шинэ эзний шийдвэрийг түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ.

Серена Australian Open-д долоо дахь удаагаа түрүүлэв

Мельбурн хотод болж буй Австралийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд Серена Уильямс түрүүлж тус тэмцээний цомыг долоо дахь удаагаа өргөлөө. Тэрээр мөн 1.3 сая долларын чек гардаж авчээ. Серена аваргын төлөөх тулаанд эгч Венус Уильямсыг 6:4, 6:4 харьцаагаар хожлоо. 35 настай дүү нь талбайн теннисийн дөрвөн том тэмцээний нэг болох Australian Open-д ийнхүү долоо дахь удаагаа түрүүлж (2003, 2005, 2007, 2009, 2010, 2015, 2017) хосгүй амжилтад хүрсний зэрэгцээ эмэгтэй теннисчдийн  чансааг дахин тэргүүлэхээр болов. Серена Уильямс “Их дуулга”-ын 23 түрүүтэй болж Германы теннисч Штеффи Графыг гүйцжээ. Одоо 24 түрүүтэй Австралийн Маргарет Корт л үлдээд байна.

Диана гүнжийн хүүхдүүд ээжийнхээ хөшөөг босгоно

Британийн ханхүү Уильям, Харри нар 20 жилийн өмнө харамсалтайгаар өөд болсон ээжийнхээ дурсгалыг хүндэтгэж босоо хөшөө бүтээхээр болжээ. Хөшөөг Уэльсийн гүнж багагүй цагаа өнгөрөөдөг байсан Кенсингтоны ордны гадаа олон нийтэд зориулан босгох аж. Уран барилгын нэгэн чухал төлөөлөл болсон Кенсингтоны ордонд ханхүү Уильям, Кейт нар амьдарч байна.
“Түүний нааштай нөлөө, нэр хүндийг хүлээн зөвшөөрөх цаг боллоо. Манай ээж олон хүний сэтгэлийг хөдөлгөж, гүн сэтгэгдэл үлдээсэн. Кенсингтоны ордонд зочилсон хүн бүр ээжийн минь амьдрал, үлдээсэн өвийг эргэцүүлж байгаарай гэж хүсч байна” хэмээн Диана гүнжийн хүүхдүүд мэдэгдэлдээ онцолжээ. Одоогоор хөшөөг урлан бүтээх уран барималчийг олж сонгоогүй байгаа ч хөшөөг босгох ажил ойрын үед эхэлнэ хэмээн хатан хааны гэр бүлийн төлөөлөгч мэдэгдлээ. Диана гүнжийг хөшөөнд мөнхлөх уран бүтээлчийг зургаан хүнээс бүрдсэн комисс сонгоно. Тэдний дунд Уэльсийн гүнжийн эгч Сара байгаа аж. Английн хатан хаан II Элизабет Дианад хүндэтгэл үзүүлэх гэсэн ач нарынхаа хүслийг дэмжиж байгаа аж.

Ээжийнх нь гэнэтийн үхэл өөрт нь ямар нөлөө үзүүлсэн талаар олон жилийн турш ам нээж яриагүйдээ харамсаж буйгаа ханхүү Харри өнгөрсөн зун илэрхийлсэн юм. Диана автозамын ослоор нас барахад Харри 12, Уильям 15 настай байсан билээ. Диана Спенсер 1981 онд Британийн хаан ширээг залгамжлагч хунтайж Чарльзтай гэрлэсэн. Тэдний гэрлэлт эцэстээ хямралд орж 1996 онд салжээ. Диана 1997 онд найз залуу Доди аль-Файедийн хамт Парис хотын Ritz зочид буудлаас гарч автомашинаар явж байхдаа осолд орж харамсалтайгаар амь насаа алдсан юм.

Wednesday, 25 January 2017




Евро жил хагасын дараа алга болж магадгүй

АНУ-ын шинэ засаг захиргаанаас Европын холбоон дахь төлөөлөгчөөр сонгогдох гэж байгаа Тед Маллок ВВС агентлагт ярилцлага өгөхдөө “Европын холбооны нэгдсэн мөнгөн тэмдэгт евро ойрын жил хагасын дотор сүйрч алга болно” хэмээн онцолжээ. Мөн Их Британи ойрын гурван сарын дотор АНУ-тай аль аль талын ашиг сонирхолд нийцсэн худалдааны гэрээ байгуулах боломжтой хэмээн ярьсан нь дэлхийн түвшинд бас нэг шуугиан тариад байна. Их Британийн Европын холбооноос гарах шийдвэрийг (Brexit) “Цэвэрхэн, харгис, хэрцгий” гэж нэрлэсэн Маллок Brexit-ийг Их Британийн хувьд хамгийн зөв зам, гарц хэмээн үзэж байгаа аж. Их Британи Европын нэгдсэн зах зээл, гаалийн холбооноос гарсны дараа “Брюсселийн хүнд суртал”-ыг үл хайхарч, худалдааны гэрээг бие даан хийж болно хэмээн нөхөрсгөөр зөвлөв. Хэрвээ Лондон, Вашингтоны хоорондох гэрээ хэлэлцээг Брюссель ямарваа нэг арга хэлбэрээр саатуулах, зогсоох гэж оролдвол энэ нь утгагүй, хэрэггүй үйлдэл болно хэмээн профессор Маллок үзэж байна. “Эхнэр нь нууц амрагтай болох гэж байхад нь нөхөр нь хориглосонтой яг адил” хэмээн зүйрлэжээ.
Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй АНУ-ын Ерөнхийлөгчтэй уулзахаар өнөөдөр Вашингтон руу нисч байна. Тэрээр Цагаан ордны шинэхэн эзэнтэй уулзах анхны гадаад лидер болох бололтой. Тэд хоёр улсын хооронд худалдааны гэрээ байгуулах талаар голлон ярилцах аж. “Уолл-Стрит болон Лондоны хөрөнгийн бирж дээр ажиллаж байсан хүмүүсийн хувьд хэлэхэд, зөв хүмүүстэй зөв өрөөнд суугаад ярилцвал хангалттай сайн мэдээлэл авч, илүү их эрч хүчийг олж авдаг юм. Трампт мэдээж их эрч хүч байгаа, үр дүнд хүрэх нь дамжиггүй” хэмээн Тед Маллок нэмж хэллээ.

Мексикийн Ерөнхийлөгч: Хилийн дагуух хана хэрэмд бид мөнгө гаргахгүй


Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пенья Ньето хилийн дагуу хана хэрэм босгох шийдвэр гаргасан АНУ-ын Ерөнхийлөгчийн шийдвэрийг шүүмжилжээ. “Тэр хана хэрэм босгох мөнгийг Мексик улс гаргана хэмээн Трамп хэлсэн. Тийм юм байхгүй, бид тэр хэрэмд ямар ч мөнгө төлөхгүй. АНУ-ын газар нутаг дээр байгаа мексик иргэдийн эрх ашгийг бид хамгаалах л болно” хэмээн Ньето мэдэгджээ. Энрике Пенья Ньето энэ сарын сүүлчээр АНУ-д айлчлах гэж байгаа ч Мексикийн улс төрийн нэртэй зүтгэлтнүүд энэ айчлалаа цуцлахыг уриалж байгаа аж. Д.Трамп ABC News телевизэд ярилцлага өгөхдөө, Мексикийн хилийн дагуу барих хана хэрмийн зардлыг Мексик улс 100 хувь хариуцах ёстой хэмээн мэдэгдсэн юм. Хилийн хамгаалалтын хэрэм нь хар тамхины наймаа, гэмт хэрэг, хууль бус цагаачдыг зогсооно хэмээн АНУ үзэж байна. 

Tuesday, 24 January 2017





Мексикийн хилийн дагуу хана хэрэм босгоно

Цагаан ордонд ирвэл хууль бус цагаачлалыг зогсоож, үндэсний аюулгүй байдлыг сайжруулахын тулд Мексикийн хилийн дагуу хана хэрэм босгоно хэмээн амлаж байсан Дональд Трамп хэлсэндээ хүрэх болоттой. Тэрээр Twitter хуудсаараа дамжуулж “Маргааш (Өнөөдөр) үндэсний аюулгүй байдлын хувьд нэн чухал өдөр байх болно. Олон зүйлийг хэлэлцэнэ. Бид хана хэрмийг барих болно” хэмээн мэдэгдсэн юм. Ийнхүү Америкийн шинэхэн босс хүн давахын аргагүй өндөр хана хэрмийг Мексик-АНУ-ын хилийн дагуу босгож өмнөд хөршөөс орж ирдэг бичиг баримтгүй цагаачдаас бүрэн ангижрах санаархалдаа хүрэх гэж байна. Мексиктэй залгаа хилээр зөвхөн мексикүүд бус, “Америк мөрөөдөл”-ийг хайсан Латин Америкийн бараг бүх орны иргэд, хятадууд хүртэл орж ирдэг аж. Хилийн дагуух цөлөрхөг нутгаар дамжин АНУ-д хөл тавих гэсэн цагаачид Америкийн хилийн харуул, цагдааг байнга сонор сэрэмжтэй байлгаж, амар заяа үзүүлдэггүй билээ.
Дэлхийн хамгийн хүчирхэг гүрний эрх мэдлийг гартаа атгаад долоо ч хоноогүй байгаа Дональд Трамп ямар шийдвэр, зарлиг гаргах нь тун сонирхолтой байна. Тэрээр өмнөх засаг захиргааны үед байгуулсан, гарын үсэг зурж баталсан олон чухал тохиролцоо, гэрээг зоригтойгоор, “нэг үзэгний үзүүр”-ээр цуцалж эхлээд байна.
АНУ-ын Ерөнхийлөгч хилийн дагуу хана хэрэм босгохоос гадна дүрвэгсдийг хүлээн авах хөтөлбөрийг цуцалж, хямрал, дайнтай байгаа улс орнуудын цагаачдыг АНУ-д оруулахгүй байх зарлигийг батлах гэж байгааг эх сурвалжууд мэдээллээ. Д.Трампын хоригт өртөх улсууд нь Сири, Ливи, Сомали, Иран, Ирак, Судан байх болно хэмээн CNN агентлаг мэдээлэв. Тэрээр мөн АНУ-д ажиллаж, амьдарч байгаа бичиг баримтгүй, хууль бус 11 сая цагаачийг уугуул нутаг руу нь буцаах хүсэлтэй байгаагаа нуугаагүй аж. Трамп өнгөрсөн долоо хоногт Сенатаар батлагдаж Үндэсний аюулгүй байдлын департаментын тэргүүн болох нь тодорхой болсон чөлөөнд гарсан генерал Жон Келлитэй ажил хэргийн уулзалт хийхдээ Мексикийн хилийн дагуу хана хэрэм босгох зарлигт гарын үсэг зурах ажээ. “Político” сонин мэдээлж буйгаар, Трамп хана хэрэм босгох зарлигт гарын үсэг зурахдаа хууль бус цагаачдын эсрэг тэмцэж байгаад амь насаа алдсан хилчин, цагдаа нарын ар гэрийнхнийг урих аж. Мөн АНУ-ын газар нутаг дээр гэмт хэрэг үйлдсэн гадаад иргэдийг нутаг руу нь буцаах, шилжүүлж өгөх зарлигийг батлах бололтой. Нэг сонирхолтой зүйл байгаа нь, хилийн дагуу барих хана хэрмийг зардлыг Мексик улс гаргах ёстой хэмээн зүтгэсээр байх бололтой.  

Ф.Олланд FARC-ийн лидерүүдтэй уулзав

Францын лидер Франсуа Олланд Колумб улсад айлчлах үеэрээ Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантосын хамтаар тус улсын баруун хэсэг дахь босогчдын хуаранд очиж зүүний эрс үзэлтэй FARC-ийн удирдагчидтай уулзжээ. Минажуулсан газар нутгийг    цэвэрлэх, сураггүй алга болсон хүмүүсийг эрж хайх хөтөлбөрт санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ Олланд илэрхийлэв.  Колумбын сөргөлдөгч талууд хэлэлцээ хийж, энхийн гэрээ байгуулах үйл явцад Парис бүх талаар дорвитой туслаж байсан билээ. Боготагийн эрх баригчид өнгөрсөн оны арваннэгдүгээр сард босогчдын гол бүлэгтэй энхийн гэрээ байгуулж чадсан юм. 1964 онд байгуулагдсан FARC бүлэг ихээхэн газар нутгийн хяналтдаа авч, хар тамхины наймаан эрхэлж, Засгийн газрын эсрэг зэвсэгт тэмцэлдээ 200 мянга гаруй энгийн иргэнийг золиослосон. Энхийн гэрээ байгуулснаар босогчид зэвсгээ хураалгаж энгийн амьдралд шилжихээр болсон юм.

Сири охины Д.Трампт бичсэн захидал

Долоон настай сири охин Бана Алабед АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт хандан захидал бичсэн нь дэлхийн нэг чухал мэдээ болоод байна. Сири охин Twitter хуудсандаа энэ захидлаа нийтэлсэн юм. Тэрээр өнгөрсөн арванхоёрдугаар сард гэр бүлийн хамт бүслэгдсэн, дайн байлдааны хөлд сүйрсэн Алеппогоос дүрвэж Туркт иржээ. Twitter хаягаа хөтлөхөд ээж Фатима нь тусладаг аж.
“Эрхэм хүндэт Дональд Трамп
Намайг Бана Алабед гэдэг. Алеппогийн уугуул, долоон настай сири охин. Өнгөрсөн арванхоёрдугаар сард бүслэгдсэн Алеппо хотоо орхин гарах хүртлээ Сирид, эх нутагтаа л амьдарч байлаа. Сири дахь дайнд зовж шаналсан олон хүүхдийн нэг нь би. Одоо би Турк дахь шинэ гэртээ тайван, амгалан амьдарч байна. Алеппод би сургуульд явж байсан ч бөмбөгдөөд байхгүй болгочихсон. Миний зарим найз бөмбөгдөлтөд өртөж амиа алдсан. Тэдний төлөө би маш их харамсаж, гуниглаж байна. Тэд амьд үлдээд надтай хамт энд ирсэн бол хамт тоглож байх байсан. Бид Алеппод тоглож чаддаггүй байсан, тэр бол үхлийн хот. Одоо Туркт гудамжинд гарч, тоглож, баярлаж байна. Сургуульд явах боломжтой болсон, гэхдээ арай эхлээгүй байна. Сирийн олон сая хүүхэд ингэж сургуульд явж, гадаа гарч тоглож наадаж чадахгүй байна. Тэд Сирид, эх орондоо зовж шаналж байна. Тэд том хүмүүсийн хийсэн зүйлийн төлөө зовж байна.
Таныг АНУ-ын Ерөнхийлөгч болж байгааг би мэдсэн. Сирийн ард түмнийг, хүүхдүүдийг авраач, танаас гуйж байна.  Сирийн хүүхдүүдийг өөрийн хүүхэд мэт бодоод сайн үйлс хийгээрэй. Учир нь, тэд дэлхийн бусад хүүхдийн адилаар эрхээ эдлэх ёстой. Хэрвээ та Сирийн хүүхдүүдийн төлөө ямар нэг юм хийнэ хэмээн амлавал би таны шинэ найз болох болно”

Энэ жилийн “Оскар” хэнд очих вэ?

АНУ-ын кино академийн “Оскар” дээд шагнал гардуулах 89 дэх удаагийн сүрлэг ёслол хоёрдугаар сарын 26-нд Лос-Анжелес хотын Dolby театрт болно. Хамгийн нүргээнтэй буюу шилдэг киноны ангилалд нэр дэвшсэн “La La Land” (“Оддын хот”) дуулалт кино нийт 14 ангиллын шилдэгт өрсөлдөх болсон нь гол шуугиан болж байна. Ийнхүү энэ кино 1950 оны “All About Eve”, 1997 оны “Titanic”-ийн амжилттай зэрэгцэж байгаа юм. Америкийн кино академийн шилдэг эмэгтэй жүжигчний “Оскар”-т нэр дэвшээд байгаа 67 настай Мэрил Стрип хосгүй дээд амжилтаа шинэчлэн тогтоогоод байна. Тэрээр нийтдээ 20 удаа “Оскар”-т дэвшжээ. Үүнээс 16 удаа гол дүр, дөрвөн удаа туслах дүрийн шагналд нэр дэвшээд гурван удаа “Оскар”-ын эзэн болсон юм.
89 дэх удаагийн “Оскар”-т дэвшиж буй зарим ангиллаас танилцуулъя.

Шилдэг кино:
“Arrival”
“Fences”
“Hell or High Water”
“Hidden Figures”
“La La Land”
“Lion”
“Manchester by the Sea”
“Moonlight”
“Hacksaw Ridge”

Шилдэг найруулагч:

Дамиен Казель (“La La Land”)
Мел Гибсон (“Hacksaw Ridge”)
Барри Женкинс (“Moonlight”)
Кеннет Лонерган (“Manchester by the Sea”)
Денис Вильнев Villeneuve (“Arrival”)

Шилдэг эрэгтэй жүжигчин:

Кэзи Аффлек (“Manchester by the Sea”)
Эндрю Гарфилд (“Hacksaw Ridge”)
Райан Гослин (“La La Land”)
Дензел Вашингтон (“Fences”)
Вигго Мортенсен (“Captain Fantastic”)

Шилдэг эмэгтэй жүжигчин:

Изабель Апперт (“Elle”)
Натали Портман (“Jackie”)
Эмма Стоун (“La La Land”)
Mэрил Стрип (“Florence Foster Jenkins”)

Рут Негга (“Loving”)

Monday, 23 January 2017



Хятадууд Оросын хил дээр тив хоорондын пуужин байрлуулжээ

Хятад улс өөрсдөө үйлдвэрлэсэн DF-41 тив хоорондын баллистик пуужинг Оросын хил орчмын Хэйлунцзян мужид байрлууллаа хэмээн Global Times сонинд бичжээ. Пуужин байрлуулсан зургийг Хятадын тал интернэтэд оруулсан байна. Тус улсын зүүн хойд хэсгийн Хэйлунцзян мужийн газар нутаг дээр нэн шинэ технологийн пуужинг байрлуулсныг цэргийн мэргэжилтэн, шинжээчид баталж байгаа аж. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Нэгдмэл Хятад” бодлогын эсрэг мэдэгдэл хийсний хариуд хятадууд пуужингаа байрлуулж, зургийг нь интернэтэд тавьсан хэмээн үзэж байна. “Хятадын цөмийн зэвсгийн хүч асар их. Хятадын цөмийн сүр хүчийг тооцож ямар орон Бээжинг өдөж зүрхлэхгүй” хэмээн Global Times-т онцолсон байна.

Дональд Трамп чөлөөт худалдааны гэрээг цуцлав


Цагаан ордны тэргүүн Д.Трамп АНУ-ыг Номхон далайг дамнасан хамтын ажиллагааны гэрээнээс гаргаж буй тушаалд гарын үсэг зурлаа. Тэрээр энэ гэрээг АНУ-ын эдийн засгийн гол аюул хэмээн үзсэн юм. АНУ Б.Обамагийн засаглалын үед энэ гэрээнд нэгдсэн. Трамп ажлын эхний өдөр АНУ-ыг дээрх гэрээнээс гаргана гэж амлаад хэлсэндээ хүрчээ. “Энэ бол америк ажилчны хувьд агуу том зүйл” хэмээн Трамп хэлжээ. Тэрээр нэгдүгээр сарын 20-нд тангарах өргөснийхээ дараа үг хэлэхдээ Номхон далайг дамнасан хамтын ажиллагаа буюу чөлөөт худалдааны гэрээнээс гарна гэдгээ тодорхой хэлсэн юм. Трамп гадаад бодлогынхоо хүрээнд цэрэг арми, хууль сахиулах байгууллагыг тодорхой зүйл дээр дэмжинэ хэмээн мэдэгджээ. Дээрх гэрээнээс гарсан нь АНУ-ын гадаад бодлогын нэг чухал алхам болсныг Цагаан ордны сайтад онцолжээ. 


Р.Тиллерсоныг Төрийн нарийн бичгийн даргад санал болгов

АНУ-ын Сенатын Гадаад ажил хэргийн хороо нефтийн ExxonMobil компанийн экс тэргүүн Рекс Тиллерсоныг АНУ-ын гадаад бодлогыг удирдуулахаар санал оруулж байна. Хороонд багтдаг сенаторуудаас санал хураахад намын харъяаллаараа хуваагдаж 11 бүгднайрамдахч дэмжсэн бол, Ардчилсан намын 10 сенатч эсрэг санал өгчээ. Ийнхүү Тиллерсон Төлөөлөгчдийн дээд танхимийн 100 саналаас дор хаяж 51-ийг авч байж Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ёстой болов. Бүгд найрамдах намынхан Сенатад ихэнх 52 суудлыг эзэлдэг. Тус намын Жон Маккейн, Линдси Грэм, Марко Рубио зэрэг хэд хэдэн нөлөө бүхий сенатч Р.Тиллерсоны нэр дэвшилтыг шүүмжилж байсан ч эцэст нь түүнийг дэмжихээр шийдсэн юм.
Техасын уугуул Рекс Тиллерсон (64 настай) ОХУ-д нэг бус удаа зочилж байжээ.
Тэрээр Оросыг ил тод дэмждэгээрээ танигдсан ба 2013 онд В.Путиний гараас Ард түмний найрамдлын одон гардан авч байв. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп арванхоёрдугаар сарын 13-нд түүнийг Төрийн нарийн бичгийн даргад нэрлэсэн билээ. Р.Тиллерсон нэгдүгээр сарын 11-нд үг хэлэхдээ Оростой шударга, нэллттэй яриа хэлэлцээ хийхийг уриалсан юм.

Хүүхдүүдийг амиа золиослогч-алан хядагч болгон ашиглаж байна


Амиа золиослогч алан хядагчдыг ихээр бэлтгэн илгээдэг Нигерийн зүүн хойд хэсгийн босогчид цагдаа, аюулгүй хүчний анхааралд өртөхгүйн тулд хүүхдүүдийг ашиглаж эхэлснийг нутгийн эрх баригчид сануулж байна. Нуруундаа хүүхдээ үүрсэн хоёр эмэгтэй Мадагали хотод халдлага үйлдсэнээс арав хоногийн дараа энэхүү “Маш аюултай хандлага”-ын талаар албан ёсны сэрэмжлүүлэг гаргажээ. Нэгдүгээр сарын 13-нд Адамава муж дахь тус хотод дөрвөн эмэгтэй амиа золоислогч орж ирсний хоёрыг сайн дурын эргүүлийнхэн илрүүлж, шахидын бүсээ дэлбэлэхээс нь өмнө саатуулж чадсан юм. Тэд шалган нэвтрүүлэх байрны орчимд халдлага үйлдэх төлөвлөгөөтэй байсан аж. Гэсэн хэдий ч хүүхдээ даавуугаар даруулан нуруундаа бэхэлсэн хоёр эмэгтэй ямар ч ажиг сэжиггүй шалганы байраар нэвтэрч гараад хотод бөмбөгөө дэлбэлжээ. Мэдээж, амиа золиослогч хоёр эмэгтэй хүүхдүүдийн хамт, мөн энгийн дөрвөн иргэн амь насаа алдсан юм.
Нигери улсын зүүн хойд нутагт ихээхэн нэр нөлөөтэй болсон лалын “Боко Харам” бүлэг тэмцлийн ийм харгис арга руу шилжиж байна. Тэд эмэгтэйчүүд, хүүхдүүдийг халдлага үйлдэхдээ ашиглаж байгаа анхны тохиолдол нь энэ биш ажээ. Засгийн газрын цэргүүд “Боко Харам”-ын эсрэг тэмцэлд сүүлчийн шийдвэрлэх дайралтыг хийж байгаа гэх зүүн хойд нутагт алан хядагчид ийнхүү башир, зэвүүн аргаар тэмцэж эхэлсэн аж.

“Боко Харам” бүлэг

-Лал шашинтай Африк тивд өрнөдийн соёл, боловсролыг түгээж байгааг эсэргүүцэн 2002 онд байгуулагдсан.
-2009 оноос эхлэн Нигерийн эрх баригчдын эсрэг зэвсэгт тэмцэл эхлүүлсэн.
-Тус бүлгийн лалын дайчдын гарт хэдэн мянган хүн амь насаа алджээ.
-Хэдэн зуун хүнийг хулгайлсны дотор 200 орчим эмэгтэй сурагчид байгаа.
-“Боко Харам” өнгөрсөн оны гуравдугаар сард “Исламын улс” бүлэгтэй нэгдэв.  

-Нигерийн арми 2016 онд тус бүлгийн эсрэг өргөн хүрээтэй цэргийн ажиллагааг эхлүүлж, лалын босогчдын хяналтад байдаг газар нутгийн дийлэнх хэсгийг эзэлж аваад байна. 

Sunday, 22 January 2017





Д.Трамп: “Сэтгүүлчид бол энэ дэлхийн хамгийн новшийн хүмүүс”

АНУ-ын шинэхэн Ерөнхийлөгч Дональд Трамп долоо хоногийн сүүлчээр Виржиниа мужийн Лангли дахь Тагнуулын төв газрын байранд зочлохдоо тангараг өргөх ёслол дээр ирсэн хүмүүсийн талаар хэвлэл мэдээллийнхэн худлаа ярьсан хэмээн мэдэгдэв. “Миний тангараг өргөх ёслол дээр бараг л 1.5 сая хүн ирсэн юм шиг санагдаж байсан. Гэтэл хэвлэл, телевизээр бараг л хүн ирээгүй мэт хоосон, ханхай юм гаргаж байна. Сэтгүүлчид бол энэ ертөнцийн хамгийн увайгүй, новшийн хүмүүсийн дунд багтана” хэмээн онцолжээ. Үүний дараахан Цагаан ордны “булаг нь ханхалсан” хэвлэлийн албаны дарга Шон Спайсер олон нийтэд зориулсан анхны мэдэгдлээрээ мөн л сэтгүүлч, сурвалжлагчийн ажлыг муулж, зааварласан юм. “Тангараг өргөх ёслол дээр ирж бие, сэтгэлээрээ үзүүлсэн асар их дэмжлэгийг зарим хэвлэл, телевиз санаатайгаар жижигрүүлэн доромжилсон нь ичгүүртэй, буруу санаархал” хэмээн Спайсер мэдэгдэв. АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг ийм олон хүн сонирхож байгаагүй. Биечлэн ирсэн, телевизээр үзсэн хүмүүсийн тоогоороо ч рекорд тогтоосон хэмээн Цагаан ордны төлөөлөгч ярьжээ. Гэсэн хэдий ч хэнд ч энэ талаарх албан ёсны тоо баримт байхгүй, учир нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захиргаа ийм тоо гаргадаггүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн аж.
“Америкийн ард түмэн илүү сайн зүйл хүртэх ёстой” хэмээн зарим хэвлэлээр бичсэнийг Дональд Трампын Засгийн газар эмзэгхэн хүлээж авсан бололтой. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Спайсер жаахан уурсангүй мэдэгдэл хийхдээ асуулт асуухыг зөвшөөрсөнгүй. Д.Трамп тангараг өргөж, эрх мэдлийг авах үеэр худлаа мэдээлэл тараасан хэвлэл мэдээллийн байгууллагатай “тооцоо бодно” хэмээн сануулжээ. Эрх мэдэл тайван шилжиж байхад худлаа мэдээлэл тарааж болохгүй, Цагаан ордноос итгэмжилсэн сэтгүүлч хүртэл Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны талаар худал мэдээлэл тарааж алдаа гаргасан хэмээн нэмж хэлэв.

Galaxy Note 7 яагаад дэлбэрснийг тайлбарлав

Өмнөд Солонгосын Samsung компани Galaxy Note 7 ухаалаг гар утас хэд хэдэн удаа дэлбэрсэн шалтгааныг халалтын улмаас шатаж байсан шаардлага хангахгүй хасагдсан зай хураагууртай холбон тайлбарлав. Компаниас гаргасан албан ёсны мэдэгдэлд, дээрх алдааны хариуцлагыг Samsung-ийн мэргэжилтнүүд хүлээнэ хэмээн онцлоод ухаалаг гар утасны батарейг үйлдвэрлэх үйл явц, хяналтад өөрчлөлт хийнэ гэжээ. “Дахиж ийм асуудал гаргахгүйн тулд бид засч, зүгшрүүлэх хэд хэдэн арга хэмжээ авлаа” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.
Galaxy Note 7 2016 оны наймдугаар сард Galaxy Note 5-ыг залгамжлан зах зээлд гарсан ч цэнэглэж байхад хэд хэдэн удаа дэлбэрч, шатсан тохиолдол гарч есдүгээр сард энэ загварын 2.5 сая утсыг эргүүлэн татсан юм. Үүнээс болж АНУ болон өөр хэд хэдэн улс Galaxy Note 7 гар утсыг нисэх онгоцонд авч орохыг хориглож, Samsung ч үйлдвэрлэлийг нь зогсоожээ. Дэлбэрч, шатсан гар утаснаас болж Өмнөд Солонгосын компаний 3.5 тэрбум долларын алдагдал хүлээсэн юм.

Гамбийн зуугуул Ерөнхийлөгч 11 сая доллар аваад зугтсан уу?

Улс орноосоо зугтаж Экваторын Гвиней улсад очоод байгаа Гамбийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Яхьи Жамме төсвөөс 11 сая гаруй доллар авсан байж болзошгүй хэмээн одоогийн Ерөнхийлөгч Адам Барроугийн зөвлөх Ахмад Фэтти ярилаа. “Төсөв бараг хоосорсон. Гамбийн Төв банк, Сангийн яамны мэргэжилтнүүд үүнийг баталсан” хэмээн тэрээр мэдэгдэв. Гамбийн төрийн тэргүүнээр 20 гаруй жил ажилласан Жамме сонгуульд ялагдаж А.Барроуд эрх мэдлээ шилжүүлж өгснийхээ дараа эх орноо орхин зугтжээ. Түүний сууж явсан ачааны нисэх онгоцонд хэд хэдэн тансаг зэрэглэлийн автомашин, бусад үнэтэй эдлэл байсан хэмээн гэрчүүд өгүүлж байна. Жамме гадаад руу явахаасаа өмнө эрх мэдлийн төлөөх тэмцлээс татгалзаж байна хэмээн мэдэгджээ. Арванхоёрдугаар сард болсон сонгуульд Барроу 45.5 хувь, Жамме 36.7 хувийн санал авсан ч тэрээр ялагдлаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж улс оронд үймээн дэгдсэн юм.

Р.Салливан “Мастерс”-т түрүүлэв

Снукер билллиардын гурван том тэмцээний нэг “Мастерс” Лондонд болж дэлхийн таван удаагийн аварга, “Пуужин” хочит Ронни О’Салливан түрүүллээ. Энэ тэмцээнд долоо дахь удаагаа түрүүлж зургаа түрүүлсэн домогт Стивен Хендрийн рекордыг эвдэж аваргын гоёмсог цом, 200 мянган паундын чек гардлаа. Тэрээр Жо Перрид хожигдож явсан ч долоо дараалж хожил авч түрүүлсэн юм. Triple Crown буюу Гурван титмийн нэг гэгддэг (нөгөө хоёр нь дэлхийн болон Их Британийн аварга шалгаруулах тэмцээн) “Мастерс”-т гурван удаа түрүүлсэн ч 27 насандаа хорт хавдраар хорвоог орхисон Пол Хантерийн нэрэмжит шагналын эзэн болов. Маш авьяаслаг, цахиур хагална гэж байсан Пол Хантер 11 жилийн өмнө харамсалтайгаар хорвоог орхиж, ар гэрийнхэн нь “Мастерс” тэмцээнийг түүний нэрэмжит тэмцээн болгох хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй аж.

Хятадад “Хүүхдийн тэсрэлт” эхэллээ

Хятадад 2000 онд төрөлт сүүлийн хэдэн жилийн дээд хэмжээндээ хүрч байсан. Тэгвэл өнгөрсөн оны төрөлт тэрхүү үзүүлэлтийг давлаа хэмээн Reuters агентлаг Бээжингийн Засгийн газрын түшмэлийн мэдэгдлээс иш татан мэдээлэв. 2016 онд Хятадад 17.6 хүүхэд мэндэлжээ. 2011-2015 онд жил 16.2 сая хятад хүүхэд хорвоод ирж байсан юм. 2016 оны нэгдүгээр сараас эхлэн хятад гэр бүлийг нэгээс илүү хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн нь ийм нөлөө үзүүлсэн бололтой.

Хүүхэд төрүүлэх эмэгтэйчүүдийн тоо жил бүр таван саяаар багасна хэмээн үзэж байгаа ч тус улс жилд мэндлэх хүүхдийн тоог 17-20 саяд хадгалахыг зорьж байгаа аж. Нэг гэр бүл хоёроос илүүгүй хүүхэдтэй байна гэсэн хязгаарлалтыг 2045 он хүртэл мөрдөх зорилготой байна. 1970-аад оноос эхэлсэн “Нэг гэр бүл- нэг хүүхэд” бодлого хөдөлмөрийн чадвартай хүн амын ихэнхийг хөгшрүүлсэн хэмээн үзээд 2016 онд цуцласан билээ. 

Wednesday, 18 January 2017





Шүүх Samsung-ийн дэд тэргүүнийг баривчлахаас татгалзжээ

Өмнөд Солонгосын прокурорын газар Samsung Electronics компанийн захирал Ли Чэ Ёнг баривчлах тушаал гаргасан билээ. Гэвч шүүхээс энэ тушаалыг биелүүлэхээс татгалзлаа. Тэрээр Ерөнхийлөгч Пак Гын Хегийн найз эмэгтэйг тойрсон авлигын хэрэгт орооцолдсон юм. Түүний эцэг болон компанийн тэргүүн Ли Гон Хи нарын зүрх муудаж эмнэлэгт хүргэгдсэний дараа дэлхийн хүчирхэг компанийн нэг болсон Samsung-ийг үнэн хэрэгтээ Ли Чэ Ён удирдах болсон билээ. Эдүгээ 48 настай Ли Чэ Ёныг баривчлан саатуулах хангалттай үндэслэл байхгүй байна хэмээн шүүх прокурорын газрын шийдвэрийг биелүүлэхээс татгалзжээ. Мөрдөн шалгалтаар Samsung компани Ли Чэ Ёны хувийн тушаалаар улс орны Ерөнхийлөгчийн дотны найз Чхве Сун Силийн мэдлийн санд их хэмжээний мөнгө шилжүүлсэн нь нотлогджээ. Чхве Сун Силь нь өөртэй нь холбоо сүлбээтэй төрийн бус хоёр ч санд томоохон компаниудаас хандив өргүүлж чадсан юм. Ерөнхийлөгч  Пак Гын Хетэй холбоотой хэргийг шалгах явцад авлигын хэрэг илэрч, дээрх хоёр сантай холбоотой хууль бус үйлдэл, авлигын шинжтэй ихээхэн хэмжээний мөнгөн шилжүүлэг ил болсон ажээ.
Шүүхээс түүнийг баривчлахгүй гэсэн шийдвэр үүрийн таван цагт гарсны дараа Samsung-ийн топ-менежер гэртээ харих боломжтой болжээ. Тэрээр прокурорын газрын баривчлах шийдвэрийг дэмжиж ч болзошгүй байсан шүүхийн шийдвэрийг 12 цагийн турш суун хүлээсэн юм. Зарим эх сурвалжаас үзвэл, өмгөөлөгч нар нь Ли Чэ Ёныг баривчлах шийдвэрийг хойшлуулах хүсэлт гаргасан байна. Тэрээр өнгөрсөн долоо хоногт прокурорын газар дуудагдаж 22 цагийн турш байцаагджээ. Samsung компани Ерөнхийлөгч Пак Гын Хегийн найз эмэгтэйн мэдлийн арилжааны бус сангуудад асар их мөнгө шилжүүлсэн хэрэг ихэд шуугиан тарьж, өндрөө аваад байна. Ерөнхийлөгчийн, төрийн хамаг нууцыг харж, зааварлаж суудаг гэх хэрэгт буруутгагдаад байгаа Чхве Сун Сильд маш олон пүүс, компани, бизнесмэн “мөнгө хандивлаж” төсвийн тендер, худалдан авалтад оролцдог байсан байж болзошгүй байна. Тэдгээрээс хамгийн их мөнгө “хандивласан” компаниудын дотор Samsung байгаа нь мөрдөн шалгалтыг улам өргүүлэхэд хүргэж байгаа аж. Чхве Сун Силийн охины Германд морь унаж сургах сургалтад зориулж Samsung компани ихээхэн хэмжээний мөнгө шилжүүлж байжээ.

2014 онд алга болсон нисэх онгоцыг хувь хүмүүс хайж болно

2014 оны гуравдугаар сард Куала-Лумпур хотоос Бээжин рүү нисч байгаад сураггүй алга болсон Malaysia Airlines-ийн Boeing нисэх онгоцыг хувийн компани, хувь хүмүүс хайх зөвшөөрлийг Малайзын Засгийн газар өглөө. Хаачсан нь мэдэгдэхгүй, ямар ч сураггүй алга болсон энэхүү оньсогыг тайлахад тустай ямар ч тусламжийг талархан хүлээж авах болно хэмээн Засгийн газрын мэдэгдэлд онцолсон байна. Тээврийн сайд Азиз Каправи “Алга болсон нисэх онгоцыг олсон хүн, хувийн байгууллагыг шагнаж урамшуулна” хэмээн мэдэгджээ. Гэвч шагналын хэмжээг дурдсангүй. Харин энэхүү онгоцыг эрж хайх гэж байгаа хүмүүс Малайзын Тээврийн яаманд заавал мэдэгдэх ёстой аж. Эрэл хайгуулын зардал, эрсдэлийг тухайн хүмүүс өөрсдөө хариуцна, Малайзын Засгийн газраас санхүүгийн ямар нэг тусламж үзүүлэхгүй хэмээн зарлав. Австрали, Хятад, Малайзын тал алга болсон нисэх онгоцыг эрж хайх ажиллагааг зогсоож буйгаа саяхан зарласан юм.

Мянган хоригдлыг өршөөхийг эсэргүүцэв

Румыний Засгийн газар мяна орчим хоригдлыг өршөөх суллах гэж байгааг эсэргүүцсэн олон мягнан иргэн гудамжинд жагсчээ. Өршөөлөөр суллагдах хүмүүсийн дотор эрх баригч Социал-демократ намын нөлөө бүхий гишүүд багтаж байгаа аж. Хэдийгээр Бухарест хотод маш хүйтэн байгаа ч гурван мянга гаруй хүн Засгийн газрын ордны өмнө цугларч “Ардчиллын үед хулгайч, дээрэмчид шорондоо сууж байх ёстой” хэмээн хашгирч байв. Эрх баригчдын төлөвлөж буйгаар, таваас доош жилийн ялтай хоригдлуудад өршөөл үзүүлэх аж. Мөн улсад учруулсан хохирол нь 200 мянган лев (48 мянган доллар)-ээс хэтрэхгүй бол өршөөл үзүүлэх санаатай байна. Шоронгийн ачааллыг багасгахын тулд ийм арга хэмжээ авахаах болсон хэмээн Засгийн газрын төлөөлөгч ярьжээ. Өршөөлийн хуулийг санаачилсан Ерөнхий сайд Сорин Гриндян сөрөг хүчний хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байна. 2016 онд сонгуулийн дүнг өөрчилж луйвардсан хэргээр шоронд орсон Румыний Социал-демократ намын дарга Ливиу Драгня, мөнгө угаасан хэргээр шийтгүүлсэн хэвлэлийн магнат Дан Войкулеску нар өршөөлд хамрагдаж болзошгүй болсон нь иргэдийн дургүйцлийг хүргэжээ.

Мао Зедунг “Чөтгөр” гэж нэрлээд ажлаасаа халагдав

Хятадын Хэбэй муж дахь Хэвлэл, кино, радио, телевизийн улсын хорооны орлогч дарга Цо Чунхэ Weibo хуудсандаа (Twitter-тэй төстэй) удирдагч Мао Зедунг “Чөтгөр” хэмээн бичсэнийхээ төлөө ажлаасаа халагджээ. Тэрээр Маогийн төрсөн өдөрт зориулсан жил тутмын сүрлэг арга хэмжээний талаар санаа бодлоо илэрхийлэхдээ ийнхүү бичсэн аж. Түүнийг улс орны удирдагчид хүндэтгэлгүй хандсан, төрийн ажилтны ёс зүйг зөрчсөн хэмээн ажлаас нь халж, мөн олон нийтийн сүлжээн дээр таагүй, үнэн бус зүйл нийтэлсэн хэмээн сахилгын шийтгэл оногдуулахаар болж, гаргасан алдаагаа сайн эргэцүүлэхийг зөвлөсөн байна. Хэдийгээр мань түшмэлийн Weibo дахь хуудсыг устгасан ч түүний бичсэн зүйл аль хэдийнэ скриншотоор тархжээ. Мао Зедун 1954-59 онд Хятад улсыг удирдсан юм. Түүнийг Хятадын коммунист намыг үндэслэгч, орчин үеийн Хятад орны суурийг тавьсан хэмээн үздэг ажээ.

Оготны нүүдэл тариаланг сүйтгэж магадгүй

Австралийн үр тарианы гол бүс нутаг оготны сүргийн эрс өсөлтийн улмаас аюулд орж болзошгүй байгааг эрдэмтэд сануулав. Ногоон тивийн Викториа, Өмнөд Австрали мужид оготны тоо толгой энэ онд эрс өссөн аж. Энэ хоёр муж Австралийн хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний 40 хувийг үйлдвэрлэн гаргадаг. Хавар болж бороо ороод эхэлбэл оготны тоо толгой эрс нэмэгдэж нэг га талбайд мянган оготно үүрлэх аюул  нүүрлээд байгааг эрдэмтэн, судлаачид тооцоолжээ. Нэг га талбайд таван оготно байвал аюулгүй гэж үздэг аж. Энэ жил үр тариа маш сайн, урьд өмнө байгаагүй их ургасан тул оготно үржих нөхцөл бүрдээд байгаа юм. Австралийн хөдөө аж ахуйд хулгана, оготно болон бусад мэрэгчид ихээхэн хохирол учруулдаг. Оготнууд фермерүүдийн гэр, автомашинд хүртэл үүрлэх болжээ. Оготныг анх Европоос Австралид авчирсан ба ямар өрсөлдөгч, дайсангүй энэхүү мэрэгч тун хурдан өсч олон болсон юм.

Армани АНУ-ын тэргүүн хатагтайг дэмжив


Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсны дараа дэлхийн томчуудыг хувцасладаг зартай фирфүүд Меланиа Трампын хувцаслалт, загвар сонголтод оролцохгүй хэмээн мэдэгдэж байсан. Гэвч Трампын тангараг өргөх ёслол ойртох тусам Америкийн ирээдүйн тэргүүн хатагтайгаас нүүрээ буруулж байсан алдартай загварын фирмүүд “буцан ирж” байна. Дэлхийн хувцасны загвар, ертөнцөд томоохон байр суурьтай Жоржио Армани (82 настай) маргаашаас эхлээд АНУ-ын тэргүүн хатагтай болох Меланиаг дэмжсэн мэдэгдэл хийжээ. “Би ажил мэргэжлийнхээ хувиар сайхан бүсгүйчүүдийг хувцаслахыг хичээдэг. Меланиа бол сайхан бүсгүй. Тэр надаас хувцас урлаж өгөөч гэж хүсвэл би яахан татгалзах билээ” хэмээн Миланы Загварын долоо хоног дээр ярьжээ. Ийнхүү словени бүсгүйг дэлхийн зартай фирмүүд “сонирхох” зам нээгдэж байна. Учир нь Италийн загварын ертөнцийн загалмайлсан эцэг гэгддэг Жоржио Арманийн үг дэлхийд жинтэй сонсогддог билээ. 

Tuesday, 17 January 2017





Толгой баячуудын халаасанд 3.6 тэрбум хүн “багтаж байна”

Дэлхийн хамгийн баян найман хүний хэтэвчинд дэлхийн 3.6 тэрбум хүнийхээс ч илүүтэй хөрөнгө мөнгө байна. Тэгш бус байдлын эсрэг Oxfam фирмийн шинэ судалгаагаар баян, ядуугийн ялгаа улам нэмэгдсээр, түгшиж, айж байснаас ч илүүтэй аймаар түвшинд хүрсэн нь харагджээ. 71 мянга 600 доллар бэлнээр гаргаж чадах хүмүүс дэлхийн хүн амын аравхан хувь нь. Харин 744 мянган доллар шууд гаргачих хүмүүс дөнгөж нэг хувийг эзэлж байна.
“Хүмүүс уурта байна, боломж, сонголтыг шаардаж байна. Тэд их ажилладаг ч улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж чадахгүй байна. Дэлхийн иргэд өөрсдийгөө хаягдсанд тооцож байна” хэмээн Oxfam-ийн дэлхийн асуудлыг хариуцсан захирал Кэти Райт хэллээ. “Илүү хүнлэг эдийн засаг”-ийг бий болгож, Засгийн газрууд ажил хийлгэсэн гэрээт компаниуддаа мөнгийг нь цаг алдалгүй төлөх, татвараас зайлхийхээс сэргийлэх, мөн дэлхийн толгой баячуудад илүү татвар тогтоохыг уриалав. Мөн пүүс, компаниуд татвараа шударгаар төлж байх, “нэр төртэй” цалин санал болгох, Засгийн газрууд цалингийн доод хэмжээг алл болох өндөр тогтоох ёстой хэмээн үзэж байна. Гэвч Oxfam фирмийн бодлого чиглэлийг шүүмжлэх хүмүүс их байгаа аж.

 Дэлхийн манлай найман баян
(Forbes/Oxfam-ийн судалгаагаар)

1.Билл Гейтс (Америк): Microsoft-ийг үндэслэгч (75 тэрбум доллар)
2. Амансио Ортега (Испани): Zara-гийн эзэн (67 тэрбум доллар)
3. Уоррен Баффет (Америк): Berkshire Hathaway-ийн хамгийн том хувьцаа э зэмшигч (60 тэрбум доллар)
4. Карлос Слим (Мексик): Grupo Carso-ийн эзэн (50 тэрбум доллар)
5. Жефф Безос (Америк): Amazon-ий захирал (45.2 тэрбум доллар)
6. Марк Зукерберг (Америк): Facebook-ийг үндэслэгч (44.6 тэрбум доллар)
7. Ларри Эллисон (Америк): Oracle-ийг үндэслэгч (43.6 тэрбум доллар)
8. Майкл Блумберг (Америк): Bloomberg-ийн эзэн (40 тэрбум доллар)

Египетэд найман цагдаа амиа алджээ

Египетийн баруун өмнөд хэсгийн Вади муж дахь шалган нэвтрүүлэх гарц дээр халдлага болох үеэр найман цагдаа амиа алджээ. Цагдаа нарын эсрэг гал нээж буудалцаан болж, террорист халдлага үйлдсэн хоёр этгээдийг устгасан хэмээн Египетийн Гадаад хэргийн сайд мэдээлэв. Гурван цагдаа шархаджээ. 2013 оноос хойш тус улсад хэдэн зуун цэрэг, цагдаа халдлага, дэлбэрэлтийн золиос болоод байна. Жихад дайчид, лалын хэт даврагчид цагдаа нар руу халдах нь элбэг. Израиль, Газын зурвасын хилээс холгүй орших Синайн хойг дээр ихэнх халдлага үйлдэгддэг аж. Мөн Ливийн хил орчимд лалын алан хядагчид ихээхэн холхидог аж. Каир хотод 28 хүний аминд хүрсэн дэлбэрэлтийг “Исламын улс” бүлгийнхэн үйлдсэн нь тодорхой болоод байна.

Оготны нүүдэл тариаланг сүйтгэж магадгүй

Австралийн үр тарианы гол бүс нутаг оготны сүргийн эрс өсөлтийн улмаас аюулд орж болзошгүй байгааг эрдэмтэд сануулав. Ногоон тивийн Викториа, Өмнөд Австрали мужид оготны тоо толгой энэ онд эрс өссөн аж. Энэ хоёр муж Австралийн хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний 40 хувийг үйлдвэрлэн гаргадаг. Хавар болж бороо ороод эхэлбэл оготны тоо толгой эрс нэмэгдэж нэг га талбайд мянган оготно үүрлэх аюул  нүүрлээд байгааг эрдэмтэн, судлаачид тооцоолжээ. Нэг га талбайд таван оготно байвал аюулгүй гэж үздэг аж. Энэ жил үр тариа маш сайн, урьд өмнө байгаагүй их ургасан тул оготно үржих нөхцөл бүрдээд байгаа юм. Австралийн хөдөө аж ахуйд хулгана, оготно болон бусад мэрэгчид ихээхэн хохирол учруулдаг. Оготнууд фермерүүдийн гэр, автомашинд хүртэл үүрлэх болжээ. Оготныг анх Европоос Австралид авчирсан ба ямар өрсөлдөгч, дайсангүй энэхүү мэрэгч тун хурдан өсч олон болсон юм.

Жорж Майклын үхэл хар тамхитай холбоотой юу

‘Last Christmas’ дууны эзэн Британийн нэрт дуучин Жорж Майкл яг Зул сарын өдөр харамсалтайгаар энэ хорвоог орхисон билээ. Түүний үхлийн шалтгаанийг хэн ч мэдээлээгүй юм. Харин нэрт дуучны үеэл Андрос Гиоргиу үүнийг хар тамхитай холбоотой хэмээн ярьж байна. “Тэр дахин хар тамхи хэрэглэж эхэлсэн. Жорж өмнө нь хар тамхи хэрэглэж байгаад хаяад нэлээн хэдэн жил болсон. Гэвч амьдалынхаа сүүлийн хоёр жилд дахин түүндээ орсон. Тэрээр бухимдал, ядаргааны эсрэг эмийг хар тамхитай хольж хэрэглэдэг байсан. Жорж хамгийн сүүлд хар тамхийг их тунгаар хэрэглэсний улмаас л зүрх нь зогссон гэж би боддог” хэмээн нэрт дуучинтай хамт өссөн үеэл нь өгүүлэв. Гиоргиу дуучны үхлийг золгүй тохиолдол хэмээн үзэж байгаа аж. Хэдийгээр сэтгэл санааны эрүүл мэндээс болж түүнд амиа хорлох бодол орж ирдэг байсан ч Жорж Майкл хэзээ тийм юм хийх хүн биш хэмээн үеэл нь ярьжээ.

Ар гэрийнхэнд нь мянган доллар олгоно

Киргизийн Засгийн газар Туркийн ачаа тээврийн Boeing 747-400 нисэх онгоцны ослоор амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрт 70 мянган сомын (нэг мянган доллар) нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэжээ. Ачаа тээврийн нисэх онгоц Манас хотын нисэх буудалд газардах гэж байхдаа ойролцоох тосгонд унаж сүйрсэн юм. Осолд өртөж, олон арван байшин нь эвдэрсэн Дача-Суу тосгоны эрчим хүчний хангалтыг сэргээх ажил тасралтгүй үргэлжилж байна хэмээн эрх баригчид мэдэгдэв. Ослын улмаас тосгонд гал түймэр дэгдэж мянга таван зуун хүн гэрэл цахилгаангүй болсон аж. Одоогоор 37 хүн амь үрэгдсэнийг тогтоогоод байна.

Мао Зедунг “Чөтгөр” гэж нэрлээд ажлаасаа халагдав

Хятадын Хэбэй муж дахь Хэвлэл, кино, радио, телевизийн улсын хорооны орлогч дарга Цо Чунхэ Weibo хуудсандаа (Twitter-тэй төстэй) удирдагч Мао Зедунг “Чөтгөр” хэмээн бичсэнийхээ төлөө ажлаасаа халагджээ. Тэрээр Маогийн төрсөн өдөрт зориулсан жил тутмын сүрлэг арга хэмжээний талаар санаа бодлоо илэрхийлэхдээ ийнхүү бичсэн аж. Түүнийг улс орны удирдагчид хүндэтгэлгүй хандсан, төрийн ажилтны ёс зүйг зөрчсөн хэмээн ажлаас нь халж, мөн олон нийтийн сүлжээн дээр таагүй, үнэн бус зүйл нийтэлсэн хэмээн сахилгын шийтгэл оногдуулахаар болж, гаргасан алдаагаа сайн эргэцүүлэхийг зөвлөсөн байна. Хэдийгээр мань түшмэлийн Weibo дахь хуудсыг устгасан ч түүний бичсэн зүйл аль хэдийнэ скриншотоор тархжээ. Мао Зедун 1954-59 онд Хятад улсыг удирдсан юм. Түүнийг Хятадын коммунист намыг үндэслэгч, орчин үеийн Хятад орны суурийг тавьсан хэмээн үздэг ажээ.