“Өөр хүнийг төсөөлж чадахгүй байна”
Москва дахь “Шөнийн чоно” мотоциклчдын клубын лидер
Александр Залдостанов Орос дахь аялал жуулчлалын хөгжлийн форум дээр ирэхэд
ВВС-ийн сурвалжлагч уулзаж ярилцжээ. Ерөнхийлөгч В.Путиний дотны анд, шүтэн
бишрэгч тэрээр ОХУ дахь анхны байкеруудын холбоог үндэслэсэн юм. Кремлийн
удирдагчтай ихэд ойр, дотны анд зөвлөгч нь байснаараа АНУ-ын хориг арга
хэмжээнд өртөж байсан нэгэн.
-АНУ-ын хориг арга хэмжээ бидэнд ихээхэн саад болж байна
гэх юм. Одоо Трамп гарч ирээд хоригийг цуцлах болов уу?
-Тэгж бодохгүй байна. Тэр бол зүгээр л нөхцөл байдал,
хүрээллийнхээ барьцааны хүн. Трамп Оросын хувьд орос хүн бүр итгэхийг хүссэн
шинэ жилийн үлгэр байсан. Чадалтай залуу Трамп хөгшин Изергиль, Үхэшгүй мөнхийн
Кощейг ялан дийлсэн. Тэр гарч ирснээр стратегийн ямар нэг өөрчлөлт гарч ирнэ
гэж бид итгэсэн. Үнэндээ тэрээр ямар нэг зүйлийг хүчтэй, эрс өөрчилж чадах нь
юу л бол. Америк бол тогтсон шүтээн, шашин шүү дээ. Удирдагч нь солигдож байдаг
ч юу ч өөрчлөгддөггүй. Америкийг хүчтэй улс байлгахын тулд Трамп бүхнийг хийх
болно. Оросууд бид өөрсдөө хүчтэй болж байж л Америктай нэг зиндаа, түвшинд
ярилцаж, ойлголцож чадна. Гэвч нэг онцлог байдаг нь хувь хүн түүхэнд томоохон
үүрэг гүйцэтгэх нь бий. Трамп мөнхийн юм шиг өрсөлдөөнөөс ангид байж чадвал
бидний харилцаанд оршиж буй үзэн ядалт, муу сэтгэлийг арилгаж чадах хүн.
-Трамп Крымийг хүлээн зөвшөөрөх болов уу?
-Түүнд ийм боломж олгох уу гэдгээс л бүх юм шалтгаалах
байх. Тэр жинхэнэ, хүчтэй, чигч шударга хүн юм бол Крымийг хүлээн зөвшөөрнө.
Тэр олон зүйлийг өөрчлөх боломжтой.
-Ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд Путин нэрээ
дэвшүүлэхгүй бол яах вэ?
-Түүний оронд хэн нэг нь байна гэдгийг би л лав
төсөөлөхгүй байна. Оросын ард түмэн ч төсөөлөхгүй байх.
Путин бол Оросын баталгаа. Тэр дэвшихгүй байж чадахгүй гэж бодож байна. Тэр
хүчтэй, эрүүл байна. Түүнд эх орноо гэсэн сэтгэл бий, өөр юу хэрэгтэй юм? Ийм
хүчтэй лидер ойрд төрөхгүй гэдэгт итгэдэг. Орос орноо дахиад олон жил удирдах
хүчийг Бурхан түүнд хайрлах биз ээ.
Д.Трамп Оросын эсрэг хоригийг цуцлахад бэлэн
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Британийн
Times сонинд ярихдаа, оросууд цөмийн зэвсгийн нөөцөө багасгавал Оросын эсрэг
хоригийг цуцлахад бэлэн хэмээн мэдэгджээ. Тэрээр ОХУ-ын Сирид явуулж буй
бодлогыг шүүмжилж, үүний улмаас тус улс аймшигтай сүйрэлд орсон гэжээ. “Оросын
эсрэг хориг арга хэмжээ авсан. Оростой ярилцаж сайнаар тохиролцох нь уу харъя л
даа. Эхлэхийн тулд тэд цөмийн зэвсгээ багасгасан байх ёстой. Нэлээдгүй багасгах
ёстой. Орос орон хориг арга хэмжээний улмаас ихээхэн зовж байх шиг. Бид
тохиролцоонд хүртэл олон хүн ашиг тусыг нь хүртэнэ” хэмээн Трамп ярьжээ. Тэрээр
тангараг өргөж эрх мэдэлтэй болсныхоо дараа эхлээд В.Путин, А.Меркель нартай
тохиролцоонд хүрэхийг эрмэлзэнэ гэв. Меркель хэдэн сая цагаачийг Европ руу орж
ирэхийг зөвшөөрсөн нь аймшигтай алдаа болсон хэмээн Трамп үзэж байна. Нью-Йоркийн
тэрбумтан мөн АНУ-ын гадаад бодлогыг шүүмжилж Иракт нэвтэрсэн нь улс орны
түүхийн хамгийн том алдаа болсон хэмээн онцолжээ.
Хятадууд нефтийнхээ 65 хувийг гадаадаас авч байна
Хятад улсын 2016 онд хэрэглэсэн нефтийн 65 хувь нь
импортын нефть байсан хэмээн ТАСС агентлаг орон нутгийн хэвлэлээс иш татан
мэдээлэв. Өнгөрсөн онд тус улсын нефтийн хэрэглээ 2.8 хувиар өсч 556 сая тн-д
хүрчээ. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор хятадууд 200 сая тн нефтийг бие даан
үйлдвэрлэж, үлдсэнийг нь гадаадаас худалдаж авчээ.
“2017 онд Хятад дахь нефтийн хэрэглээ байнга өсөх нь
тодорхой байна. Гадаадаас импортлох нефтийн хувь хэмжээ улам нэмэгдэх нь”
хэмээн Хятадын үндэсний нефтийн корпорацын дэргэдэх Эдийн засгийн технологийн
судалгааны хүрээлэнгийн захирал Зян Сюфэнь ярилаа. 2016 онд Хятадын дотоодын
нийт бүтээгдэхүүнийн өсөлт 6.7 хувьтай гарчээ.
Киргизэд ачааны нисэх онгоц сүйрчээ
Киргизийн нийслэлийн Манас нисэх буудлын ойролцоо Boeing
747 ачааны нисэх онгоц сүйрчээ. Агаарын хөлөг нийслэл хотын нэгэн тосгон дээр
унаж дор хаяж 20 хүн амь насаа алдаад байна хэмээн тус улсын Онцгой байдлын
яамнаас мэдээлэв. Осолдсон онгоц 15 байшинг шүргэж нураасан аж. Амь насаа
алдсан хүмүүсийн дунд зургаан хүүхэд, нисэх багийн гурван гишүүн байна. Амьд
гарсан нэг гишүүнийг яаралтай эмнэлэгт хүргэжээ. Ачаа тээврийн Boeing 747 онгоц
Манас нисэх буудалд газардах гэсэн ч чадалгүй дахин нэг тойрог хийх үеэрээ
ийнхүү сүйрчээ. Яагаад газардаж чадалгүй дахин хөөрсөн нь одоогоор тодорхойгүй
байна.
Samsung-ийн дэд захирлыг баривчлахаар болжээ
Өмнөд Солонгосын прокурорын газар Samsung Electronics
компанийн дэд захирал Ли Чэ Ёныг Ерөнхийлөгч асан Пак Гын Хег тойрсон авлигын
хэрэгт сэжиглэн баривчлах тушаал гаргалаа хэмээн Ренхап агентлаг уламжлав. Samsung
компани 2015 онд Германд төвлөрдөг компанитай 18 сая долларын гэрээ байгуулжээ.
Энэ гэрээг байгуулахад Ерөнхийлөгч асан Пак Гын Хегийн шадар хамсаатан гэгддэг Цой
Сун Силь оролцож, эдүгээ сэжигтнээр татагдан шалгагдаж байгаа юм. Үүнээс гадна
хоёр компани нэгдэхэд төрийн тэтгэврийн сан Ерөнхийлөгчийн засаг захиргааны
шахалт шаардлагаар дэмжлэг үзүүлсэн аж. Samsung-ийн дэд захирлыг баривчлах
тухай яриа аль дээр гарсан ч прокурорын тушаал хараахан гараагүй байсан. Ийнхүү
авлигын хэргийн хүрээ улам өргөжиж, том албан тушаалтан, бизнесмэнүүдийг ээлж
дараалан шалгаж эхлээд байна.



No comments:
Post a Comment