Фидель Кастро гэж хэн бэ?
1953 оны долдугаар сарын 26-ны үүрээр зэвсэглэсэн залуус Батистын дэглэмийн эсрэг дургүйцэн босч Кубын зүүн хязгаарын цэргийн хуаран руу дайралт хийж
ялагдал хүлээжээ. Шүүх хурал дээр Кастро харгис дэглэмийн эсрэг зэвсэглэн
боссон зорилгоо илэрхийлж, хуульч хүний хувьд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлнө
хэмээн зогсож “Ард түмний амьдрал ядуу, ажилгүйдэл, ядуурал их байхад улсын хөрөнгийг
сая саяар хулгайлж байгаа зуу, зуун хулгайч дээдсээс нэгийг нь ч торны цаана
суулгахгүй байна. Намайг шийтгэцгээ, түүх намайг цагаатгана“ гэсэн алдарт үгээ
хэлсэн билээ. Манай нэг сонинд “Би социализмын төлөө тууштай тэмцэнэ” гэж
хэлсэн мэт бичсэн нь үнэнд нийцэхгүй. 1953 онд тэд социализмын тухай огт
яриагүй, ойлголт ч байгаагүй, 1960-аад оноос л Зөвлөлттэй ойртон социализмын
тухай ярих болсон юм. 1983 онд миний бичсэн “Карибын тэнгисийн наран арал” хэмээх
улс төр, нийтлэлийн номонд Кубыг нээж, үндэстэн бүрэлдсэн түүх, соёлын өвөрмөц
онцлогийн тухай дэлгэрэнгүй өгүүлж, нэрт зохиолч Д.Гармаа агсан редакторлон
урмын үг хайрлаж байв.
Фидель бол авьяаслаг зохион байгуулагч. Тэд эхлээд АНУ,
дараа нь Мексикт очиж хүчээ сэлбэн, зэр зэвсэгтэй болж аваад Кубад жижиг усан онгоцоор
(82 хүн) Ориенто мужид ирсэн ч хилийн харуулд илчлэгдэн буудалцаж 82 хүнээс 12-хон хүн амь гарсан нь Сиерра
Маэстро ууланд бүгж тэмцлээ эхэлжээ. Тэд орон нутгийнхнаас дэмжлэн авч радио
станц ажиллуулж эгнээгээ өргөтгөөд 1959 оны нэгдүгээр сарын 1-нд Батистын дэглэмийг
түлхэн унагаж Гавана хотод ялалтын тугаа мандуулан орж ирсэн түүхтэй.
“Фидель Кастрогийн нууц амьдрал” нэртэй номыг шимтэн
уншаад манай хэвлэлд энэ тухай бичихгүй юм даа гэж бодож байтал ашгүй “Зууны
мэдээ” сонинд товчхон бичсэнийг олзуурхан уншлаа. Зохиогч Хуан Санчес Дотоод
яаманд нийтдээ 26 жил, үүнээс 17-д нь Фидель Кастрогийн шадар бие хамгаалагч
хийсэн чадварлаг тамирчин, тагнуулч хүн. Кубачууд El jefe
(удирдагч), lider maximo (дээд удирдагч), comandante (командлагч) гэх мэтээр хүндэтгэн дууддаг. Куба иргэд түүнд итгэж
байлаа. Фидель “Ээлжийн амралт гэгч нь хөрөнгөтний ёс” хэмээн ярьдаг байсан ч
өөрөө хувийн арал дээрээ олон хоногоор тансаглан амардаг байв. Хуан Рейнальдо
Санчес хамгаалатын “нэгдүгээр цагирагт” багтаж ямагт хамт байж хамгийн
итгэгдсэн хүн байсан билээ. Фидель бие, сэтгэлийн асар их хаттай, нэн
хартай эр байж. Тэрээр дотоод, гадаад тагнуулын ажиллагааг өөрийн биеэр удирдаж
байсан аж. Кастро гагцхүү өөрөө бүхнийг захирч (egocentrist), өрсөлдөж болох бүх хүн, эсвэл амьдралынх нь нууцыг мэддэг хамтран
зүтгэгчдээ замаасаа зайлуулдаг хүн байв. Хуан Санчесийн эл номонд хувьсгалын
үйл хэрэгт хамтран зүтгэж явсан үндэсний баатар генерал Арнальдо Очоа Анголыг
чөлөөлөх байлдааны асуудлаар Фидельтэй санал зөрсөнд уурсаж алах ял оноосон
гэдэг. Яг газар дээр нь байлдааны ажиллагааг удирдаж байдлыг Фиделээс илүү
мэддэг байсан тул байр сууриа илэрхийлж дургүйг нь хүргэсэн аж.
Рауль Кастро
Дүү Рауль Кастрогийн тухай Санчес ийн өгүүлжээ. Рауль, Хуанита
нар Фиделээс өөр царайтай. Онигор нүдтэй учраас Раулийг Эль Чино (хятад гэж хочлоно). Тэр хоёр өөр эцгийн хүүхдүүд юм. Фидель Раультай нэн
дотно. Нэгнийхээ төрсөн өдөр алдалгүй очицгооно. Рауль ахдаа үнэнч дуулгавартай
захирагдана. Рауль гаднаа эелдэг, энгийн харагдавч маш харгис хүн. Фиделээс
илүү олон хүний аминд хүрсэн гэж энэ номонд бичжээ. Түүний гэргий Вильма Эспин
генерал Очоатой үй зайгүй нөхөрлөдөг атлаа Төрийн зөвлөлийн хурал дээр цаазын
ялыг гүйцэтгэх санал гаргасанд Санчес сэрдхийн цочсон аж. Хоёр нүүртэй ийм л
хүмүүс гэж дүгнэжээ. Харин Рауль гэр бүлийн анд нөхрөө алагдсаны дараа гашуудан
олон хоног архидаад амиа хорлох гэж байсан гэдэг.
Партизаны хөдөлгөөн
Латин Америкийн партизаны хөдөлгөөний 90 хувь нь, мөн
Африкийн хөдөлгөөний удирдагчдын олонхи нь Кубын Пунто–Серо-де Гуанабод анх
мэндэлж байв. Тэдний дотор Никарагуагийн Даниель Ортего мэтийн хүмүүс байв.
Тэнд Палестиний Ясер Арафатын болон маш олон террористуудыг бэлтгэж байжээ. Нэг
удаа Санчес Фиделийг дагалдан тэр баазад очиход Их удирдагч АКМ калибраар
хэвтээгээр 300 метрийн зайд гайхалтай мэргэн буудаж байсан аж.
Зөвлөлтийнхөнтэй Фидель санал зөрж Оросын зэвсэгт хүчний
бие бүрэлдхүүн тэнд 2 удаа ялагдал хүлээжээ. Анголчууд царай, зүс, хэл нь
төстэй (португал) үнэхээр давуу байдалтай байв. Энэ ялалтанд генерал Арнальдо Очоагийн
гавьяа хамгаас илүү байжээ. Кастро цэрэг стратегийн том зүтгэлтэн байсныг үгүйсгэх
аргагүй. Тэр сэтгэн бодох өндөр чадвартай учраас Хойд Солонгос, Ливид айлчлаад
Ким Ир Сен, Маумар Каддафи нарыг ихэд голж байсан тухай энэхүү номонд өгүүлжээ.
Хамар дор нь тэрслүү Куба улс оршин тогтнож буйд Рональд Рейган ихэд сэрэмжилж
Москва-Гавана –Манагуаг зүхэж байлаа.
Кастро диктатур тогтоосон ч эх орныхоо газар нутгаас
худалдаагүй. Уламжлалт чихрийн нишэнгийн үйлдвэрлэл, алдартай навчин тамхи, ром
дарс, мөн эрүүлийг хамгаалах салбар, боловсролдоо их анхаарч амжилт олсон улс.
Хүчирхэг зэвсэгт хүчинтэй, иргэний агаарын тээвэр, далайн тээвэр, аль аль нь
муугүй хөгжсөн улс. Эдүгээ АНУ-ын засгийг газар Кубыг хүлээн зөвшөөрч Ерөнхийлөгч
Обама Кубад айлчилж, харилцаа нь сэргэж байна. Харин Дональд Трамп Кубад хатуу
хандах бололтой. Хэрхэгийг ирээдүй харуулах биз ээ.
Хуан Санчес Фидель Кастрод ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт
тавьснаас хардагдаж хатуу дэглэмтэй шоронд хэдэн жил тамлуулсан ч бууж
өгсөнгүй. Тэрээр 2008 онд үхэл амьдралын зааг дээр Кубаас зугтаж АНУ-д ирж гэр
бүлтэйгээ учирсан адал явдал мэт түүхээр номоо дуусгажээ.
Манай зарим хэвлэлд Фидель Кастро Монголд айлчилсан гэж
бичсэн нь ташаа. 1971 онд Рауль Кастро Монголд айлчлахад миний бие орчуулагчаар
нь явсан юм.
Америк судлаач доктор, профессор Даваагийн Цолмон
150 хоригдол оргожээ
Филиппины өмнөд хэсгийн нэгэн шоронд
зэвсэглэсэн этгээдүүд халдсаны дараа 150 орчим хоригдол оргож алга болжээ. Цагдаагийн
газраас мэдээлж буйгаар, шөнө дундын үед лалын дайчид байж тун магадгүй хэсэг
этгээд зэвсэглэн хорих анги руу дайрсан аж. Тэд харуулын цэргүүд рүү гал нээж
нэг хүний аминд хүрч, өөр нэгийг шархдуулжээ. Шоронгийн дарга Бонгат “Хоригдлууд
энэ довтолгоог хүлээж, оргоход бэлэн байсан, лалын босогчид халдлагыг сайтар
төлөвлөсөн нь тодорхой” хэмээн өгүүлэв. Зугтаж алга болсон хоригдлуудыг эрж
хайж ажил үргэлжилж байна. Тэдний дунд онц, хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүс
цөөнгүй байгаа аж.
No comments:
Post a Comment