Д.Трамп: “Сэтгүүлчид бол энэ дэлхийн хамгийн новшийн
хүмүүс”
АНУ-ын шинэхэн Ерөнхийлөгч Дональд Трамп долоо хоногийн
сүүлчээр Виржиниа мужийн Лангли дахь Тагнуулын төв газрын байранд зочлохдоо тангараг
өргөх ёслол дээр ирсэн хүмүүсийн талаар хэвлэл мэдээллийнхэн худлаа ярьсан
хэмээн мэдэгдэв. “Миний тангараг өргөх ёслол дээр бараг л 1.5 сая хүн ирсэн юм
шиг санагдаж байсан. Гэтэл хэвлэл, телевизээр бараг л хүн ирээгүй мэт хоосон,
ханхай юм гаргаж байна. Сэтгүүлчид бол энэ ертөнцийн хамгийн увайгүй, новшийн
хүмүүсийн дунд багтана” хэмээн онцолжээ. Үүний дараахан Цагаан ордны “булаг нь
ханхалсан” хэвлэлийн албаны дарга Шон Спайсер олон нийтэд зориулсан анхны
мэдэгдлээрээ мөн л сэтгүүлч, сурвалжлагчийн ажлыг муулж, зааварласан юм. “Тангараг
өргөх ёслол дээр ирж бие, сэтгэлээрээ үзүүлсэн асар их дэмжлэгийг зарим хэвлэл,
телевиз санаатайгаар жижигрүүлэн доромжилсон нь ичгүүртэй, буруу санаархал”
хэмээн Спайсер мэдэгдэв. АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг ийм олон
хүн сонирхож байгаагүй. Биечлэн ирсэн, телевизээр үзсэн хүмүүсийн тоогоороо ч
рекорд тогтоосон хэмээн Цагаан ордны төлөөлөгч ярьжээ. Гэсэн хэдий ч хэнд ч энэ
талаарх албан ёсны тоо баримт байхгүй, учир нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн
захиргаа ийм тоо гаргадаггүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн аж.
“Америкийн ард түмэн илүү сайн зүйл хүртэх ёстой” хэмээн
зарим хэвлэлээр бичсэнийг Дональд Трампын Засгийн газар эмзэгхэн хүлээж авсан
бололтой. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Спайсер жаахан уурсангүй мэдэгдэл
хийхдээ асуулт асуухыг зөвшөөрсөнгүй. Д.Трамп тангараг өргөж, эрх мэдлийг авах
үеэр худлаа мэдээлэл тараасан хэвлэл мэдээллийн байгууллагатай “тооцоо бодно”
хэмээн сануулжээ. Эрх мэдэл тайван шилжиж байхад худлаа мэдээлэл тарааж
болохгүй, Цагаан ордноос итгэмжилсэн сэтгүүлч хүртэл Ерөнхийлөгчийн үйл
ажиллагааны талаар худал мэдээлэл тарааж алдаа гаргасан хэмээн нэмж хэлэв.
Galaxy Note 7 яагаад дэлбэрснийг тайлбарлав
Өмнөд Солонгосын Samsung компани Galaxy Note 7 ухаалаг
гар утас хэд хэдэн удаа дэлбэрсэн шалтгааныг халалтын улмаас шатаж байсан
шаардлага хангахгүй хасагдсан зай хураагууртай холбон тайлбарлав. Компаниас
гаргасан албан ёсны мэдэгдэлд, дээрх алдааны хариуцлагыг Samsung-ийн
мэргэжилтнүүд хүлээнэ хэмээн онцлоод ухаалаг гар утасны батарейг үйлдвэрлэх үйл
явц, хяналтад өөрчлөлт хийнэ гэжээ. “Дахиж ийм асуудал гаргахгүйн тулд бид
засч, зүгшрүүлэх хэд хэдэн арга хэмжээ авлаа” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.
Galaxy Note 7 2016 оны наймдугаар сард Galaxy Note 5-ыг
залгамжлан зах зээлд гарсан ч цэнэглэж байхад хэд хэдэн удаа дэлбэрч, шатсан
тохиолдол гарч есдүгээр сард энэ загварын 2.5 сая утсыг эргүүлэн татсан юм.
Үүнээс болж АНУ болон өөр хэд хэдэн улс Galaxy Note 7 гар утсыг нисэх онгоцонд
авч орохыг хориглож, Samsung ч үйлдвэрлэлийг нь зогсоожээ. Дэлбэрч, шатсан гар
утаснаас болж Өмнөд Солонгосын компаний 3.5 тэрбум долларын алдагдал хүлээсэн
юм.
Гамбийн зуугуул Ерөнхийлөгч 11 сая доллар аваад зугтсан
уу?
Улс орноосоо зугтаж Экваторын Гвиней улсад очоод байгаа
Гамбийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Яхьи Жамме төсвөөс 11 сая гаруй доллар
авсан байж болзошгүй хэмээн одоогийн Ерөнхийлөгч Адам Барроугийн зөвлөх Ахмад
Фэтти ярилаа. “Төсөв бараг хоосорсон. Гамбийн Төв банк, Сангийн яамны
мэргэжилтнүүд үүнийг баталсан” хэмээн тэрээр мэдэгдэв. Гамбийн төрийн
тэргүүнээр 20 гаруй жил ажилласан Жамме сонгуульд ялагдаж А.Барроуд эрх мэдлээ
шилжүүлж өгснийхээ дараа эх орноо орхин зугтжээ. Түүний сууж явсан ачааны нисэх
онгоцонд хэд хэдэн тансаг зэрэглэлийн автомашин, бусад үнэтэй эдлэл байсан
хэмээн гэрчүүд өгүүлж байна. Жамме гадаад руу явахаасаа өмнө эрх мэдлийн төлөөх
тэмцлээс татгалзаж байна хэмээн мэдэгджээ. Арванхоёрдугаар сард болсон
сонгуульд Барроу 45.5 хувь, Жамме 36.7 хувийн санал авсан ч тэрээр ялагдлаа
хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж улс оронд үймээн дэгдсэн юм.
Р.Салливан “Мастерс”-т түрүүлэв
Снукер билллиардын гурван том тэмцээний нэг “Мастерс” Лондонд болж дэлхийн
таван удаагийн аварга, “Пуужин” хочит Ронни О’Салливан түрүүллээ.
Энэ тэмцээнд долоо дахь удаагаа түрүүлж зургаа түрүүлсэн
домогт Стивен Хендрийн рекордыг эвдэж аваргын
гоёмсог цом, 200 мянган паундын чек гардлаа. Тэрээр Жо Перрид хожигдож явсан ч долоо дараалж хожил авч
түрүүлсэн юм. Triple
Crown буюу Гурван титмийн нэг гэгддэг (нөгөө хоёр нь
дэлхийн болон Их Британийн аварга шалгаруулах тэмцээн) “Мастерс”-т гурван удаа түрүүлсэн ч 27 насандаа хорт хавдраар хорвоог
орхисон Пол Хантерийн нэрэмжит шагналын эзэн болов. Маш авьяаслаг, цахиур
хагална гэж байсан Пол Хантер 11 жилийн өмнө харамсалтайгаар хорвоог орхиж, ар
гэрийнхэн нь “Мастерс” тэмцээнийг түүний нэрэмжит тэмцээн болгох хүсэлт
гаргасан ч хүлээж аваагүй аж.
Хятадад “Хүүхдийн тэсрэлт” эхэллээ
Хятадад 2000 онд төрөлт сүүлийн хэдэн жилийн дээд
хэмжээндээ хүрч байсан. Тэгвэл өнгөрсөн оны төрөлт тэрхүү үзүүлэлтийг давлаа
хэмээн Reuters агентлаг Бээжингийн Засгийн газрын түшмэлийн мэдэгдлээс иш татан
мэдээлэв. 2016 онд Хятадад 17.6 хүүхэд мэндэлжээ. 2011-2015 онд жил 16.2 сая
хятад хүүхэд хорвоод ирж байсан юм. 2016 оны нэгдүгээр сараас эхлэн хятад гэр
бүлийг нэгээс илүү хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн нь ийм нөлөө үзүүлсэн бололтой.
Хүүхэд төрүүлэх эмэгтэйчүүдийн тоо жил бүр таван саяаар
багасна хэмээн үзэж байгаа ч тус улс жилд мэндлэх хүүхдийн тоог 17-20 саяд
хадгалахыг зорьж байгаа аж. Нэг гэр бүл хоёроос илүүгүй хүүхэдтэй байна гэсэн хязгаарлалтыг
2045 он хүртэл мөрдөх зорилготой байна. 1970-аад оноос эхэлсэн “Нэг гэр бүл-
нэг хүүхэд” бодлого хөдөлмөрийн чадвартай хүн амын ихэнхийг хөгшрүүлсэн хэмээн
үзээд 2016 онд цуцласан билээ.



No comments:
Post a Comment