Tuesday, 10 January 2017



Бан Ги Муны хамаатнуудыг авлигын хэрэгт буруутгав

АНУ-ын эрх баригчид НҮБ-ын тэргүүн асан Бан Ги Муны дүү болон бас нэг хамаатныг авлигын хэрэгт буруутгав. Тэднийг төрийн мөнгөөр томоохон барилга худалдаж авахын тулд Ойрхи Дорнодын орны нэгэн албан тушаалтнаас авлига авах гэж оролдсон хэмээн үзэж байна. АР агентлаг мэдээлж буйгаар, Бан Ги Муны зээ дүүг баривчилсан ч 250 мянган долларын барьцаагаар суллажээ.
Бан Ги Мун 2007-2016 онд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан юм. Португалын Ерөнхий сайд асан Антониу Гутерриш 2017 оны нэгдүгээр сараас түүний халааг  авсан билээ.
2013 онд Өмнөд Солонгосын Keangnam барилгын компани өрөө дарахын тулд Вьетнам дахь Landmark цогцолбор барилгыг худалдахаар шийдсэн аж. Тэргүүн Бан Ги Муны дүү тус компанид менежерээр ажиллаж байжээ. Прокурорын газрын буруутгалын 39 хуудас материалд, Бан Ги Мун болон Нью-Йоркийн Манхэттанд үл хөдлөх хөрөнгийн наймаа хийдэг хүү нь дээрх барилгыг 800 сая доллараар зарахад нөлөөлснийхөө төлөө олон сая долларын хувь авахаар тооцоолж байсныг дурдсан байна. Шалгалтын явцад тус компани хэдэн сая долларыг авлигын чанартай урьдчилсан өгсөн байсныг тогтоожээ.

Хятадад Pokemon Go тоглоомыг аюултай хэмээн хориглов

Хятадын эрх баригчид зөвшөөрөлтэй, гар утасны Pokemon Go болон нэмэлт бодит технологийг ашигладаг бусад тоглоомыг үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц түвшинд хүрсэн хэмээн хориглож эхлээд байна. Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслийг зохицуулах хорооноос ийнхүү мэдээлэв. Гар утсаараа орж тоглодог дээрх тоглоомууд нь газар зүй, байрлалын мэдээллийг түгээж, улмаар аюулгүй байдалд нөлөөлж байна, мөн тээврийн хэрэгсэл, хэрэглэгчдийн хувийн мэдээллийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна хэмээн үзжээ. Pokemon Go-г боловсруулагчид энэ тоглоомын жолоо барьж байхдаа тоглохыг хориглоод байгаа юм.

Оросууд Трампыг дарамталж, шахаанд оруулсан уу

ОХУ-ын эрх баригчид таван жилийн турш Дональд Трампыг дэмжиж, үүний зэрэгцээ түүний нэр хүндийг унагах хангалттай баримт материал цуглуулж авсан хэмээн Британийн тагнуулын албаны экс ажилтны илтгэлд бичжээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ оролцож, мэдээллийн сүлжээг нь хакердаж, Трампыг ялахад ихээхэн нөлөө үзүүлсэн хэмээх АНУ-ын тусгай албадын илтгэлд дээрх мэдээлэл багтсан бололтой. 2015-2016 онд болсон үйл явдлыг хамаатуулж буй Британийн экс тагнуулчийн илтгэлийг Америкийн BuzzFeed сайт дэлгэжээ. ОХУ-ын Холбооны аюулгүйн алба Трампыг 2013 онд Москвад ирэхэд нь түүний эсрэг баримтыг цуглуулж улмаар Трампыг сүрдүүлэх болсон хэмээн илтгэлд онцолсон байна. Тухайлбал Дональд Трамп Ritz Carlton зочид буудлын Ерөнхийлөгчийн өрөөнд биеэ үнэлэгчидтэй уулзсан тухай баримт нотолгоог оросууд олж авсан ажээ. Энэ өрөөнд өмнө нь Барак Обама, Мишель Обама нар буудаллаж байсан юм.
Трампын хүрээлэл, тэр тусмаа сонгуулийн кампанит ажлыг нь удирдаж байсан Пол Манафорт, улс төрийн зөвлөх Картер Пейж нар Оросын удирдлагатай “сайн, нягт харилцаатай” байсан хэмээн британи тагнуулчийн илтгэлд бичсэн байв. Тэд Оросын эрх баригчдын төлөөлөлтэй уулзахдаа эрчим хүчний салбар дахь ОХУ, АНУ-ын хамтын ажиллагаа, Москвагийн эсрэг өрнөдийн хориг арга хэмжээний талаар ярилцсан аж. Илтгэлд дурдсанаар, Кремль Трампт тусалж, АНУ-ын Ардчилсан намын үйл ажиллагааны талаарх мэдээллийг дамжуулж байсан аж. Кремльтэй дээд түвшинд харилцаа холбоотой байж, АНУ дахь Оросын дипломат төлөөлөгчийн газартай ч нягт сүлбээтэй байсан Нью-Йоркийн тэрбумтны багийнхан Америкийн тагнуулын газрын нууц мэдээллийг АНУ-д амьдардаг “Оросын олигархууд” болон тэдний гэр бүлийн хүмүүсээр дамжуулан Оросын талд өгч байжээ.
Трамп ч, ОХУ-ын тал ч Ардчилсан намын нэр дэвшигч Хиллари Клинтоныг ялагдуулах сонирхолтой байсан бөгөөд Москва цаашдын хамтын ажиллагааны болзол болгож тэрбумтны эсрэг баримт, нотолгоог гаргаж тавихгүй хэмээн амлажээ. ОХУ АНУ-ын Ардчилсан намын нууц мэдээллийг олзолж өрсөлдөгч нарт нь дамжуулаад, хариуд нь Кремль Украиныг нэгтгэсэн үйл явцыг буруутган зэмлэхгүй гэсэн амлалтыг Трампаас авсан хэмээн илтгэлд онцолсон байна.
Нэгдүгээр сарын 20-нд АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх Дональд Трамп нэгдүгээр сарын 6-нд тусгай албаны төлөөлөлтэй уулзсаныхаа дараа “Орос, Хятад зэрэг хэд хэдэн орон АНУ-ын төрийн бүтэц рүү кибер довтолгоо хийсэн. Гэвч энэ халдлага нь Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд нөлөөлөөгүй гэдэгт итгэлтэй байна” хэмээн мэдэгдсэн билээ. АНУ-ын Тагнуулын төв газар, Холбооны мөрдөх товчоо, Үндэсний аюулгүй байдлын агентлагаас бэлтгэсэн нууц илтгэлд, АНУ дахь улс төрийн үйл явцад нөлөөлөх кампанит ажлыг зохион байгуулах тушаалыг Оросын лидер Владимир Путин биечлэн өгсөн гэсэн нь ил болсон юм. Бүх судалгаагаар ялна хэмээн гарч байсан Ардчилсан намын нэр дэвшигч Хиллари Клинтоныг ялагдуулж, Бүгд найрамдах намын Дональд Трампыг ялуулахад оросууд нөлөөлсөн хэмээн үзэж байгаа аж. Харин Москва энэ бүхнийг эрс няцааж байна.  

А.Брейвик зурагт, видео тоглоомтой гурван өрөөнд хоригдож байна


2011 оны долдугаар сарын 22-нд Осло хотын төвд бөмбөг дэлбэлж найман хүний аминд хүрснийхээ дараа залуу хуарагнан байрлаж байсан Утойя арал дээр очиж өсвөр үеийн голдуу 69 хүнийг буудан хороосон Андерс Брейвик Норвегийн ялын дээд хэмжээ болох 21 жилийн ял шийтгэлээ эдэлж байна. Тэрээр шоронгийн, хоригдох нөхцөл байдал муу байна хэмээн байнга гомдол гаргаж, шүүхэд өргөдөл өгсөөр байдаг аж. Нөхцөл байдлыг сайжруул өг гэсэн түүний хүсэлтээр хоёр удаа шүүх хурал болж эцэст нь түүнийг зурагт, видео тоглоом, биеийн хүчний дасгал сургуулилалт хийх төхөөрөмжтэй гурван өрөөтэй гянданд хорих болсон юм. Тэрээр хийсэн гэмт хэрэгтээ хэзээ ч гэмшихгүй гэдгээ шүүх хурал дээр хэлж байв. Өөрийг нь хоногийн 22-23 цагийн туршид бусад хоригдлоос тусгаарлан ганцааранг нь байлгаж байгаа нь хүний эрхийг зөрчсөн явдал хэмээн дахин гомдол гаргажээ.  

No comments:

Post a Comment