Филиппинд төрөлтийг багасгаж ядууралтай тэмцэнэ
Филиппины эрх баригчид амьдралын түвшин дорой, худалдан
авах чадваргүй зургаан сая гаруй эмэгтэйд жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгсэл,
бэлгэвчийг үнэгүй олгож байхаар шийдвэрлэжээ. Ерөнхийлөгч Родриго Дутерте ийм арга замаар ядуу давхаргын дундах хүсээгүй жирэмслэлтийг багасгаж чадна
хэмээн үзэж байна. Улс оронд ихээхэн нэр, нөлөөтэй
Ромын католик сүмийн зүгээс Ерөнхийлөгчийн шийдвэрийг хүчтэй эсэргүүцэх төлөвтэй
байна. Дутертегийн өмнөх төрийн тэргүүн төрөлтийг хязгаарлахын тулд эмнэлгийн
байгууллагуудад жирэмслэлтээс хамгаалах эм, бэлдмэлийг үнэгүй олгох хуулийг
батлуулах гэж олон жилийн турш тэмцсэн билээ. Гэвч энэ хууль батлагдаад хоёр
жил болсон ч гэр бүл төвөвлөлтийн тал дээр мөнгөгүй, боломжгүй эмэгтэйчүүдийн
тоо зургаан саяд хүрчээ. Тэдний хоёр сая нь ядуурлын хамгийн доод түвшин буюу
ямар ч орлогогүй амьдардаг хүмүүс хэмээн эрх баригчид мэдээлэв. Шинэ
Ерөнхийлөгч Родриго Дутертегийн зоримог шийдвэр эсэргүүцэлтэй тулгарах нь
тодорхой ч дэмжиж буй иргэд, байгууллагууд их байна.
Ерөнхийлөгч Засгийн газрын яам, агентлагуудад хандаж
төрөлтөө хязгаарлаж чадахгүй байгаа, арга хэрэгсэл нь дутагдаж байгаа хосуудыг
олж гаргаж ирэхийг шаарджээ. Тэр тусмаа хөдөө тосгодод төрөлтийг хязгаарлахын
тулд ийм ажил хийх зайлшгүй шаардлагатай болоод байгаа аж. Филиппин дахь
ядууралтай тэмцэхэд өөр аргагүй болоод байгааг тус улсын Эдийн засгийн хөгжлийн
сайд Эрнесто Перниа хэллээ. Тус улс 2022 он гэхэд ядуурлын түвшинг 13 хувь
хүртэл бууруулах зорилт тавьжээ. Өнгөрсөн онд 21.6 хувьтай байсан аж.
Бэлгэвч болон жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийг үнэгүй
тараах нь амьдралыг, эмэгтэйчүүдийг, хүүхдүүдийг, эдийн засгийн хөгжлийг дэмжиж
буй хэрэг хэмээн сайд мэдэгдэв. НҮБ-ын тооцоогоор, сүүлийн 20 жилд өсвөр насны
охидын жирэмслэлт эрс өссөн Ази-Номхон далайн цорын ганц орон нь Филиппин ажээ.
Тус улс 103 сая хүн амтай билээ.
Хогийн цэгийн шувууд нисэх онгоцонд саад болж байна
Ливаны Бейрут хотын нисэх буудлаас хөөрч, бууж байгаа
нисэх онгоцуудад ойролцоох хогийн цэгт хооллохоор ирдэг шувууд заналхийлэх
боллоо хэмээн тус улсын Тээврийн сайд Юсеф мэдэгдлээ. Хогийн цэг дээрх шувууд
нэмэгдсээр нисэх буудлын бүс, зурвас руу орж ирэх болсон нь Ливаны эрх
баригчдын толгойны өвчин болоод байна. Өчигдөр Middle East Airlines компанийн агаарын хөлөг Бейрут хотын нисэх онгоцны буудалд газардахдаа
шувууны томоохон сүрэгтэй мөргөлджээ. Нөхцөл байдал улам хүндэрч, шувуудаас
болж нисэх онгоц осолдохоос өмнө хогийн цэгийг хаахыг зарим байгууллга, идэвхнүүд
шаардаж байна. 2016 оны гуравдугаар сард Бейрут хотын хогны асуудлыг шийдэхийн
тулд нисэх буудлын орчимд түр хогийн цэгийг байгуулж байжээ. Гэвч хогийн цэгийн
хажууд баригдах ёстой боловсруулах үйлдвэр баригдаагүй тул хог ихээхэн овоорч
жигүүртэн ихээр цуглах болсон аж. Одоогоор хог есөн метр өндөр болоод байгаа ба
шувуудаас гадна харх ихээр цуглаж байгаль орчинд хөнөөл учруулах болсныг
эрдэмтэд онцолж байна. Өнгөрсөн наймдугаар сард Ливаны нисэгчдийн холбоо шувууд
нисэх онгоцны аюулгүй байдалд заналхийлж байгааг сануулсан ч эрх баригчид арга
хэмжээ аваагүй ажээ.
Алмаазны уурхайд 11 хүн амиа алджээ
Судан улсын өмнөд муж дахь алмаазны уурхайд нуралт болсны улмаас 11
хүн амиа алдлаа хэмээн Reuters дамжуулав. Тэдгээр хүмүүс хаагдсан уурхайд хууль
бусаар ажиллаж, гар аргаар алмааз олборлож байжээ. Осол хэд хоногийн өмнө болсон ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр таралгүй
удсан аж. Африкийн
орнуудад, тэр тусмаа Судан улсад ашигт малтмалыг хууль бусаар
олборлох нь тун аюултай, гэнэтийн осол гарах нь элбэг
байдаг. Эрх баригчид хууль бус олборлогчдыг зогсоох гэж оролддог ч үр дүн
гарахгүй байна. Бүс нутаг дахь ядуурлын улмаас хаагдсан уурхайд нэвтрэхийг хүссэн
иргэд хэнд ч дийлддэггүй
ажээ.
Эвдэрсэн завьтай далайд нэг сар хөвөөд амьд гарчээ
Шинэ Зеландын иргэн Алан Ландон болон түүний зургаан
настай охин салхины улмаас эвдэрсэн дарвуулт завьтайгаа нэг сарын турш далайн
салхинд туугдан хөвсөн ч амьд гарчээ. Тэрээр охины хамтаар Шинэ Зеландын эргийн
дагуу бяцхан аялал хийхээр гарсан ч гэнэтийн салхи завины моторыг эвдэлж
орхижээ. Ийнхүү тэд нэг сарын турш салхины аясаар хөвсөн хэмээн Reuters
агентлаг уламжлав. Ландон Тасманийн тэнгист хөвж явахдаа буцаад Шинэ Зеланд руу
биш, харин Австралийн чигийг барьж хөвөх нь илүү аюулгүй гэдгийг ойлгосон аж.
Тэд ийнхүү нэг сар “зоргоороо” далайд хөвсний эцэст эргийн харуулын цэргүүд
илрүүлэн аварчээ.
Экс цагдаа Чикатилогийн “алдрыг” булаацалдав
Эрхүү мужийн Ангарск хотын цагдаад ажиллаж байсан Михаил
Попков 22 эмэгтэйн аминд хүрсэн хэргээр насаараа хоригдох ял эдэлж байгаа.
Тэрээр саяхан шинээр мэдүүлэг өгөхдөө дахин 47 хүний аминд хүрсэн хэмээн
ярьжээ. Ийнхүү Ангарскийн гаж интэй эрийг 69 аллагын хэрэгт сэжиглэн дахин шалгах
шаардлагатай болж байна. 1990-ээд оны эхээр хожим нь “Ростовын яргачин” хэмээн
алдаршсан Андрей Чикатило 52 эмэгтэйн амь насыг бүрэлгэсэн хэргээр цаазаар
авахуулж байсан билээ. Попков цагдаагийн албан хаагч байхдаа дээрх гэмт
хэргийнхээ ихэнхийг үйлдсэн нь тогтоогдоод байна. Тэрээр 2015 оны нэгдүгээр
сард бүх насаараа хоригдох ялаар шийтгүүлсэн юм. Попковын аймшигтай
хүчирхийлэл, яргаллын золиос болсон эмэгтэйчүүд нь ихэвчлэн Ангарск, Иркутск
хотын оршин суугчид байсан аж. Тэрээр эмэгтэйчүүдийг алахаасаа өмнө болон дараа
нь хүчирхийлдэг байсныг эмч нар тогтоосон байна.



No comments:
Post a Comment