Sunday, 1 June 2014




Кубад анхны бөөний зах нээгдлээ

Куба улсын Залуусын арал дээр тариачид, фермерүүдэд хөдөө аж ахуйн техник, багаж төхөөрөмж нийлүүлэх бөөний зах нээгдлээ. Ийнхүү жижиг бизнесийн эзэд болон тэдгээрийн ажилчид зэрэг 500 мянга орчим хүн хувиараа хөдөлж, хэдэн мянган тариачид хамгийн хямд үнээр техник, төхөөрөмжөө авах боломжтой болж байна. Куба улсад бөөний үнийн зах анх удаагаа нээгдэж буй нь энэ юм. Үүнийг дагаад үйлдвэрлэгчдэд олгох зээлийн журмыг хөнгөвчилжээ.
Хэдийгээр тус улсад хамгийн их шинэчлэл хийж буй салбар нь хөдөө аж ахуй ч түүхий эдийнхээ 60 хувийг гадаадаас авсан хэвээр байна. Рауль Кастро 2008 онд өвчтэй ахаа залгамжлан эрх мэдэлд гарч ирснээс хойш газрыг тариачдад өгч, тариачид бүтээгдэхүүнээ задгай зах дээр авчирч худалдаалахыг зөвшөөрсөн юм.

World Cup-2022”-ын эзэн орныг дахин шалгаруулах уу

Катар улсаас 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг нь буцаан авч магадгүй байна. Тэмцээн зохион байгуулах орныг сонгох явцад авлига оролцсоныг шалгалтаар тогтоовол Катараас өөр улсад “World Cup-2022”-ыг зохион байгуулах эрхийг шилжүүлэх бололтой. “Энэ бол тун ноцтой буруутгал. Олон улсын хөлбөмбөгийн холбоо үүнийг тун няхуур шалгах ёстой” хэмээн Английн хөлбөмбөгийн холбооны тэргүүн Грег Дайк мэдэгджээ. Катарт хөлбөмбөг тэгтлээ их хөгжөөгүй, мөн тус улсад зун тэсэхийн аргагүй халуун болдог нь хахууль, авлигаар уг эрхийг олж авсан гэх эргэлзээг төрүүлэх болсон юм. Азийн хөлбөмбөгийн холбооны тэргүүн асан, Катарын иргэн Мохамед бин Хаммам таван сая долларыг Олон улсын хөлбөмбөгийн холбооны (ФИФА) Гүйцэтгэх хорооны гишүүдэд хахууль болгон өгч 2022 оны дэлхийн аваргын тэмцээний эрхийг авсан хэмээн Sunday Times сонинд бичжээ.

Крымийн талаар түүхийн сурах бичигт оруулахыг зарлигдав

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын түүхийн нийгэмлэгтэй зөвлөлдсөний эцэст Оросын түүхийн сурах бичигт Крым, Севастополийн гүйцэтгэсэн үүргийн талаар нэмж оруулах үүрэг өгчээ. Наймдугаар сарын 15 гэхэд энэхүү шинэ сурах бичиг бэлэн болох ёстой хэмээн Кремлийн албан ёсны хуудсанд мэдээлсэн байна.
Харин Киевийн эрх баригчид үүнийг эрс эсэргүүцэж байна. “Крымийн хойгийг цэргийн хүчээр эзлэн авчихаад одоо түүхийнхээ сурах бичигт оруулж, дэлхий нийтийн тархийг угаах гэж байна” хэмээн Украины шинэ эрх баригчид мэдэгджээ.

No comments:

Post a Comment