Monday, 9 June 2014




Антонио Бандерас, Мелани Гриффит нар хоёр тийш болжээ

Холливудын оддын нэг Антонио Бандерас, Мелани Гриффит нар олон жил “хямралтай” байсны эцэст салахаар шийдэж, зохих бичиг баримтыг бэлэн болгожээ. “Эмэгтэйчүүдийн зэвсэг” киноны дүрээр олонд алдаршсан Гриффит өнгөрсөн тавдугаар сарын 30-нд салах өргөдлөө шүүхэд өгчээ. Антонио, Мелани нар охиноо 18 нас хүрэхээр салалтаа ил болгохоор шийдсэн хэмээн US Weekly сэтгүүл мэдээлэв. Тэдний охин Стелла хэдхэн сарын дараа 18 хүрэх юм.
Zorro” киноны баатар Антонио Бандерас, Мелани Гриффит нар дундаасаа ганц охинтой. Меланигийн өмнөх гэрлэлтийн хоёр хүүхэд испани жүжигчинтэй ихэд дотно өсчээ. Эцэг эх нь салах шийдвэр гаргахад 24 настай Дакота, 29 настай Александр нар ч чухал нөлөөтэй байсан аж.
М.Гриффит салах өргөдлөө гаргахдаа охиныхоо асран хамгааллыг өөр дээрээ авахыг хүсчээ. АНУ дахь уламжлалаар хүүхдүүд 18 хүрээд эцэг эхийн “гараас гарч” их сургуульд сурахаар явдаг тул энэ наснаас хойш асран хамгаалах гэх “зүйл” эцэг эхэд байдаггүй аж. Тиймээс Гриффит асран хамгаалал нэрээр охиныхоо эцгээс мөнгө гаргуулж чадахад хэдхэн сарын хугацаа үлдээд байгаа юм. Холливудын алдарт гэр бүл хамт амьдрах хугацаандаа бий болгосон 47 сая долларын хөрөнгөө хуваах хэрэгтэй болоод байна.

“Хайрын цоож”-нууд гүүрэнд заналхийлж байна

Парисын Pont des Arts гүүр “Хайрын цоож”-ны улмаас нурж магадгүй аюулд ороод байна хэмээн “Paris Match” мэдээлэв. Тэнд ирсэн жуулчид салшгүй хайрыг билэгдэж гүүрнээс цоож зүүж, түлхүүрийг нь ус руу шиддэг заншилтай болсон юм. 150 метр урт гүүрний хоёр талын хашлага цоожоор дүүрсний дараа гүүрийг хэсэг хугацаагаар хаахаас аргагүй болж байв. Тэгвэл өчигдөр Pont des Arts гүүрний нэгэн гэрлийн шон “цоожны халуун”-ыг тэвчилгүй унажээ. Өдрийн цагаар унасан ч хүн амьтан гэмтсэнгүй. Үүний дараа цагдаа нар гүүрийг хааж, Парис хотын захиргаанаас барилгын мэргэжилтэн ирж шонгийн уналтыг хэмжиж, дүгнэлт гаргасны дараа ослын газарт хаалт хийсэн байна.
Сена мөрнийг гаталж Луврын музейд хүргэдэг Pont des Arts гүүрнээс Парис хот үзэсгэлэн төгөлдөр харагддаг. 2008 оноос хойш хосууд харилцаа холбоогоо бататгахыг билэгдэж тус гүүрнээс цоож зүүх моод дэлгэрчээ. Гүүрэнд зүүн үлдээж буй цоожнууд Францын нийгэмд маргаан дэгдээж, Парис хотын парламент дээр ширүүн маргаан өрнөж байв. Эцэст нь хиймэл, хөнгөхөн цоож өлгөж болох санаа сэдсэн ч тусыг эс олж, тэндээс төмөр цоож зүүх уламжлал хэвээр үлджээ.

Башар Асад бүх нийтийн өршөөл зарлав

Сирийн Ерөнхийлөгч Башар Асад бүх нийтийн өршөөл зарлалаа хэмээн France-Presse мэдээлэв. Бүх төрлийн гэмт хэргээр шийтгэгдсэн хүмүүст үзүүлэх өршөөл нь нийгмийн сайн сайхан, ард түмний нэгдэл нягтралын төлөө гарч байгаа хэмээн Сирийн Хууль зүйн сайд Нажем Ахмед мэдэгдлээ.
Башар Асад зургадугаар сарын 3-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсны дараа Алеппо дахь Төв шоронгоос 320 хоригдлыг өршөөн хэлтрүүлэх зарлиг гаргасан юм. Syrian Observatory for Human Rights байгууллагаас мэдэгдэж буйгаар, ойрын хугацаанд Дамаск мужийн шоронгоос 480 хоригдлыг суллахаар болжээ. Эдүгээ Сирийн шоронгуудад 18 мянган хүн хоригдаж байна. Өнгөрсөн оны аравдугаар сард Б.Асад мөн бүх нийтийг хамарсан өршөөл зарлаж байжээ. 

No comments:

Post a Comment