Wednesday, 9 December 2015




Аваргуудын лигийн шилдэг 16 баг шалгарлаа

Аваргуудын лигийн хэсгийн тоглолт дуусч 1/8 шигшээд өрсөлдөх 16 баг шалгараад байна. Хэсгийн нэгдүгээр байраар “Реал” (Испания), “Вольфсбург” (Герман), “Атлетико” (Испани), “Манчестер Сити” (Англи), “Зенит” (Орос), “Барселона” (Испани), «Байерн” (Герман), “Челси” (Англи) гарчээ. Хоёрдугаар байраар “ПСЖ” (Франц), “Эйндховен” (Голланд), “Бенфика” (Португал), “Ювентус” (Итали), “Рома” (Итали), “Арсенал” (Англи), “Динамо” (Украина), “Гент” (Бельги) шалгарлаа. Хэсэгтээ гуравдугаар байр эзэлсэн баг Европа лигт тоглох юм.
Хасагдах шатны сугалаа 14-нд Швейцарийн Ньон хотод болно. 1/8 шигшээд нэг хэсгийн, нэг улсын баг таарахгүй. Мөн Европын хөлбөмбөгийн холбооны шийдвэрээр Орос, Украины баг хоорондоо тоглохгүй юм.

Б.Обама дуртай ном, кино, дуугаа нэрлэв

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама 2015 оны хамгийн дуртай дуугаараа Кендрик Ламарын Much a Dollar Cost-ийг нэрлэв. Хамгийн сонирхолтой номоор зохиолч Лорен Гроффын Fates and Furies, гоё киногоор Мэтт Даймлны тоглосон The Martian-ийг нэрлэлээ хэмээн People сэтгүүл мэдээлэв. Тэргүүн хатагтай Мишель Обама Бруно Марсын Uptown Funk дуу, Элизабет Александрын The Light of the World ном, Pixar студийн “Puzzle” киног шилдгээр нэрлэсэн байна. Цагаан ордны эзэн “Никерборгийн эмнэлэг” олон ангит киног үзэх дуртай гэжээ. Мишель Обама анх удаа дуртай дууныхаа жагсаалтыг гаргахад Бейонс, Алиша Кис, Ники Минаж, Арета Франклин нарын дуу багтаж байжээ.

Орон гэргүй эр 500 мянган доллар хожжээ

Колорадо мужийн орон гэргүй эр Майкл Энгфорс сугалаагаар 500 мянган доллар хожлоо хэмээн New York Daily News сонин мэдээлэв. Энгфорс сүүлийн зургаан жилийн турш гудамжинд амьдарч байгаа аж. Бизнесээ алдаж, архинд орсон ч амьдралаа нааштайгаар эргүүлэх итгэлээ хэзээ ч алдаж байсангүй. Ердийн америк хүн арван доллараар сугалаа худалдаж авахаас зайлсхийдэг ч Энгфорс үзээд алдахаар шийдсэн аж. 61 настай тэнэмэл эр хагас сая доллартай болсныхоо дараа хамгийн түрүүнд сураггүй болсон охиноо хайж олохоор төлөвлөжээ.

Крым татгалзахын аргагүй санал тавина

Крымийн аялал, жуулчлалын компаниуд Турк, Египетэд амарч заншсан жуулчдад зориулж татгалзахын аргагүй санал тавих гэж байна хэмээн хойгийн Дэд бүтцийн сайд Сергей Стрельбицкий мэдэгдлээ. “Бид зочид буудал, үйлчилгээ, хөтөлбөрөө өдрөөс өдөрт сайжруулж байна. Бүх түвшний хүмүүст зориулсан татгалзахын аргагүй санал тавихаар бэлтгэж байна” хэмээн ярьжээ. Улс төрийн нөхцөл байдлын улмаас Турк, Египетэд амардаг орос жуулчдын урсгал эрс татарсан юм.
Крымийн амралт, сувилал, зочид буудлууд All inclusive буюу нэг өдрийн үнэд зочид буудал, өдрийн гурван хоол, уух юм 24 цагаар үнэгүй байдаг системийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.



Uniqlo, Zara-гийн Хятад дахь байлдан дагуулалт

Zara брэндийг эзэмшдэг Испанийн Inditex, Uniqlo брэндийн толгой компани Fast Retailing Group-ийн хооронд Хятадыг байлдан дагуулах тулаан ид өрнөж байна. Саяхан нэг хүүхэд бодлогоо цуцалсан, мөдхөн тэрбум 500 сая хүн амтай болох гэж байгаа Хятад улс бүх насны хүмүүст зориулсан хувцас үйлдвэрлэгч аварга том хоёр компанийн хувьд хамгийн ашигтай зах зээл юм. Тиймээс Амансио Ортега, түүний өрсөлдөгч япон тэрбумтан Тадаши Янай нар асар том зах зээлийн төлөө ширүүн өрсөлдөж байна. Uniqlo мөн Испанийг байлдан дагуулах санаатай байгаа нь Zara-гийн эзний сэтгэлийг түгшээхгүй байгаа аж.
Учир нь жинхэнэ тулаан Азид, тэр тусмаа Хятадад өрнөж байгаа ажээ. Бүгд найрамдах улсын эдийн засаг ирэх онд бага өсөлттэй гарахаар байгаа ч Олон улсын валютын сангаас гаргасан тооцоогоор, 2020 он хүртэл жил бүр 5.8-6.1 хувиар өсөхөөр байна. Ажилгүйдэл дөрвөн хувь орчимд тогтвортой байна гэжээ. Хамгийн чухал үзүүлэлт болох нэг хүнд ногдох орлого ирэх таван жилд долоон мянгаас 12 мянга 117 долларт хүрнэ хэмээн тооцоолов. Хятадын дундаж давхаргын өсөлт л дэлхийн томхон брэндүүдийн хорхойг хүргэж байна.
Энэхүү өсөлт, хөгжилтийг анаж байгаа Zara, Uniqlo бүс нутаг дахь өргөжилтийнхөө төлөвлөгөөг ид боловсруулаад завгүй байгаа аж. Inditex, Fast Retailing Group Хятадын зах зээлийг эзлэхээр зуузай холбон давхиж байна. Өнөөдрийн байдлаар Zara япон өрсөлдөгчөөсөө толгой илүү явж байна. Zara 2006 онд Шанхайд анхны дэлгүүрээ нээж байсан. Тэр цагаас хойш Хятад улс нь Испанийн тэрбумтны хөрөнгө оруулалтын гол гурван чиглэлийн нэг болжээ. Inditex групп Испанид 42 мянга, Орост есөн мянга 337 хүнийг ажлын байраар хангадаг. Үүний дараа найман мянга 584 иргэнийг нь ажилтай байлгаж байгаа Хятад улс орж байгаа аж. Zara-гийн Франц дахь дэлгүүрт долоон мянга 469, Итали, Герман, Португалд тус бүр таван мянган хүн ажилладаг.

Өнөөдөр Хятадын 63 хотын 500 гаруй лангуунд Inditex группын бүтээгдэхүүн байна. Хамгийн алдартай брэнд нь болох Zara-гийн дэлгүүр гэхэд л 165 байгаа аж. Мөн Inditex-ийн өөр брэндүүд болох Pull&Bear, Massimo Dutti, Bershka, Stradivarius, Oysho, Zara Home-ийн салбар дэлгүүр байна. Uniqlo брэндийг эзэмшдэг Японы Fast Retailing Group мөн л Шанхайд анх дэлгүүрээ нээж байжээ. Анхны дэлгүүрээ 2002 онд нээснээс хойш тогтвортой өргөжин тэлсээр өнөөдөр Хятад даяар 415 дэлгүүртэй болжээ. Тэд ойрын хугацаанд 91 шинэ салбараа нээхээр төлөвлөж байна. Uniqlo-гийн хамгийн том дэлгүүрээр Шанхай хотод байдаг ажээ. Zara, Uniqlo брэнд нь энгийн загвар, боломжийн үнээрээ бусдаас ялгардаг билээ. 

Monday, 30 November 2015

27-28
margen- гадна, зах
prejuicio- сэжиг, таамаг, хардлага
sociedad ensimismada- явцуу, бөглүү нийгэм
azar de los amores prohibidos- хориотой хайрын тавилан, төөрөг
corazon desolado- шимширсэн зүрх
disperso- тарж бутарсан, үймэрсэн, хямарсан
fango- шавар, шавхай
contendor- өрсөлдөгч, эсрэг тал
brumas- манан, будан, хүдэн
afinidad- адил, төстэй чанар, тал
agonia- зовлон, шаналал
sobrellevar- тэвчих, давж гарах, тэсэх, даах
la dicha- аз жаргал, ханамж
29-30
idolo fluvial-гол мөрний бурхан тэнгэр, шүтээн, сахиус, лусын дагина
impavido- айдасгүй, мохошгүй, тайван амгалан
estrago- хор хөнөөл, гарз хохирол, өршөөлгүй цаг хугацаа 
explicito- тодорхой, илэрхий
torrente irreparable- нөхөшгүй, өршөөлгүй довтолгоо, цаг хугацааны
sucumbir- бууж өгөх, найр тавих
Өөрийнх нь шийдвэр биш... 
destino inexorable- нугаршгүй, хатуу, гарцаагүй, няцаашгүй хувь заяа
pata de catre- эвхдэг орны хөл
repudiar- няцаах
mujer irredimible- засаршгүй, аврагдашгүй, эргэж няцашгүй эмэгтэй
complaciente- ханамтай, баяртай
31
coser su mortaja - бүрлээчийн өмсгөл, хувцас оёх
moridero- ертөнц, там
Ardiente y arido - халуун, хуурай, шөнийн айдсаар дүүрэн
calificacion- тодорхойлолт, энэ нь үндэслэлгүй, шалтгаангүй тодорхойлолт биш байлаа
pubertad - өсвөр нас
letrina- жорлон
nauseabundo- дотор муухайрам, бөөлжис цутгам
aspero- ширүүн харгис, барзгар
tiza- шохой al rojo vivo - улайсч халсан
pobreria - ядуу
цаасан хайрцаг, нимгэн төмрөөр барьсан урц, байшингаа орхиж
hierro candente - халуун төмрөөр цээжиндээ хайрсан хааны боолын тамгатайгаа
Ranchos - овоохой, оромж
alambique casero- гэрийн нэрмэл архи
32
desbaratar- түйвээх, сүйтгэх
fandango- баяр цэнгэл
Impetuoso - айхтар
ventorrillo - наймаа, худалдаа, эд зүйлс
үхмэл хотыг шарсан загасны үнэртэй хүний галзуу яармаг болгож орхисон юм
decadencia honorable - ариун шударга (эрхэм хүндэт) уналт бууралт, доройтол
alcazar desguarnecido - задарч, унасан ордон, цайз, бэхлэлт
vericueto - барзгар чулуу
bucanero - далайн дээрэмчин
languido - уйтгартай, гунигтай
33-34
ingrato - таагүй, тааламжгүй
llovizna - шиврээ бороо, зөөлөн бороо
trastornar - үймүүлэх, тавгүйтүүлэх, ядаргаа болох
flotas de galeones - хөлөг онгоцны флот
caudal - эд хөрөнгө
zarpar -гарах
historiado - түүхэн зурагтай
escuadra - хороо, суман, цэргүүд
portico- нүүрэн тал
dorico- Дорик, Грекийн сонгодог загвар
Terraza- задгайвч 
Estanque - усан сан, цөөрөм, тогтоол ус
miasma- бохир заваан ус, живсэн хөлөг онгоцны үлдэгдлээр дүүрсэн далайн хоолой тэр чигээрээ харагддаг
cielo muy alto - өндөр таазтай
ramazon de vid y racimo - багц усан үзмийн зурагтай
doncella - залуу охин, бүсгүй
caramillo - бишгүүр, лимбэ, гуурсан бишгүүрээр даллан дуудсан
fauno- домгийн
floresta - шугуй, төгөл, хүрэл, улаан шугуй
muebles de recibo - зочны өрөөний тавилга
lagrimas de cristales de roca - уулын болор унжлага
jarron - ваар болон цэцгийн сав
estatuilla de idilios paganos- амраглагч хосын баримал
alabastro- гөлтгөнө
coherencia- уялдаа, холбоо, шүтэлцээ, орчин
butacas de mimbre - сүлжмэл сандал, бургасан сандал
flecos- цацаг
ortofonica- бягтруул
35-36
meticuloso- нарийн нягт, нямбай, няхуур
santuario- ариун өргөө
nogal- хушганы мод, царс, нарс
poltrona-сандал
capitonado- бүрсэн, гадарласан
anaquel- тавиур
empastado- бүрсэн
becerro - бяруу
lomo- нуруу, номны
estancia - өрөө
merced- эрхшээл, ивээл
estropicio- сүйрэл, эвдрэл, хорогдол
aliento- агаар, салхи
sigilo- нам гүм 
abadia- сүм
una fresca- сэрүүн, хүйтэн агаар
encierro- хаалттай, хаалга хаалттай, тусгаарлагдаж, ганцаараа, хоригдож
oprimido- дарамттай, эвгүй
bondad- халууныг сөрөн зогсох Ромын үеийн арга нь 
sopor- халуун, нозоорол
dicha- цэнгэл, жаргал
portico - гадаа, үүд
carguero - ачааны хөлөг онгоц
ceniciento- үнсэн саарал
buque fluvial - гол мөрний хөлөг онгоц
reguero-давалгаа, мөр
muladar estancado- далайн булангийн бөөгнөрсөн, овоорсон хог
alisio- салхи
resquicio - нүх, сүв, цоорхой
trastornar - тавгүйтэх, залхах
consumado- дууссан, гүйцсэн
жаал зүүрмэглэх
servidumbre alborotado - шуугисан үйлчлэгч нар
тод, оновчтой ярьж байлаа (тоть)
Урбино түүнийг бие дааж сургасан болохоор хэнээс ч илүү эрх ямбатай байдаг байлаа
uso de razon- ухаан орох, мэдээ орох
apelar- хэрэглэх
arduo- маш хэцүү, хичээнгүй
vicio de la virtud- шаргуу зангаараа, зандаа хөтлөгдөн
латин хэл дээрх мөргөлөө дагаж хэлэхэд сургаж
inculcar- суулгах, өгөх, ойлгуулах
nocion mecanica- дөрвөн аргын тооны анхны мэдлэг, 
fonografo de bocina- ая тоглуулагч
37
Delicia de Francia - Францын сонорыг мялааж байсан
carcajada libertina- тачигнасан, цангинасан инээд
espejo magistral- яг адилхан
зугаатай тотийн нэр алдар
chistera- бүрх малгай
levitas de pano- урт хормойтой хүрэм
cielo incandescente- шатам халуун тэнгэр, агаар
intrigado-сониуч
empecinar- зөрүүдлэх, зүтгэх
temerario - аймшиггүй
desplante- ичгүүргүй, шазруун зан, доромжлол
fuero sagrado- дархан эрх
38
amuleto mineral- аз дагуулдаг сахиус
a ciencia cierta - баттай, эргэлзээгүй, баталгаатай
heraldo de muerte - үхлийн дохио, тэмдэг
guacamaya- тоть
servil - саймшрагч, долигонуур, бялдууч
oportunista - завшаан хайгч, ашигч
estorbo ornamental- чимэг төдий ядаргаа
туулай шунал хөдөлгөдөг
mico- сармагчин
fiebre de la lujuria- хуял тачаал
Азарган тахианы дуунаар Христ гурван удаа няцаагдсан тул тахиа нь хараал идсэн амьтан аж
andadura de venada - буга согоо шиг явах
idolatra irracional- ухаангүй бишрэгч, дурлагч, халуун орны цэцэгсийн
buen juicio - эрүүл саруул ухаан
se despedazaron - бие биенээ хүү татсан
gatos abisinios- этиоп муур
бүргэд шиг төрхтэй
modal faraonico- фараон мэт авиртай
siameses bizcos- солир нүдтэй Сиамын муур
los persas palaciegos- перс муур, ордны
хий үзэгдлийн сүүдэр мэт унтлагын өрөөгөөр хэсүүчилж 
39
alcoba - унтлагын өрөө
alarido - дуу, шуугиан
aquelarres- нийллэг, ороо, шөнийн учрал
suscitar - өдөөх
compasion - өрөвдөх, энэрэх
semblante atribulado - адил нүүр, царай
candor- гэмгүй царайлсан, гэнэн хонгор
elocuencia- уран үг, дохио зангаа 
complacerce- дур тавих, эмэгтэй хүн харахаараа 
alcaravan premonitorio - ирээдүйг таагч бух шувуу
garza - дэглий, урт шар хөлтэй намгийн 
anturios de los floreros- тавцангийн цэцэг
infundio- худал цуу, луйвар, заль
confabulado-хуйвалдсан, сүлбэлдсэн
aleteo - дэвэлт
suspiro - исгэрээ
saturar- дүүргэх
efluvio- үнэр, агаар
insomne- сэрүүн, сэргэг
perturbar-түйвээх


Wednesday, 18 November 2015

Шатах ашигт малтмалын өртгийг удирдах арга зүй

Шатах ашигт малтмалд бидний сайн мэдэх нүүрс, газрын тос, байгалийн хий, шатдаг занар зэрэг ашигт малтмалууд орно. Шатах ашигт малтмалын хайгуул ба олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд олширч, үйл ажиллагаагаа өргөн хүрээтэйгээр явуулахтай зэрэгцээд манайд тулгарч буй чухал асуудлын нэг нь нөхөн сэргээгдэхгүй байгалийн нөөцийг хэрхэн хаягдалгүй, иж бүрэн ашиглаж, байгаль орчныг бохирдуулалгүй тэнцвэрт байдлыг хадгалж, эдийн засгийн үр ашигтай ажиллах явдал юм. Монгол Улсад нүүрсний 15 сав газар, гурван талбайд 160 орд, мөн 270 илэрц тогтоогдсон ба 2013 оны эхний хагас жилийн байдлаар нүүрсний геологийн таамаг баялаг 173.3 тэрбум тн (P), нарийвчилсан хайгуулаар тогтоогдсон нөөц 26.8 тэрбум тн (A+B+C) болж, нөөцөөрөө дэлхийд эхний 10 орны тоонд багтаж байна. (Геологи, уул уурхайн салбарын товхимол, 2014)
Манай улсын эдийн засагт эзлэх уул уурхайн салбарын бүтээгдэхүүн, тухайлбал нүүрсний нөлөөлөл их билээ. Иймд нүүрсний арвин их нөөцийг үр ашигтай олборлож, экпортлох шаардлагатай. Ган хайлуулах үйлдвэрийн үндсэн түүхий эд нь коксжих нүүрс тул манай улсын коксжих нүүрсний эрэлт БНХАУ-ын гангийн үйлдвэрлэлтэй шууд холбоотой юм. Тус улсын Коммунист Намын Төв Зөвлөлийн 18 дугаар бүгд хурлаар улсынхаа 13 дугаар таван жилийн (2016-2020) нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх төлөвлөгөөний үндсэн зорилтууд хэрэгжсэнээр хүн амын өсөлт, төвлөрөл, суурьшилт, хотжилтоос үүдэн орон сууц ба нийгмийн дэд бүтцийн бүтээн байгуулалт нэмэгдэх болно. Мөн түүнчлэн хот, орон нутгийн хүмүүсийн орлогын зөрүүг тэнцвэржүүлэх, орлогыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилтыг тавьж байгаа нь хүмүүсийн худалдан авах чадварыг сайжруулж, ингэснээр авто машин болон гэр ахуйн цахилгаан бараа г.м. худалдан авалт нэмэгдэх юм. Дээрх хүчин зүйлээс улбаалан гангийн үйлдвэрлэлийн хэрэгцээ өсөн нэмэгдэх боломжтой. Өнгөрсөн хугацаанд урд хөрш маань дэлхийн гангийн үйлдвэрлэлийн 40 гаруй хувийг дангаараа эзэлж байсан бөгөөд 2030 он хүртэл энэ хувиа алдахгүй, ойролцоо байхаар Дэлхийн гангийн холбооноос таамагласан байна. Иймээс Монгол Улсын коксжих нүүрсний экспорт үүнийг даган өсөх магадлалтай. Нүүрс олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг компанийн эцсийн зорилго нь бусад үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын нэгэн адилаар хөрөнгө оруулагчдын оруулсан хөрөнгийн өгөөжийг байж болох хамгийн өндөр түвшинд барихын тулд орлогыг хамгийн өндөр, зардлыг хамгийн бага байлгахыг чармайх явдал. Үүний тулд тухайн төслийг хэрэгжүүлэхээс өмнө уг төслийн үр ашигт байдлыг тооцож хэрэгжүүлэх эсэхийг шийдэх боломжтой бөгөөд энэ нь уул уурхайн салбарын хувьд ихэвчлэн тухайн ордын техник, эдийн засгийн үндэслэлийн эдийн засгийн тооцоо байх явдал бий. Иймд техник эдийн засгийн үндэслэл нь тухайн төслийн хэмжээнд, бүрэн утгаар нь бүх нөхцөл байдлыг авч үзэх боломжийг компанийн удирдлагуудад олгож, уурхайн нийт ашиглалтын хугацаанд хэдий хэмжээний зардал гаргаснаар хэдий хэмжээний орлогыг олж, хэдэн хувийн өгөөжийг хөрөнгө оруулагчдад өгч чадах вэ гэдгийг харуулах бүрэн боломжтой юм.  Өөрөөр хэлбэл тухайн бүтээгдэхүүний, тухайлбал нүүрсний амьдралын мөчлөгийг харуулж, аль мөчлөгт ямар зардал гарч, гарсан зардал нь орж байгаа орлогоороо бүрэн нөхөгдөж байгаа эсэхийг, мөн түүнчлэн түүнийг хэрхэн үр ашигтай удирдах, эсвэл үүнээс илүү үр ашигтай байж болох эсэхийг нягтлах, удирдах боломжийг олгодог давуу талтай юм. 


СЭЗДС, магистрант О.Отгонцэнгэл (Зөвлөх багш Т. Пүрэвдулам)

Tuesday, 10 November 2015

Дэлхийн байлдан дагуулагч

Чингис хаан болон түүний дараах хаадын байгуулсан Монголын эзэнт гүрэн Солонгосын хойгоос Унгар хүртэлх 33 сая км кв газар нутгийг эзэлж байсан нь түүхэнд хоёрт орох том гүрэн юм. Монголын эзэнт гүрний 100 сая харъяат дотор тухайн үедээ өндөр хөгжилтэй, хамгийн их хүн амтай байсан Хятад, Ирак, Иран болон Төв Азийн улсууд багтаж байв.

Их засаг хууль

Эзэнт гүрэн дотор эмх журмыг сахиулахын тулд Их засаг хуулийг баталж, нарийн чанд мөрдөж байлаа. Хулгай хийх, худал ярих, завхайрах зэргийг хориглож, итгэл үнэмшлийн эрх чөлөөг дээдэлж байв. Эзэнт гүрний гүн бат суурь энэхүү хууль байсан билээ.

Нугаршгүй, өршөөлгүй тэмцэгч

Эцэг Есүхэй баатрыг өөд болсны дараа Тэмүүжин, түүний гэр бүл амьдарч, тэсч үлдэхийн төлөөх өршөөлгүй хатуу тэмцлийг даван гарчээ. Аугаа их Чингис хаан 10 настай байхдаа эцэг нэгтэй ахтайгаа муудалцан нум сумаар харваж алжээ. Тал нутгийн тархай бутархай омог аймгуудыг нэгтгэх тэмцэл, үйл явц эндээсэхэлсэн гэж үздэг.

Цэргийн гарамгай удирдагч

Чингис хаан цэргийн гарамгай удирдагч байсан. Дайснаа хэний ч санаанд оромгүй уран арга, мэхээр ялан дийлж байсан олон тохиолдол байдаг. Монголчууд моринд дэндүү эрэмгий, морио зөвхөн хөлөөрөө залж, хоёр гар нь нум сум харвахад чөлөөтэй байдаг байжээ.

Дипломат ёсыг хөгжүүлэгч

Чингис хаан эв найрамдал, энх тайвнаар зэрэгцэн оршихыг эрхэмлэдэг байсан. Хорезмийн хаант улс Монголын элчийг алсны дараа ихэд хилэгнэж тус улсыг дайлаар мордсон гэдэг. Хорезм улс монгол цэргүүдийн дайралтад үнсэн товрог болж, Хорезмийн цэргүүдийн толгойгоор уул овоо босгож байжээ. Улс гүрний албан ёсны элч, төлөөлөгчийн халдашгүй дархан байдлыг дэлхий нийтэд түгээж, ойлгуулсан нь энэ юм.

Нууцлаг

Чингис хаан өөрийн хөрөг, дүрийг зурж буулгахыг хэзээ ч зөвшөөрдөггүй байв. Түүний анхны хөрөг зураг нас барсных нь дараа бүтээгдсэн байдаг. Үр хүүхэд, албат харъяатууд нь их хааныхаа шарилыг ихэд нууцлан онголжээ. Хаана оршуулсныг нь мэдэгдүүлэхгүйн тулд дөрвөн өөр газар яг адилхан томоохон ёслол хийн онголж, уг газар дээр түмэн адуу хурааж газрыг нь тэгшлэн засч, зүлэг ногоо ургуулсан гэдэг.

Гоо сайхныг таашаагч

Монголчууд ялалт байгуулсны дараа олзны охид бүсгүйчүүдийг хаан, ноёд, жанжны өмнө жагсаадаг байжээ. Хаан таалалдаа нийцсэн гоо охидыг өөрийн болгож, бусдыг нь ноён, гарамгай цэргүүддээ үлдээдэг байв. Түүхийн зарим эх сурвалжид Чингис хааныг 40 гаруй татвар эмстэй байсан гэдэг. Харин Чингис хаан их, бага нийлээд зургаан хатантай байжээ.

Үр удам

Дэлхийн эрэгтэй хүн амын 0.5 хувь нь Чингис хааны цэвэр үр удам ажээ. Нийтдээ 16 сая хүний судсаар Чингис хааны цус гүйж байдаг. Харин шууд бус удмын хүмүүсийг тоолбол 800 саяд хүрнэ хэмээн эрдэмтэд тооцоолжээ.

Дэлхийг хөгжүүлэгч

Монголын эзэнт гүрний хөгжил, байлдан дагуулал дэлхийн эдийн засаг, худалдааны хөгжилд ихээхэн түлхэц болж өгсөн юм. Монголчууд буухиа шуудан, дипломат элчийг улам боловсронгуй болгож хөгжүүлсэн. Монголын байлдан дагуулалтад сүрдсэн европчууд нэгдэж, өнөөгийн Европын нэгдмэл байдлын үндэс суурийг тавьсан ч гэж үздэг.

Чингис хаан хэрхэн тэнгэрт хальсан бэ

Түүний үхлийн шалтгаан амьдралынх нь хамгийн учир битүүлэг зүйл. Хамгийн их түгсэн хувилбар нь мориноос унаж гэмтсэний улмаас гэдэг билээ. Мөн халуурч, өвчилж нас барсан, хөлөндөө сумны шарх авч өөд болсон гэх нь бий. Хятадын гүнжид хорлогдсон ч гэх нэг яриа байдаг. Гэвч Чингис хаан өөрийн гэрээслэлээрээ мөнх, амар тайван нойрсох газраа нууцалж чадсан юм. Эрдэмтэн, мэргэд их хааны онгоныг Хэнтий аймгийн Бурхан Халдун ууланд байдаг хэмээн үздэг билээ.

Tuesday, 13 October 2015




Орост Б.Асадыг дэмжсэн цамц худалдаанд гарчээ

ОХУ-ын нисэх хүчин Сирид тусгай ажиллагаа явуулж эхэлснээх хэд хоногийн дараа Сирийн Ерөнхийлөгчий Башар Асадыг дэмжих уриатай цамц Оост худалдаанд гарчээ. Сири дахь босогчдын байрлалд агаараас цохилт өгч байгаа зурагтай богино ханцуйтай цамц Москвагийн Тверийн гудамжин дахь “Оросын арми” дэлгүүрт зарагдаж байгаа аж.
ОХУ Крымийг нэгтгэсний дараа Путиний зурагтай цамц ихэд алдаршиж байсан юм. Өнгөрсөн оны зун Оросын “АняВаня” брэнд Кремлийн тэргүүний зурагтай Крым, Биднийг гүйцэхгүй, Тэр хамгийн эелдэг нь гэсэн бичигтэй цамц худалдаанд гаргасан нь ихээхэн амжилт олжээ. Эдгээр цамцыг гурван өдрийн дотор борлуулна хэмээн тооцоолж байсан ч таван мянган цамц нэг өдрийн дотор дууссан юм. Харин В.Путин өөрийн дүр төрхийг арилжааны зорилгоор ашиглахыг таашаагаагүй аж.

Унадаг дугуй Европын эдийн засагт ямар хувь нэмэр оруулдаг вэ?

Европ тивд Голланд, Унгар, Дани, Швед, Бельги улсын иргэд унадаг дугуйг хамгийн их хэрэглэдэг. Дугуй унахын давуу тал их, эрүүл мэндэд тустайгаас гадна мөнгө хэмнэж, хүрээлэн буй орчинг хамгаалж, хотын амьдралын чанарт сайнаар нөлөөлж байдаг. Гэвч энэхүү хоёр дугуйт тээврийн хэрэгслийн эдийн засагт оруулдаг хувь нэмэр нь маш их ажээ.
Хуучин тивийн дугуйчдын холбооноос гаргасан тооцоогоор, унадаг дугуй тивийн эдийн засагт жил бүр 200 тэрбум доллар оруулж байгаа аж. Энэ нь Данийн дотоодын нийт бүтээгдэхүүнээс давсан үзүүлэлт юм.  Дээрх тооцоо дүгнэлтийг гаргахдаа эрүүл мэндэд оруулж буй хувь нэмэр, түлш шатахууны хэмнэлт, хүрээлэн буй орчныг бохирдуулдаггүй зэрэг талуудыг харгалзжээ. Тодруулбал, хамгийн том ашиг нь эрүүл мэнд, аялал жуулчлалын салбар дахь хэмнэлтээс гарч байна. Иргэд унадаг дугуйгаар шилжилт хөдөлгөөн хийснээр эрүүл мэндийн зардлаас 121 тэрбум, аялал жуулчлалаас 44 тэрбум доллар хэмнэж байгаа аж. Зам дээрх эргэлт, хөдөлгөөн сайжирч 24 тэрбум доллар хэмнэсэн байна. Унадаг дугуйн үйлдвэрлэл жилд 18 тэрбум долларын ашиг олж байгаа аж.

Cathay Pacific Каспийн тэнгис дээгүүрх нислэгээ зогсоолоо

Дэлхийн томоохон авиакомпаниудын нэг Cathay Pacific (Хонконг) оросууд Сири дахь лалын босогчдын байрлалд пуужингаар цохилт өгч байгаатай холбоотойгоор Иран, Каспийн тэнгис дээгүүрх нислэгээ зогсоожээ. Бүс нутагт далавчит пуужингаар харваж байгаа нь зорчигч тээврийн нисэх онгоцонд аюул учруулж байна хэмээн Европын нислэгийн аюулгүй байдлын агентлаг сануулга гаргасан юм. Каспийн тэнгис дээгүүрх нислэг аравдугаар сарын 8-наас зогссон. Өмнө нь тус тэнгис дээгүүр өнгөрдөг байсан нислэгүүд одоо Өмнөд Хятад болон Москвагаар дамжиж байгаа аж. Air France мөн Каспийн тэнгис дээгүүрх нислэгээ зогсоохоор зэхэж байна.

Спилберг “Индиана Жонс-5”-ыг хийж магадгүй

Америкийн кино найруулагч Стивен Спилберг “Тагнуулын гүүр” шинэ киноныхоо талаар Yahoo Movies-т ярилцлага өгөхдөө алдарт “Индиана Жонс” киногоо үргэлжлүүлэх талаар ам унагажээ. “Индиана Жонс”-ын тавдугаар ангийг хийхээр болвол гол дүрд нь эдүгээ 73 настай Харрисон Форд л тоглох ёстой хэмээн Спилберг үзэж байгаа аж. Түүний “Тагнуулын гүүр” киноны гол дүрд Том Хэнкс тогложээ. Нэрт кино найруулагч Хэнкс, Форд нартай тус бүр дөрвөн кино бүтээгээд байна. “Одоо би Харрисон Фордтой “Индиана Жонс”-ын тавдугаар ангийг хийх юм шиг байна. Дараа нь шударга ёсыг тогтоохын тулд Хэнкстэй бас нэг кино хийх хэрэгтэй болно биз” хэмээн хошигножээ.

“Индиана Жонс-5”-ыг хийх төлөвлөгөөний талаар Lucasfilm студийн захирал Кетлин Кеннеди хэдэн сарын өмнө дуугарч байсан. Гэвч кино зохиол нь бичигдээгүй байгаа юм. Спилберг найруулж Харрисон Форд гол дүрд нь тоглосон “Индиана Жонс” анх 1981 онд дэлгэцэнд гарсан бол хамгийн сүүлчийнх нь 2008 онд гарчээ. Энэ кино нийтдээ хоёр тэрбум долларын орлого авчирсан юм. 


“Хэн, хаана байлдахыг хүсч байна тэнд байлдаж болно”

Лента.ру сайтын сурвалжлагч Доброволец.орг сайтын цэрэг татагчтай холбогдож ярилцсан байна. Тус сайт нь сайн дурын дайчдыг элсүүлж Ойрхи Дорнод дахь халуун цэг рүү илгээдэг ажээ.


Лента.ру: Сири явж байлдахыг хүсч байгаа хүн их байна уу?

Цэрэг элсүүлэгч Вадим: Өдөрт 30-50 хүсэлт ирж байна. Тэднээс яг явъя гэсэн хүн нь ганцхан байх жишээтэй.

-Хүмүүсийг яаж сонгож авдаг вэ. Насны хязгаарлалт байх уу?

-Насны доод хязгаар нь 23. Гэвч хүсэлт гаргаж буй хүмүүс нь 27-оос дээш настай байна. Насны дээд хязгаар тавихгүй байгаа. Явахыг хүссэн хүмүүсийг ярилцлагад оруулж, сэтгэцийг нь шалгадаг. Асуудалтай бол явуулдаггүй.

-Байлдааны ямар нэг чадвартай байх ёстой юу?

-Гол шалгуур нь байлдааны туршлага. Чеченьд, Новороссийд байлдаж байсан хүмүүс бидэнд хандаж байна. Цэргийн дээд боловсрол, гадаад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно. Гэвч бид одоогоор гол тоогоо гүйцээсэн тул татлагыг түр зогсоогоод байна. Манай хүмүүс өндөр технологийн зэвсэгтэй харьцдаг бол Сирид тэгж их харьцаад байдаггүй.  

-Оросууд Сири дахь байлдааны ажиллагаанд шууд оролцохгүй байна уу?

-Тэд нарийвчилсан тусгай ажиллагаанд л оролцдог. Үндсэндээ тэд толгойгоороо ажилладаг. Сирийн армийн өндөр мэргэшсэн ажилтнууд нь манай энгийн мэргэжилтнүүдийг гүйцдэггүй.

-Өнөөдөр хэдэн сайн дурынхан Сирид байлдаж байна вэ?

-Тодорхой хариулж чадахгүй нь. Хэдэн зуугаараа яригдана. Харин манай сайтаар дамжиж явсан хүмүүс гэвэл хэдэн арав л байгаа.

-Оросын сайн дурынхан тусдаа батальонд алба хаадаг уу, эсвэл Сирийн армийн нэг хэсэг болдог уу?

-Тэд Сирийн Засгийн газрын цэрэгт шууд захирагддаггүй. Гэвч тодорхой хүрээнд хамтран ажилладаг.

-Шалгарсан сайн дурынхан өөрсдийн мөнгөөр Сирид очдог уу, эсвэл та нар санхүүжүүлдэг үү?

-Янз бүрийн буяны сан, хандивийн мөнгөөр явуулдаг. Сайн дурынхан цалин авдаг эсэхийг мэдэхгүй юм. Ер нь бол сайн дураараа очиж байлдах гэж буй хүмүүс цалин нэхээд байдаггүй.

-Хууль сахиулах байгууллагууд та нарын ажлыг хориглодоггүй гэж үү?


-Бид Оросын холбооны хуулийг зөрчдөггүй. Сайн дурынхны статус нь онцгой байдаг. Тэд хөлсний дайчнаар явдаггүй. Дайн байлдааны үйл ажиллагаанд сайн дураараа оролцохыг аль өнгөрсөн зууны дундуур Женевийн конвенцоор зохицуулсан байдаг. Бүдүүлгээр тодорхойлж хэлвэл, хэн, хаана байлдахыг хүсч байна тэндээ байлдаж болдог гэсэн үг. Хамгийн гол нь сайн дурын этгээд хууль бус бүлэглэлд элсэхгүй байх ёстой. 

Tuesday, 1 September 2015



90-ээд оны топууд эргэн нэгдэнэ

Гэрэл зурагчин Питр Линдберг 1990-ээд онд дэлхийд гайхуулж явсан топ-моделиудыг цуглуулж дөрвөн минутын богино хэмжээний танилцуулга-кино хийх гэж байна. Vogue сэтгүүлийн 1990 оны нэгдүгээр сарын дугаарын нүүрэн дээр хар цагаанаар гарч байсан эдгээр бүсгүйчүүд супермодель хэмээн алдаршиж моод, загварын тайзыг 10 жил эзэгнэсэн билээ. Тэр цагаас хойш 25 жил өнгөрч алдарт топууд 50 насыг шүргэж байна. Линдбергийн The Reunion төсөлд Синди Кроуфорд, Татьяна Патиц, Эва Херцигова, Карен Александр, Хелена Кристенсен, Надъя Ауэрманн нар хамрагдаж байна. Гэрэл зурагчин Линдберг гал цог нь буураагүй топ моделиудын цогц зургийг авч түүгээрээ тэдний онцлог, хувцас, гоёлыг харуулсан богино хэмжээний хар цагаан кино хийх аж.  



Лос-Анжелес 2024 оны олимпийн төлөө өрсөлдөнө

АНУ-ын Олимпийн хороо Лос-Анжелес хотыг 2024 оны зуны олимпийн хотод өрсөлдүүлэхээр нэр дэвшүүллээ. Олимпийн хорооны Удирдах зөвлөл болон Лос-Анжелес хотын дарга Эрик Гарсетти энэ шийдвэрийг талархан дэмжжээ. 2024 оны зуны олимпийг зохион байгуулах хотуудын мэдүүлгийг авч дуусахад 10 хоног үлдээд байгаа юм. АНУ-ын баруун эргийн хамгийн чухал хот Лос-Анжелес 1932, 1984 онд зуны олимпийг хүлээн авч байсан билээ. Парис, Ром, Будапешт, Хамбург хот энэ өрсөлдөөнд оролцоно. АНУ-ын  хот зуны олимпод зургаан тэрбум доллар зарцуулна хэмээн мэдэгдэж байна. 2024 оны олимпийн хот 2017 оны зун тодорно. 2016 оны олимп Рио-де-Жанейро, 2020 оных Токио хотод болно.

Дөрвөн хүүхэдтэйгээ “ИУ”-д нэгдэх гэж байсан эмэгтэйг саатуулав

Туркийн эрх баригчид бага насны дөрвөн хүүхдийн хамтаар “Исламын улс” бүлэгт нэгдэх гээд явж байсан Их Британийн харъяат эмэгтэйг саатууллаа хэмээн Daily Mail мэдээлэв. Лондоны оршин суугч, 33 настай Захир Тарик 4-12 насны дөрвөн хүүхдийн хамтаар Лондон-Сити нисэх буудлаас наймдугаар сарын 25-нд Турк руу нисчээ.
Эмэгтэй ямар нэг “зорилго”-гүй явж байсан, мөн дөрвөн хүүхдийн эцэг нь “Манай эхнэр хүүхдүүдээ аваад гэнэт алга болчихлоо” хэмээн цагдаад мэдэгдсэний дараа Британийн цагдаа мөрөөр нь орж Туркийн талтай хамтран ажилласнаар эмэгтэйг саатуулжээ. Туркийн цагдаа эмэгтэйг саатуулж, хүүхдүүдийг нь аюулгүй газар аваачаад байна. Тэрээр Туркээр дамжин Сирийн хилийг нэвтрэх санаатай байсан аж. Их Британийн цөөнгүй иргэн Сири, Иракт хүчээ аваад байгаа “Исламын улс” бүлэгт нэгдээд байгаа. Тэд ихэвчлэн Туркээр дамжиж Сири рүү нэвтэрдэг тул Британийн цагдаа Турк руу явж байгаа иргэдийг нарийн чанд хянадаг болсон юм.

Сурагчийн заналхийллийн улмаас хоёр сургуулийг хаажээ


Калифорни дахь хоёр сургууль нэгэн сурагчийн сүрдүүлгийн улмаас хаагдаад байна. 15 настай сурагч Instagram сүлжээгээр дамжуулан сургууль дээр аллага үйлдэнэ хэмээн заналхийлсэн аж. Орон нутгийн цагдаа уг заналхийлэлд анхаарлаа хандуулж жаалын гэрт нэгжлэг хийхэд олон сумтай галт зэвсэг илрүүлжээ. Цагдаагийн газрын дарга Жерри Дайерийн мэдэгдэж буйгаар, заналхийлэл нь бодитой байсан тул урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд нэгжлэг хийсэн гэв. Гэртээ галт зэвсэг хадгалж байсан сурагчийг хотын сэтгэцийн эмнэлэгт аваачиж шинжилгээнд оруулж байна. 


Киевийн мөргөлдөөнд гурав дахь цагдаа амиа алдлаа

Украины нийслэл Киев хотын парламентын ордны өмнө болсон мөргөлдөөнд Үндэсний хамгаалалтын албаны гурав дахь ажилтан амиа алдсаныг Дотоод хэргийн сайд Арсен Аваков мэдэгдлээ. Зүүн хэсгийн Донецк, Луганскийн бүс нутагт илүү их эрх мэдэл, давуу тал олгох хуулийг анхны хэлэлцүүлгээр батлахыг  эсэргүүцсэн хэдэн мянган үндсэрхэг үзэлтнүүд эсэргүүцлийн жагсаал хийсэн юм. Жагсаал цагдаа нарын эсрэг тэмцэл, тулаан болон хувирч хэт үндсэрхэг Свобода намын нэгэн идэвхтэн гар аргаар хийсэн тэсрэх бөмбөгийг цагдаа нар руу шидсэн аж. Улмаар эмх замбараагүй байдал үүсч жагсагчид, цагдаа нарын хооронд “дайн” дэгдсэн. Гурван цагдаа амиа алдаж, 100 гаруй хүн шархдаж гэмтжээ. Хэдэн арван хүний биеийн байдал тааруу байна. “Тэсрэх бөмбөгт өртөж шархдаад эмнэлэгт хүргэгдсэн бас нэг цагдаа амиа алдлаа” хэмээн А.Аваков Twitter хуудсаараа дамжуулан мэдээлэв. Шархадсан хүмүүсийн ихэнх нь цагдаа нар байгаа аж.
Ерөнхийлөгч Петр Порошенко өчигдөр ард түмэндээ хандаж мэдэгдэл хийхдээ Свобода намын гишүүд болон лидер Олег Тягнибокийг эмх замбараагүй байдал үүсгэж цуст мөргөлдөөнд хүргэсэн хэмээн буруутгаад тэд хуулийн дагуу бүх хариуцлагыг хүлээнэ хэмээн мэдэгдлээ. Гэвч Тягнибок “Манай намынхан энэ хэрэг явдалд оролцоогүй. Үндсэрхэг, эх оронч үзэлтнүүдийг буруутгахын тулд өдөөн хатгалга, явуулга хийж байна” хэмээн няцаажээ. Свобода нам өнөөдөр Рад (Украины парламент)-д зургаан суудалтай байгаа билээ. Цагдаа нар руу тэсрэх бөмбөг шидсэн этгээдийг өөр 20 орчим танхайрагчийн хамтаар баривчилжээ. Украины Дотоод хэргийн яам өнөөдөр Киев хотын төвийг цагдаагийн хүчирхэгжүүлсэн хамгаалалтад аваад байна.
Зүүн хэсгийн тэрслүү бүс нутагт илүү өргөн автономит эрх олгохыг зөвхөн хэт үндсэрхэг үзэлтнүүд бус, мөн Европ руу нэгдэх сонирхолтой нам, хөдөлгөөнүүд ч эсэргүүцэж байгаа юм. Ерөнхийлөгч Петр Порошенко, Ерөнхий сайд Арсений Яценюк нарын байгуулсан Европын холбоонд “элэгтэй” эвсэл мөн зүүн нутагт өргөн автономит эрх олгохын эсрэг байгаа. Энэ хуулийг өчигдөр эхний хэлэлцүүлгээр нь батлаад байна. Гэвч дахиад хоёр санал хураалтыг давах ёстой бөгөөд эцсийн санал хураалтад 300 суудалтай парламентын гуравны хоёрын саналыг авсан байх ёстой. Парламентаар батлагдсан хуульд Ерөнхийлөгч гарын үсэг зурж хүчин төгөлдөр болгох ёстой ч Порошенко үүн дээр “гэдийж” нөхцөл байдлыг улам хурцатгаж тун магадгүй байна.
Украинд нэг сайн мэдээ байгаа нь гал зогсоох шинэ тохиролцоонд хүрсний дараа зүүн нутаг дахь зэвсэгт мөргөлдөөн намжаад байгаа аж. Украины армийн төв штаб болон Оросын талыг баримтлагч Донецкийн армийн дэд командлагч Эдвард Басурин нар үүнийг баталж байна. Германы канцлер Ангела Меркел, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Кремлийн тэргүүн Владимир Путин нар өнгөрсөн хагас сайнд утсаар  ярилцсаны дараа Украины зүүн нутагт гал зогсоох тохиролцоонд хүрсэн юм.

Tuesday, 9 June 2015



Samsung Galaxy S6 Active

Samsung корпорац шинэ гар утсаа гаргахад бэлэн болоод байна. Саяхан гаргасан Galaxy S6, Galaxy S6 Edge загвар нь дэлхий нийтийг байлдан дагуулсан бол тун удахгүй Galaxy S6 Active загвараа танилцуулахад бэлэн болжээ. Энэ нь ухаалаг гар утаснууд дотроо хамгийн бат бөх нь байх аж. Samsung Galaxy S6 Active нь тун тэсвэрлэг их биеийнхээ ачаар ус, тоос, элснээс хамгийн сайн хамгаалагдсан. Бусад үзүүлэлтээс нь дурдвал, QHD нягтаршил, 2.560 x 1.440 пикселтэй Super AMOLED технологийн 5.1 инч дэлгэц, Exynos 7420 процессортой. Арын камер нь 16 мегапиксел, урд талынх нь таван мегапиксел. Дотоод багтаамж нь 32GB хүртэл байх юм. Samsung Galaxy S6 Active ухаалаг гар утас зургадугаар сарын 12-ноос эхлэн Америкийн AT&T оператороор дамжин хэрэглэгчдийн гарт хүрэх ажээ.

Оросын хакеруудыг хардаж байна

Олон улсын TV5 Monde телевиз кибер халдлагад өртсөн хариуцлагыг “Исламын улс” бүлэг хүлээсэн ч үнэн хэрэгтээ халдлагын ард Оросын хакерууд байгаа хэмээн Францын цагдаагаас мэдэгдэв. TV5 Monde телевизийн интернэт сайт дөрөвдүгээр сарын 8-нд халдлагад өртөж дөрөвдүгээр сарын 9-ний өглөө хүртэл нэвтрүүлэг тасалдсан аж. Сайтад жихад суртал ухуулга байрлуулсан байв. Халдлагын үр дагаварыг арилгахын тулд 12 цаг зарцуулжээ.
Цагдаагийн газар эдүгээ Оросын APT28 хакерийн бүлгийг энэ хэрэгт хардаж байна. Тус бүлэг нь Цагаан ордон, НАТО-гийн гишүүн орнууд болон Украины идэвхтнүүдийн сайтыг довтолсон хэрэгт холбогдож байсан юм.

Туркийн Засгийн газар огцорлоо

Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоган Ахмет Давутоглугийн Засгийн газрыг огцруулах шийдвэр гаргалаа. Эрх баригч нам парламент дахь олонхийн байр сууриа алдсаны дараа эвслийн шинэ Засгийн газрыг байгуулах ёстой болсон юм. 2014 оны наймдугаар сараас хойш эрх баригч Шударга ёс, хөгжлийн намыг толгойлж байгаа Ахмет Давутоглуд сайд нарын шинэ танхимийг бүрдүүлэх даалгавар өгөх бололтой.

Сөрөг хүчний намууд эрх баригч намтай ямар ч зөвшилцөл хийхгүй хэмээн мэдэгдэж, Эрдоганы Засгийн газар дахь үүрэг, нөлөөг багасгах хүсэлтэй байна. Ийнхүү эвслийн Засгийн газар байгуулах хэлэлцээ хүндрэх төлөвтэй болов. 45 хоногийн дотор Засгийн газар бүрдэхгүй бол Үндсэн хуульд заасны дагуу дахин сонгууль болох юм. 


Шинжлэх ухаанд зориулсан цогцосны наймаа

АНУ-ын эрдэмтэн, судлаачид цаазлуулсан гэмт хэрэгтний цогцсоор дутагдаад ирэхээр тэдгээрийг хулгайлдаг байв. Өөрөөр хэлбэл “Амилсан хүмүүс”-ийг хэн нэгнээр хулгайлуулахын тулд мөнгө төлдөг байсан аж. Энэ бол XVIII, XIX зуунд болж байсан явдал. Тэгвэл одоо байдал өөрчлөгджээ. Оюутан, судлаач нарт хүний бие цогцос хэрэгтэй байсаар байна. Бие цогцсоо шинжлэх ухааны төлөө хандивлах хүсэлтэй хүмүүс гол нийлүүлэгчид байдаг аж. Энэ нь саяхныг болтол анагаах ухааны хэрэгцээнд хангалттай байв. Гэвч анагаахын их сургуулиудын судалгаа шинжилгээ нэмэгдэхийн хэрээр зөвхөн их сургуулиуд бус, мөн эмнэлгийн судалгааны хувийн үйлдвэр, эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг компани, мэс заслын сургалтын төвүүдэд хүний бие, эрхтэн, эд эс улам бүр хэрэгтэй болсоор байна. Энэхүү эрэлт хэрэгцээний улмаас АНУ-д шинэ зах зээл буюу цогцос, эрхтний худалдаа, наймааны бизнес цэцэглэх болжээ.
Сэтгүүлч Гален Кох, Питер Ланг, Ник Фараго нар эрэл хайгуул хийсний эцэст Америкт энэ төрлийн 20 орчим үйлдвэр байгааг олж мэджээ. Хэдийгээр энэ нь тун хачин, эвгүй бизнес ч эдгээр компаниуд хууль ёсны үйл ажиллагаа явуулдаг байна. Тэд Аризона мужийн Финикс хотын үйлдвэрлэлийн бүсэд байрладаг Research for life компаниар орж үйл ажиллагаатай нь танилцжээ.
Компанийн менежер Гарланд Шревс “Энэ бол гэр бүлийн компани. Нийт 40 орчим ажилтантай. Эхнэр, хүүхэд минь ч ажилладаг” хэмээн ярилаа. Research for life нь гоё ганган байшинтай, энгийн албан өрөөтэй компани аж. Энд ирж буй бие цогцоснууд бүгд хандивын, сайн дурынх байдаг. Олон хүн оршуулгын болон чандарлалтын зардлаас зайлсхийхийн тулд ийм сонголт хийдэг ажээ. Сайхан инээмсэглэлтэй, нүдэнд дулаахан 50 орчим настай ноён Шревс энэ бизнесийг эхлүүлэхээсээ өмнө оршуулгын бизнесийн салбарт 36 жил ажиллажээ.
“Биднийг цогцосны банк гэж нэрлэдэгт зарим хүн дургүй байдаг. Амьдрал дээр та ердийн банкинд очвол тэнд юу байх вэ? Мөнгө л байна. Харин цогцосны банкинд очих юм бол цогцос л байх нь ойлгомжтой” хэмээн тэрээр өгүүлэв. Research for life компанид худалддаг цогцос, эд эрхтнүүд шилжүүлэн суулгах мэс засалд зориулагдаагүй. Зөвхөн анагаах ухаан, судалгаа шинжилгээнд ашигладаг бөгөөд их сургуулиудаас гадна эрдэм шинжилгээний төвүүд худалдан авдаг аж. Тус компани бараа бүтээгдэхүүнээ сайн дурын үндсэн дээр хүлээж авдаг. “Бие цогцсоо хандивлах шийдвэрийг тухайн хүн, ар гэр нь өөрсдөө гаргадаг. Бид хэн нэгнийг хүчилдэггүй, шарилаас цогцос хулгайлах гэсэн ойлголт байхгүй. Одоогоор манайд 80 орчим цогцос байна” хэмээн Шревс ярилаа.
Тус компани цогцсыг хүлээж аваад эхлээд хөргөгчид хадгалдаг. Дараа нь цуснаас нь дээж авч сүрьеэ, элэгний вирус болон бусад халдварт өвчин байгаа эсэхийг шалгаж, ерөнхий байдал нь ямар байгаа, ямар хэсгүүдийг худалдаж болохыг судалж тогтоодог. Оршуулгын газарт нутаглахаасаа өмнө шинжлэх ухаанд бие цогцсоо хандивлах хүсэлтэй хүмүүс үргэлж олддог аж.

Биеийн эд эрхтнүүд тус тусдаа үнэтэй. Хөлдөөсөн толгой 500, шилбэ 200, нуруу 1500-1800, өвдөг 300, гар 125 долларын үнэтэй. Бүтэн цогцсыг 2000-3000 доллараар худалддаг хэмээн Шревс хэлж байна. Хүний биеийн эд эрхтнийг худалдах нь АНУ-д хууль бус байдаг ч эдгээр компаниуд энэ наймааг хууль ёсны дагуу хийх аргыг нь олсон аж. Тэд бие цогцосноос мөнгө олдоггүй, харин худалдан авагчид нийлүүлсэн үйлчилгээнийхээ хөлсийг авдаг ажээ. Цогцосны зарагдахгүй хэсгийг чандарлаж ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгдөг байна.


Дахин нэг хүн амиа алджээ

Өмнөд Солонгост Ойрхи Дорнодын амьсгалын синдром (MERS) өвчнөөр нас барсан хүний тоо долоод хүрлээ хэмээн мэдээлэв. Хамгийн сүүлд 68 настай эмэгтэй энэ өвчний золиос болжээ. Нэмж найман хүн халдвар авчээ. Энэ өвчний улмаас кино театрын орлого хаагдаж, бейсбол зэрэг олон хүн үздэг спорт, арга хэмжээ зогсоод байна. Вирус улс орны эдийн засагт ихээхэн хохирол учруулж магадгүй хэмээн эрх баригчид болгоомжилж байна. “Бид идэвхтэй, хариуцлагатай арга хэмжээ авч энэ долоо хоногт вирусын тархалтыг зогсоох зорилго тавилаа” хэмээн Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэгч Чой Кюн Хван ярилаа.

MERS вирус нь үхлийнаюултай ч 2003 онд Азид дэгдэж олон зуун хүний аминд хүрсэн SARS ханиадаас бага хөнөөлтэй ажээ. 
Хятадад буудалцаан болжээ


Хятадын зүүн хойд хэсгийн Хэбэй мужид буудалцаан болсны улмаас гурван хүн амиа алдаж, таван хүн шархадлаа хэмээн “Синьхуа” агентлаг мэдээлэв. Гал нээсэн этгээд цагдаа нартай буудалцаж байгаад алуулсан хэмээн мэдээлж байна. Амь үрэгдсэн хүмүүсийн дотор нэг цагдаа байгаа аж. Мөн цагдаагийн нэг ажилтан шархаджээ. Галт зэвсэг хатуу хяналтад байдаг Хятад улсад иймэрхүү буудалцаан тун ховор гардаг. Тэр этгээд яагаад гал нээх болсныг судлан шалгаж байна. 

Monday, 8 June 2015

“Исламын улс”-ын талаарх нууц мэдээллийг олзолжээ

АНУ-ын тусгай албад “Исламын улс” бүлгийн бүтэц зохион байгуулалт, санхүүгийн ажиллагаа, нууц зорилгын тухай мэдээллийг олзолж авлаа хэмээн New York Times сонин мэдээлэв. Сирийн газар нутаг явуулсан тусгай ажиллагааны явцад олзолж авсан ноутбук, гар утас болон бусад мэдээлэл тээгч төхөөрөмжөөс дээрх мэдээллийг олж авчээ. Эдгээр мэдээллийн тусламжтайгаар лалын босогчдын байрлалыг тодорхойлж, толгойлогчдын нэг Абу Хамидыг агаарын довтолгооноор устгаж чадсан юм. Тусгай албад долоон терабайт багтаамжтай мэддээллийг тайлж дүгнэлт хийсэн байна. “Исламын улс”-ын толгойлогч Абу Бакр аль-Багдади хэрхэн нуугдаж зугтдагийг эдгээр мэдээллийн тусламжтайгаар тогтоож чадсан байна.

Гэмт хэрэгтэн, хар тамхичдыг Карибын тэнгсиээр аялуулна

Данийн эрх баригчид хар тамхичин, гэмт хэрэгтэн залуусыг Карибын тэнгисээр нэг жилийн турш аялуулах гэж байна. Den Maritime Base компани энэхүү аялалыг зохион байгуулах аж. Гэмт хэрэг үйлдэж байсан 59 залуусыг хоёр хөлөг онгоцонд хувааж нэг жилийн турш тэнгисээр аялуулж хүмүүжүүлэх ажээ. Нэг зорчигчийн зардалд төрөөс 70 мянган доллар гаргаж байна. Залуусыг хар тамхинаас гаргах, засан хүмүүжүүлэхийн тулд ийм хөтөлбөр санаачилсан аж. Карибын тэнгисийн үзэлгэлэнт газрууд аялалын хөтөлбөрт багтжээ. 



“Нутгаа орхих, лал шашинд орох, эсвэл алуулах гэсэн л сонголт байна”

Иракийн цөөнхийн эвслийн гүйцэтгэх хорооны гишүүн Виллиам Варда “АВС”-д ярьж байна

-Жихадист хөдөлгөөн Ирак дахь христос шашныг устгахаар заналхийлж байна уу?

-Жихад босогчдод эзлэгдсэн хот, тосгодоос  христосууд хөөгдөж, орон сууцыг нь сүйтгэж, эзэлж, эмэгтэйчүүдийг нь хүчирхийлж байна. Христос сүмүүдийг шатааж байна. Ирак дахь христианизм мянган жилийнхээ түүхэнд хамгийн хүнд бэрх үедээ ирээд байна.

-Танай байгууллагад ямар баримт байгаа вэ?

-1997 оны албан ёсны статистикийг харвал Иракт 1.2 сая христос шашинтан байсан. Одоо тэд хагас саяаас бага болсон. Өөрөөр хэлбэл бараг нэг сая христос улс төрийн бодлого, лалуудын фанатизм, дайныг тэвчилгүй улс орноо орхиж явсан. 200 мянган христос амьдардаг Ниниве мужид “Исламын улс” бүлэг орж ирснээс хойш тэд олноороо дүрвэсэн.

-Саддам Хусейний дэглэм унаснаас хойш хэдэн христос шашинтан итгэл үнэмшлээсээ болж амиа алдсан бэ?

-Хүний эрхийн талаарх сүүлчийн мэдээллээс харвал, 2003 оноос хойш мянга гаруй христос шашинтан алуулсан байна.  Тэдний 700 гаруй нь зөвхөн итгэл үнэмшлээсээ болж амиа алдсан. “Исламын улс” бүлгийн дайчид болон радикал лалууд энэ аллагыг үйлдсэн. Зарим нь Америкийн эзэрхийллийн өш хонзонг авч байна гэдэг юм.

-Шашны өв соёл, христос сүмд ямар хохирол учирч байна?

-Жихадистуудад эзлэгдсэн газруудаас Нинивед хамгийн их сүм байна. Тэдгээрийн ихэнхийг шатаасан. “Исламын улс” бүлэг заримыг нь зэвсгийн агуулах, агаарын довтолгооноос хоргодох байр болгон ашиглаж байна. Тэд шашны эртний судрууд, Есесийн төрөлх хэл болох арамео хэл дээр бичигдсэн ном зэрэг урлагийн жинхэнэ сор бүтээлүүдийг булааж аваад байна.

-Лалын халифат улс байгуулснаа зарласан жихад босогчид христос иргэдийн талаар ямар бодлого баримталж байна вэ?

-Тэд христос шашинтнуудад гурван сонголт л санал болгож байна. Нутгаа орхиж явах, лал шашинд орох, эсвэл алуулах.

-“Исламын улс” бусад цөөнхөд хэрхэн хандаж байна вэ?

-Адилхан, заримд нь бүр дор хандаж байна. Язиди нар байна. Жихадистууд тэднийг лал шашинтан гэж үздэггүй. Тэднийг христосуудтай адилаар шийтгэж, хавчиж байна.

-Саддамыг унагасны дараа Америкийн цэрэг аюулгүй байдлыг сахиулж байсан ч 2011 онд Иракийг орхин гарсан...?

-АНУ 2011 онд Иракаас цэргээ татсан нь том алдаа болсон. Ингэснээр Иран улсын нөлөө ихсэж, Иракийн амьдралд хошуу дүрэх боломжийг олгосон. Мөн америкуудын орхисон онгорхой цоорхойг лалын босогчид тун хурдан эзэлсэн нь өнөөдрийн байдалд хүргээд байна.

-Өрнөдийнхэн та нарыг хаячихав уу?


-Тийм ээ. Ирак дахь христосууд эдийн засгийн хувьд ч, оюун санааны хувьд ч хүчирхэг байлаа. Одоо тэд бүхнээ алдсан. Орон гэрээ, байр сууриа орхих хэрэгтэй болж, өөр муж руу, гадаад руу дүрвэж байна. Christian Solidarity International болон төрийн бус байгууллагууд бидэнд тусламж илгээдэг ч Иракийн Засгийн газар, АНУ, Европын түвшинд бид өнчирсөн мэт л байна. АНУ Иракийн христосуудад цагаачлах боломж олгож байна. Гэхдээ л бид эх нутагтаа амьдармаар байна. Иракаас явмааргүй байна.

Sunday, 7 June 2015

MERS вирусээр өвчилсөн хүний тоо 87-д хүрчээ

MERS хэмээх амьсгалын замын өвчнөөр халдварласан 23 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт халдвар авсан хүний тоо 87-д хүрлээ хэмээн Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Анхны тохиолдол илэрсэн эмнэлэгт гэхэд л 17 хүн энэ вирусээр халдварлаад байна. Өвчтөнүүд байж магадгүй 24 эмнэлэгт хатуу чанд хяналт галгалт явуулна хэмээн эрх баригчид мэдэгдлээ. Вирусын улмаас таван хүн амь насаа алдаад байна.

Орос, Катар эрхээ хасуулж магадгүй

Олон улсын хөлбөмбөгийн холбооны (ФИФА) дүрмийг мөрдөх, аудит хийх хорооны төлөөлөгч Доменико Скала ОХУ дахь 2018 оны,  Катар дахь 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг цуцалж магадгүй хэмээн мэдэгдлээ. “Саналыг худалдаж авсан нотолгоо гарч ирвэл санал хураалтын дүнг хүчингүй болгоно. Одоогоор тийм нотолгоо гарч ирээгүй байна” хэмээн тэрээр Швейцарийн Sonntags Zeitung сонинд ярьжээ. Скала 2013 онд мөн ийм мэдэгдэл хийж байсан юм. Орос, Катарын тал дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхийг худалдан авсан гэх яриаг эрс няцааж байна. Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхийг буцааж авсан тохиолдол гарч байгаагүй юм.

Эрдоганы нам хүчээ алдав

Туркийн Ерөнхийлөгч Режеп Таип Эрдоганы тэргүүлдэг Шударга ёс, хөгжлийн нам сонгуулийн урьдчилсан дүнгээр парламент дахь олонхийн байр сууриа алдах нь тодорхой болов. Саналын 90 хувийг боловсруулж гаргахад Шударга ёс, хөгжлийн нам 42 хувийн санал авчээ. Курд үндэстний Ардын ардчилсан нам 11 хувийн санал авч анх удаа парламентад багтлаа.
Ийнхүү Эрдоганы нам олонхийн байр сууриа алдаж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг өргөтгөж чадахгүй болов. Эрх баригч нам Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар Ерөнхийлөгчийн эрх мэдлийг өргөтгөх талаар судалж байсан билээ.



Ениел Маркес: Өдөр нь таксины жолооч хийж, орой нь бэлтгэлдээ гардаг байлаа

АНУ-ын “Нью-Йорк Космос” багийн Пеле,  Рауль Гонсалес нарын ододтой нүүр тулан хөлбөмбөг тоглосныхоо дараа хөлсөө хатааж аваад төрөлх хот руугаа буцаж хувийн “бизнес”-ээрээ амьдардаг гайхамшигтай тамирчинтай Куба арал дээр тааралдаж болно. Тэр бол Кубын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч, Вилья Клара багтайгаа Кубын долоон удаагийн аварга болсон, Оны шилдэг хөлбөмбөгч мөн мототаксичин Ениел Маркес юм. АНУ-ын “Нью-Йорк Космос” баг Куба арал дээр ирж Кубын шигшээтэй нөхөрсөг тоглолт хийжээ.
Хойд хэсгийн Санта Клара хотод ачаатай мотоцикл жолоодон яваа түүнийг олон фэнүүд нь “таних” гэж бөөн юм болдог аж. OnCubaMagazine сэтгүүлийн сурвалжлагч хөлбөмбөгч, мототаксичин Маркестэй уулзаж ярилцжээ.

-Та яагаад хувиараа хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авав?

-Хоёр хүүхдийнхээ ирээдүйг баталгаатай болгох гол зорилготой. Хүү найм, охин есөн настай. Эхнэр минь Венесуэльд ажиллаж ирсний дараа бид мөнгөө зарцуулахаар шийдэж мототакси худалдаж авсан юм.

-Бүх мөнгөөрөө авчихсан уу?

-Тийм ээ. Эхэндээ тун хэцүү байлаа. Эхний хэдэн сар би өөрөө жолооч хийж, ээлжлэх хүн олдохгүй байсан. Өглөө мототаксиныхаа жолоочийг хийж, орой нь бэлтгэлдээ, тоглолтдоо гардаг байлаа. Өдөр дуусахад маш их ядарч байсан болохоор хэдэн сар хийгээд больсон. Биеийн хүч маш их шаардсан ажил л даа.

-Зорчигчид таныг таньдаг байсан уу?

-Хөгжилтэй явдал их болсон. Энэ ажлыг дөнгөж эхлээд явж байхад бусад жолооч нар намайг “Тамирчин” гээд нэрлэчихсэн, би арай өөр бие бялдартай байсан болохоор тэгсэн хэрэг л дээ. Мөн нэг удаа их сургууль орохоор явж байлаа. Нэг залуу толинд намайг хараад би ч бас хараад харц тулгарахгүй юу. Тэр буухдаа “Та чинь Кубын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч юм биш үү. Мототакси жолоодож юу хийж яваа юм” гэж асуулаа. Миний инээд хүрч “Би өөрөө ч итгэхгүй байна, гэхдээ л ийм байна даа” гэж хариулж билээ.

-Мототакси чинь эвдрэхээр юу хийдэг вэ?

-Өөрийн зардлаар засварын газарт өгнө, засварчин хайна. Азаар, ийм тохиолдолд дасгалжуулагч нар надад нэг өдрийн чөлөө өгдөг юм. Гэхдээ такси минь цөөхөн эвдэрсэн.

-Та одоо мототаксигаа барьж байна уу?

-Үгүй. Таксигаа техникийн үзлэгт оруулж байгаа. Гараад ирэхээр нь өөр жолооч олоод явуулна.

-Хувиараа хөдөлмөр эрхлэнэ гэхээр гэр бүл тань юу гэж байсан бэ?

-Тэд их дэмжсэн. Хоёр ажил хийх их хүнд байсан. Ойр дотны хүмүүс маань спортын, хувийн амьдралын тал дээр ч үргэлж дэмжиж байлаа.  Тэдний дэмжлэггүйгээр үүнийг хийх боломжгүй байсан.

-Хөлбөмбөгч, таксичны ирээдүйгээ хэрхэн харж байна вэ?


-Бие бялдрын хувьд тун сайн байна. Үндэсний шигшээ багтаа үргэлжлүүлэн тоглохын тулд боломжтой бүхнийг хийнэ. Алтан цомд (Copas de Oro) найман удаа оролцсон Оделин Молинатай эн зэрэгцэхийг хүсч байна. Улс орон маань өөрчлөгдөж байна. Гадаадын аль нэг лигт гэрээгээр тоглохын төлөө явах болно. Ааах!, мэдээж мототаксигаа орхихгүй шүү.