Monday, 19 May 2014



Кубын иргэний нийгмийг дорвитой дэмжихийг Б.Обамагаас хүслээ

Улс төрийн янз бүрийн чиг хандлагатай экс өндөр албан тушаалтнууд, үйлдвэрийн эзэд, сэхээтнүүд зэрэг 50 орчим америк иргэн Ерөнхийлөгч Барак Обамад хандсан нээлттэй захидалдаа, Кубатай харилцах харилцаанд гарч буй өөрчлөлт, шинэчлэлийг өргөжүүлэхийн тулд арга хэмжээ авахыг уриалжээ. Cuba Study Group (CSG) болон Америкийн зөвлөл байгууллагаас дэмжлэг хүлээсэн энэ захидал хэвлэл мэдээллээр түгээд байна. Куба-америк гэр бүлүүд харилцан аялах, зорчих, мөнгө гуйвуулах зэрэг дээр ахиц дэвшил байгаа ч Эрх чөлөөний аралд илүү ойртох, хамтран ажиллах боломж байна хэмээн тэд үзэж байгаа аж.    
“Кубын талаар баримтлах Вашингтоны бодлого үеэ өнгөрөөж, АНУ олон улсын түвшинд улам бүр ганцаардаж байгааг нээлттэй захидалд онцолсон байна. Хэдийгээр АНУ-ын одоогийн улс төрийн уур амьсгалын улмаас хууль ёсны дагуу хийж болох зүйл бага байгаа ч Кубын иргэд ирээдүйн шинэчлэлийн бодлогоо тодорхойлоход Америкийн Засгийн газар туслах бүрэн боломжтой хэмээн өндөр алба хашиж байсан америкууд хэлж байна. Ил захидалд гарын үсэг зурсан хүмүүсийн дотор Дотоод хэргийн сайд асан Кен Саласар, Төрийн нарийн бичгийн дэд дарга асан, Ерөнхийлөгч Жорж Бушийн (2001-2009) үед Үндэсний тагнуулын газрын дэд даргаар ажиллаж байсан Жон Негропонте, АНУ-ын армийн Өмнөд командлал болон Европ дахь НАТО-гийн дээд командлагч асан Жеймс Ставридис, Б.Обамагийн засаг захиргаанд Хөдөлмөрийн яамыг хариуцаж байсан Хилда Солис, Америкийн зөвлөл байгууллагын хүндэт ерөнхийлөгч Дэвид Рокфеллер нар байгаа аж.
Куба, Америкийн мэргэжлийн байгууллагууд, тэр тусмаа хууль эрх зүй, үл хөдлөх хөрөнгө, санхүү, зээлийн үйлчилгээний салбарын хамтын ажиллагаа, харилцан солилцоог дэмжихийн тулд визний бэрхшээлийг арилгах ёстой хэмээн захидалд дурджээ. Арал дээрх хараат бус эдийн засгийн үйл ажиллагаа, хөгжилд дэмтэй дурын салбарыг дэмжихийг АНУ-ын засаг захиргаанд уриалж байна. Мөн Америкийн төрийн бус байгууллагууд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд Кубад зорчих, арал дээрх боловсролын хөтөлбөрийг дэмжих санд Кубын банкинд данс нээх зөвшөөрлийг олгохыг хүсчээ. Бас Алан Гроссыг суллах зэрэг хүмүүнлэгийн, мөн үндэсний аюулгүй байдал, цагаачлал, хар тамхийг хориглох талаар Кубын эрх баригчидтай нухацтай яриа хэлэлцээ хийхийг АНУ-ын Засгийн газарт уриалж байгаа юм.

Tuesday, 13 May 2014

Эрхүү мужид хотод “Хүн аалз-хулгайч” баригдав

ОХУ-ын Эрхүү мужийн Братск хотод айлын тагтан дээрээс унадаг дугуй хулгайлдаг этгээдийг баривчиллаа хэмээн Дотоод хэргийн яамны орон нутгийн албанаас мэдээлэв. Тэрээр хулгайлсан дугуйтайгаа ус дамжуулах хоолой даган бууж байгаад үйлдэл дээрээ баригджээ. Мань эр хэд хэдэн унадаг дугуй хулгайлснаа хүлээн зөвшөөрөөд байна. Зарим унадаг дугуйг бүр таван давхрын тагтнаас хулгайлсан байв. Тэрээр хулгайлсан унадаг дугуйг биедээ олсоор бэхэлж яг л байшингийн ханаар хүн-аалз мэт буудаг байжээ. Хэвлэлийнхэн түүнийг “Хүн аалз-хулгайч” хэмээн нэрлээд байна.

92 настай экс сайдад ял оноожээ

Унгарын Дотоод явдлын яамны сайд асан, 92 настай Бэла Бижку 1956 онд болсон коммунизмийн эсрэг жагсаалын үеэр үйлдсэн гэмт хэргийнхээ төлөө таван жилийн ял сонсчээ. Тэрээр энгийн иргэд гал нээх тушаалыг тусгай албадад өгсөн хэмээн буруутгагдав. 49 хүн амиа алдсан бослогын үр дүнд коммунист засгийн газрыг түлхэн унагасан ч дараа нь ЗХУ хөндлөнгөөс оролцсон юм.
Тэр үеийн дэглэмийн өндөр албан тушаалтан шүүхээр шийтгүүлж буй анхны тохиолдол нь энэ ажээ. Бижку гүйцэтгэх түр хорооны гишүүн байсан ба тэднээс амьд үлдсэн цорын ганц гишүүн нь юм. Экс сайд ялыг давж заалдах эрхтэй ажээ.


Туркт аймшигт осол болж, Эрдоган гадаад айлчлалаа хойшлуулав

Туркийн баруун нутаг дахь нүүрсний уурхайд дэлбэрэлт болж гао гарчээ. Хамгийн сүүлчийн мэдээллээр 200 орчим хүн амь насаа алдаж, олон зуун уурхайчин газар дор түгжигдээд байна. 76 хүн эмнэлэгт хүргэгджээ. Ослын золиос болсон хүний тоо нэмэгдэнэ хэмээн үзэж байгаа аж. Дэлбэрэлт болох үеэр газар доорх уурхайд 787 хүн ажиллаж байсан юм. Уурхайн цахилгаан байхгүй болж, өргөгч төхөөрөмж ажиллахаа больсон тул олон ажилчин бие дааж уурхайгаас гарч чадахгүй байгаа ажээ. Боогдсон хүмүүсийг шатамхай бодист хордохоос сэргийлэх зорилгоор уурхай руу хүчилтөрөгч шахаж байна.
Осол болсон бүсээс найман хүнийг эсэн мэнд гаргаж аваад байгаа юм. Аврагдсан уурхайчдыг ар гэрийнхэн нь угтан авч байгааг Туркийн телевизээр шууд нэвтрүүлжээ. Сома хотын эмнэлэг дээр уурхайчдын гэр бүл, ажлын мянга орчим гишүүн цугларч аврах ажиллагааны мэдээг хүлээж байна. Уурлаж, бачимдсан зарим хүн эмнэлэг рүү дайран орох оролдлого хийсэн тул цагдаа нар эмнэлгийг хамгаалалтад авчээ. Туркийн Ерөнхий сайд Режеп Таип Эрдоган Албани руу хийх гэж байсан айлчлалаа хойшлуулан осол болсон газар руу зүглэв. “Ах дүү нараа уурхайн гүнээс гаргаж авах ажиллагаа үргэлжилж байна. Гүнд боогдсон хүмүүсийг эсэн мэнд гаргаж авна гэдэгт итгэж байна” хэмээн Засгийн газрын тэргүүн Анкара хотод мэдэгджээ.
1992 онд Туркт уурхайн хамгийн том осол болж байв. Хар тэнгисийн Зонгулдак мужийн уурхайд хий дэлбэрч 263 уурхайчин амиа алдаж байсан билээ. Тус улс уул уулхайн салбар, тэр тусмаа нүүрсний уурхай дахь аюулгүй ажиллагааг хангах тал дээр ихээхэн муу нэр хүндтэй. 2010 онд мөн л Зонгулдак мужийн нүүрсний уурхайд осол гарч 30 хүний аминд хүрч байжээ. Турк дахь уурхайн ослыг авлигад идэгдсэн эрх баригчидтай холбон тайлбарлах хүмүүс цөөнгүй байна. Засгийн газрын сайд, яамны түшмэлүүд авлигад хэтэрхий их автагдсаны улмаас хөдөлмөрийн наад захын аюулгүй ажиллагаанд зарцуулах хөрөнгө мөнгө дутмаг болсон хэмээн үзэж байгаа аж. Турк дахь нүүрсний уурхайнуудад аюулгүйн ажиллагааны хууль дүрмийг биелүүлдэггүй, биелүүлэхэд шаардагдах хөрөнгө мөнгө байхгүй байна хэмээн амиа алдсан нэг уурхайчны ар гэрийнхэн ярьжээ.


“La Vanguardia”



Киприйг эзэлснийхээ төлөө нөхөн төлбөр олгохоос татгалзлаа

Турк улс 1974 онд Кипрт цэргээ оруулж эзэлснийхээ төлөө Киприйн талд нөхөн төлбөр олгохоос татгалзаж байна хэмээн The Hurriyet Daily News сонин мэдээлэв.
Европын хүний эрхийн шүүх “Анкарагийн Засгийн газар Никосиад (Грекийн Киприйн нийслэл) 90 сая еврогийн нөхөн төлбөр олгох ёстой” гэсэн шийдвэр гаргасны дараа Туркийн Гадаад хэргийн сайд Ахмет Давутоглу мэдэгдэл хийжээ. “Биднээр хүлээн зөвшөөрөгдөөгүй улс оронд бид энэ мөнгийг төлнө гэж байхгүй” хэмээн Давутоглу ярьсан байна. Европын хүний эрхийн шүүх (European Court of Human Rights, ECHR) зөвхөн Киприйн талын хохирлыг харах бус, мөн арлын хойд хэсгийн оршин суугчдын хохирлыг тооцох ёстой байсан хэмээн Туркийн сайд үзэж байна. Түүний үзэж буйгаар, Европын шүүх эрх мэдлээ хэтрүүлэн ийм шийдвэр гаргасан ажээ. Кипрт нөхөн төлбөр олгох ёстой гэсэн ECHR-ийн шийдвэр хоёр улсын хоорондох энхийн яриа хэлэлцээнд тун муугаар нөлөөллөө хэмээн Анкарагийн дипломат албаны тэргүүн үзэж байна.
Туркийн арми 1974 онд Кипр аралд цэргээ оруулж хойд нутгийг нь эзэлснийхээ төлөө 90 сая долларын нөхөн төлбөр олгох ёстой гэсэн шийдвэрийг Европын хүний эрхийн шүүх тавдугаар сарын 12-нд гаргасан юм. Үүний 30 саяыг нь ор сураггүй алга болсон хүмүүсийн ар гэрт сэтгэл санааны хохирлын төлбөр нэрээр олгох ажээ. Харин 60 саяыг нь Карпас арлын уугуул грек-кипр үндэстнүүдэд өгөх ёстой хэмээн үзсэн байна.
1974 онд Кипрт Грекийн эрх баригчдын дэмжлэгтэйгээр төрийн эргэлт гарчээ. Туркууд баталгаа гаргагч орны статусаа ашиглан Кипрт цэргээ оруулж арлын хойд хэсэгт хяналтаа тогтоожээ. Тэд Кипр дахь турк-кипр иргэдийн эрх ашгийг хамгаалж, арал дээр Үндсэн хуулийн эмх журмыг тогтооно хэмээн гул барьсан билээ. Үр дүнд нь арлын газар нутгийн 37 хувь нь Туркийн мэдэлд орж, Кипр улс хоёр хуваагдсан юм. 1983 онд Хойд Киприйн Туркийн бүгд найрамдах улс байгуулагдлаа хэмээн зарлан тунхагласан ч дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрсөнгүй. Мөргөлдөөний улмаас 1500 орчим иргэн сураггүй алга болсон хэмээн Киприйн эрх баригчид баталдаг. Мөн Туркт эзлэгдсэн газар нутаг дээрх грек-кипрүүдийн эрх нэг бус удаа зөрчигдөж байжээ.
Киприйн эрх баригчид Туркийн үйлдлийг илчилж 1994 онд Европын хүний эрхийн шүүхэд хандсан юм. Үүнээс долоон жилийн дараа Европын хүний эрхийн шүүхийн дээд танхим “Турк улс Европын хүний эрхийн конвенцийг зөрчсөн” хэмээн үзсэн билээ. Тус шүүхийн шийдвэрийг Европын зөвлөлийн Сайд нарын хороо батлах ёстой юм.

"Lenta"

Sunday, 11 May 2014



Хөлбөмбөгийн тоглолтын үеэр 15 хүн амиа алджээ

Конго улсын Киншаса хотод хөлбөмбөгийн тэмцээн болох үеэр 15 хөгжөөн дэмжигч амиа алджээ. 20 орчим хүн гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн байна. Цагдаа нар үймээн дэгдээсэн хөгжөөн дэмжигчдийн эсрэг нулимс асгаруулагч хий ашигласны дараа эмх замбараагүй байдал үүсч, хүмүүс нэгнийхээ хөлд дарагдаж амиа алджээ. Иргэд эмх журам сахиулах гэж ирсэн дөрвөн цагдааг элбэж зодсон тул хөгжөөн дэмжигчдийн эсрэг нулимс асгаруулагч хий ашигласан аж. Амь үрэгдсэн хүний тоо нэмэгдэж болзошгүйг эрх баригчид анхаарууллаа.

Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шат болно

Литвад Ерөнхийлөгчийн сонгууль болж нийт саналын 95 хувийг боловсруулж дүнг нэгтгэжээ. Одоогийн Ерөнхийлөгч Даля Грибаускайте 46 хувийн санал авчээ. Түүний хамгийн ойрын өрсөлдөгч Зигмантас Бальчитис 16 хувийн санал авсан байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шат тавдугаар сарын 27-нд болно. Шинжээчдийн үзэж буйгаар, Грибаускайте Крымийг нэгтгэсэн Оросын байр суурийг хүчтэй шүүмжилж байснаараа нэр хүндээ өсгөсөн ажээ.

Хуурамч ном зохиогчийг 22.5 сая доллараар торголоо

Холокостын талаар хуурамч дурдатгал ном бичсэн Миша Дефонсекаг 22.5 сая доллараар торгох шийдвэрийг Массачусетсийн шүүх гаргажээ. Тэрээр 1997 онд “Миша: Холокостын он жилүүдийн дурдатгал” хэмээх ном бичсэн нь бестселлер болсон юм. Дараа нь Дефонсека тэрхүү номонд дүрслэн бичсэн үйл явдал бол санаанаасаа зохиосон зүйл гэдгийг хүлээн зөвшөөрсөн ажээ. Миша Дефонсека Ivy Press хэвлэлийн компанитай “Гэрээ зөрчсөн, номын орлогыг нуун дарагдуулсан” хэмээн заргалдаж 32.4 сая долларын нөхөн төлбөр авч байсан.Гэвч удалгүй худал түүх бичиж ном болгон хэвлүүлсэн нь илэрч ийнхүү торгуульд унаад байна. “Миша: Холокостын он жилүүдийн дурдатгал” ном 18 хэлээр хэвлэгдэж, Францад кино болгон гаргаж байжээ. 


Донбасс шинэ Палестин болох уу

Хэдийгээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин дангаараа тусгаар тогтнолоо зарласан Зүүн-Украины бүгд найрамдах улсын лидерүүдэд хандаж бүх нийтийн санал асуулгаа хойшлуулахыг уриалсан ч Донецк, Луганск мужид энэ үйл явц болдгоороо болоод өнгөрөв. Таамаглаж байсанчлан, санал асуулгад оролцсон иргэдийн ихэнх нь бүс нутгийг Украины мэдлээс гаргахын төлөө саналаа өглөө. Энэхүү “төр улсаа төвхнүүлэх” үйлс цаашаа хэрхэн өрнөх бол.
Зүүн нутаг Киевтэй улс төрийн харилцаагаа тасалж, бие даасан улсын бодлого явуулах гэж оролдоно хэмээн ихэнх тоймч, ажиглагчид үзэж байна. “Донецкийн Ардын бүгд найрамдах улс юуны түрүүнд Киевтэй “Иргэний салалт” хийх хэрэгтэй. Дараа нь бусад бүх улстай адил тэгш харилцах, гэрээ хэлэлцээ хийх хууль ёсны этгээд болохыг хүсч байна” хэмээн Донецкийн Ардын бүгд найрамдах улсын парламентын дэд дарга Борис Литвинов ярилаа. Мэдээж, өрнөд энэ санал асуулгыг хууль бус, Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлыг зөрчсөн хэмээн үзэж байгаа. Харин Москва санал асуулгын дүнг хүлээн зөвшөөрөх болов уу.
Юу ч болсон, Донецк, Луганскийн бүх нийтийн санал асуулгын үр дүн нь Украины хүн амын нэлээдгүй хэсгийнх нь үзэл бодлын илэрхийлэл болж байгаа юм. Одоо энэ нутгийн хувь заяа, ирээдүй Киевийн албан ёсны байр суурь, Украины зүүн бүсийн оршин суугчид, удирдагчдын үзэл бодол, мөн Орос, өрнөдийн бодлого, шийдвэрээс шууд шалтгаалах болов. Украины зүүн хэсэгт болж буй өөрчлөлтийн үр дүнд хэн хожиж, хэн хожигдох вэ гэдэг хамгийн их анхаарал татаж байна. Сүүлийн үед өрнөж буй үйл явдлаас үргэлж “хасах”-тай гарч байгаа цорын ганц тал нь албан ёсны Киев. Баруун нутагт салан тусгаарлах сэдэлтэй санал асуулга болсон нь Украины эрх баригчид улс төрийн ч, цэргийн ч талбарт үлбэгэр, дорой байгааг харуулав. Крымийн адилаар зүүн бүсийн үйлдвэрлэлийн салбараа алдах аюул Украинд тулгарчээ. Тусгаар тогтнолоо дураараа зарласан бүс нутгийн эсрэг хийж чадах юм одоогоор Киевт алга. 25-ны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа зүүн талын эсэргүүнүүдийн эсрэг ямар арга хэмжээ авахыг дэлхий нийт харж байна.
Шинэ “Бүгд найрамдах улсууд”-ын ирээдүй ихэд адармаатай, сонирхолтой харагдаж байгааг онцлох хэрэгтэй. Тэдгээр бүс нутаг ямар нэг аргаар буцаад Киевийн хяналтад орно гэдэг магадлал багатай. Мөн Крымийн адилаар Оросын бүрэлдэхүүнд багтах эсэх нь ч эргэлзээтэй. ОХУ Украины зүүн нутгийг мэдэлдээ авч эдийн засагтаа дарамт нэмж, өрнөдийг уурлуулах бодолгүй байгаагаа илэрхийлсэн билээ. Харин ч Донбасст гарсан бослого, эсэргүүцлийг аажим аажмаар намжаах замаар Крымийг нэгтгэснээ “цайруулах” оролдлого хийж байна хэмээн үзэх хүмүүс ч байна.
Энэ тохиолдолд Донецк, Луганскийн “бүгд найрамдах улсууд”-аас юу хүлээж болох вэ. Палестины автономитай адил хувь заяа хүлээж байж болохыг тоймчид анхааруулж байна. Тэд Украин, Москвагийн дунд “хаашаа ч үгүй болсон” тохиолдолд аль нэг талаас тусламж хүсэх нь тодорхой. Тэр тохиолдолд зөвхөн лидерүүд нь тэрхүү тусламжийн үр өгөөжийг “хүртэнэ”. Хоёр гүрний дунд хийдүүлсэн донбассчууд хэний ч үгийг үл тоомсорлож, өөрийнхөөрөө зүтгэх магадлал их байгаа ажээ. Улмаар авлигад идэгдсэн, ялзарсан удирдлага бий болж, хүн амын дийлэнхэд нь тусламж хүрдэггүй, ядуу, дампуурсан улс гарч ирэх магадлалтайг ажиглагчид сануулж байаа юм.

Өрнөдийн орнууд Украины зүүн хэсэгт болж буй үйл явдлыг үнэлж цэгнэж, шийдвэрлэх алхам хийх ёстой. Бүх нийтийн санал асуулгын дүнг үл хүлээн зөвшөөрсөн ч тухайн ард түмний хүсэл зориг өөрчлөгдөхгүй билээ. Украинаас “бүгд найрамдах” тусгаар улсууд төрөн гарснаар тус улсын нөхцөл байдал муудаж, өрнөдийн “толгойны өвчин” улам нэмэгдэх нь ойлгомжтой. Украин улс хуваагдах уу, эс хуваагдах уу, Европт, Орос, Украины дунд шинэ “Палестин” бий болох уу, үгүй юу гэдэг эгзэгтэй цаг мөч тулгараад байна.

Thursday, 8 May 2014



Жоди Фостер мөнгөө алдаж байна

Холливудын жүжигчин Жоди Фостер саяхан Александра Хэдисон хэмээх бүсгүйтэй гэрлэсэн билээ. Тэд нууцхан, цомхон хүрээнд гэрлэлтээ батлуулсан юм. Гэвч Фостер сүүлийн үед санхүүгийн хүнд байдалд орсон хэмээн Америкийн хэвлэлээр бичиж байна. Тэрээр 2013 оны зургадугаар сард үл хөдлөх хөрөнгийн зах зээлээс дөрвөн унтлагын өрөөтэй испани маягийн зуслангийн тансаг байр худалдаж ав чээ. Эдүгээ Жоди Фостер түүнийгээ буцааж зарахаас аргагүй байдалд орж 6.4 сая доллараар үнэлжээ. Гэвч авах хүн олдохгүй байгаа тул нэрт жүжигчин үнийг нь бууруулсаар 4.8 сая доллар болгоод байгаа юм. Тэгсэн ч Беверли Хилз дэх энэхүү тансаг байрыг авах хүн гарч ирэхгүй байна.

Wednesday, 7 May 2014



В.Путин яагаад Киевийн эрх баригчдыг дэмжих болов

Н.МӨНХЖИН

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украин дахь босогчдод хандан тус улсын зүүн нутгийг салган тусгаарлах зорилготой бүх нийтийн санал асуулгыг (тавдугаар сарын 11-нд болохоор төлөвлөгдсөн) хойшлуулахыг хүслээ. Мөн үүний хажуугаар, тавдугаар сарын 25-нд болох Украины Ерөнхийлөгчийн сонгуулийг анх удаа дэмжсэн мэдэгдэл хийжээ.
Кремлийн лидер яагаад ийнхүү Оросын талыг баримтлагчдаас нүүр буруулж, Украины сонгуулийг дэмжиж “180 градус эргэсэн нь” дэлхийн хэвлэлийн гол сэдэв болж байна. Америкийн хэвлэлээр “Путиний улс төрийн тоглоом шинэ үедээ орлоо” гэсэн бол, Орос, Украинд “Оросын лидер Украин дахь оросуудаас нүүр бурууллаа. Авдгаа авсан Путин одоо зангаа хувиргалаа” гэсэн дуу хоолой сонсогдох болов. Оросын нөлөө бүхий хэд хэдэн улстөрч тавдугаар сарын 25-нд болох Украины Ерөнхийлөгчийн сонгуулийг хууль бус хэмээн үзэж сонгуулийн товыг цуцлахыг шаардсаны дараа В.Путин “Украины Ерөнхийлөгчийн сонгууль нь зөв зүгт хийж буй алхам юм” хэмээн мэдэгджээ. Үүний дараа Украин дахь хямрал, мөргөлдөөн мэдэгдэхүйц багассан хэмээн зарим хэвлэлээр мэдээлж байна.
Кремлийн тэргүүн Киевийн өнөөгийн эрх баригчдыг дэмжсэн төдийгүй Украины хил дээрээс цэргээ татах боллоо хэмээн онцолсон юм. Украины хил дээр бөөгнөрсөн орос цэргүүдэд байнгын хуаран, байрлал руугаа буцах тушаал өгсөн гэж байгаа ч үүний ямар ч нотолгоо алга хэмээн НАТО-гийн төлөөлөгч мэдээлэв.
“Украины бүх иргэн сонгуулийн дараа эрхээ хэрхэн баталгаажуулах вэ гэдгийг ойлгохгүй бол Ерөнхийлөгчийн сонгууль юуг ч шийдэж чадахгүй” хэмээн  В.Путин Украин дахь үндэстний цөөнх буюу орос хэлтэй иргэдэд хамаатуулан хэлжээ.  Тэрээр Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын тэргүүн Дидье Бурхалтертэй уулзсаны дараа дээрх мэдэгдлийг хийжээ. Украины зүүн нутагт бослого гаргаж буй иргэд Киевтэй яриа хэлэлцээ хийх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хүчирхийллээ зогсоох ёстой хэмээн Путин үзэж байна.

АНУ: “Нааштай, гэвч хангалтгүй”

Оросын лидер Украины Ерөнхийлөгчийн сонгуулийг зөв, зүйтэй алхам хэмээн дэмжсэний дараа АНУ мэдэгдэл хийлээ. Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки “Москва санаа бодлоо өөрчилсөн нь нааштай алхам юм. Гэвч бүс нутаг дахь хямрал, мөргөлдөөнийг багасгахад хангалтгүй байна. Оросууд энэ тал дээр илүү их зүйл хийж чадна” хэмээн мэдэгджээ.

Зүүн бүсийн Донецк, Луганск мужид “Ардын бүгд найрамдах улс” байгуулах угтвар нөхцлийг бүрдүүлсэн гэж байгаа Оросын талыг баримтлагчид бүс нутгаа Украинаас тусгаарлах тухай бүх нийтийн санал асуулга явуулахаар зарласан юм. Тэд шинэ тулгар улсаа Шинэ Орос (Новороссия) хэмээн нэрлэхээр төлөвлөөд байгаа аж. Путин тавдугаар сарын 11-нд төлөвлөгдсөн энэхүү санал асуулгыг хойшлуулахыг хүссэний хажуугаар Донецк дахь босогчдын цайз бэхлэлтийн эсрэг хийж буй цэргийн дайралтаа зогсоохыг Киевээс шаарджээ. “Босогчдын эсрэг цэргээ илгээж, хүч хэрэглэснээр нөхцөл байдал улам л муудна. Зүүн нутгийн оршин суугчдыг шийтгэж, залхаан цээрлүүлэхийн тулд явуулж буй ажиллагааг даруй зогсоох ёстой” хэмээн В.Путин онцолсон байна. 

Tuesday, 6 May 2014




Ким Чен Уны хүргэн ах цаазлуулаагүй

NBA-ийн тоглогч асан Деннис Родман 2013 оны найм болон аравдугаар сард цаазлагдсан гэж байсан Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны хүргэн ах Чан Сон Тэк болон удирдагчийн экс найз бүсгүйг амьд байхыг харсан хэмээн ярьжээ. Родман энэ оны нэгдүгээр сард Хойд Солонгост очихдоо тэднийг харсан, миний хажууд байсан хэмээн баталж байна. “Хойд Солонгосын талаар хүссэнээ ярьж л байхаас. Хүмүүс тэрэнд нь итгэж л байдаг. Би хамгийн сүүлд тэнд очихдоо цаазлуулсан гээд байгаа найз хүүхэн, хүргэн ах хоёр нь миний дэргэд зогсч байхыг харсан” хэмээн экс сагсанбөмбөгч хэвлэлд ярьсан байна.
Ким Чен Ун АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обаматай уулзаж, Солонгосын хойгийн цөмийн хөтөлбөрийн талаар яриа хэлэлцээ хийх хүсэлтэй байсныг Родман дуулгалаа. “Хойд Солонгос бол жижигхэн, тайван улс. Тэд болзошгүй түрэмгийллээс сэргийлэхийн тулд цөмийн зэвсэгтэй болохыг хүсч байна. Хэнийг ч хэзээ ч бөмбөгдөхгүй гэдгээ тус улсын удирдагч мэдэгдсэн” хэмээн Деннис онцоллоо. Түүний баталж буйгаар, Пхеньян америкуудыг үзэн яддаггүй, өмнө нь байгуулсан гэрээгээ мөрдсөн тохиолдолд хамтран ажиллахад бэлэн байгаа ажээ.

Сибирьт 120 га ой шатаж байна

Тавдугаар сарын 7-ны байдлаар, Сибирийн бүс нутагт 48 ойн түймэр асч, 120 гаруй га газрыг хамарч байна хэмээн Итар-Тасс агентлаг мэдээлэв. Үүний 118 га нь зөвхөн Забайкалийн хязгаарын газар нутаг ажээ. Хавар бүр дэгддэг ойн түймэр Буриад, Тува, Хакас, Красноярскийн хязгаар, Эрхүү, Омск, Томск мужийг хамраад байна. Гал түлэхдээ анхаарал болгоомж алдсаны улмаас ихэнх түймэр гарчээ. Забайкал, Буриад, Эрхүү мужийн зарим хэсэгт онц байдал тогтоожээ.

Волгоградын төмөр замын буудал дахин нээгдлээ

ОХУ-ын Волгоград хотын төмөр замын буудал алан хядагчдын довтолгоонд өртсөнөөсөө хойш хагас жилийн дараа дахин нээгдлээ. Буудлыг дахин нээх ёслолын үеэр 2013 оны арванхоёрдугаар сарын 29-нд амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэжээ. Мөн террорист халдлагын золиос болсон иргэдэд зориулсан дурсгалын самбар босгосон байна. Хагас жилийн өмнө Кавказын алан хядагчид Волгоградын төмөр замын буудалд халдлага үйлдэж 18 хүний аминд хүрсэн юм. Сочигийн өвлийн олимпийн өмнөхөн болсон энэ халдлага ОХУ болон дэлхий дахины санааг ихээхэн зовоож байсан билээ. 

Арын нүүүрртттттттттттттт.......



Кличко, Панеттьери нарын хурим хойшлов

Н.Мөнхжин

Украины нэрт нударгач, улстөрч Владимир Кличко, Холливудын алдартай шаргал үст, “Нэшвилл” савангийн дуурийн од Хайден Панеттьери нарын хурим дахин хойшиллоо. Украин дахь хямралын улмаас хос хуримынхаа төлөвлөгөөг өөрчлөхөөс аргагүй болсон юм. Х.Панеттьери “Украинд болж буй үйл явдлаас болж бид хуримаа дахин төлөвлөх хэрэгтэй боллоо. Хуримаа хийх цаг хугацаа хангалттай байна” хэмээн “Washington Post” сонинд ярьжээ. Хайден өнгөрсөн онд Евромайданд хайртай залуугаа дэмжихээр Киевт ирж байв. 37 настай Кличко, 24 настай Панеттьери нар 2009 оноос хойш хамтдаа байгаа юм.
“Би ээж болохыг хүсч буйгаа мэдэж байна. Хүүхэд төрсний дараа амьдрал дуусч, аялж зугаалж, амьдралаас бүрэн таашаал авахаа больдог гэж хүмүүс ярьдаг. Би үүнтэй санал нийлдэггүй” хэмээн шаргал үст америк бүсгүй  ярилаа. Харин Кличко таван хүүхэдтэй болно хэмээн мөрөөддөг ажээ.



Моника Левински: Цэнхэр хувцсыг устгах цаг болсон

Вашингтоны хамгийн алдартай дадлагын оюутан Цагаан ордноор ороод өнгөрснөөсөө хойш бараг 20 жилийн дараа тэрхүү шуугиант явдлын нарийн ширийнээс дэлгэлээ. Моника Левински Ерөнхийлөгч Билл Клинтонтой амраг сэтгэлийн явдал үүсгэж байсан болон тэр цагаас хойш амьдралаа хэрхэн шинээр эхлүүлэх гэж оролдож байсан тухайгаа анх удаа дэлгэж байна.
“Тоорцог малгай (АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтонтой хамт зураг авахуулахдаа өмсөж байсан цуутай малгай) болон цэнхэр хувцсаа (Биллийн үрийн шингэнтэй алдарт даашинз) шатааж устгах цаг боллоо” гэсэн гарчигтай нийтлэл Vanity Fair сэтгүүлд гарчээ. “Ерөнхийлөгч Клинтон бид хоёрын хооронд болсон зүйлд гүнээ харамсаж байна. Би дахиад хэлье, би, би өөрөө үүнд их харамсаж байна” хэмээн  Моника хэлжээ.
Моника Левински бараг арван жил чимээгүй байсны дараа “Клинтоны гэр бүл түүнийг “худалдаад авчихсан”. Тийм болохоор л юм ярихгүй, дуугарахгүй байна” хэмээн цуурч байсан билээ. “Би яагаад дуугүй байснаа ярьж болохгүй гэж үү. Намайг мөнгөөр худалдан авч, дуугүй болгосон гэдэг бол ямар ч үндэслэлгүй худлаа яриа” хэмээн Цагаан ордонд дадлага хийж байхдаа Ерөнхийлөгчтэйгээ амраглаж явсан бүсгүй өгүүлж байна. Хүний өнгөрсөн амьдралыг дооглож тохуурхан хэлэлцэж, бусдын амьдралын ирээдүйг зааж зааварладаг явдалд цэг тавих ёстой хэмээн тэрээр үзэж байна. “Би өөрийнхөө түүхийг огт өөрөөр дуусгахаар шийдлээ. Эцсийн эцэст би бухын эврээс барьж авахаар шийдэж, амьдралаа шинээр эхлүүлж, өнгөрснөө таг мартахыг хүсч байна. Энэ оролдлого, зорилго маань надад ямар үнэтэй тусахыг би таашгүй” хэмээн Моника онцолжээ.  Клинтонтой үүсгэсэн амрагийн харилцаа нас биед хүрсэн хоёр хүний хооронд л болсон зүйл, харин дараа нь үүнийг олон нийт, хэвлэл мэдээлэл өлгөн авч, шуугиж, доромжилсноор миний амьдралын зүг чигийг буцалтгүй эргүүлж орхисон хэмээн тэрээр ярилаа.

“Намайг золиосонд гаргасан”

“Үнэн хэрэгтээ манай дарга намайг ашигласан, гэхдээ тэр бол хожим нь харамсмаар, дэмий харилцаа байсан. Тухайн үед сайхан байсан ч дараа нь намайг муухайгаар гүтгэж, доош нь хийж золиосонд гаргасан л даа. Тэр хүчирхэг байр сууриа хамгаалж, ганхуулахгүйн тулд намайг зүгээр л зольсон... Клинтоны засаг захиргаа, Ерөнхийлөгчид талтай шүүх, прокурорын газар, хоёр намын улстөрчид, хэвлэл мэдээлэл зөвхөн өөрсдийн эрх ашигт намайг ашигласан, намайг чичилсэн. Энэ чичлэлт, буруутгал над дээр маш удаан байсан шүү. Учир нь хүчирхэг гар, засаглалаас намайг зааж, буруутгасан болохоор” хэмээн Моника Левински ярилаа.
Энэхүү явдлын дараа зарим пүүс, компани 10 саяаас илүү доллар санал болгож, “хамтран ажиллах”-ыг санал болгосон ч бүсгүй тухай бүрт нь няцаалт өгч байжээ. Яагаад ийм их мөнгөнөөс татгалзсан юм бэ” хэмээн сурвалжлагч асуухад “Толгой эргэм их мөнгө санагдаж байсан. Гэвч энэ нь надад буруу санагдсан тул няцаасан” хэмээн хариулжээ. Моника Лондон, Лос-Анжелес, Нью-Йорк, Портланд, Орегон зэрэг олон хот дамжин амьдарч, олон ч ажил олгогч нараас “Уучлаарай” гэдэг үг сонсчээ. “Нэртэй, том, би орчих юмсан гэж боддог байсан пүүс, компаниуд бүгд л намайг Моника Левински гэдгийг мэдчихээд л татгалзсан хариу өгдөг байлаа” хэмээн өгүүлж байна. Тэр үед ямар, ямар сонин юу, юу гэж бичиж байсныг Левински тун тод санадаг аж.

“Клинтонтой хэрхэн амраглаж байснаа нэгд нэгэнгүй ярьчих. Долларыг сая саяаар нь өгье гэж их шалдаг байсан. Яагаад ч юм сонгууль өнгөртөл хэн ч юу ч гаргаагүй. Дараа нь сонгууль өнгөрөхөд хэн ч надад юу ч амлахаа больсон” хэмээн Моника ярилаа. “Клинтонтой орооцолсоныхоо төлөө би 20 жил усанд хаясан чулуу шиг амьдарсан. Өөрөөр хэлбэл би алга болсон. Одоо Хиллари Клинтоны сонгуулийн кампани идэвхжиж, намайг дахиад 10 жил алга болгох вий хэмээн айж байна” гэж Цагаан ордны хамгийн зартай дадлагажигч бүсгүй өгүүлэв. 



Манай дэлхийн хамгийн өндөр настан өвөө

АНУ-ын Нью-Йорк хотын оршин суугч Александр Имич (111 настай) манай гаригийн хамгийн хөгшин эрэгтэйд тооцогдож байна. Хамгийн өндөр настанд тооцогдож байсан Италийн иргэн Артуро Ликате дөрөвдүгээр сарын 24-нд 111 нас 357 дахь өдөр дээрээ бурхны оронд очсон тул америк иргэнд энэхүү гуншин шилжиж иржээ.
А.Имич польш үндэстэн. Тэрээр Зөвлөлт-Польшийн дайныг биеэр үзэж, Холокостоос зугтаж, зөвлөлтийн бөөнөөр хорих лагериас амьд гарч чадсан юм. Дараа нь тэрээр Америк руу цагаачилсан аж. “Би ийм өндөр наслана гэж хэзээ ч бодож байгаагүй” хэмээн Имич өвөө ярьж байна. Удамшлын сайн ген, мөн спортоор хичээллэж байсан нь урт насалсны гол нууц хэмээн тэрээр хэллээ. Дэлхийн хамгийн “өндөр” өвөө хэзээ ч архи ууж явсангүй, тамхийг олон жилийн өмнө хаяжээ. Харин дэлхийн хамгийн хөгшин хүн нь Японы 116 настай иргэн Мисао Окава юм.

“Фатх” бүлгийн зургаан гишүүнийг чөлөөлжээ

Палестины “Хамас” бүлэг Газ дахь шоронгоос “аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-ээр ял эдэлж байсан “Фатх” бүлгийн зургаан гишүүнийг чөлөөлжээ. “Фатх”-ын тэргүүн, Палестины автономийн лидер Махмуд Аббас, “Хамас”-ын удирдагч Халед Мешал нарын хооронд хэлэлцээ болсны дараа ийм шийдвэр гарчээ. Одоо Газын шоронд “Фатх” бүлгийн 40 орчим гишүүн хоригдсоор байна. Палестины хамгийн хүчирхэг хоёр бүлгийн лидерийн уулзалт Катарын Доха хотод болжээ. Палестинд эрх мэдлээ булаацалдан тэмцэлдсээр байгаа “Хамас”, “Фатх” бүлэг саяхан энхийн гэрээ байгуулсан билээ.

Марк Селби дэлхийн аварга боллоо

Снукерийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Английн Шеффилд хотод болж 30 настай Марк Селби анх удаагаа энэхүү эрхэм хүндэт алдрыг хүртлээ. Тэрээр аваргын төлөөх тулаанд дэлхийн таван удаагийн аварга, “Пуужин” хочит Ронни О’Салливаныг 18-14 харьцаагаар хожлоо. Марк Селби 2007 оны дэлхийн аваргын финалд мөн Салливантай үлдсэн ч хожигдож байсан юм.

Марк Селби энэ жил ийнхүү снукерийн гурван том тэмцээнд (Triple Crown буюу Masters, UK Championship, World Championship) түрүүлээд байна. Дэлхийн аварга цолыг 300 мянган паунд дагалджээ. 



Бан Ги Мун Украины хямралыг зуучлахыг хүсч байна

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Украины хямралыг зохицуулахад өөрийгээ зуучлагчийн хувиар санал болголоо хэмээн France Presse агентлаг уламжлав. НҮБ-ын тэргүүн Украин, Оросын лидерүүд болон Европын холбоо, АНУ-д хандан энэ хямрал, мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэхийг уриалжээ. “Шаардлагатай бол би зуучлагчийн үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна” хэмээн Бан Ги Мун онцоллоо. Тэрээр Украин дахь үйл явдалд гүнээ санаа зовниж буйгаа илэрхийлээд Женевийн гэрээ, тохиролцоог мөрдөх ёстой гэдгийн дахин санууллаа.
“Женевийн тохиролцоонд хамаарагч бүх тал дахин уулзаж, бүх зүйлийг эргэн харахыг би шаардаж байна. Уг гэрээ биелээгүй, талууд амлалтаа биелүүлээгүй гэдгийг ойлголцож, дахин ярилцах цаг боллоо” хэмээн дэлхийн байгууллагын лидер хэллээ. Украин дахь нөхцөл байдал хяналтаас гарчихаагүй байгаа дээр хямралыг энхийн арга замаар шийдвэрлэхэд анхаарлаа хандуулах ёстой, бүх зүйл хяналтаас гарчихвал үр дагавар нь аймшигтай байх болно хэмээн тэрээр мэдэгджээ.
Дөрөвдүгээр сарын 17-нд Женевт Орос, Украин, АНУ, Европын холбооны хооронд байгуулсан гэрээг дахин сануулахад, Украин дахь бүх хууль бус зэвсэгт бүлгүүдийг тарааж, зэвсгийг нь хураахаар болж, талууд гарын үсэг зурсан билээ. Энэ нь тухайлбал, Украины зүүн нутаг дахь хэд хэдэн хотод засаг захиргааны байрыг эзэлсэн Оросын талыг баримтлагчдад хамаатай. Гэвч тэд эзэлсэн байшин, барилгыг орхихоос татгалзаж, Украины зүүн нутагт иргэний дайны “утаа үнэртэж” эхэлсэн билээ. Хамгийн сүүлчийн мэдээллээр, Славянск хотод украин цэргүүд болон босогчдын хооронд ширүүн тулаан болж дөрвөн украин цэрэг амиа алдаад байна. Үүний дараа Киевийн эрх баригчид Славянск руу тусгай хүчний цэргүүдийг илгээхээр болсноо зарласан юм.

В.Янукович тэргүүтний 193 сая доллар түгжигдэв

Украины Ерөнхийлөгч асан Виктор Янукович болон түүний ойрын хүрээнийхэн Швейцарийн банкинд хадгалуулсан 170 сая швейцарь франкаа (193 сая орчим доллар) авч чадахааргүй болов. Швейцарийн эрх баригчид банкинд байгаа тэдний хадгаламжийг царцаах шийдвэр гаргалаа хэмээн “Reuters” агентлаг мэдээндээ онцолжээ. Украины прокурорын газар хэд хэдэн экс түшмэлийн эсрэг мөнгө угаасан, улсын хөрөнгө үрэн таран хийсэн хэрэг нээж, Бернд хандсаны дараа ийм шийдвэр гарчээ.
Швейцарь улс хоёрдугаар сарын сүүлчээр Украины харъяатуудын эсрэг арга хэмжээ авч эхэлсэн юм. Хамгийн эхлээд Украины Ерөнхий сайд асан Азаров, дэд Ерөнхий сайд Сергей Арбузов, Гадаад хэргийн сайд Виталий Захарченко, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Клюев тэргүүтэй түшмэдийн данс, активийг царцаасан билээ. Дараа нь Украины есөн иргэний дансыг барьцаалжээ. Тэдний дотор Украины Аюулгүйн албаны тэргүүн асан Александр Якименко, Виктор Януковичийн хүү, Николай Азаров, ерөнхий прокурор асан Виктор Пшонка нар байсан юм.
2014 оны гуравдугаар сарын 6-нд Европын холбоо Украины эск удирдагчдын эсрэг хориг арга хэмжээ авчээ. Энэ жагсаалтад 18 украины нэр орсны дотор Ерөнхийлөгч асан В.Янукович ч оржээ. Эдгээр хүмүүс төрийн хөрөнгийг хулгайлсан, завшсан хэрэгт холбогдсон байж болзошгүй хэмээн Брюссельд үзэж байгаа аж. Швейцариас гадна Их Британи, Голланд, Латви улс украин иргэдийн эсрэг арга хэмжээ авчээ.

Украины Ерөнхийлөгч Виктор Янукович сөрөг хүчинтэй олон сар сөргөөцөлдсөний эцэст 2014 оны хоёрдугаар сарын сүүлчээр албан тушаалаасаа зайлуулагдсан. Украины Ерөнхийлөгчийн шинэ сонгууль тавдугаар сарын 25-нд болохоор товлогдсон билээ. Оросын газар нутаг дээр бүгсээр байгаа Янукович Украины одоогийн эрх баригчдыг хууль бус хэмээн үзсээр байгаа юм.

Monday, 5 May 2014



Сөрөг хүчний лидер Ерөнхийлөгчийн сонгуульд ялжээ

Панамын Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний лидер Хуан Карлос Варела ялалт байгуулав. Панамын барууны төвийн үзэлтэй намыг тэргүүдэг Варелагийн төлөө сонгогчдын 39 хувь нь саналаа өгчээ. Түүний гол өрсөлдөгч, Ардчилсан өөрчлөлтийн төлөө намын нэр дэвшигч Хосе Доминго Ариас 31 хувийн санал авчээ. Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахад ердийн олонхийн санал авахад хангалттай.
Хуан Карлос Варела эдийн засгийн өсөлтийг хангаж, илүү үнэнч, нэр төртэй, шударга Засгийн газрыг бүрдүүлнэ хэмээн амласан юм. Мөн инфляцийг бууруулах, ядуурлыг багасгах талаар хөтөлбөртөө тусгаж өгчээ.

Садар самуунд уруу татагчдын бүлгийг илрүүлэв

Германы цагдаа хүүхдүүдийг садар самуунд уруу татагдчын бүлгийг илрүүлэн баривчилжээ. 22-60 насны арван хүн, мөн 57 настай нэг эмэгтэйг саатуулан шалгаж байна. Тус бүлгийнхэн Анхальт мужийн нэгэн хотод жил тутмын нууц уулзалтаа хийж байхад нь цагдаа нар дайран орж баривчилжээ. Тус бүлгийн гишүүд хүүхдүүдийг өөрсдийн бусармаг зорилгод уруу татахын тулд өөрсдийн хүүхдүүдийг хүртэл ашиглаж байсныг тогтоосон юм.
Тэд тун нууц байдалд, ихээхэн болгоомжтой ажилладаг байсан бөгөөд цагдаа, тагнуулынхан ихээхэн хүчин чармайлт гаргасны хүчинд илрүүлсэн байна. Хүүхдийг садар самуунд уруу татагчид жил бүрийн нууц цуглааныхаа үеэр хүүхдүүийн мэдээллийг солилцож, цаашдын төлөвлөгөөгөө боловсруулдаг байжээ.

Одессад батлан хамгаалах батальон байгуулна

Украины Одесса хотын захиргаа бүс нутагт эмх журмыг тогтоох армийн тусгай батальон байгуулах болсноо зарлалаа. Энэ тухай хотын захиргааны тэргүүн Владимир Немировский албан ёсоор мэдэгджээ. “Армийн тусгай батальоныг 400 хүний бүрэлдэхүүнтэй байгуулах болно. Хууль ёс, эмх журмыг даруй тогтоох хэрэгтэй байна” хэмээн тэрээр онцлов.
Украины Батлан хамгаалах яамны төв штабаас уг батальоны батлах ч орон нутгийн засаг захиргааны шууд удирдлага дор байх ажээ. Тавдугаар сарын 2-нд Одесса хотын Үйлдвэрчний эвлэлийн байранд болсон мөргөлдөөнд 46 хүн амиа алдсан билээ. 


Японы Ерөнхий сайд Шинзо Абэ: Хятадтай яриа хэлэлцээ хийх хаалга үргэлж нээлттэй

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Испанид айлчлах үеэрээ “АВС” сонинд ярилцлага өгснийг товчлон хүргэж байна.

-Украинд байдал хурцдаж, европууд ихээхэн санаа зовниж буй үед та Европт ирлээ. Украины талаарх байр сууриа илэрхийлээч. Тэр хямралыг хэрхэн шийдвэрлэх ёстой гэж үзэж байна?

-Тухайн улсын бүрэн эрхт байдлыг хүчээр, цэрэг зэвсгийн хүчээр өөрчилж болохгүй гэсэн дүрэм журмыг зөрчихгүй байх ёстой. Украин дахь нөхцөл байдал нь зөвхөн Европт бус, дэлхийд, Азид нөлөөлж буй асуудал болоод байгааг бүс нутгийн орнуудад хандаж хэлмээр байна. Украины эдийн засгийг тогтворжуулж, ардчилсан зарчмыг нь сэргээхийн тулд Япон улс багагүй тусалж байна. Мөн яриа энхийн хэлэлцээнд татан оруулахын тулд Токиогийн Засгийн газар чармайлт гаргаж байгааг онцлоё. Цаашдаа, “Их-7”-гийн орнуудтай хамтран Украины хямралыг дипломат, энхийн аргаар шийдвэрлэх тал дээр шаргуу ажиллах болно.

-Япон улс Курилийн арлын эзэмшил дээр Оростой ихээхэн маргаантай байдаг. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хуучин зөвлөлтийн улсууд дээр улам бүр түрэмгий бодлого баримтлах боллоо хэмээн өрнөдийнхэн үзэх болсон. Кремлийн энэ хандлага Курилийн арлын маргаан дээр цухалзах болов уу, та юу гэж бодож байна?

-Би яриа хэлэлцээнд итгэж байгаа. Украинд ч тэр, өөр ямар ч хямрал, мөргөлдөөнийг ч яриа хэлэлцээгээр шийдвэрлэж болно гэдэгт итгэдэг. Ази-Номхон далайн бүсэд аюулгүй байдлыг сахиулахад улам бүр адармаатай болоод байгаа өнөө үед Орос-Японы харилцаа тун чухал юм. Бид Оростой яриа хэлэлцээгээ хадгалахын хажуугаар үндэсний ашиг сонирхлоо нийцүүлэх тал дээр ихээхэн урагшлах боломжтой. Москва, Токио хоёр энэ чигээрээ урагшилсаар байгаад Курилийн арлын маргааныг шийдвэрлэж, энхийн гэрээг батлана гэдэгт итгэж байгаа.  

-Сүүлийн үед Ази-Номхон далайн бүсэд нөлөөгөө тэлэх Хятадын бодлого, түүхэн маргаан, таны Ясукуни сүмд зочилсон зэрэг асуудлаас болж Хятад, Японы харилцаа муудсан. Та энэ харилцааг хэрхэн харж байна вэ, сайжруулах  ямар арга зам байна?

-Өмнө нь хэлсэн, бүх хямрал, маргааныг яриа хэлэлцээгээр шийдвэрлэх ёстой. Илэн далангүй, өгөөмөр яриа хэлэлцээ хийх хэрэгтэй. Токиогийн хувьд, Хятад-Японы хоёр талт харилцаа маш чухал, ямар ч тохиолдолд бидний харилцаа, хэлэлцээ тасрах ёсгүй. Улс төрийн ч, эдийн засгийн харилцаа нь ч сайн байх ёстой. Учир нь, Хятад манай хамгийн гол худалдааны түнш. Японы пүүс, компаниуд Хятадтай улам нягт, өргөн харилцах боллоо. Бид Хятадаас хагас үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн аваад дараа нь эцсийн бүтээгдэхүүн болгоод буцаагаад гаргаж байна. Зөвхөн Японд гүйцээж дуусгадаг бүтээгдэхүүн, технологи маш их байна. Нөгөө талаар, жил бүр шинжлэх ухаан, эрдэм шинжилгээ, технологийн чиглэлийн 4.2 сая хүн хоёр улс руу харилцан зорчиж, туршлага солилцож байгаа нь тун нааштай үзүүлэлт юм.
Энэ цаг үед Япон, Хятадын хооронд санал зөрөлдсөн олон асуудал байгаа нь няцаашгүй үнэн. Бид “Стратегийн нэгдмэл ашиг сонирхол дээр үндэслэсэн харилцан ашигтай” гэдэг харилцаа руу эргэн орох хэрэгтэй. Тиймээс харилцаа, яриа хэлэлцээгээ хадгалж байх нь хамгийн чухал юм. Хятадтай яриа хэлэлцээ хийх хаалга манай талаас үргэлж нээлттэй байдаг. Хятадын талаас ч мөн ийм алхам хийнэ гэдэгт итгэлтэй байна.

-Япон улс АНУ-тай харилцаа, холбоогоо өргөжүүлж, Хятадын цэргийн аюул заналхийллээс сэргийлэхийн тулд Японы Үндсэн хуулийн есдүгээр бүлгийг (өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байхыг хориглодог) эргэн харах сонирхолтой байдаг…?


-Хятад улс бүс нутгийн болон дэлхийн хэмжээний үйл хэрэгт идэвхтэй оролцож, бүтээлч байгаасай гэж хүсч байна. АНУ, Өмнөд Солонгос болон бүс нутгийн бусад улс орны хамтаар бүс нутгийн аюулгүй байдлын төлөө хамтран ажиллаж байна. Ямар ч улс олон улсын хууль дүрмээс гажихгүй байх ёстой. 

Зургийн тайлбар: Шинзо Абэ Испанийн Ерөнхий сайд Мариано Рахойн хамт