Tuesday, 6 May 2014




Ким Чен Уны хүргэн ах цаазлуулаагүй

NBA-ийн тоглогч асан Деннис Родман 2013 оны найм болон аравдугаар сард цаазлагдсан гэж байсан Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны хүргэн ах Чан Сон Тэк болон удирдагчийн экс найз бүсгүйг амьд байхыг харсан хэмээн ярьжээ. Родман энэ оны нэгдүгээр сард Хойд Солонгост очихдоо тэднийг харсан, миний хажууд байсан хэмээн баталж байна. “Хойд Солонгосын талаар хүссэнээ ярьж л байхаас. Хүмүүс тэрэнд нь итгэж л байдаг. Би хамгийн сүүлд тэнд очихдоо цаазлуулсан гээд байгаа найз хүүхэн, хүргэн ах хоёр нь миний дэргэд зогсч байхыг харсан” хэмээн экс сагсанбөмбөгч хэвлэлд ярьсан байна.
Ким Чен Ун АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обаматай уулзаж, Солонгосын хойгийн цөмийн хөтөлбөрийн талаар яриа хэлэлцээ хийх хүсэлтэй байсныг Родман дуулгалаа. “Хойд Солонгос бол жижигхэн, тайван улс. Тэд болзошгүй түрэмгийллээс сэргийлэхийн тулд цөмийн зэвсэгтэй болохыг хүсч байна. Хэнийг ч хэзээ ч бөмбөгдөхгүй гэдгээ тус улсын удирдагч мэдэгдсэн” хэмээн Деннис онцоллоо. Түүний баталж буйгаар, Пхеньян америкуудыг үзэн яддаггүй, өмнө нь байгуулсан гэрээгээ мөрдсөн тохиолдолд хамтран ажиллахад бэлэн байгаа ажээ.

Сибирьт 120 га ой шатаж байна

Тавдугаар сарын 7-ны байдлаар, Сибирийн бүс нутагт 48 ойн түймэр асч, 120 гаруй га газрыг хамарч байна хэмээн Итар-Тасс агентлаг мэдээлэв. Үүний 118 га нь зөвхөн Забайкалийн хязгаарын газар нутаг ажээ. Хавар бүр дэгддэг ойн түймэр Буриад, Тува, Хакас, Красноярскийн хязгаар, Эрхүү, Омск, Томск мужийг хамраад байна. Гал түлэхдээ анхаарал болгоомж алдсаны улмаас ихэнх түймэр гарчээ. Забайкал, Буриад, Эрхүү мужийн зарим хэсэгт онц байдал тогтоожээ.

Волгоградын төмөр замын буудал дахин нээгдлээ

ОХУ-ын Волгоград хотын төмөр замын буудал алан хядагчдын довтолгоонд өртсөнөөсөө хойш хагас жилийн дараа дахин нээгдлээ. Буудлыг дахин нээх ёслолын үеэр 2013 оны арванхоёрдугаар сарын 29-нд амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэжээ. Мөн террорист халдлагын золиос болсон иргэдэд зориулсан дурсгалын самбар босгосон байна. Хагас жилийн өмнө Кавказын алан хядагчид Волгоградын төмөр замын буудалд халдлага үйлдэж 18 хүний аминд хүрсэн юм. Сочигийн өвлийн олимпийн өмнөхөн болсон энэ халдлага ОХУ болон дэлхий дахины санааг ихээхэн зовоож байсан билээ. 

No comments:

Post a Comment