Tuesday, 13 May 2014




Киприйг эзэлснийхээ төлөө нөхөн төлбөр олгохоос татгалзлаа

Турк улс 1974 онд Кипрт цэргээ оруулж эзэлснийхээ төлөө Киприйн талд нөхөн төлбөр олгохоос татгалзаж байна хэмээн The Hurriyet Daily News сонин мэдээлэв.
Европын хүний эрхийн шүүх “Анкарагийн Засгийн газар Никосиад (Грекийн Киприйн нийслэл) 90 сая еврогийн нөхөн төлбөр олгох ёстой” гэсэн шийдвэр гаргасны дараа Туркийн Гадаад хэргийн сайд Ахмет Давутоглу мэдэгдэл хийжээ. “Биднээр хүлээн зөвшөөрөгдөөгүй улс оронд бид энэ мөнгийг төлнө гэж байхгүй” хэмээн Давутоглу ярьсан байна. Европын хүний эрхийн шүүх (European Court of Human Rights, ECHR) зөвхөн Киприйн талын хохирлыг харах бус, мөн арлын хойд хэсгийн оршин суугчдын хохирлыг тооцох ёстой байсан хэмээн Туркийн сайд үзэж байна. Түүний үзэж буйгаар, Европын шүүх эрх мэдлээ хэтрүүлэн ийм шийдвэр гаргасан ажээ. Кипрт нөхөн төлбөр олгох ёстой гэсэн ECHR-ийн шийдвэр хоёр улсын хоорондох энхийн яриа хэлэлцээнд тун муугаар нөлөөллөө хэмээн Анкарагийн дипломат албаны тэргүүн үзэж байна.
Туркийн арми 1974 онд Кипр аралд цэргээ оруулж хойд нутгийг нь эзэлснийхээ төлөө 90 сая долларын нөхөн төлбөр олгох ёстой гэсэн шийдвэрийг Европын хүний эрхийн шүүх тавдугаар сарын 12-нд гаргасан юм. Үүний 30 саяыг нь ор сураггүй алга болсон хүмүүсийн ар гэрт сэтгэл санааны хохирлын төлбөр нэрээр олгох ажээ. Харин 60 саяыг нь Карпас арлын уугуул грек-кипр үндэстнүүдэд өгөх ёстой хэмээн үзсэн байна.
1974 онд Кипрт Грекийн эрх баригчдын дэмжлэгтэйгээр төрийн эргэлт гарчээ. Туркууд баталгаа гаргагч орны статусаа ашиглан Кипрт цэргээ оруулж арлын хойд хэсэгт хяналтаа тогтоожээ. Тэд Кипр дахь турк-кипр иргэдийн эрх ашгийг хамгаалж, арал дээр Үндсэн хуулийн эмх журмыг тогтооно хэмээн гул барьсан билээ. Үр дүнд нь арлын газар нутгийн 37 хувь нь Туркийн мэдэлд орж, Кипр улс хоёр хуваагдсан юм. 1983 онд Хойд Киприйн Туркийн бүгд найрамдах улс байгуулагдлаа хэмээн зарлан тунхагласан ч дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрсөнгүй. Мөргөлдөөний улмаас 1500 орчим иргэн сураггүй алга болсон хэмээн Киприйн эрх баригчид баталдаг. Мөн Туркт эзлэгдсэн газар нутаг дээрх грек-кипрүүдийн эрх нэг бус удаа зөрчигдөж байжээ.
Киприйн эрх баригчид Туркийн үйлдлийг илчилж 1994 онд Европын хүний эрхийн шүүхэд хандсан юм. Үүнээс долоон жилийн дараа Европын хүний эрхийн шүүхийн дээд танхим “Турк улс Европын хүний эрхийн конвенцийг зөрчсөн” хэмээн үзсэн билээ. Тус шүүхийн шийдвэрийг Европын зөвлөлийн Сайд нарын хороо батлах ёстой юм.

"Lenta"

No comments:

Post a Comment