Ариана Грандегийн концерт дээр террорист халдлага гарчээ
Их Британийн Манчестер хотын “Манчестер Арена”-д
террорист халдлага болсны улмаас 19 хүн амиа алдаж, 50 орчим хүн шархдаж
бэртлээ. Америкийн дуучин Ариана Гранде “Манчестер Арена”-д тоглолт хийгээд
дууссаны дараа буюу орон нутгийн цагаар 22:30-д дэлбэрэлт болжээ. Тэрээр
сүүлчийн дуугаа дуулаад хөшигний араар орсны дараа стадионд хүчтэй дэлбэрэлт
болсон байна. Үүний дараа 18 мянган хүний багтаамжтай “Манчестер Арена”
цэнгэлдэх айдас, эмх замбараагүй байдалд автаж, сандарсан хүмүүс гүйлдэн гарчээ.
Амиа алдсан хүмүүсийн дунд өсвөр насныхан их байгаа аж. Дуучин
Ариана Гранде өсвөр насныхан, залуусын дунд ихээхэн алдартай. Түүний концертыг маш
олон хүүхэд, өсвөр насныхан үзэж байжээ. Цагдаа нар “Манчестер Арена” ордныг
бүсэлж, шаардлагатай шалгалт, хяналтыг явуулж байна.
Зарим гэрч нэг хүчтэй дэлбэрэлт болсон гэж байгаа бол,
бусад нь хоёр, бүр гурван ч дэлбэрэлт болсон гэв. Хамгийн анх ирсэн мэдээллээр,
цэнгэлдэхийн тасалбар түгээгүүрийн дэргэд дэлбэрэлт болсон аж. Гэвч цагдаагийн
газраас мэдээлснээр дэлбэрэлт концертийн танхимд биш, гадаа болсон бололтой.
Амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлсэн байж тун болзошгүй байна. Их Британийн
Ерөнхий сайд Тереза Мэй мэдэгдэл хийж Манчестерт болсон халдлагад амь үрэгдсэн
хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлэв. Тэрээр “Энэ бол аймшигтай террорист
халдлага. Цагдаагийн газар хэргийн учир шалтгааныг мөрдөн шалгаж байна” хэмээн
мэдэгджээ. Гурав хоногийн дараа Их Британид парламентын сонгууль болно. Манчестерт
халдлага болсонтой холбогдуулж эрх баригч Консерватив нам сонгуулийн
сурталчилгаагаа зогсоожээ. Хэдэн цагийн дараа
дуучин Ариане Гранде “Сэтгэл минь урагдлаа. Уучлаарай, уучлаарай гэж зүрхнийхээ
угаас хэлье” хэмээн Твитертээ бичжээ.
Дөрөв хоногийн дотор дэлхийн дээвэрт хоёр удаа гарчээ
Энэтхэгийн 37 настай уулчин эмэгтэй Аншу Жамсенпа дөрөв
хоногийн зайтай (тавдугаар сарын 16, тавдугаар сарын 21) Эверестийн оргилд хоёр
удаа гарч дэлхийн шинэ дээд амжилт тогтоогоод байна. Өмнө нь өөр нэг эмэгтэй долоо
хоногийн дотор хоёр удаа дэлхийн зулайд гарч байсан аж. Жамсенпа 2011 онд арав
хоногийн дотор хоёр удаа Эверстийн оргилд гарч байсан юм.
Үүний зэрэгцээ өнгөрсөн амралтын өдрөөр Эверестэд авирч
явсан гурван уулчин амиа алдсан гэсэн харамсалтай мэдээ иржээ. Түвдийн талаас
авирч байсан Австралийн уулчин, мөн Балбын талаас авирч байсан Словак,
Америкийн уулчин амь эрсэдсэн байна. Мөн Энэтхэгийн эрэгтэй уулчин Эверестийн
оройд гарсныхаа дараа сураггүй алга болжээ.
“Коза Ностра”-гийн толгойлогч алуулжээ
Сицилийн “Коза Ностра” мафийн толгойлогч Жузеппе Дайнотти
өнгөрсөн даваа гаригт Палермод алуулжээ. Түүнийг хотын төвийн Зиса дүүрэгт
дугуйгаар зугаалж явахад нь мотоциклтэй хоёр этгээд гүйцэж ирээд толгойд нь
хоёр сум зоожээ. Яг энэ газар хоёр жилийн өмнө “Коза Ностра” хамгийн сүүлчийн
аллагаа хийж байсан юм. Мафийн толгойлогчийг хөнөөсөн этгээдүүд ор сураггүй
алга болжээ. 67 настай Дайнотти дээрэм, цагдаагийн газрын ахмад Эмануэле Базиле,
цагдаа Боммарито, Моричи нарыг хөнөөснийхөө төлөө 20 жил шоронд суугаад 2014
онд суллагдсан юм. “Коза Ностра” түүнийг үхсэн хэмээн зарласан тул Дайнотти “Амьд
үхдэл” хочтой болоод байв. Яг 25 жилийн өмнө тус мафийнхан Сицилийн шүүгч
Фалконегийн аминд хүрч байжээ. Сүүлийн үед “Коза Ностра”-гийн хүч ихээхэн
суларсан ч тэднийг хөтлөх жинхэнэ толгойлогч гарч ирвэл тун хурдан “хөл дээрээ
босно” хэмээн цагдаа нар үзэж байна.
Венесуэльд Уго Чавесийн төрөлх гэрийг шатаажээ
Улс төр, эдийн засгийн гүнзгий хямралд ороод байгаа Латин
Америкийн Венесуэль улсад эсэргүүцлийн жагсаал, эмх замбараагүй байдал
үргэлжилсээр байна. Өчигдөр жагсагчид улс орын экс Ерөнхийлөгч Уго Чавесийн
төрөлх гэрийг шатаажээ. У.Чавесийн төрөлх гэр байшин Баринас мужид байдаг аж.
Цагдаа нар 19 настай оюутныг хөнөөсний дараа ард иргэд хилэгнэн гудамжинд
гарсны дараа ийм явдал болжээ. Өнгөрсөн гуравдугаар сард Венесуэлийн парламент
улс оронд хүмүүнлэгийн хямрал нүүрлэснийг зарлаж, гадаадын тусламжийн сувгийг
нээхийг уриалсан юм. Улс төрийн хямрал гүнзгийрсээр эдийн засгийн хямралд
хүргэж, инфляц хэдэн зуун хувиар нэмэгдэж, гол хэрэглээний бараа ховордож үнэ
нь тэнгэрт хаджээ. Сөрөг хүчнийхэн энэ хямралд Ерөнхийлөгч Мадурогийн харалган
бодлого буруутай хэмээн үзэж түүнийг огцрохыг шаардсаар байна.














