Monday, 15 May 2017




Италийн мафи цагаачдын төвийг хянаж байжээ

2014 оны арванхоёрдугаар сард “Mafia capitale” буюу Италийн нийслэл Ром хотын мафийн гол тархи, хэт барууны үзэлтэй экс террорист Массимо Карминатийг баривчлахад улс төрийн хуйвалдааны ачаар олон жилийн турш оршин тогтнож байсан төрийн байгууллаар халхлагдсан авлигын систем илэрч байсан билээ. “Mafia capitale”-гийн хэргийг шалгахад тэд Итали дахь цагаачлалыг гартаа авч хар тамхины наймаанаас илүүтэй ашиг олж байсан нь тогтоогдсон юм. Өнгөрсөн даваа гаригт Италийн цагдаа тусгай ажиллагаа явуулж өмнөд хэсгийн Калабриа мужаас “Ндрангета” мафийн 68 гишүүнийг саатуулан баривчилжээ. Тэднийг цагаачдыг хүлээж авдаг Европын хамгийн том төвийг ашиг олох зорилгоор хяналтдаа байлгаж байсан хэмээн үзэж байна. “Ндрангета”-д харъяалагддаг “Арена” бүлгийн гишүүд Калабриа мужийн газар нутаг дээр айлган сүрдүүлэлт, спортын хууль бус бооцооноос гадна цагаачдыг хүлээж авах төв болон Лампедуза дахь цагаачдын хуарангийн хоол хүнсний хангалт, угааж цэвэрлэх үйлчилгээ, ажилчид хөлслөх зэргийг хяналтдаа авсан байв. Тэд эдгээр гэрээнээс жилд 30 сая еврогийн ашиг олдог байжээ.”Арена” мафийнхан Калабриа мужийн Энэрлийн ахан дүүс байгууллагын тэргүүн Леонардо Сакко, мужийн сүмийн тэргүүн Эдуардо Скордио нараар дамжуулан цагаачдыг хүлээж авах төвийг удирдан хянаж байсан юм.
2006-2013 онд тус төв Европын холбооны сангаас 103 сая еврогийн тусламж авчээ. Үүний 36 сая нь шууд “Ндрангета”-гийн халаасанд орсон байна. Мафитай хуйвалдаж байсан ламтан гэхэд л 3.6 сая еврогийн “орлоготой” ажилласан аж. Тэрээр зөвхөн 2007 онд дүрвэгчдэд ном айлдсаныхаа төлөө 132 мянган евро авч байжээ.
Европын холбооны сан болон Италийн Засгийн газраас цагаачдын төвд зориулан олгож байсан хөрөнгө мөнгө мафийн хамсаатан Саккогийн ачаар сүмийн мэдэлд шилжиж байсан юм. Сакко нь Калабриа дахь католик шашны хамгийн том байгууллагыг үндэслэгч төдийгүй өмнөд нутгийн алдартай бизнесмэн, улс төрд нөлөөтэй нэгэн. Тэрээр одоогийн Дотоод хэргийн сайд Анжелино Алфаногийн ойрын хүн бөгөөд Кротонегийн нисэх онгоцны буудлын Удирдах зөвлөлийн гишүүн ажээ. Цагаач, дүрвэгчдэд зориулсан мөнгийг зувчуулсан мафийнхан тэр мөнгөө хөлөг онгоц, байшин, дарвуулт хөлөг худалдаж авахад зарцуулдаг байв. “Мөнгө, эрх мэдэл байгаа газарт “Ндрангета” ирж, хамгийн цөхөрсөн, ядарсан хүмүүсийн халаасыг ч ухаж байна” хэмээн прокурорын газрын мэдэгдэлд онцолжээ. Италийн өмнөд нутагт цагаачдыг “сааж” ашиг олж байсан мафийн 68 гишүүнийг баривчилсан бол, хойд нутагт бас нэг тусгай ажиллагаа явуулж Германы “Лидл” супермаркетийн сүлжээнд нэвтэрсэн мафийг илрүүлээд байна. Цагдаа нар Сицилийн “Коза Ностра”-гийн нэг салбарын 15 гишүүнийг саатуулжээ. Тус мафи Италийн хойд нутаг болон Сицили арал дээр Германы супермаркетийн сүлжээг ашиглаж дөрвөн супермаркет ажиллуулж байжээ.

Хар тамхины мафийн тухай бичиж байсан сэтгүүлч амиа алджээ

Мексикийн Кульякан хотод хар тамхины мафийн гэмт хэргийн сэдвээр дагнаж бичдэг нэрт сэтгүүлч Хавиер Валдес алуулжээ. Түүнийг гудамжинд явж байхад амь насанд нь халдсан байна. 10 гаруй сум зоолгосон сэтгүүлч газар дээрээ амьсгал хураажээ. Х.Валдес амь насаа алдсан Синалоа муж нь энэ оны эхээр АНУ-д хүргэгдсэн Эль-Чапо хочит Хоакин Гусманы толгойлдог хар тамхины мафийн өлгийн нутаг юм. Хэдийгээр хамгийн том мафийн толгойлогчийг баривчилж АНУ-д шилжүүлж өгсөн ч тус мужид хар тамхины наймаа цэцэглэсээр, янз бүрийн гэмт бүлэглэлүүдийн хоорондох өрсөлдөөн улам ширүүсчээ.

Эдуар Филиппийг Францын Ерөнхий сайдаар томилов

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Гавр хотын дарга, 46 настай Эдуар Филиппийг Ерөнхий сайдаар томилжээ. “Ерөнхийлөгч Эдуар Филиппийг Засгийн газрын тэргүүнээр томилж Засгийн газрын танхимаа бүрдүүлэхийг даалгалаа” хэмээн Елисейн ордны төлөөлөгч Алекси Колер сэтгүүлчдэд мэдэгдэв. Шинэ Ерөнхий сайд өнөөдрөөс ажлаа хүлээн авч байгаа аж.

Эдуар Филипп Парисын улс төрийн судалгааны хүрээлэнд сурч байхдаа Социалист намд элсч тэр үеийн Ерөнхий сайд  Мишель Рокарын сонгуулийн кампанит ажилд оролцож явжээ. Гэвч дараа нь тэрээр барууны үзэлтэй болсон аж. Сургуулиа төгссөний дараа Францын төрийн зөвлөлд орж төрийн худалдан авах ажиллагааг хариуцаж байв. 2008 онд Э.Филипп Сенийн Ерөнхий зөвлөлийн гишүүнээр сонгогдож, 2010 онд Гавр хотын дарга болжээ. 2017 оны эхэн хүртэл Филипп Бүгд найрамдах намын лидер  Ален Жюппегийн хэвлэлийн албыг хариуцаж байсан ч Жюппе Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж чадаагүй тул Макроныг сонгуульд дэмжиж ажилласан юм. 

No comments:

Post a Comment