Monday, 1 May 2017



Д.Трамп Ким Чен Уныг “Ухаантай залуу” хэмээн үнэлэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп CBS телевизийн нэвтрүүлэгт орохдоо Хойд Солонгосын удирдагчийн талаар ярьжээ. “Хүмүүс надаас асуудаг, тэр хэвийн хүн мөн үү гэж. Надад тэр талаар ойлголт алга. Гэхдээ тэр эцгийнхээ үхлийн дараа эрх мэдлийг гартаа авахдаа их залуухан 26, 27 настай байсан. Ким Чен Ун генералууд болон бусад улстөрч гээд маш хэцүү, эвгүй хүмүүстэй ажил хэрэг явуулах хэрэгтэй болсон. Тэр хар залуугаараа эрх мэдлийг атгаж, барьж чадсан. Олон хүн, тэр тусмаа түүний хүргэн ах нь түүнээс эрх мэдлийг нь булааж авах гэж оролдсон гэдэгт би итгэлтэй байна. Гэвч тэр тэсч чадсан. Тэгэхээр тэр хангалттай ухаантай залуу гэдэг нь харагдаж байна” хэмээн Америкийн лидер ярьжээ.
Ким Чен Уны хүргэн ах Чан Сон Тэк төрийн эргэлт хийхийг оролдсон хэрэгт буруутгагдан 2013 оны арванхоёрдугаар сард цаазаар авахуулсан билээ. Чан Сон Тэк нь Ким Чен Ирийн хамгийн ойрын шадар, Хойд Солонгос дахь хамгийн нөлөө бүхий хүний нэг байсан юм. Ким Чен Ун эрх мэдэлд гарснаасаа хойш хоёр жилийн дараа ийнхүү хамгийн тэрслүү, хамгийн аюултай өрсөлдөгчөө замаасаа зайлуулсан аж.
Хойд Солонгосын тал өнгөрсөн амралтын өдөр ээлжит баллистик пуужингийн туршилтаа хийжээ.  Гэвч энэ туршилт амжилтгүй болж пуужин Хойд Солонгосын газар нутаг дээр дэлбэрсэн хэмээн Өмнөд Солонгос мэдээлэв. Пхеньяны эдгээр үйлдэлд хариу арга хэмжээ авах уу гэсэн асуултад АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп “Би энэ сэдвээр яриад баймааргүй байна. Бид юу хийх гэж буйгаа яриад, дэлгээд байж болохгүй. Энэ бол яг шатрын өрөг л гэсэн үг. Юу бодож, юу сэдэж байгаагаа ил гаргаад байх хэрэггүй” хэмээн хариулжээ. Гэсэн хэдий ч тэрээр Хойд Солонгосын хямралыг цэрэг, дайны замаар шийдэх боломжийг үгүйсгэсэнгүй.
Хойд Солонгос, АНУ-ын харилцаа сүүлийн үед ихээхэн муудаад байна. Пхеньян баллистик пуужингийн туршилтаа үргэлжлүүлэн хийж хөрш Өмнөд Солонгос, Япон болон АНУ-ыг ихээхэн түгшээгээд байгаа билээ. Харин Вашингтон Солонгосын хойг руу “Карл Винсон” байлдааны тээгч хөлөг онгоцоо илгээжээ. АНУ ийнхүү сүр хүчээ үзүүлж буйн хариуг нь барина, хүчтэй цохилт өгнө хэмээн хойдууд мэдэгдэж байна. Хойд Солонгосын арми хариу цохилт өгч “Карл Винсон”-ыг живүүлэх ч боломжтой хэмээн мэдэгджээ. Хойд Солонгосын хямралыг шийдвэрлэхэд Пхеньяны гол түнш Хятадыг гол үүрэг гүйцэтгээсэй гэж АНУ хүсч байна. Хятадын лидер Ким Чен Унд шахалт үзүүлснээр цөмийн хэнээрхлийг нь зогсоож чадна хэмээн Дональд Трамп үзэж байна.

Тони Блэр улс төрд эргэж ирнэ

 Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэр Британи Европын холбооноос гарах болсонтой холбогдуулж улс төрд эргэн ирэхэд бэлэн гэдгээ зарлав. “Brexit (Их Британийн Европын холбооноос гарах шийдвэр) улс төрд эргэн ирэх шалтгаан боллоо” хэмээн тэрээр хэвлэлд ярьсан байна. Их Британид ийм түүхэн үе тохиож байхад тэрээр дуугүй суугаад байхыг хүсээгүй аж. “Улстөрчид өнөөдөр үнэхээр их урам зоригтой ажиллаж байна. Гэвч орчин үеийн дэлхий хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар тэд хангалттай ойлгоогүй гэж бодож байна” хэмээн Тони Блэр өгүүлэв. Т.Блэр өнгөрсөн хоёрдугаар сард Brexit-ийг эсэргүүцэж үг хэлснийхээ төлөө ихээхэн шүүмжлэлд өртсөн юм. Тэрээр 1997-2007 онд Их Британийн Ерөнхий сайдаар ажиллажээ.

351 энгийн иргэний аминд хүрчээ


Ирак, Сири дахь “Исламын улс” бүлгийн эсрэг байлдааны ажиллагаа явуулж байгаа АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвсэл довтолгооны үеэр амь үрэгдсэн энгийн иргэдийн тоог зарлажээ. 2014 оны наймдугаар сард лалын босогчдын эсрэг цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш олон улсын цэргийн эвслийн агаарын довтолгоо, их бууны галд 351 энгийн иргэн санамсаргүй амь насаа алджээ. 2014 оны наймдугаар сараас 2017 оны гуравдугаар сарын хооронд “Исламын улс” бүлгийн эсрэг 20 мянга 205 довтолгоо хийсэн байна. Гэвч АНУ-ын цэргийнхний гаргасан энэхүү то баримтыг зарим байгууллага хүлээн зөвшөөрөхгүй байна. Бие даасан судалгаа, ажиглалт хийдэг Airwars групп “Лалын босогчдын эсрэг хийсэн довтолгооны явцад амиа алдсан энгийн иргэдийн тоо гурван мянгыг давна” хэмээн мэдэгджээ. 

No comments:

Post a Comment