Tuesday, 2 May 2017



146 настай индонез эр таалал төгсөв

Түүнийг дэлхийн хамгийн хөгшин хүн гэдэг байсан ч хэзээ ч албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй юм. Мбат Гото нэрээр мөн алдаршсан индонез өвгөн Содимежо Төв Жава мужид 146 насандаа өөд болов. Тэрээр 1870 оны арванхоёрдугаар сарын 31-нд мэндэлжээ. Түүний төрсний гэрчилгээн дээр байх огноо түүнийг 146 настайг илтгэн харуулдаг. Индонезийн орон нутгийн хэвлэл мэдээлж буйгаар, Содимежогийн оршуулгыг ач хүү Сурянто болон бусад хамаатнууд нь цомхон хүрээнд зохион байгуулжээ. Түүнийг дөрөв дэх гэрлэлтээс нь мэндэлж 60 наслаад өөд болсон охиных нь хажууд нутаглуулсан байна.
Содимежогийн ач хүү “Liputan6” мэдээллийн сайтад ярихдаа “Өвөө нэг өдөр өөд болно гээд хэдэн жилийн өмнөөс бэлтгэж байлаа. Хайрцгийг нь хийх модыг 18, хөшөө хийх чулууг нь 25 жилийн өмнө худалдаж авсан” гэжээ. Харин индонез буурай “Намайг хайрладаг хүмүүс намайг асарч бөөцийлж байсны ачаар би ийм олон жил амьдарлаа” хэмээн өнгөрсөн жил ВВС агентлагт ярьж байв. Тэвчээртэй хүлээцтэй байж, бусдыг хүлээн зөвшөөрч байсан нь өндөр наслах гол түлхүүр болсон хэмээн өгүүлж байсан юм.
Индонезид дөнгөж 1900 оноос эхэлж төрөлтийг албан ёсоор бүртгэж, баталгаажуулж эхэлсэн нь Содимежогийн настай холбоотой маргаан үүсэхэд хүргэжээ. Үүнээс өмнө төрсөн хүмүүсийн төрсөн огноог үнэн, баталгаатай гэж үзэх боломжгүй байгаа аж. Тэрээр 146 насласан нь үнэн бол дэлхийн хамгийн урт насласан хүн болж байна. Францын иргэн Жанне Калмент 122 наслаад 1997 онд өөд болсон нь дэлхийн хамгийн өндөр насласан хүнд тооцогддог.
Мбат Гото амьдралынхаа туршид олон үйл явдал, өөрчлөлтийн гэрч болжээ. Төрсний гэрчилгээг нь харвал, тэрээр Суэцийн суваг нээгдсэний дараа жил, Индонезид албадан хөдөлмөр буюу боолчлолыг халсан жилд хорвоод мэндэлсэн аж.

Ханхүү Уильям Францын хэвлэлүүдийг шүүхэд өгчээ

Их Британийн хатан хааны гэр бүл Францын хоёр шар хэвлэлийг ханхүү Уильямын гэргий Кейт Мидлтоны цээж нүцгэн зургийг нийтэлснийх нь төлөө шүүхэд өгч 1.5 сая евро нэхэмжилжээ. Францын Closer сэтгүүл, La Provence сонин 2012 оны есдүгээр сард Кейт Мидлтоны усан санд цээж нүцгэн орж байгаа гэрэл зургийг нийтэлсэн юм. Уильям, Кейт нар хамаатан Линлийн Франц дахь шилтгээнд зочлон амарч байсан аж. Энэ зураг Британид ихээхэн шуугиан дэгдээж, Бритаийн сонин, хэвлэлүүд Кейтийн нүцгэн зургийг нийтлэхээс татгалзаж байсан юм. Хатан хааны гэр бүл ч ихээхэн эгдүүцэж, шүүхэд хандана гэж байсан билээ. Хувийн амьдралын хэм хэмжээг зөрчсөн хэргээр уг гэрэл зургийг нийтэлсэн зургаан хүн шүүхэд дуудагдлаа. Тэдний дотор Closer сэтгүүлийн редактор, La Provence сонины гэрэл зурагчин байгаа аж.

Гитарчин Брюс Хэмптон 70 насныхаа ойн концерт дээр нас баржээ

Алдарт гитарчин, Hampton Grease Band рок хамтлагийг үндэслэгч Брюс Хэмптон тавдугаар сарын 1-нд Атланта хотод болсон 70 насных нь ойд зориулсан концерт дээр зүрхний өвчнөөр өөд болов. “Turn on Your Lovelight” дууг тоглож байх үед Хэмптоны зүрх хаагджээ. Тэрээр 50 жилийн өмнө домогт Фрэнк Залпийн хамтаар хөгжмийн замналаа эхэлж байсан юм.
1960-аад онд Hampton Grease Band хамтлагаа байгуулжээ. Хэмптон 1990-ээд онд ямар нэг бэлтгэлгүйгээр рок концерт тоглосоор алдаршиж байсан билээ. Тэрээр уран зөгнөлт, хийсвэр дуугаараа алдаршсан юм. Брюс Хэмптон 20 гаруй цомог гаргажээ.

Тансаг зэрэглэлийн галт тэрэгний тасалбар 10 мянган долларын үнэтэй

Японы East Japan Railway компани тансаг зэрэглэлийн шинэ галт тэрэг үйлчилгээнд гаргалаа. 10 вагоноос бүрдэж буй галт тэрэгний хамгийн үнэтэй тасалбар нь 10 мянган долларын үнэтэй. Анхны аялал нь Токио-Хоккайдо маршрутаар дөрвөн өдөр үргэлжилнэ. Аялагчид юм харж, баясаж яваг гэж хоёр вагоныг шилэн дээвэр, ханатай хийжээ. Шинэ, тансаг галт тэрэгний тасалбар өндөр үнэтэй байгаа ч 2018 оны гуравдугаар сар хүртэл захиалга дуусчээ. Японд тансаг зэрэглэлийн аялал ихээхэн хөгжиж, төмөр замын компаниуд шинэ үйлчилгээ нэвтрүүлж, шинэ галт тэрэг үйлдвэрлэх болсон аж. 2015 онд Японы Kyushu Railway компани “Долоон од” элит галт тэрэгнийхээ маршрутыг өөрчлөх шийдвэр гаргажээ. Зорчигч, аялагчдад далайн эргийн мартагдашгүй наран жаргалтыг харуулж таашаал өгөхийн тулд маршрутыг ийнхүү өөрчилсөн байна.

Кабулын төвд хүчтэй дэлбэрэлт боллоо


Афганистаны нийслэл Кабул хотын төвд хүчтэй дэлбэрэлт болж найман хүн амь насаа алдлаа хэмээн тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлэв. Амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлсэн хэмээн цагдаагийн газраас мэдэгдлээ. 30 орчим хүн шархдаж бэртжээ. Амь үрэгдсэн хүмүүс нь бүгд энгийн иргэд байна. “Талибан” хөдөлгөөний гишүүн НАТО-гийн цэргийн эвслийн автомашины цувааг довтлох зорилготой байсан ч өөр газар бөмбөг дэлбэлсэн аж. Амиа золиослогч этгээд нь өндөр настай хүн байжээ. 

No comments:

Post a Comment