Гэмшиж ухаарсан авлигачдыг өршөөж байна
Хятадын Коммунист намын Сахилга батын төв хороо гадаад
руу зугтсаныхаа дараа эх орондоо сайн дураар буцан ирж буруугаа хүлээн
зөвшөөрсөн зарим авлигачдыг өршөөж буйгаа мэдэгдэв. Хорооны дүгнэлтэд багтсан
статистик мэдээнээс үзвэл, авлигын хэрэгт холбогдож гадаадад, тэр тусмаа
Америк, Канад, Австрали руу зугтан гарч эрэн сурвалжлагдаж буй 100 гаруй
авлигачдын 40 нь Хятадад буцаж иржээ. Тэдний ихэнх нь сайн дураараа буцаж ирсэн
бол, нэг хэсэг нь тухайн улсын хууль хяналтынханд баригдаж хүчээр хүргэгдэж
ирсэн байна. Хүргэгдэж ирсэн авлигачдыг шүүхээр оруулж заримд нь бүх насаар нь
хорих ял оноожээ. Сайн дураараа буцан ирж гэмшиж буйгаа илэрхийлсэн гурван
иргэнд ял шийтгэл оноолгүй сулласан аж. Тэдний нэг нь Жан Давэй. Тэрээр сайн
дураараа эх орондоо ирж, үйлдсэн гэмт хэрэгтээ харамсч буйгаа мэдэгдээд хууль
бусаар олж авсан бүх хөрөнгө, мөнгөө төрд буцааж өгчээ. Чжу Жэнью, Чан Липин
нар мөн ийнхүү өршөөгдөн суллагджээ.
Си Зиньпин 2013 оны гуравдугаар сард Хятад улсын даргаар
сонгогдсоны дараа авлигатай хайр найргүй тэмцэнэ гэдгээ зарласан билээ. Тэрээр
авлига, хээл хахуультай тэмцэж, “барс”, “ялаа”-ны алинд нь ч ялгалгүй цохилт
өгөх ёстой хэмээн уриалсан юм. Тэр цагаас хойш өндөр тушаалын хэдэн арван
улстөрч авлигын хэргээр шийтгүүлжээ. Тэдний нэг нь Хятадын Коммунист намын Төв
хорооны Улс төрийн товчооны гишүүн Жоу Юнкан. Тэрээр 2016 оны зургадугаар сард
авлигын хэргээр насаараа шоронд хоригдох ял сонсчээ. Өмнөх Засгийн газрын үед
ийм түвшний дарга, түшмэд халдашгүй дархан эрхтэй, мөрдлөг, шалгалтад өртдөггүй
байсан юм. Гадаад руу зугтан гарсан авлигачдын эсрэг өнгөрсөн жилээс эхлэн “Үнэгний
ав” хэмээх ажиллагааг эхлүүлжээ. Бээжингийн эрх баригчид хамгийн ихээр эрэн
сурвалжилж буй 100 авлигач түшмэлийн жагсаалтыг гаргаж нуугдаж, бүгж буй улсаас
нь шилжүүлэн авах оролдого хийж байна. Сайн дураараа эргэн ирж, буруугаа хүлээн
зөвшөөрч учруулсан хохирлоо буцаан төлвөл өршөөх бодлого баримталж байгаа аж.
Сирийн босогчид Табка хотыг “Исламын улс”-аас чөлөөлөв
Сирийн курд, араб дайчдын “Сирийн ардчилсан хүчин” эвсэл “Исламын
улс” бүлгээс стратегийн чухал Табка хотыг чөлөөлснөө зарлалаа. Курд, араб
дайчид хотыг болон жихадист босогчдын хяналтад байсаар байгаа Ракка хотоос
баруун тийш 40 км-т орших үерийн даланг чөлөөлжээ. Табка хотын төлөөх тулаан
хэдэн долоо хоногийн турш үргэлжилж, “Исламын улс” бүлгийнхэн амиа золиослогчид,
мэргэн буучдын тусламжтайгаар ихээхэн эсэргүүцэл үзүүлсэн байна. Лалын босогчид
хотын баруун хэсэг болон үерийн даланг тун их хүчээр хамгаалж байсан юм. Үерийн
далан гэмтвэл бүс нутаг усанд автах аюултайг НҮБ сануулж байлаа. Табка хотыг
эзлэн авсан курдууд хотыг самнаж, лалын дайчид үлдсэн эсэхийг нягталж байгаа
аж. “Сирийн Ардчилсан хүчин” эвслийн цэргүүд АНУ тэргүүтэй олон улсын агаарын
хүчний дэмжлэгтэйгээр Сирийн зургаан мянган кв км газар нутггийг “Исламын улс”
бүлгээс чөлөөлөөд байна.
Табка хотыг эзлэн авснаар 2014 оны нэгдүгээр сараас хойш “Исламын
улс” бүлгийн дайчдын мэдэлд байгаа Ракка
хот руу давших шинэ фронт нээгдэж байгаа юм. Ракка нь Сири, Иракийн газар нутаг
дээр нэр нөлөөгөө тогтоогоод байгаа “Исламын улс” террорист бүлгийн гол түшиц
хот, нийслэл нь ажээ. Тус хотыг дайран эзлэх ажиллагаа 2016 оны арваннэгдүгээр
сард эхэлсэн. Одоогоор Сирийн курд, араб цэргүүд Ракка хотын хойд хэсгийг эзлээд байна.
Хуриман дээр хана нурж 20 хүн амь насаа алджээ
Энэтхэгийн баруун хэсгийн Ражастан мужид хуримын ёслол
болж байх үеэр хана нурж 20 орчим хүн амь насаа алдлаа хэмээн орон нутгийн эрх
баригчид мэдэгдэв. Амь үрэгдсэн хүмүүсийн дунд хүүхдүүд байжээ. 26 хүн гэмтэж
бэртсэн байна.
Ражастан мужийн цагдаагийн газраас мэдэгдэж буйгаар,
хуримын үеэр элсэн шуурга босч зочид дөрвөн метр өндөр хана хэрэмний доор хоргодож
байжээ. Хана хүчтэй салхины улмаас нурж хүмүүсийг дарсан аж. Энэтхэгт борооны
улиралд байшин барилга нурах нь бараг энгийн үзэгдэл юм. Хотод ажил хайж ирсэн
хөдөөний хүмүүс муу материалаар хууль бусаар барьсан хямд орон сууцанд
амьдардаг. Эдгээр барилга бороо, салхинд нурах нь элбэг ажээ.
Жихадистуудад зориулан хар тамхи үйлдвэрлэж байжээ
Лалын жихадист дайчид түрэмгий авир, тэвчээрээ
нэмэгдүүлж, өвдөлтийг багасгахдаа байнга хэрэглэж заншсан сэтгэл зүйг өдөөгч
хар тамхи үйлдвэрлэж байсан нууц цехийг Голландын цагдаа Лимбург мужаас
илрүүлжээ. Сэтгэлийн хямрал, янз бүрийн өвчинд ашигладаг мансууруулах бодисын
төрөлд орох каптагон хэмээх шахмал эмийг их хэмжээгээр үйлдвэрлэж байсан хоёр
хүнийг саатуулан шалгаж байна. Каптагон нь амфетамин, кофеин гэсэн хоёр гол орц
агуулж байгааг Голландын шүүх-эмнэлгийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд тогтоожээ. НҮБ-ын
хар тамхитай тэмцэх хэлтсээс мэдэгдэж буйгаар, дэлхий дээр үйлдвэрлэж буй арван
каптагон тутмын нэгийг хуурамчаар үйлдвэрлэдэг аж. Тэндээс олж байгаа орлогыг “Боко
Харам”, “Хезболла”, “Исламын улс” зэрэг террорист байгууллагуудыг санхүүжүүлэхэд
зарцуулдаг байна. Сэтгэцийг өөрчилж, хөөрөлд хүргэдэг эм бэлдмэлийг лалын
дайчид, тэр тусмаа амиа золиослогчид ихээхэн хэрэглэдэг ажээ.
Валентино 85 хүрчээ
1952 оноос хойш Парис, Ромын хувцасны загварыг
тодорхойлж, итали даавуун дээр франц нэхмэлийг ашиглаж атаархмаар амжилт олж
байсан нэрт загвар зохион бүтээгч Валентино Гаравани 85 нас сүүдрийг зооглож
байна. Тэрээр Жоржио Армани, Версаче нарын хамтаар Италийн агуу оёдолчдийн
тоонд зүй ёсоор нэрлэгддэг. Улаан өнгийг өөрийн таних тэмдэг, амжилтын сахиусаа
болгосон Валентино Италид төрж өсөөд 17 насандаа загвар зохион бүтээгч
мэргэжлээр сурахаар Парист хөл тавьсан гэдэг. 1959 онд Ромд буцан ирж жижиг
цехээ нээж, ердөө дараа жил нь суу алдар нь түгэж Ром, Нью-Йорк хотод дэлгүүрээ нээжээ. Тэрээр “V” хэмээх тансаг, ганган, хээнцэр хувцасны брэндийг бий болгосон билээ.
45 жилийн турш романтик, цог жавхаатай, өө сэвгүй хувцас
зохиож ирсэн Валентино дэлхийн хамгийн сайхан, алдартай, дур булаам бүсгүйчүүдийг
хувцаслаж байсан юм. Жаклин Кеннеди Онассис, Жоан Коллинз, Грейс Келли, Глориа
Гиннес, Элизабет Тейлор, Одри Хепбурн, Софи Лорен нар хуримын даашинзыг
Валентино урлаж байв. Жулиа Робертс Оскарын шагнал авахдаа түүний урласан хар,
цагаан өнгийн даашинз өмсөж байлаа. “Миний хуримын даашинз хамгийн гоё зохисон
бүсгүй бол Жаклин Кеннеди байсан. Би хөөрхөн бүсгүй, хөөрхөн нохой, сайхан
тавилгыг шүтдэг. Эмэгтэйчүүд сайхан, хөөрхөн байхын тулд юу хүсдэгийг би мэднэ”
хэмээн нэрт загвар зохион бүтээгч өгүүлжээ.



No comments:
Post a Comment