Мун Жае Ин Хойд Солонгост айлчлахад бэлэн
Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Мун Жае Ин хоёр улсын
харилцааг хэвийн болгох зорилгоор Хойд Солонгост айлчлахад бэлэн хэмээн
мэдэгдэв. Тэрээр Сөүл хотод болсон тангараг өргөх ёслол дээр ийнхүү онцолжээ. “Хэрвээ
шаардлагатай бол би Вашингтон руу нисэхэд бэлэн байна. Нөхцөл байдал бүрдвэл би
Бээжин, Токио руу явах болно. Пхеньян руу ч явахад бэлэн байна” хэмээн Мун Жае Ин ярилаа. Ардчилсан намаас дэвшиж ялалт байгуулсан Мун Жае Ин Хойд Солонгостой
яриа хэлэлцээ хийхийг дэмждэг. Тэрээр Ерөнхийлөгч Ро Мун Хегийн үед Хойд
Солонгостой хэлэлцээ хийх, харилцаагаа хэвийн болгох зорилготой “Нарны бодлого”-ыг
хэрэгжүүлж байсан юм. 64 настай Мун Жае Ин “Тобура” Ардчилсан намаас нэр дэвшиж
сонгогчдын 41 хувийн саналаар ялалт байгуулжээ.
Цагаан ордон Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгчид баяр
хүргэсэн байна. Д.Трампын засаг захиргаа Хойд Солонгосын эсрэг хатуу бодлого
баримтална гэж мэдэгдэж байсан. Харин Мун Жае Ин эрх мэдэлд гарч ирснээр АНУ-ын
Хойд Солонгосын талаарх бодлогод хүндрэл гарч магадгүй болов. АНУ-ын
Ерөнхийлөгч Өмнөд Солонгосын шинэ лидерт баяр хүргэсэн гэж үзэж болохгүй, энэ
мэдэгдлийг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер хийсэн нь ёс төдий зүйл
хэмээн ажиглагчид үзэж байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хойд Солонгос олон
хатуу хориг арга хэмжээнд өртсөн бол, Пак Гын Хегийн Засгийн газар хойд
хөрштэйгээ тогтоогоод байсан бараг бүх харилцааг таслан зогсоосон юм. Шинэ
Ерөнхийлөгч Мун Жае Ин хойдуудтай яриа хэлэлцээ, харилцаа холбоогоо нэмэгдүүлэх
бодлого баримтлах нь тодорхой байна.
Д.Трамп С.Лавровтой уулзана
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр ОХУ-ын Гадаад
хэргийн сайд Сергей Лавровыг хүлээн авч уулзана хэмээн Цагаан ордны хэвлэлийн
албанаас уламжлав. Уулзалт Цагаан ордны Зууван танхимд сэтгүүлчдийн оролцоогүй
болно. Д.Трамп нэгдүгээр сарын 20-нд АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөж
ажилдаа орсноос хойш анх удаа Кремлийн өндөр албаны төлөөлөгчийг хүлээн авч
байна. В.Путин дөрөвдүгээр сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс
Тиллерсоныг Кремльд хүлээн авч байв.
Өнгөрсөн долоо хоногт Д.Трамп, В.Путин нар телефон утсаар
холбогдож ярилцсан юм. С.Лавров мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргатай
уулзаж Сири, Украины асуудлаар ярилцахаар болжээ. АНУ-ын нисэх хүчин Сирийн
Засгийн газрын цэргийн агаарын баазыг бөмбөгдсөнөөс хойш Вашингтон, Москвагийн
харилцаа эрс муудаад байгаа билээ. Дөрөвдүгээр сарын 7-нд АНУ Сирийн Идлиб дахь
агаарын цэргийн бааз руу 59 “Томагавк” пуужин харвасан юм.
ХМТ-ны тэргүүнийг огцруулав
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Холбооны мөрдөх товчооны
тэргүүн Жеймс Комийг огцрууллаа. Цагаан ордноос мэдэгдэж буйгаар, Ерөнхийлөгч Д.Трамп
ерөнхий прокурор Жефф Сешнс, түүний орлогч Род Розенстин нарын зөвлөгөөг
үндэслэн ийм шийдвэр гаргажээ. “Өнөөдөр Ерөнхийлөгч Трамп ХМТ-ны тэргүүн Жеймс
Комид албан тушаалаас нь огцруулж буйг мэдэгдлээ” хэмээн Цагаан ордны мэдэгдэлд
онцолжээ. “Холбооны мөрдөх товчоо нь манай улс үндэстний хамгийн чухал, хамгийн
хүндтэй байгууллага. Өнөөдөр манай хууль сахиулах системийн гол бахархал болсон
байгууллагад шинэ эхлэл ирж байна” хэмээн Трамп мэдэгдсэн юм. Д.Трампын
сонгуулийн штабын хүмүүс ОХУ-тай холбоотой байсан эсэхийг мөрдөн шалгасан
ХМТ-ны тусгай хороог Ж.Коми удирдаж байсан билээ. Д.Трамп түүнийг ХМТ-г удирдах
чадваргүй хэмээн үзсэн байна.
Крымд дэлхийн хамгийн том хуушуурыг хийжээ
Крымийн хойгт дэлхийд хамгийн томд тооцогдох 100 кг
жинтэй хуушуур хийлээ хэмээн РИА “Новости” агентлаг мэдээлэв. Хуушуурны урт 2.5,
өргөн нь 1.4 метр болжээ. 14 кг мах, бүтэн хагас шуудай гурил орсон байна. Хуушуурыг
Хедерлез үндэсний баярт зориулж Крым-Татарын уламжлалт аргаар хийхэд 18 хүн
оролцжээ. “Энэ бол нэр алдрын төлөөх уралдаан биш. Хүмүүсийг гайхашруулж,
сайхан хоолоор дайлах нь бидний ажил.
Энэ бол дэлхийн хамгийн том хуушуур. Бид дэлхийн рекорд тогтоолоо. Өмнөх аварга
хуушуур нь 2 метр урттай байсан” хэмээн ахлах тогооч Эмиль Алиев өгүүлэв. Дэлхийн
хамгийн том хуушуураас Хедерлез баярт оролцож буй бүхэн амсаж болно. Хагас
сайнд болох баярт Симферополь, Бахчисарайн хоорондох талбайд болоx ажээ.
“Ювентус” Аваргуудын лигийн финалд шалгарлаа
Италийн “Ювентус” нэр хүндтэй Аваргуудын лигийн финалд
шалгарлаа. “Ювентус” өчигдөр талбайдаа Францын лигийн “Монако”-г хүлээн авч 2:1
харьцаагаар буулгаж авчээ. Эхний тоглолтод италиуд 2:0-ээр ялалт байгуулсан юм.
Туринд болсон хариу тоглолтод “Ювентус”-ээс Марио Манжукич, Дани Алвес нар гоол
оруулжээ. Зочин багаас Мбаппе ганц гоол оруулсан байна. Италийн баг финалд
Испанийн “Реал Мадрид”-тай таарах магадлал өндөр байна. Эзэн хааны баг эхний
тоглолтдоо “Атлетико Мадрид”-ыг 3:0-ээр буулгаж авахад Роналдо хет-трик хийж
Аваргуудын лигт 103 дахь гоолоо оруулсан билээ. “Юве” Аваргуудын лигт хоёр удаа,
“Реал Мадрид” 11 удаа түрүүлээд байна.
Месси, Антонелла нар хуримын товоо зарлав
“Барселона” болон Аргентины шигшээ багийн од Лионель Месси,
Антонелла Рокуззо нар хуримаа хийж эхнэр, нөхөр болно гэдгээ өнгөрсөн
арванхоёрдугаар сард зарласан билээ. Тэд арав гаран жил хамт амьдарч Тиаго (дөрвөн настай), Матео (нэг настай)
гэсэн хоёр хүүтэй болсон юм. Испанийн EFE агентлаг мэдээлж
буйгаар, нэрт хөлбөмбөгчийн хуримын тов түүний оролцож буй тэмцээн, тоглолтоос
хамаарна гэж байсан ч тийм биш бололтой. Месси, Антонелла нар Мессигийн төрсөн
өдөр буюу зургадугаар сарын 24-нд хуримаа хийх талаар нухацтай ярилцсан ч
эцсийн эцэст зургадугаар сарын 30 гэсэн өдрийг сонгожээ. Харин дэлхийн шилдэг хөлбөмбөгч хуримаа хийх
газраар хүүхэд байхдаа ирээдүйн эхнэртэйгээ танилцаж байсан Аргентины Росарио
хотыг сонгож авсан байна.



No comments:
Post a Comment