Thursday, 4 May 2017



Брэд Питт архи, хар тамхийг хаяжээ

Холливудын супер од Брэд Питт Анжелина Жолигоос салснаас хойш архи, хар тамхийг бүрмөсөн хаясан гэдгээ хүлээн зөвшөөрөв. Тэрээр GQ сэтгүүлд “Жолийг үзэн ядахыг хүсэхгүй байна. Зургаан хүүхдийнхээ сэтгэл санааг үймүүлмээргүй байна” хэмээн ярьжээ. 53 настай Питт салалтдаа ихэд гутарч нэг хэсэг архинд орж, архины донгоос ангижрах албадан эмчилгээнд хүртэл явсан юм. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Брэд Питт хүүхдээ зодоогүй гэдэг нь батлагдаж, хүүхдүүдтэйгээ уулзах эрхтэй болсон билээ. Жоли, Питт хоёр салалтынхаа нарийн ширийнийг дэлгэхгүй байх тохиролцоонд хүрснээр Холливудын хамгийн алдарт хосын дуулиан нэг хэсэгтээ намжаад байна. Тэд 2014 онд гэрлэжээ. Үүнээс өмнө арван жил хамт амьдарсан юм. Жоли, Питт нар зургаан хүүхэдтэй, гурав нь өргөмөл юм.

Facebook зохисгүй бичлэгтэй тэмцэнэ

Facebook сүлжээ түрэмгий, зохисгүй агуулгатай бичлэг, шууд дамжуулалттай тэмцэхийн тулд гурван мянган хүнийг нэмж хөлслөхөөр боллоо хэмээн тус сүлжээг үндэслэгч Марк Цукерберг мэдэгдэв. Өөрөөр хэлбэл, сүүлийн үед Facebook-ээр хүний аминд хүрч буй бичлэг цацадах болсонтой холбоотой ийм арга хэмжээ авч байгаа аж. Мөн зохисгүй бичлэгт гомдол мэдүүлэх механизмийг сайжруулснаар иймэрхүү бичлэгт даруй хариу өгч, устгах боломжтой болж байгаа юм. “Өнгөрсөн долоо хоногт шууд дамжуулалтыг хөтөлж байгаа хэн нэгэн амиа хорлож магадгүй гэсэн мэдээлэл авсан. Бид хууль хяналтын байгууллагатай даруй холбогдож болзошгүй таагүй явдлаас сэргийлж чадсан” хэмээн Цукерберг ярьжээ. Сүүлийн үед Facebook сүлжээгээр аллага үйлдсэн, амиа хорлосон бичлэгээ цацсан хэд хэдэн тохиолдол гарсан юм.

ОХУ Сирид 1.8 тн хүмүүнлэгийн тусламж хүргэжээ

Дайсагнагч талуудыг эвлэрүүлэгч Оросын төвийн мэргэжилтнүүд нэг хоногийн дотор Сирийн Алеппо болон бусад бүс нутагт зургаан удаагийн хүмүүнлэгийн тусламжийн ажиллагаа явуулжээ. Нийтдээ 1.8 тн хүмүүнлэгийн тусламжийг сири иргэдэд хүргэлээ хэмээн “Новости” агентлаг уламжлав. Аль-Шахба Аль-Кадим, Квартал 3000, Тамбуга, Аль-Сальхин, Тирабль-эль-Халек, Ханану,  Алеппогийн оршин суугчдад хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэл хүргэсэн байна. “Нэг хоногийн дотор мянга 240 иргэн хүмүүнлэгийн тусламжид хамрагдлаа” хэмээн тус төвийн мэдэгдэлд онцолжээ. Мөн ОХУ-ын онгоцууд НҮБ-ын шугамаар Сирийн эрх баригчдаас авсан 21 тн хүнсний бүтээгдэхүүнийг Дейр-эз-Зор хотод хүргэсэн байна.

Аварга гүрвэл жуулчин руу дайрчээ

Индонезийн зүүн хэсэгт хонин гүрвэлийн овгийн хамгийн том нь болох Комодогийн луу нэгэн жуулчин руу дайрчээ. Комодогийн дархан цаазат газрын ажилтны хэлж буйгаар, сүүлийн таван жилд анх удаа ийм тохиолдол гарч байгаа аж. Комодогийн луу нь Индонезийн арал дээр цөөн тоогоор байдаг. Дэлхийд хамгийн томд тооцогддог энэ гүрвэл гурван метр хүртэл урттай, 100 кг жин татах нь бий. Тэд хүнийг хазвал хортой, аминд нь хүрч болдог. Сингапурын 50 настай жуулчин аварга гүрвэлийн довтолгоонд өртжээ. Тэрээр сануулгыг үл хайхран зураг авах гэж байгаад хөлөндөө хазуулсан ч золоор амь наснаас нь хол өнгөрчээ.

Apple АНУ-д ажлын байр бий болгоход тэрбум доллар зарцуулна


Apple компани АНУ дахь ажлын байрыг нэмэгдүүлэхэд зориулж нэг тэрбум долларын хөрөнгөтэй сан байгуулна хэмээн тус компанийн тэргүүн Тим Кук мэдэгдлээ. Тэрээр энэ сангийн талаар илүү дэлгэрэнгүй зүйл яриагүй ч Apple эхний хөрөнгө оруулалтаа тавдугаар сард хийнэ хэмээн зарлав. “Ажлын байр бий болгох нь компанийн үүрэг мөн үү хэмээн олон хүн надаас асуудаг. Компани нь хүмүүсийн цуглуулга тул тэр компанид үнэ цэнэт зүйлс байх ёстой хэмээн би хариулдаг” хэмээн Кук ярьжээ. Apple компани бүтээгдэхүүнийхээ ихэнх хэсгийг АНУ-аас гадна байдаг үйлдвэрээс цуглуулдаг нь ихээхэн шүүмжлэлд өртдөг. Энэ шүүмжлэлийн улмаас тус компани сан байгуулах шийдвэр гаргасан хэмээн зарим тоймч үзэж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн нэгдүгээр сарын дундуур Alibaba-гийн эзэн Жек Матай уулзаж Хятадын компанийн үйл ажиллагааг АНУ-ын газар нутаг дээр өргөтгөж АНУ-д нэг сая ажлын байр бий болгох талаар ярилцсан юм. 

No comments:

Post a Comment