Wednesday, 30 July 2014




Оззи Осборн хит дууныхаа цомгийг гаргана

Британийн нэрт дуучин Оззи Осборн их урлагт зүтгэсэн 35 жилийнхээ ойд зориулж хит дууныхаа цуглуулгаар цомог гаргахаар болжээ. “Memoirs Of A Madman” хэмээх нэртэй цомог энэ оны аравдугаар сарын 7-нд худалдаанд гарах бөгөөд 17 шилдэг дуу нь багтаж байна. Тэрээр үүн дээр нэмж шилдэг клип, ярилцлага, концертоо багтаасан DVD гаргаж сюрприз барихаар бэлтгэжээ. Түүний шилдэг дууны цомогт “Crazy Train”, “Mr. Crowley”, “Flying High Again”, “Over The Mountain”, “Bark At The Moon”, “The Ultimate Sin”, “Miracle Man” зэрэг дуу багтжээ.

Роберт Дауни хамгийн өндөр орлоготой

“Өшөө авагч”, “Төмөр хүн” киноны дүрээр алдаршсан Роберт Дауни Forbes сэтгүүлээс гаргасан хамгийн өндөр орлогтой жүжигчдийн жагсаалтыг тэргүүлжээ. Тэрээр сүүлийн 12 сард 75 сая доллар олжээ. “Төмөр хүн-3” кино 2013 онд 1.2 тэрбум долларын орлого цуглуулж хамгийн их орлоготой киногоор шалгарсан юм.
Дуэйн Жонсон энэ онд 52 сая доллараар халаасаа түнтийлгэв. Түүний тоглосон “Хилэнцэт хорхойн хаан”, “Геракл” кино удахгүй дэлгэцэнд гарах гэж байна. “Геракл”-д топ-модель Ирина Шейк тоглосон юм. Брэдли Купер 46 сая, Оскар авч хараахан амжаагүй байгаа Леонардо Ди Каприо 39 сая долларын орлоготой удаалав. Эмэгтэй жүжигчдээс Женнифер Лоуренс орлогоороо тэргүүлж байна.

Азид хумхаа тархаж байна


Хумхаа өвчний эсрэг эм бэлдмэлд тэсвэртэй шимэгч Зүүн өмнөд Азийн орнуудаар тархаж байгааг эрдэмтэд анхааруулж байна. Камбож, Бирм (Мьянма), Тайланд, Вьетнамын хэд хэдэн мужийн мянга гаруй өвчтөнд шинжилгээ хийхэд хумхаа өвчин дэлгэрүүлж буй тэрхүү шимэгч нь хумхаагийн эсрэг хамгийн шилдэг бэлдмэл болох артемизинд ихээхэн тэсвэртэй болох нь батлагджээ. Хумхаа өвчнөөр дэлхий даяар жил бүр хэдэн зуун мянган хүн хорвоог орхидог. Хумхаа  Африк тивд хамгийн их хөнөөл учруулдаг ажээ. 

Tuesday, 29 July 2014

Москвагийн эсрэг дахин хориг арга хэмжээ авлаа

АНУ Европын холбоотой нэгдэж ОХУ-ын эрчим хүч, батлан хамгаалах болон санхүүгийн салбарт шинэ хориг арга хэмжээ авч буйг Ерөнхийлөгч Барак Обама зарлалаа. Эдийн засгийн хориг арга хэмжээ нь Оросын банкууд хөрөнгийн зах зээл гарахад хүндрэл учруулж, Украины зүүн нутгийн босогчдод дэмжлэг үзүүлсээр байгаа Оросын зах зээлд цохилт өгөх аж. АНУ Оросын эрчим хүчний салбарт зарим бараа, технологи нийлүүлэхээ зогсоож, ОХУ дахь эдийн засгийн хөгжлийн төсөлд хийх хөрөнгө оруулалтаа татаж байна.
Шинэ хориг арга хэмжээг нэг жилийн хугацаатай авч байгаа бөгөөд гурван сарын дараа үр дүнг нь хэлэлцэх юм. Хориг Оросын чухал салбаруудыг хамарснаас гадна Кремлийн Засгийн газрын өндөр тушаалын хэд хэдэн түшмэлийн Европын холбооны улсууд дахь данс, активийг царцааж байгаа ажээ.

Monday, 28 July 2014

Урт удаан дайнд бэлэн байхыг уриалав

Израилийийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху улс орныхоо иргэдэд хандаж Газын зурвас дахь урт удаан дайнд бэлэн байхыг уриаллаа. “Амаргүй өдрүүд биднийг хүлээж байна. Биднийг устгахыг хүсч байгаа террорист байгууллагыг ул үндсээр нь устгахын тулд тэвчээр, шийдэмгий байдал хэрэгтэй боллоо. Биднийг харгис дайсан сөрөн зогсож байна” хэмээн Б.Нетаньяху мэдэгдэв.
Ойрын өдрүүдэд “Хамас”-ын “Үл үзэгдэгч хүчин”-д цохилт өгнө хэмээн Батлан хамгаалахын сайд Моше Яалон онцоллоо. Газын зурвасаас Израилийн газар нутаг руу пуужингаар харвадгийг зогсоож, “Хамас”-ын гол хүчийг устгах зорилготой “Нуршгүй хадан хясаа” цэргийн ажиллагаа долдугаар сарын 7-нд эхэлсэн юм.

Sunday, 27 July 2014

“Севол”-оос амьд гарсан хүүхдүүд мэдүүлэг өгнө

Өмнөд Солонгосын “Севол” хөлөг онгоцны ослоос амьд гарсан хүүхдүүд шүүхийн танхимд гэрчийн мэдүүлэг өгөхөөр болжээ. Хөлгийн ахмад болон экипажийн гурван ахлах гишүүнийг анхаарал болгоомжгүй хандсан, санамсаргүйгээр хүний аминд хүрсэн хэрэгт буруутгаж байна. Экипажийн бусад 11 гишүүнийг ажил албандаа хайхрамжгүй хандсан хэмээн үзэж байгаа юм.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Чэжү арал орохоор явж байсан “Севол” хөлөг онгоц живж 300 орчим хүн амь насаа алдсаны ихэнх нь сургуулийн сурагчид байжээ. Хөлөг онгоц живж эхлэхэд экипажийн гишүүд хөлгийг орхин явж, хүүхдүүд тэнд үлдсэн байсан нь өмнөд солонгосуудын жигшил зэвүүцлийг хүргэсэн юм.
“Севол”-оос амьд гарсан хүүхдүүд мэдүүлэг өгнө

Өмнөд Солонгосын “Севол” хөлөг онгоцны ослоос амьд гарсан хүүхдүүд шүүхийн танхимд гэрчийн мэдүүлэг өгөхөөр болжээ. Хөлгийн ахмад болон экипажийн гурван ахлах гишүүнийг анхаарал болгоомжгүй хандсан, санамсаргүйгээр хүний аминд хүрсэн хэрэгт буруутгаж байна. Экипажийн бусад 11 гишүүнийг ажил албандаа хайхрамжгүй хандсан хэмээн үзэж байгаа юм.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Чэжү арал орохоор явж байсан “Севол” хөлөг онгоц живж 300 орчим хүн амь насаа алдсаны ихэнх нь сургуулийн сурагчид байжээ. Хөлөг онгоц живж эхлэхэд экипажийн гишүүд хөлгийг орхин явж, хүүхдүүд тэнд үлдсэн байсан нь өмнөд солонгосуудын жигшил зэвүүцлийг хүргэсэн юм.
Сүйрсэн онгоцны “Хар хайрцаг”-ийг Францад шилжүүлж өгнө

Мали улсын зүүн хойд нутагт сүйрсэн Air Algerie авиакомпанийн “McDonnell 83” нисэх онгоцны “Хар хайрцаг”-ийг шинжилгээ хийлгэхээр Францын эрх баригчдад шилжүүлж өгнө хэмээн Малийн Харилцаа холбооны сайд Мамаду Камара мэдэгдлээ. Онгоцны бүхээгний бичлэгийг Госси мужаас олж Малийн нийслэл Бамако хотод авчраад байгаа аж. Нисэх багийн зургаан гишүүн, 110 зорчигчтой Алжирийн нисэх онгоц Мали улсын зүүн хойд нутагт явж байгаад аянганд цохиулан сүйрсэн билээ. Зорчигчдын дунд Францын 50 иргэн байжээ.

Wednesday, 23 July 2014

“Хамас” Израильтай эвлэрэл зарлахаас татгалзав

Палестины “Хамас” бүлгийн лидер Халед Мешаль, Газын зурвасын бүслэлтийг буулгахаас нааш Израильтай эвлэрэл зарлахгүй хэмээн мэдэгдлээ. “Бид эхлээд галаа зогсоож, дараа нь бидний эрхийн төлөө хэлэлцээ хийнэ гэж бүгд хэлж байх шиг байна. Гэвч бид ийм нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй ээ. Гал зогсоох, эвлэрэл зарлах саналыг бид дахин няцааж байна” хэмээн Мешаль ярилаа.
Израилийн арми “Хамас”-ын хүчийг сулруулж, пуужингийн довтолгоог зогсоохын тулд Газын зурваст хоёр долоо хоногийн турш цэрэг, дайны ажиллагаа явуулж байгаа юм. Сүүлийн 15 хоногт 649 палестин иргэн, 31 израиль амь насаа алдаад байна. НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Нави Пиллей Израилийн Газын зурвас дахь довтолгоог шүүмжлэн буруутгажээ.

Tuesday, 22 July 2014

ОХУ оролцсон гэх шууд нотолгоо байхгүй


АНУ-ын тусгай алба Malaysia Airlines авиакомпанийн Boeing 777 нисэх онгоц Украины Донецк мужид сүйрсэн хэрэг явдалд ОХУ оролцсон гэх шууд нотолгоог олж авч чадсангүй. Нисэх онгоцыг сөнөөсөн пуужинг хэн харвасныг Вашингтон мэдэж чадахгүй байгаа аж. Украины салан тусгаарлагчид байгаа андуурч пуужинг харвасан байх магадлалтай хэмээн АНУ-ын тагнуулын албаны өндөр албаны төлөөлөгч мэдэгдсэн байна. Харин Малайзын нисэх онгоцыг “Бук” зенитийн-пуужингийн бүрэлдэхүүний “газар-агаар” ангиллын пуужингаар харваж унагасан нь тодорхой болоод байгаа юм. Америкийн тусгай албадын үзэж буйгаар, оросууд Украины зүүн нутгийн салан тусгаарлагчдад танк, пуужин нийлүүлсэн хэвээр байгаа ажээ. Малайзын нисэх онгоцыг Украины арми буудаж унагасан хэмээн салан тусгаарлагчид мэдэгдсээр байна. 

Monday, 21 July 2014



Нар аа, нар аа, наашаа ирээрэй!

“Оросын маамуу яваарай, бороо бороо зогсоорой” гэж дуултал бороо оров. Бороо ч зогслоо. Хэд хоног сайхан нар гарах нь, бүр 30 нтр хүрч халах бололтой, цаг агаарын мэдээг харвал. Гурав хоног дараалаад сайхан “шараад өгвөл” ч хүмүүс энэхүү дууг ориг хувилбараар нь дуулна биз. “Хэрхэхийг тэнгэр мэднэ” гэдэг шиг хүн бүрийн ааш аяг, хүсэл ямбанд тааруулна гэж юу байхав дээ, тэнгэрийн л таалал мэднэ дээ.
Харин бороо хангалттай их орсон тул одоо сайхан нар гаргаад өгөөсэй л гэж тэнгэрээсээ гуйя. Тариа, ногоо маань боловсорч, Монгол даяараа арвин ургац авахад одоо бороо хураас илүү сайхан нар, шаргал өдрүүд л хэрэгтэй. Тэгж гэмээнэ бид арвин ургац авч, хотлоороо элбэг дэлбэг, жаргалтай сайхан болно. Амралт зугаалгаар яваа хүмүүс ч гол, нуурын усанд шумбаж, наранд биеэ ээн цэнгэхэд нар л хэрэгтэй. Тэгээд цаашилбал нар, нарны эрчим хүч гэж ямар их хэрэгтэй, өгөөжтэй зүйл байдаг билээ дээ. Нар их шараад байвал “Оросын маамуу ирээрэй....” гэж дуулах хэрэггүй. Наранд, нартай яаж цэнгэж, таашаал авдаг вэ, тэр бүгдийг хий, нэг хэсэгтээ бороо хурыг март. Нар аа, нар аа, наашаа ирээрэй!!

Н.Мөнхжин


Хар хайрцаг”-ийг Малайзын талд хүлээлгэж өглөө

Н.Мөнхжин

Донецкийн бүгд найрамдах улс хэмээн өөрсдийгээ тунхагласан Украины зүүн нутгийн босогчид сүйрсэн “Боинг” нисэх онгоцны хоёр “Хар хайрцаг”-ийг Малайзын шинжээчдэд хүлээлгэж өглөө. Донбассын бүгд найрамдах улсын Ерөнхий сайд Александр Бородай, дэд Ерөнхий сайд Андрей Пургин нар нисэх онгоцны бүхээг дахь яриаг бичиж хадгалдаг төхөөрөмжийг (Flight  Recorder) албан ёсоор хүлээлгэж өгсөн байна. “Хар хайрцагууд” эвдэрч хэмхрээгүй, сайн байдалтай байна, удахгүй задалж уншина хэмээн Малайзын шинжээчдийн ахлагч мэдэгдэв.
Голландын Амстердам хотоос Куала-Лумпур руу нисч явсан Malaysia Airlines авиакомпанийн нисэх онгоц Украины газар нутаг дээгүүр нисч яваад босогчдын харвасан пуужинд өртөн сүйрсэн юм. Нисэх онгоцонд явж байсан 298 хүн бүгд амиа алджээ. Украины эрх баригчид болон босогчид энэ сүйрэлд бие биенээ буруутгасаар байна. 

Sunday, 20 July 2014

В.Путин Украин дахь хямралыг зохицуулахын төлөө байна

Н.Мөнхжин

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украин дахь мөргөлдөөнийг энхийн хэлэлцээ рүү шилжүүлэхийн төлөө бүх хүчин чармайлтаа дайчилна хэмээн мэдэгдлээ. “Украины зүүн нутагт зургадугаар сарын 28-нд дайн байлдааны үйл ажиллагаа сэргээгүй байсан бол энэхүү онгоцны сүйрлээс сэргийлж болох байсан. Сөргөлдөгч талуудыг галаа зогсоож, хэлэлцээний ширээний ард суухыг бид нэг бус удаа уриалсан” хэмээн Кремлийн тэргүүн мэдэгдэлдээ онцолсон байна. Харин өрнөдийн орнууд Малайзын нисэх онгоцны сүйрэлд ОХУ-ыг голлон буруутгаж байгаа юм.
Украины Донецк мужид сүйрсэн Малайзын нисэх онгоцны ослын ард салан тусгаарлагчид байгаа нь батлагдвал Украин дахь нөхцөл байдлыг тогтворгүй болгосон бурууг ОХУ хүлээх ёстой хэмээн Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон мэдэгдлээ. “Хэрвээ ийм зүйл болсон бол Орос хариуцлагыг нь хүлээх ёстой. ОХУ бүрэн эрхт улсыг тогтворгүй болгож, газар нутгийн бүрэн бүтэн байдалд нь халдаж, зэвсэгт дээрэмчдийг нь дэмжиж, бэлтгэж, зэр зэвсгээр хангасан” хэмээн Кэмерон “The Sunday Times”-т ярилцлага өгөхдөө онцоллоо.

Saturday, 19 July 2014




Газын зурваст амиа алдсан хүний тоо эрс нэмэгдсээр байна

Газын зурвас дахь израиль, палестинуудын хоорондох мөргөлдөөн ширүүсч амиа алдсан хүний тоо эрс нэмэгдсээр байна. Израилийн арми хоёр дахь хоног дээрээ газраар довтолж байгаа бол, “Хамас” бүлгийн дайчид Израилийн газар нутаг руу пуужингаар харвахаа идэвхжүүлжээ. Израилийн өмнөд хэсгийн хуаран дээр пуужин унаж нэг израиль иргэн, нэг палестин гэр бүл амиа алдсан байна. Харин Газын зурваст амиа алдсан хүний тоо 300-д хүрээд байгаа аж.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун зуучлагийн үүрэг гүйцэтгэхээр самуунтай бүс нутгийг зорилоо. Тэрээр израиль, палестинуудын хоорондох дайныг зогсоож, мөргөлдөөнийг энхийн замаар шийдэх оролдлого хийх юм. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мөн Газын зурваст энгийн иргэд амь үрэгдэж буйд санаа зовниж буйгаа илэрхийлжээ.

Тамхичин эрийн бэлэвсэн эхнэрт 23 тэрбум доллар олгох шийдвэр гаргажээ

АНУ-ын Флорида мужийн шүүх тамхи үйлдвэрлэгч R.J. Reynolds компанийг элэгний хорт хавдраар нас барсан архаг тамхичин эрийн бэлэвсэн эхнэрт 23 тэрбум долларын нөхөн төлбөр олгох шийдвэр гаргалаа. Автобусны жолооч Майкл Жонсон 1996 онд 36 насандаа хорвоог орхисон юм. Тэрээр 20 жилийн турш өдөр бүр 1-3 хайрцаг тамхи татдаг байжээ. “Тэр тамхиа хаяж чадаагүй. Нас бардаг өдрөө ч тамхиа татсаар байсан” хэмээн бэлэвсэн эхнэр Синтиа Робинсоны өмгөөлөгч ярилаа.
Синтиа Робинсон тамхи үйлдвэрлэгч R.J. Reynolds компанийг 2008 онд шүүхэд өгч ялалт байгуулан, шүүхийн шийдвэрээр 7.3 сая доллар авахаар болсон юм. Мөн М.Жонсоны хүүд 9.6 сая долларын нөхөн төлбөр олгох шийдвэр гарч байв. Гэвч шүүхийн шийдвэр үүгээр хязгаарлагдсангүй. Өнгөрсөн баасан гаригт Флоридагийн шүүхийн шүүгч нар долоон цаг зөвлөлдсөний эцэст АНУ-ын тамхи үйлдвэрлэгч хоёр дахь том компанийг ийм их мөнгөөр торгох шийдвэр гаргасан байна.

Колумбийн мафийн толгойлогч Испанид баривчлагдав

Колумбийн хар тамхины томоохон мафийн толгойлогч Эрнан Алонсо Вильяг Испанийн цагдаагийнхан баривчилжээ. Тэрээр хар тамхи болон бусад гэмт хэргийн томоохон мафийг толгойлж, Колумбид 400 орчим аллалыг зохион байгуулж өндөр хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан юм. Түүний удирддаг гэмт хэргийн бүлэглэл 200 орчим гишүүнтэй, Европ, Америк руу кокаин нийлүүлэлдэг байжээ. Испани, Колумбийн цагдаа олон сарын турш хамтран ажилласны эцэст Эрнан Алонсог Испанийн өмнөд нутагт явж байхад нь баривчилсан байна. 



Украины салан тусгаарлагчид ингэж даварсанд хэн буруутай вэ

Н.Мөнхжин

Малайзын иргэнийн агаарын тээврийн онгоц Украины Донбасс муж дээгүүр нисч яваад босогчдын харвасан пуужинд оногдон сүйрч 300 орчим хүн амь насаа алдсаны дараа өрнөдийн орнууд ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар бэлтгэж байгаа бололтой. Учир нь нисэх онгоцыг харвасан пуужин нь Орост үйлдвэрлэсэн, Оросын талаас босогчдод нийлүүлсэн хэмээн үзэх хүмүүс байгаа юм. Зарим хувилбараар, Малайзын нисэх онгоцыг Оросын газар нутаг дээрээс пуужингаар харваж унагасан гэж байгаа ч Кремль үүнийг эрс няцааж байгаа билээ. Учир нь уг онгоц сүйрэхдээ Оросын хилээс 50 км-ийн зайтай нисч явсан юм. Ямар ч байсан АНУ, Их Британи тэргүүтэй улс орнууд ОХУ-ыг Украин дахь салан тусгаарлагчдыг өөгшүүлж, зэр зэвсэг болон бусад хэлбэрээр тусалж дэмжсэн гэж үзсээр байна.
Мөн бас нэг таамаг явж байгааг няцаах аргагүй ажээ. Юу вэ гэвэл, Крым Оросын мэдэлд шилжсэний дараа “Үнсэнд хаягдсан шалз” мэт тоогдохоо больсон Украины зүүн нутгийн орос хэлтэй босогчид Москвад уурлаж, сануулга өгөх гэж дээгүүрээ нисч явсан онгоцыг буудаж унагасан бололтой. Украины дотоод хямрал, мөргөлдөөнийг овжин ашигласан Оросын лидер В.Путин Крымийг ядах юмгүй нэгтгэж, замбараагүй, хүч чадалгүй болсон Киевийн эрх баригчид юу ч хийж чадалгүй хоцорсон билээ. Үүнд оодорсон Украины зүүн нутгийн орос хэлтэй иргэд бослого, хөдөлгөөн дэгдээж, Донбассын бүгд найрамдах улс зэргийг тунхаглаж Оросын бүрэлдэхүүнд багтахыг хүсч буйгаа илэрхийлсэн юм. Улмаар зүүн нутагт салан тусгаарлах үзэл, хэт даврах байдал газар авч Киевийн Засгийн газар ч олигтой арга хэмжээ авч хүчрэхээ больжээ. Салан тусгаарлагчид ч ихээхэн хөөрч, Москвагаас дэмжлэг авна хэмээн бодож байсан ч нэгэнт Крымийг салгаж авсан Владимир Путин “Украины зүүн нутгийн босогчид бослого, хөдөлгөөнөө зогсоож, Киевийн төр засагтай учраа олж амьдар” хэмээн мэдэгдсэн нь салан тусгаарлагчдыг ганцаардуулж, бухимдуулж орхисон юм. “Украин дахь орос хэл, соёлтой иргэдийг өмгөөлж, хамгаална гэж байсан Кремлийн лидер В.Путин Крымийг авчихаад биднийг геополитикийн өгөөш болгон хаялаа” хэмээн уурсаж явсан Украины зүүн нутгийн салан тусгаарлагчид дээгүүрээ нисч явсан онгоцыг буудаж унагасан байж магадгүй байна.
Ямар ч байсан тэд Малайзын онгоцыг пуужингаар харваж унагасан. Харин тэр пуужинг хэн, хаанаас нийлүүлсэн бэ? Салан тусгаарлагчид дээгүүрээ нисч явсан онгоцыг зүгээр л буудан унагах хүртэл оодорч даварсанд Украин ямар ч буруугүй юу? Европын холбоо болон өрнөдийн орнууд нөхцөл байдал ийм дээрээ тулан хурцдахаас сэргийлж болоогүй гэж үү? Оросууд Украины салан тусгаарлагчдад энэ пуужинг үнэхээр нийлүүлсэн үү? Дэлхийн том гүрнүүд энэ ослын шалтгааныг бодитойгоор олж илрүүлэх гэж хичээхийн оронд улс төрийн тоглолт хийгээд эхэлсэн нь ямар учиртай вэ? зэрэг олон асуулт гарч ирж байна.
Украины Донецк мужид сүйрсэн Малайзын нисэх онгоцны ослын ард салан тусгаарлагчид байгаа нь батлагдвал Украин дахь нөхцөл байдлыг тогтворгүй болгосон бурууг ОХУ хүлээх ёстой хэмээн Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон мэдэгдлээ. “Хэрвээ ийм зүйл болсон бол Орос хариуцлагыг нь хүлээх ёстой. ОХУ бүрэн эрхт улсыг тогтворгүй болгож, газар нутгийн бүрэн бүтэн байдалд нь халдаж, зэвсэгт дээрэмчдийг нь дэмжиж, бэлтгэж, зэр зэвсгээр хангасан” хэмээн Кэмерон “The Sunday Times”-т ярилцлага өгөхдөө онцоллоо.
Түүний үзэж буйгаар, өрнөдийн орнууд болон Европын холбоо эрх мэдэл, нөлөө, нөөц чадлаа ашиглаж Орост хандах хандлагаа өөрчлөх цаг болсон ажээ. Европын холбооны олон орон Москвагийн үйлдэлд хариу өгөхдөө ихэд хойрго, удаан, дурамжхан байгааг Кэмерон шүүмжлэв. “Бид тэдэнд гэхээсээ Орос бидэнд илүү хэрэгтэй гэдэг ойлголтыг халах цаг боллоо” хэмээн Британийн лидер хэлсэн байна.