Украины салан тусгаарлагчид
ингэж даварсанд хэн буруутай вэ
Н.Мөнхжин
Малайзын иргэнийн агаарын
тээврийн онгоц Украины Донбасс муж дээгүүр нисч яваад босогчдын харвасан
пуужинд оногдон сүйрч 300 орчим хүн амь насаа алдсаны дараа өрнөдийн орнууд
ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар бэлтгэж байгаа бололтой. Учир нь
нисэх онгоцыг харвасан пуужин нь Орост үйлдвэрлэсэн, Оросын талаас босогчдод
нийлүүлсэн хэмээн үзэх хүмүүс байгаа юм. Зарим хувилбараар, Малайзын нисэх
онгоцыг Оросын газар нутаг дээрээс пуужингаар харваж унагасан гэж байгаа ч
Кремль үүнийг эрс няцааж байгаа билээ. Учир нь уг онгоц сүйрэхдээ Оросын хилээс
50 км-ийн зайтай нисч явсан юм. Ямар ч байсан АНУ, Их Британи тэргүүтэй улс
орнууд ОХУ-ыг Украин дахь салан тусгаарлагчдыг өөгшүүлж, зэр зэвсэг болон бусад
хэлбэрээр тусалж дэмжсэн гэж үзсээр байна.
Мөн бас нэг таамаг явж байгааг
няцаах аргагүй ажээ. Юу вэ гэвэл, Крым Оросын мэдэлд шилжсэний дараа “Үнсэнд
хаягдсан шалз” мэт тоогдохоо больсон Украины зүүн нутгийн орос хэлтэй босогчид
Москвад уурлаж, сануулга өгөх гэж дээгүүрээ нисч явсан онгоцыг буудаж унагасан
бололтой. Украины дотоод хямрал, мөргөлдөөнийг овжин ашигласан Оросын лидер
В.Путин Крымийг ядах юмгүй нэгтгэж, замбараагүй, хүч чадалгүй болсон Киевийн
эрх баригчид юу ч хийж чадалгүй хоцорсон билээ. Үүнд оодорсон Украины зүүн
нутгийн орос хэлтэй иргэд бослого, хөдөлгөөн дэгдээж, Донбассын бүгд найрамдах
улс зэргийг тунхаглаж Оросын бүрэлдэхүүнд багтахыг хүсч буйгаа илэрхийлсэн юм.
Улмаар зүүн нутагт салан тусгаарлах үзэл, хэт даврах байдал газар авч Киевийн
Засгийн газар ч олигтой арга хэмжээ авч хүчрэхээ больжээ. Салан тусгаарлагчид ч
ихээхэн хөөрч, Москвагаас дэмжлэг авна хэмээн бодож байсан ч нэгэнт Крымийг
салгаж авсан Владимир Путин “Украины зүүн нутгийн босогчид бослого, хөдөлгөөнөө
зогсоож, Киевийн төр засагтай учраа олж амьдар” хэмээн мэдэгдсэн нь салан
тусгаарлагчдыг ганцаардуулж, бухимдуулж орхисон юм. “Украин дахь орос хэл,
соёлтой иргэдийг өмгөөлж, хамгаална гэж байсан Кремлийн лидер В.Путин Крымийг
авчихаад биднийг геополитикийн өгөөш болгон хаялаа” хэмээн уурсаж явсан Украины
зүүн нутгийн салан тусгаарлагчид дээгүүрээ нисч явсан онгоцыг буудаж унагасан
байж магадгүй байна.
Ямар ч байсан тэд Малайзын онгоцыг
пуужингаар харваж унагасан. Харин тэр пуужинг хэн, хаанаас нийлүүлсэн бэ? Салан
тусгаарлагчид дээгүүрээ нисч явсан онгоцыг зүгээр л буудан унагах хүртэл оодорч
даварсанд Украин ямар ч буруугүй юу? Европын холбоо болон өрнөдийн орнууд нөхцөл
байдал ийм дээрээ тулан хурцдахаас сэргийлж болоогүй гэж үү? Оросууд Украины
салан тусгаарлагчдад энэ пуужинг үнэхээр нийлүүлсэн үү? Дэлхийн том гүрнүүд энэ
ослын шалтгааныг бодитойгоор олж илрүүлэх гэж хичээхийн оронд улс төрийн
тоглолт хийгээд эхэлсэн нь ямар учиртай вэ? зэрэг олон асуулт гарч ирж байна.
Украины Донецк мужид сүйрсэн
Малайзын нисэх онгоцны ослын ард салан тусгаарлагчид байгаа нь батлагдвал
Украин дахь нөхцөл байдлыг тогтворгүй болгосон бурууг ОХУ хүлээх ёстой хэмээн
Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон мэдэгдлээ. “Хэрвээ ийм зүйл болсон бол
Орос хариуцлагыг нь хүлээх ёстой. ОХУ бүрэн эрхт улсыг тогтворгүй болгож, газар
нутгийн бүрэн бүтэн байдалд нь халдаж, зэвсэгт дээрэмчдийг нь дэмжиж, бэлтгэж,
зэр зэвсгээр хангасан” хэмээн Кэмерон “The Sunday Times”-т ярилцлага өгөхдөө
онцоллоо.
Түүний үзэж буйгаар, өрнөдийн орнууд болон Европын
холбоо эрх мэдэл, нөлөө, нөөц чадлаа ашиглаж Орост хандах хандлагаа өөрчлөх цаг
болсон ажээ. Европын холбооны олон орон Москвагийн үйлдэлд хариу өгөхдөө ихэд
хойрго, удаан, дурамжхан байгааг Кэмерон шүүмжлэв. “Бид тэдэнд гэхээсээ Орос
бидэнд илүү хэрэгтэй гэдэг ойлголтыг халах цаг боллоо” хэмээн Британийн лидер
хэлсэн байна.


No comments:
Post a Comment