Tuesday, 29 November 2016

Жоли “Үгүй” гэсний дараа Питт арал руу зугтав

Н.МӨНХЖИН

Брад Питт хэл амнаас зугтаж байна. Талархлын өдрөөр тэрээр Анжелина Жоли болон хүүхдүүдтэйгээ хамт хооллоё гэж санал тавьсан ч татгалзсан хариу сонссон юм. Хэдийгээр хүүхдүүд нь аавтай хамт зоог баръя л даа хэмээн ээжээсээ гуйсан ч Анжелина “Үгүй” гэсэн хариулт дээр баттай зогсчээ. Үүний дараа Брэд Питт хэвлэлийнхнээс зугтаж хэдэн найзтайгаа нэгэн зэлүүд арал руу оджээ.

Арван настай охин Шилоу нь “Аавтайгээ эргэж хамт амьдармаар байна” хэмээн байнга гуйж байгаа аж. Жоли охиныхоо хүслийг биелүүлж Питтэй дахин уулзах гэж байна гэж хэвлэлээр бичсэн ч тийм юм болсонгүй. Дамшрамд сонирхуулахад, Брэд Питт найзуудын хамт бүгээд байгаа зэлүүд арал дээрх амралтын газар нь нэг хоноход 34 мянган долларын өртөгтэй. Холливудын хамгийн алдартай хос өнгөрсөн есдүгээр сард хоёр тийш болсон юм. Эдүгээ хүүхдүүдийн асран хамгаалал, өмч хөрөнгөө хуваах асуудал шүүх дээр ид өрнөж байна.
 

Monday, 28 November 2016



Босогчид Алеппог алдсан ч бууж өгөхгүй

Сирийн Засгийн газрын цэргүүд босогчдын хяналтад байдаг Алеппо хотын зүүн талын үлэмж хэсгийг эзэлж авсан билээ. Алеппо хотыг босогчдоос бүрэн чөлөөлөх нь цөөхөн хоногийн асуудал болоод байна. Гэвч Ерөнхийлөгч Башар Асадын эсрэг тэмцэж буй босогчид бууж өгөхгүй, стратегийн чухал хот Алеппог буцааж авахын тулд тэмцсээр байх болно хэмээн мэдэгдлээ. Нөхцөл байдал ийм болсны дараа энхийн тохиролцоонд хүрэх бүр хэцүү боллоо хэмээн Сирийн чөлөөлөх армийнхан ярьж байна. Дайн, байлдаан ширүүссэний улмаас Алеппо хотын хэдэн мянган иргэн орон гэрээ орхин дүрвэжээ. Иранаас санхүүжиж, Оросын нисэх хүчний дэмжлэгийг авсан Сирийн арми сүүлийн үед эрчимтэй давшиж чухал чухал байрлал, хотуудыг эзлэсээр байгаа юм.

Их сургуульд халдсан этгээд нь Сомалийн цагаач байжээ

АНУ-ын Охайогийн их сургууль руу халдсан 18 настай оюутан Абдул Разак Али Артан нь Сомали улсаас дүрвэж АНУ-д хууль ёсны дагуу оршин сууж байжээ. Одоогоор цагдаа нар энэ хэрэг явдлыг алан хядлага гэж үзэхгүй байгаа аж. Абдул Разак орон нутгийн цагаар өглөөний 10.00 цагт автомашинаа жолоодож инженерийн факультетийн байрны өмнө байсан хүмүүсийг дайрчээ. Дараа нь автомашинаасаа гарч ирээд хутга барин дайрсан байна. Хий алдагдсан гэсэн дуудлагаар тэр хавьд ирээд байсан цагдаа ердөө л нэг минутын дараа халдагч этгээдийг буудаж унагахад тэрээр 11 хүнийг шархдуулж амжсан байв. Нэг хүний биеийн байдал хүнд байна.

Колумбид 72 зорчигчтой онгоц сүйрчээ

Боливоос хөөрч Колумбийн Медельин хот орохоор нисч явсан нисэх онгоц сүйрлээ хэмээн орон нутгийн радио мэдээлжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжилж буйгаар, онгоцонд Бразилийн хөлбөмбөгийн Chapecoense баг бүрэн бүрэлдэхүүнээрээ явж байсан аж. Нийт 27 хөлбөмбөгч, мөн сэтгүүлч, сурвалжлагч нар байжээ. Chapecoense багийнхан Өмнөд Америкийн цомын финалд Колумбийн Atletico Nacional клубтэй тоглохоор явж байсан юм. Ослоос хүн амьд гарсан эсэх нь тодорхойгүй байна.


20 гаруй зуслан, дарвуулт хөлөг, үйлчлэгч нар: Фидель Кастрогийн тансаг амьдрал

Фидель Кастрогийн хувийн бие хамгаалагчаар 17 жилийн турш зүтгэж, Кубын удирдагчийн хамаг нарийн ширийн нууцыг өвөртлөөд явсан тэрээр жил хагасын өмнө Майамид өөд болсон юм. Тэрээр “Фидель Кастрогийн нууц амьдрал” хэмээх номдоо эрх чөлөөний арлын удирдагч, хувьсгалын лидерийн олон нууцыг дэлгэсэн аж. АНУ-ын хориг арга хэмжээнд орсон Кубын ард түмэн ЗХУ-ын тусламж, картын бараагаар амьдралаа торгоож байхад коммунист лидер хэрхэн тансаглаж байсныг Кубын Дотоод хэргийн яамны дэслэгч хурандаа байсан Хуан Рейнальдо Санчес илчилсэн билээ.
1977 онд Фидель түүнийг хамгаалалт, аюулгүй байдлынхаа нэгдүгээр цагаригт сонгож авсан юм. Кубын хувьсгалын лидер Каёо Пиедра арлыг хувийн эзэмшил болгож, 20 гаруй эдлэн газар, зуслангийн газар, дарвуулт хөлөг, нууц банкны данс, алтны уурхай, үйлчлэгчид, дүрэмт хувцастай тогооч нар, бүр хувийн хэрэгцээнд зориулсан бяслагны үйлдвэртэй болсон байжээ. Хуулийн мэргэжилтэй, тагнуул, сөрөг тагнуулчаар мэргэшсэн, мэргэн бууч, жүдо, каратегийн хар бүстэй Санчес амьдралынхаа 26 жилийг Фиделийн аюулгүй байдалд зориулж, 17 жилийн турш түүнийг хамгийн ойроос хамгаалж явсан юм. Тэрээр өнгөрсөн оны зургадугаар сард өөд болохынхоо өмнө “Түүнд үйлчилж байсан хүмүүст тэр талархалгүй ханддагаас илүүтэй би түүнийг урвасан гэж буруутгана. Тэр олон сая куба иргэний итгэл найдвараас урвасан” гэж хэлсэн удаатай. Экс бие хамгаалагч LaRazon өгсөн нэгэн ярилцлагадаа “Фидель Кастрогийн хувийн нууц амьдралыг үргэлж төрийн нууц гэдэг байсан нь Кубын дарангуйллын нэг түлхүүр. Гэтэл хэзээ ч амралтаа авч байгаагүй цогтой хувьсгалч хэмээн гадаад ертөнцөд сурталддаг байсан. Үнэн хэрэгтээ, тэрээр XVI зууны хаан шиг амьдарч, феодал шиг Куба орныг удирддаг байсан” хэмээн онцолж байв.

Санчесийн өгүүлж буйгаар, Фидель Cayo Piedra арал дээрх 20 гаруй эдлэн газартаа ээлжлэн амардаг байжээ. Гэхдээ Пинар дель Рио мужид “La Deseada” буюу “Хүсэмжит” гэсэн нэртэй эдлэн газартай байсан. Хувьсгалын лидер борооны улиралд тэрхүү эдлэн дээр хоёр дахь эхнэр Далиа Сото дель Вальег дагуулан очиж Флоридагаас Кубад нүүж ирдэг нугаснуудыг бууддаг байсан аж. Бусад үед нь Кочинос булангийн ойролцоох Piedra арал дээр цагийг өнгөрөөх дуртай байв. Тэнд амарч байхад нь гурван бээрийн тойрогт хэнийг ч ойртуулдаггүй байсан аж. Энэ диваажинд зуслангийн тансаг харш, зочдын өргөө, цэнгэг устай сан, далайн гахайн үзүүлбэртэй усан сан, яст мэлхий үржүүлгийн газар, нисдэг тэрэг буух боомт, байнгын цэрэг, харуул хамгаалалт, “Aquarama II”, “Pionera I” дарвуулт хөлөг онгоц, нэгэн цагт цуут Габриель Гарсия Маркес, CNN-ийн эзэн Тед Тернер, Америкийн сэтгүүлч Барбара Уолтерс, Францын зартай бизнесмэн Жерар Бург, Колумбын экс Ерөнхийлөгч Алфонсо Лопес, Ардчилсан Германы удирдагч Эрих Хонекер нар зочлон дайлуулж байсан хөвөгч зоогийн газар байсан юм. Тэнд зочилж, Фидельд бараалхдаг байсан хүмүүсийн ихэнх нь гадаад хүмүүс байдаг байсан хэмээн экс бие хамгаалагч ярьсан байдаг. Үүнээс гадна тус арал дээр зөвхөн Фиделийн хувийн хэрэгцээнд зориулагдсан бяслаг, тараг, зайрмагийн үйлдвэр байжээ. Фидель улаан мах, гахайн мах огт иддэггүй, зарим үед хонины мах иддэг байсныг найзууд нь дурсан ярьсан байдаг. Цэргийн дүрэмт хувцастай тогооч нар ээлжлэн хоол бэлтгэж, гэргий Далиа нь олон үйлчлэгч бүсгүйчүүдийг удирдан хувсгалын лидерийн ажил, амралтыг зохицуулдаг байсан аж. 

Wednesday, 23 November 2016



Меланиа Трампыг хэн хувцаслах вэ?

Тэрбумтан Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсныхаа дараа хэн хэнийг багтаа элсүүлж, дараагийн дөрвөн жилд хэрхэн хамтран ажиллах яриа хэлцлээ хийсээр байна. Зэрэг зиндаагаараа Ерөнхийлөгчийн дараа ордог Төрийн департаментын тэргүүнээр Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөж байсан Митт Ромнийг томилох нь бараг тодорхой болжээ. Трамп хэдэн хоногийн өмнө Ромнийг албан өргөөндөө дуудаж гурван цагийн турш ярилцсан бөгөөд түүнийг дээрх албан тушаалд томилох талаар тохиролцоо хийсэн хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.
Гэвч АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч ямар хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх вэ гэсэн яриа, таамгийн хажуугаар ирээдүйн тэргүүн хатагтай Меланиагийн талаарх яриа ихээхэн сонирхол татаж байгаа юм. АНУ-ын тэргүүн хатагтай хамгийн зөв, ганган, сэтгэл булаам хувцаслаж байх ёстой. Тэргүүн хатагтайн хувцсыг нэртэй загварын ордон, цуутай загвар зохион бүтээгч нар хариуцдаг билээ. Гэвч одоогоор Vera Wang, Jason Wu, Marc Jacobs, Joseph Altuzarra, Thakoon, Donna Karan, Calvin Klein, Diane von Furstenberg, Prabal Gurung, Michael Kors, Georgina Chapman, Marchesa зэрэг хувцасны зартай брэндүүд Меланиа Трампын хувцсыг бэлтгэхгүй нь тодорхой болоод байна. Учир нь эдгээр фирмийн эзэд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намын нэр дэвшигч Хиллари Клинтоныг ил тод дэмжиж, түүнийг ялалт байгуулсан тохиолдолд хувцсыг нь урлаж өгнө гэж байсан юм. Мөн одоогийн тэргүүн хатагтай Мишель Обамагийн хувцаслалт, гадаад төрхийг хариуцаж байгаа Францын Sophie Theallel брэнд Меланиатай хамтран ажиллахгүй гэсэн аж. Гэвч Valentino, Louis Vuitton, Karl Lagerfeld, Versace, Manolo Blanik, Yves Saint Laurent зэрэг зартай фирмүүд энэ талаар байр сууриа илэрхийлээгүй байна.

180 см өндөр нуруутай Меланиа 1970 онд Словенид мэндэлжээ. Хатагтай Трамп АНУ-ын гадна төрсөн хоёр дахь, төрөлх хэл нь англи биш анхны, мөн сэтгүүлд бүрэн нүцгэн зургаа авахуулж байсан анхны тэргүүн хатагтай болох гэж байна. Үүнээс гадна Меланиа Кнаусс олон хэлээр ярьдаг АНУ-ын тэргүүн хатагтай нарын жагсаалтад дээгүүр байр эзлэх нь тодорхой болов. Тэрээр словени, серб, англи, франц, герман хэлээр ярьдаг. Ерөнхийлөгч Жон Кеннедийн гэргий Жаклин Кеннеди англиас гадна франц, испани хэлээр чөлөөтэй ярьдаг байжээ. 

Tuesday, 22 November 2016

Нууц үйлдвэрт хүүхдүүдийг өдөрт 19 цагаар ажиллуулж байжээ

Хятадад хүүхдүүдийг хөлсөлж, өдөрт 19 цагаар албадан ажиллуулж байсан хувцасны үйлдвэрийн эздийг баривчилжээ. Хэвлэлд бичиж буйгаар, Чаншу хот дахь тус үйлдвэр 13 настай хүүхдүүдийг авчирч бохир, харанхуй байранд албадан хөдөлмөр хийлгэдэг байсан аж. Хуурамч дүрээр тэнд ажиллаж байсан нэгэн сэтгүүлч уг үйлдвэрийн талаар зургаан минутын бичлэг хийж Хятадын Pear Video сайтад тавьснаар цагдаа нарын анхааралд өртсөн байна. Чаншу дахь хувцасны нууц үйлдвэрт ядуурлын түвшин өндөр байдаг Хятадын өмнөд хэсгийн хөдөө нутгийнхан голдуу ажилладаг. Ажил өглөө 07:30-д эхэлдэг ба өдрийн хэтийдсэн их нормоо биелүүлэх гэж ийнхүү олон цагаар ажилладаг байжээ. Заримдаа тэдний ажлын цаг үүрээр дуусдаг байсан бололтой. Үйлдвэрийн эзэд ажилчдаа сард 28 хоног ажиллуулдаг байсныг тогтоогоод байна.
Харин эздийн нэг нь “Ажилчид сард 1000-3000 юанийн (145-435 доллар) цалин авдаг. Хүүхдүүдийг албадан ажиллуулсан юм байхгүй, тэд сайн дураар ирж ажилладаг” хэмээн мэдүүлжээ. Цагдаа нар энэ мэдээллийг шалгаж байна. Гэвч ажилчин хүүхдүүдийн бичиг баримт, гар утсыг хураан авч, үйлдвэрээс гарах, зугтах боломжийг нь хаадаг байсныг сэтгүүлчид олж мэдсэн юм. Энэ хэрэг явдлын дараа Чаншу хотын захиргаа хувцас, оёдлын үйлдвэрүүдэд шалгалт явуулахаар болжээ.

Б.Питттэй холбоотой хэргийг хаажээ

Холбооны мөрдөх товчоо АНУ-ын жүжигчин Брэд Питт хүүхдүүддээ харгис хэрцгий
хандаж, зодож цохьсон гэх хэргийг шалгасны эцэст “Нотолгоо олдсонгүй” хэмээн хэрэгсэхгүй болгож хаажээ. Холливудын хамгийн зартай хос Брэд Питт, Анжелина Жоли нар муудалцаж салсны дараа Жоли түүнийг нэгэн аялалын үеэр хүүхдээ зодсон хэмээн цагдаад хандсан юм. ХМТ энэ гомдлын мөрөөр шалгалт явуулсан ч Питтийг буруутгах ямар нэг үндэслэл байхгүй хэмээн үзжээ. Ийнхүү Брэд Питт гэм буруугүй нь нотлогдсон тул зургаан хүүхдийнхээ асран хамгаалал дээр шүүх дээр ялалт байгуулж магадгүй боллоо. Анжелина Жоли “Зургаан хүүхдээ өөр дээрээ авна. Эцэгтэй нь уулзуулахгүй” гэж байгаа. Гэвч ХМТ дээрх хэргийг хааснаар Брэд Питт хүүхдүүдтэйгээ уулзаж байх зөвшөөрлийг авч чадахаар боллоо.

Сирийн цэргүүд Алеппогийн зүүн хэсгийг довтолж байна

Сирийн Засгийн газрын цэргүүд Алеппо хотын зүүн хэсгийг босогчдоос чөлөөлөхийн тулд нэмэлт хүчээр довтолж эхэллээ хэмээн “Тасс” агентлаг орон нутгийн хэвлэлээс иш татан мэдээлэв. Танк, их буугаар дэмжүүлсэн сири цэргүүд Алеппо хотын Баидин талбайн зүг давшиж эхэлжээ. Масакин-Ханано дүүрэгт үүрлэж байгаа “Жебхат Фатх аш-Шам” дүүргийг их буугаар буудсаар байна. Өчигдөр гэхэд л Засгийн газрын хүчин зүүн Алеппогийн таван чухал байрлалыг эзлэн авчээ. Үүний зэрэгцээ, зэвсэгт босогчид энгийн иргэдийг амьд бамбай болгон ашиглахаа зогсоож, хотын зүүн хэсгийг орхин явахыг Сирийн агаарын хүчний командлалаас шаардлаа. Сүүлийн хэдэн өдрийн дайн байлдаанд Алеппо хотын хэд хэдэн сургууль, эмнэлэг, орон сууц их бууны суманд өртөн сүйрчээ.

Monday, 21 November 2016



Европт халдлага үйлдэж болзошгүйг анхааруулав

Зул сар, шинэ жилийн баярын үеэр Европ даяар халдлага, дэлбэрэлт үйлдэгдэх магадлалтай байгааг АНУ-ын Төрийн департамент санууллаа. АНУ-ын иргэдэд зориулж гаргасан анхааруулгад, өөрсдийгөө “Исламын улс” гэж нэрлэсэн жихад дайчдын бүлэг болон бусад хэт даврагч байгууллага Европын орнуудад Зул сарын баярын үеэр халдлага зохион байгуулахаар төлөвлөж байгааг онцолжээ. “Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр, “Исламын улс”, “Аль-Кайда” болон тэдгээрийн салбар, үүрүүд Европт олон нийтийг хамарсан баяр цэнгүүний үеэр алан хядах ажиллагаа явуулахаар төлөвлөж байна” хэмээн Төрийн департаментын мэдэгдэлд онцлоод аялагч жуулчдын хөл ихтэй гудамж, тээврийн хэрэгсэл болон бусад газраар анхаарал сэрэмжтэй явахыг америк иргэдэд анхааруулжээ. Хэдийгээр сүүлийн жилүүдэд Бельги, Герман, Франц, Турк дахь хэт даврагчдын хүч ихээхэн суларсан ч Европын аль ч хэсэгт халдлага үйлдэх чадвартай байгааг анхаарууллаа.

Хятадад 56 автомашин мөргөлджээ

Хятадын Шаньси мужид 56 автомашин оролцсон осол гарч дор хаяж 17 хүн амь насаа алдлаа хэмээн “Синьхуа” агентлаг уламжлав. 37 хүн гэмтэж бэртжээ. Бээжин, Куньмин хотыг холбосон зам дээр энэ осол гарчээ. Олон хүн, автомашиныг хамарсан осол нойтон цас, зам дээрх хальтиргаа гулгааны улмаас болсон хэмээн таамаглаж байна. Гэмтсэн хүмүүсийг хамгийн ойрхон эмнэлэгт хүргэх ажлыг шуурхай зохион байгуулав. Өнгөрсөн наймдугаар сард АНУ-ын Жоржиа мужид 27 автомашин оролцсон томоохон осол гарч байсан юм.

Фукушимагийн гурван мянган иргэнийг нүүлгэв

Японы Фукушима мужид 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлж, цунами үүсэх аюултай болсон тул тэр хавийн гурван мянга гаруй иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Орон нутгийн эрх баригчдын шийдвэрээр орон гэрээ орхин гарсан хүмүүсийг түр байрлуулах 60 орчим байрыг угсарч бэлэн болгоод байна. Фукушима мужийн баруун хойд хэсгийн далайн эрэг орчмын 150 сургуулийг хаажээ. Онц байдлын яамны сайд Мацүмотогийн мэдэгдсэнээр, хүчтэй газар хөдлөлтийн дараа үүссэн цунами мэдэгдэхүйц аюул учруулсангүй өнгөрчээ. Хүчтэй газар хөдлөлтийн улмаас Японы зүүн хэсэгт 1.4 метрийн өндөр цунами үүссэн хэмээн мэдээлж байсан юм.

Алеппод хүмүүнлэгийн тусламж хүргэнэ

НҮБ арваннэгдүгээр сарын 24-нд Сирийн Алеппо хотод хүмүүнлэгийн тусламж хүргэхийн тулд Москва, Дамаск хоёроос зөвшөөрөл авч чадна хэмээн тооцоолж байна. НҮБ-ын Сирийн асуудал хариуцсан тусгай элч Ян Эгеланн “Бид Орос, Сирийн Засгийн газрын зөвшөөрлийг хүлээж байна. Зохих хариуг нэн даруй өгөхийг хүсч байна” хэмээн мэдэгджээ. Дайны хөлд нэрвэгдээд байгаа Алеппо хотын зүүн хэсэгт хүмүүнлэгийн тусламж хүргэхийг босогчдын зэвсэгт бүлэглэлүүд зөвшөөрөөд байгаа юм. Хэдэн хүнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, хэдэн хүнийг дайн байлдааны бүсээс гаргахыг нарийн тодруулах шаардлагатай болж байна. Зарим мэдээллээр, хүнд өвчтэй, шархдаж бэртсэн 400 орчим хүнийг яаралтай өөр хотын эмнэлэгт хүргэх шаардлагатай байгаа аж. Энэ завсар АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Сирийн хямралыг богино хугацаанд шийдвэрлэнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлжээ. “Сирид цэргээ оруулах хууль ёсны үндэслэл алга. Тийшээ цэргээ оруулбал стратегийн алдаа болж, хөрш Иракт муугаар нөлөөлнө” хэмээн тэрээр онцолжээ.




ДОХ-ын халдвартай 18 сая хүн эмчлүүлж байна

ДОХ-ын халдвар авсан 18 сая гаруй хүн дэлхий даяар энэ өвчний эсрэг эмчилгээнд хамрагдаж байна хэмээн НҮБ-ын дэргэдэх ДОХ-ын эсрэг нэгдсэн хөтөлбөрөөс мэдэгдлээ. Энэ оны эхний зургаан сарын байдлаар эмчилгээнд хамрагдаж буй ДОХ-ын халдвартай хүмүүсийн тоо нэг саяаар нэмэгджээ. Таван жилийн өмнө энэ үзүүлэлт хоёр дахин бага байсан юм. Зургадугаар сард авсан мэдээллээр, XX зууны аймшигт тахлын эсрэг эмчилгээг 910 мянган хүүхэд авч байв. Хүүхдүүдийн дундах халдвар багасч байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Эхээсээ дамжуулан халдвар авч буй шинэ мэндэлсэн хүүхдийн тоо 2010 оноос хойш 51 хувиар багасчээ.

НҮБ-аас анхааруулж буйгаар, ДОХ-ын халдвар авах хамгийн их магадлалтай хүмүүс нь 15-24 насны охид ажээ. Ийм насныхан эмнэлэгт хандаж, шинжилгээ өгөхдөө хойрго, мөн эмчийн заавар, жорыг дагаж мөрдөхгүй нь их байдаг тул халдвар авах өндөр эрсдэлтэй. 2015 онд долоо хоног тутамд долоон мянга 500 орчим залуу охид ДОХ-ын халдвар авч байжээ. Өнөөдөр дэлхий даяар 36.7 сая хүн ДОХ-оор шаналж байна. Эмчилгээнд хамрагдсанаар өвчтөнүүдийн амьдрал уртасч байгааг НҮБ онцоллоо. 2015 онд 50-аас дээш настай 5.8 сая өвчтөн эмчилгээнд хамрагдсаны ачаар эрүүл саруул амьдарсаар байгаа нь түүхэн дээд амжилт юм. 2020 гэхэд энэ тоо 8.5 саяд хүрнэ хэмээн тооцоолж байна. Гэвч эдгээр өвчтөн ДОХ-ын халдваргүй хүмүүсийг бодвол архаг, хууч өвчин тусах магадлал ихтэй байдаг аж. ДОХ-ын халдвартай хүмүүс сүрьеэ, элэгний С вирусээр өвчлөх нь их. 2015 онд ДОХ-ын эмчилгээний улмаас хавсарч туссан өвчний улмаас 1.1 сая хүн хорвоог орхижээ. Тэдний 440 мянга нь сүрьеэгээр нас баржээ. 

Sunday, 20 November 2016



Рики Мартин хуримаа хийнэ

Н.МӨНХЖИН

Ижил хүйстэн гэдгээ олон жилийн өмнө ил тод зарласан нэрт дуучин Рики Мартин одоогийн найз залуу Жван Ёсефтэй гэрлэхээр шийдсэн гэдгээ Ellen DeGeneres Show нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэлжээ. “Би түүнээс надтай гэрлэх үү гэж асуух гэтэл тэр надад сүйн бөгж санал болгосон. Би өвдөг сөгдөж байгаад авсан” хэмээн Р.Мартин өгүүлжээ. Тэдний харилцаа улам нягт болсоор байгааг пуэрто-рико дуучин онцолсон байна. Тэрээр өөрөө латин, найз залуу нь сири гаралтай тул хурим тун өвөрмөц болно хэмээн ярьсан юм. Рики Мартин хоёр жил гаруйн өмнөөс Жваныг хамтрагчаараас сонгосон аж. Сири гаралтай, урлагийн чиглэлээр боловсрол эзэмшсэн Жван эдүгээ Швед, Англид амьдардаг. Р.Мартин 1998 онд Францад болсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүлд дууг дуулж нэрд гарч байсан билээ.



Алеппод сургууль, орон сууцыг довтолжээ

Сирийн босогчид Алеппо хот дахь гурван сургууль, хэд хэдэн орон сууц руу буудаж арваад хүний аминд хүрч, 70 орчим хүнийг шархдууллаа хэмээн “РИА Новости” агентлаг уламжиллаа. Сургуулийн багш нар гэрчилж буйгаар, хичээл орж байхад их бууны сум сургуулийг оносон аж. “Довтолгоонд өртсөн ангид долоон настай нэгдүгээр ангийн хүүхдүүд сурч байсан. Пуужин яаж нисч ирж, ямар хөнөөл учруулдгийг тэд мэдэж авлаа” хэмээн багш Мансур ярьжээ. Сургуулийн талбайд 30 орчим хүүхэд тоглож байсан бөгөөд дэлбэрэлт биеийн тамирын хичээл орж байхад болсон аж. Халдлага болохоос өмнө хүүхдүүд бөмбөлөг үлээж босогчид болон Зүүн Алеппогийн оршин суугчдад хандсан захидал бичсэн байв. Тэдгээр захиаг нисдэг тэрэгнээс цацахаар бэлтгэж байжээ. Хүүхдүүд дайныг төгсгөл болгож, энх тайван амьдарч, сурахыг хүсч буйгаа захидалдаа илэрхийлж, зураг зурсан байжээ. Найман настай сурагч Руна “Нэгнээ хайрлаж энэрэх талаар захидал бичсэн. Хангалттай их цус урслаа, эвдрэл сүйрэл их байна. Бид тайван амгалан амьдрахыг хүсч байна. Гэтэл бидэнд ямар хариу барьсныг хар” хэмээн ВВС-ийн сурвалжлагчид ярьжээ. Өчигдрийн довтолгоонд өртсөн хүмүүсийг эмнэлэгт хүргэж байна. Шархадсан хүүхдүүдийг зөөж явсан жолооч өөрөө мөн бууны суманд өртсөн аж. Сүүлийн хэдэн сард Сирийн Алеппо хот байнгын дайн, байлдааны талбар болж 200 мянган орчим хүн амь насаа алдаад байна. Гурван мянга гаруй хүн шархдаж бэртсэний ихэнх нь хүүхдүүд байгаа юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Алеппо хот их бууны суманд өртөж олон тооны энгийн иргэн амь насаа алдаж байгааг эрс буруутгажээ.

Энэтхэгт 100 гаруй хүн амиа алдлаа

Энэтхэгийн Уттар-Прадеш мужийн Канпур хот орчимд галт тэрэг замаас гарч онхолдсоны улмаас 100 гаруй хүн амиа алдаж, 150 орчим хүн гэмтэж бэртээд байна. Хурдан галт тэрэг ням гаригийн өглөө осолдсон юм. Аврагчид эвдэрч, гажсан галт тэрэгнээс хүмүүсийг гаргасаар байна. Галт тэрэг осолдсон шалтгааныг олж тогтоогоогүй байна хэмээн Times of India сонинд бичжээ. Зарим эх сурвалж мэдээлж буйгаар, төмөр замын рельст нүх, ангал гарсан байж болзошгүй байна. Аврагчид хэд хэдэн хүнийг амьд гаргаж авсны дотор хоёр хүүхэд байлаа хэмээн ВВС мэдээлэв.

Месси гэрээгээ шинэчлэх хүсэлгүй байна

Лионель  Месси гэрээгээ шинэчлэх хүсэлгүй байгаагаа өнгөрсөн долдугаар сард Барсагийн удирдлагад хэлсэн аж. Тэрээр долдугаар сарын хоёр дахь долоо хоногт Ибиза арал дээр эхнэр хүүхдийн хамт амарч байхдаа удаан эргэцүүлсний эцэст 2018 оны зургадугаар сард гэрээ нь дуусах хүртэл Барсатай гэрээгээ шинэчлэхгүй байхаар шийдсэн аж. Тэр үед эцэгтэйгээ энэ талаар нухацтай ярилцсан байна.
Месси Барсад байх хугацаандаа долоон удаа гэрээгээ шинэчилж байжээ. Хамгийн сүүлд 2014 оны тавдугаар сард гэрээгээ шинэчлэхдээ гэрээг цуцлах хязгаар буюу өөр багт худалдах үнийг 250 сая еврогоор тогтоосон юм. Барсагийн ерөнхийлөгч Бартомеу Мессид хандан гэрээгээ шинэчлэх талаар дахин нэг бодож үзэхийг хүсчээ. Месси Барсагаас жилд 11 сая долларын цалин авч байна.

Роналдо шигшээ багт оруулсан гоолоороо 4-т орж ирлээ

Латвийн хаалганд хоёр гоол оруулсан Криштиано Роналдо Португалын шигшээ багийн төлөө 68 дахь гоолоо оруулж энэ амжилтаар Герд Мюллер, Робби Кин нартай зэрэгцэж ирлээ. Европын шигшээ багуудын мэргэн буучдын жагсаалтад ийнхүү 4-т орж ирж байна. Одоо түүний өмнө Унгар, Испанийн шигшээ багт тоглож байхдаа 84 гоол (89 тоглолтод) оруулсан Ференц Пушкаш, мөн унгар хөлбөмбөгч Кошиш (75), Германы Мирослав Клозе (71) нар байна.


Трампын үед харилцаа сайжирна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамп Москватай харилцаагаа сайжруулахад бэлэн байна хэмээн ОХУ-ын лидер Владимир Путин мэдэгдлээ. “АНУ-тай харилцаагаа сайжруулахад би ч өөрийн зүгээс боломжтой бүхнийг хийнэ” хэмээн Перугийн Лима хотод Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын Д ажиллагааны дээд хэмжээний уулзалтад оролцсон Кремлийн тэргүүн сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн хурад дээр онцолжээ. Харин энэ үеэр Трамптай хэзээ уулзах талаар ярилцаагүй аж. Тэрбумтан Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон талаар В.Путин ярихдаа “Сонгуулийн өмнөх амлалт болон бодит бодлого, арга хэмжээний хооронд үргэлж их ялгаа байдаг” гэжээ. “АНУ бол дэлхийн тэргүүлэх эдийн засаг. Тус улсын эдийн засаг ямар байх, өмнөө тулгарсан асуудлаа хэрхэн шийдвэрлэхээс дэлхийн эдийн засаг ихээхэн хамаардаг” хэмээн Кремлийн тэргүүн онцоллоо.

Путин, Трамп хоёр арваннэгдүгээр сарын 14-нд буюу Нью-Йоркийн тэрбумтан АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаас хэдхэн хоногийн дараа анх удаа утсаар ярилцжээ. Дональд Трамп сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр “Би ялалт байгуулбал Оростой харилцаагаа сайжруулна” хэмээн нэг бус амлаж байв. Тэрээр 2015 оны долдугаар сард АНУ-ын төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөнө хэмээн олон нийтэд зарлахдаа “Би Владимир Путинтай сайн харилцаатай байх болно гэж бодож байна” хэмээн хэлж байжээ. Лимад болсон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны уулзалтын үеэр В.Путин, Б.Обама нар хэсэгхэн уулзаж ярилцсан юм. Оросын лидер хамтын ажиллагааны он жилүүддээ талархаж буйгаа түүнд илэрхийлсэн байна. “Бидний хоорондох яриа тийм амар байгаагүй. Ер нь хэцүү яриа хөөрөө өрнөсөн гэж хэлж болно. Хэдийгээр бидний хамтын ажиллагаа, ойлголцол тийм сайн байгаагүй ч бид нэг нэгнийхээ байр суурьт хүндэтгэлтэй хандаж ирсэн” хэмээн Путин ярьжээ. Харин Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд, Ерөнхийлөгч Обама Оросын лидертэй богинохон уулзалт хийхдээ Украины талаар авсан амлалтаа биелүүлж, Сири дахь довтолгоогоо багасгахыг шаардсан хэмээн онцолсон байна. 

Tuesday, 15 November 2016



Манай дэлхий мянган жилийн дотор сөнөнө

Британийн нэрт эрдэмтэн Стивен Хокинг дэлхий ойрын мянган жилийн дотор сөнөж байхгүй болно хэмээн мэдэгдлээ. Тэрээр Оксфордын их сургуулийн оюутнуудын өмнө илтгэл тавихдаа энэхүү таамаглалаа танилцуулсан юм. Бидний цэнхэр гариг цөмийн дайн, хиймэл оюун ухааны нөлөө, эсвэл генетикийг нь өөрчлөн шинэчилсэн вирусын улмаас мөхнө гэдэгт нэрт физикч итгэлтэй байна. Хокинг хүмүүсийг хэврэгхэн эх дэлхийгээс нүүхийг уриалж, сансрын нислэгийг улам төгөлдөржүүлж өөр гариг ертөнц дээр амьдрал нээх чухал шаардлагатай байгааг үргэлж сануулдаг. Нэрт эрдэмтэн илтгэлийнхээ төгсгөлд оюутнуудад хандаж “Дэлхий ертөнцийн талаарх төсөөлөл сүүлийн 50 жилд ихээхэн өөрчлөгдлөө. Би үүнд бага ч болтугай хувь нэмэр оруулж буйдаа баяртай байдаг. Та бүгд одоо сандал дээр сууж хөлөө харахаа больж толгойгоо өргөж оддыг харцгаа” гэж хэлжээ.

Нигерид 75 мянган хүүхэд өлсгөлөнд нэрвэгджээ

Нигерийн зүүн хойд хэсгийн Борно мужид 75 мянган хүүхэд өлсгөлөнд нэрвэгдэж хэзээ мөдгүй үхэж магадгүй байгааг НҮБ анхааруулав. Дэлхийн хүмүүнлэгийн байгууллагууд тэнд тусламж хүргэж чадахгүй байгаа аж. Лалын алан хядагч “Боко Харам” бүлэг ихээхэн нөлөөтэй байдаг тус нутагт хоол хүнс нэн даруй шаардагдаж буй 14 сая хүн байна хэмээн НҮБ-ын хүмүүнлэгийн хөтөлбөрийн зохицуулагч Питр Лундберг мэдэгдлээ. Сүүлийн долоон жилд лалын босогчдын өдөөсөн дайнд арван мянган хүн амиа алдаж, хоёр сая орчим иргэн орон гэрээ орхин дүрвэжээ. “Боко Харам” бүлэг 2014 онд дунд сургуулийн 250 эмэгтэй сурагчийг хулгайлсан юм. Тэдний 50 орчмыг сулласан аж.

А.Меркель дахин өрсөлдөхөөр шийджээ

Германы канцлер Ангела Меркель энэ суудалд дахин өрсөлдөх гэж байгааг Бундестагийн гадаад бодлогын хорооны дарга Норберт Ретген дуулгалаа. “Тэр канцлерийн сонгуульд дахин нэрээ дэвшүүлнэ. Тэрээр олон улсын эмх журмыг батжуулахад өөрийн хувь нэмрийг оруулахад бэлэн, шийдэмгий байна” хэмээн Ретген ярьжээ. Ангела Меркель 2005 оноос хойш Германы канцлерийн албан тушаалыг хашиж байна. Цагаачлал, дүрвэгсдийн хямралын улмаас сүүлийн үед түүний нэр хүнд ихээхэн унаж байгаа. Есдүгээр сард болсон орон нутгийн сонгуульд цагаачлалыг эсэргүүцдэг нам Меркелийн намаас илүү санал авсан юм. Германд бүх нийтийн сонгуульд 2017 онд болно. 


Дэлхийн лидерүүд ямар цалинтай вэ?

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамп Цагаан ордны эзний жилийн 400 мянган долларын цалинг авахгүй, харин хуулийн дагуу хамгийн бага буюу нэг долларын цалин авна хэмээн CBS телевизэд ярилцлага өгөхдөө онцлон мэдэгдсэн билээ. Ийнхүү тэрээр дэлхийн хамгийн бага цалинтай төрийн тэргүүн болох гэж байна. Сонгуулийн кампанит ажлын үеэр Ерөнхийлөгч болвол цалингүй ажиллана гэж байсан амлалтыг нь сэтгүүлч сануулахад Трамп “Ерөнхийлөгч ямар цалинтайг ч мэдэхгүй байна” хэмээн хариулжээ. CBS-ийн сэтгүүлч Барак Обама жилийн 400 мянган долларын цалин авдагийг дуулгахад Цагаан ордны дараагийн эзэн “Үгүй ээ, би тэр цалинг авахгүй” гэж хэлсэн аж. Ардчилагч Жон Кеннеди, бүгднайрамдахч Херберт Хувер нар АНУ-ын Ерөнхийлөгчийн цалингаас татгалзаж буяны үйлст хандивлаж байсан юм. Дэлхийн лидерүүдийн цалин пүнлүүг сонирхуулъя.
Жилийн 400 мянган долларын цалинтай АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ жагсаалтыг тэргүүлж байна. Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо 260 мянга, Германы канцлер Ангела Меркель 242 мянган долларын цалинтай.
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ – 241.250 доллар
ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Жейкоб Зума – 206.600
Францын Ерөнхийлөгч Ф.Олланд – 198.700
Британийн Ерөнхий сайд Тереза Мэй – 186.119
Кремлийн тэргүүн В.Путин – 137.650
Италийн Ерөнхий сайд Маттео Ренци – 120.000
Испанийн Ерөнхий сайд – 79.000
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди – 28.800
Хятадын удирдагч Си Жинпин – 20.600


Sunday, 13 November 2016

Месси гэрээгээ шинэчлэх хүсэлгүй байна

Лионель  Месси гэрээгээ шинэчлэх хүсэлгүй байгаагаа өнгөрсөн долдугаар сард Барсагийн удирдлагад хэлсэн аж. Тэрээр долдугаар сарын хоёр дахь долоо хоногт Ибиза арал дээр эхнэр хүүхдийн хамт амарч байхдаа удаан эргэцүүлсний эцэст 2018 оны зургадугаар сард гэрээ нь дуусах хүртэл Барсатай гэрээгээ шинэчлэхгүй байхаар шийдсэн аж. Тэр үед эцэгтэйгээ энэ талаар нухацтай ярилцсан байна.

Месси Барсад байх хугацаандаа долоон удаа гэрээгээ шинэчилж байжээ. Хамгийн сүүлд 2014 оны тавдугаар сард гэрээгээ шинэчлэхдээ гэрээг цуцлах хязгаар буюу өөр багт худалдах үнийг 250 сая еврогоор тогтоосон юм. Барсагийн ерөнхийлөгч Бартомеу Мессид хандан гэрээгээ шинэчлэх талаар дахин нэг бодож үзэхийг хүсчээ. Месси Барсагаас жилд 11 сая долларын цалин авч байна. 
Д.Трамп гурван сая хууль бус цагаачийг хөөж гаргана

АНУ-ын  Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп гэмт хэрэгт холбогдож байсан  бичиг баримтгүй цагаачдыг улс орноос хөөн гаргана хэмээн CBS телевизийн “60 минут” нэвтрүүлэгт оролцохдоо дахин батлан хэллээ. Түүний энэ шийдвэр АНУ-д амьдарч буй гурван сая орчим цагаачийг албадан гаргахад хүргэж болзошгүй байна. “Урьд нь гэмт хэрэгт холбогдож байсан дээрэмчид, хар тамхи зөөгчдыг улс орноос хөөн гаргах болно. Эс бөгөөс тэднийг шоронд хийнэ” хэмээн Трамп сонгуульд ялснаасаа хойш анх удаа телевизэд ярилцлага өгөхдөө онцолжээ. Эхлээд хил хязгаараа чангатгаж байгаад дараа нь АНУ-д амьдарч буй хууль бус иргэдийн асуудлыг нэг тийш шийдвэрлэнэ хэмээн Цагаан ордны дараагийн эзэн өгүүлжээ. Трамп хэдийгээр цагаачдын эсрэг хатуу бодлого баримтална гэж байгаа ч тэднийг “Гайхамшигтай хүмүүс” хэмээн тодотгосон аж.
Нэгдсэн улсын хил хязгаарыг чангатгаж, бэхжүүлнэ хэмээн амлаж байгаа Дональд Трамп Мексик, Америкийн хилийн дагуу хана хэрэм барих хүсэлтэй байгаагаа дахин илэрхийлсэн юм. Хоёр улс гурван мянган км газраар хиллэдэг. Мексик болон Латин Америкийн орнуудын иргэд хууль бусаар нэвтэрдэг хэсэг болон бусад эмзэг газруудад хамгаалалтын өндөр хана хэрэм босгох санаатай байгаа аж. “Хилийн зарим хэсгээр хашаа хаалт, нөгөө хэсгээр нь хана хэрэм барих хэрэгтэй. Би барьж байгуулахдаа сайн хүн шүү” хэмээн Трамп ярьжээ.

Болгарын сонгуульд социалист нэр дэвшигч яллаа

Болгарын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд Социалист намын нэр дэвшигч Румен Радев ялалт байгуулжээ. Тэрээр сонгогчдын 58 хувийн санал авсан байна. Европын хөгжлийн намын нэр дэвшигч Цецка Цачева 35 хувийн санал авчээ. Ерөнхийлөгчийн сонгуульд Цачевийг дэмжиж байсан Болгарын Ерөнхий сайд Бойко Борисов огцорч буйгаа мэдэгдсэн юм. “Эрх баригч эвсэл олонхийн санал авахгүй нь тодорхой боллоо. Иргэдийн санаа бодол, сонголтыг хүндэтгэж байна” хэмээн Борисов ярьжээ. Болгарын Ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдүгээр шат арваннэгдүгээр сарын 6-нд болж Радев 26.4 хувийн санал авсан юм. Болгарын цэргийн нисэх хүчний командлагч 53 настай Румен Радев төрийн тэргүүнд өрсөлдөхийн тулд 2016 оны наймдугаар сард албан тушаалаа орхиж сонгуулийн кампанит ажлаа эхлүүлж байв. Тэрээр Европын холбооноос Оросын эсрэг тавьсан хоригийг цуцлах ёстой хэмээн үздэг аж.

Мьянмад 25 хүн амиа алджээ


Мьянма улсын баруун хэсгийн Ракхайн мужид Засгийн газрын цэргүүд, босогчдын  хооронд зэвсэгт мөргөлдөөн болж 25 хүн амиа алджээ. Ихэвчлэн рохинж омгийн хүмүүс амиа алдсан бөгөөд тэд балиус, модоор зэвсэглэсэн байсан хэмээн мэдээлж байна. Энэтхэг, Бангладешийн хил орчимд амьдардаг үндэстний цөөнх рохинж үндэстнүүд Мьянмагийн хүн амын дөрвөн хувийг бүрдүүлдэг. Тус улсын эрх баригчид босогчдын эсрэг үйл ажиллагаа явуулсан гэж мэдээлж байгаа ч үнэн хэрэгтээ эмэгтэйчүүд, хүүхдүүдийн амь насанд хүрсэн хэмээн хүний эрхийн байгууллагууд мэдэгдэж байна. 2012 онд буддын шашинтнууд болон лал шашинтай рохинж нарын хооронд дайн, мөргөлдөөн дэгдсэний дараа олон мянган рохинж үндэстэн Тайланд, Малайз руу зугтан дүрвэсэн юм.

Wednesday, 9 November 2016



Меланиа Трамп, Цагаан ордонд ирсэн коммунист эцгийн охин

Меланиа Трамп ямар ч эргэлзээгүй тун өвөрмөц тэргүүн хатагтай болох нь. 46 настай, үнэхээр гоо үзэсгэлэнтэй энэ бүсгүй тун даруухан, дөлгөөхөн, маргаантай асуудалд хутгалдахаас үргэлж зайлсхийдэг чанараараа “Дональд” хэмээх брэндийг бий болгоод байгаа нөхрийнхөө эсрэг тал, тэнцвэржүүлэгч хүч болж байна. Арваннэгэн жилийн өмнө нөхөртэйгээ ханилсан тэрээр Д.Трампын ширүүхэн кампанит ажлын үеэр хэвлэл мэдээллийнхнээс зайгаа барьж, тэрбумтны эхний гэрлэлтээс гарсан охин, гол туслахуудынх нь нэг Иванкад байр сууриа тавьж өгч байсан юм. Харин шийдвэрлэх нөлөөтэй Пенсилвани мужид эмэгтэйчүүдийн саналыг татахын тулд сонгуулийн кампанийн сүүлчийн өдөр нэг удаа олон нийтийн өмнө гарч иржээ. Мэдээж шийдвэрлэх мөчид Меланиа арван настай хүү Барроны хамт гарч ирж нөхрөө дэмжсэн юм. Словени бүсгүй Меланиа Кнаусс АНУ-аас гадна төрсөн хоёр дахь тэргүүн хатагтай болж байна. 1825-1829 онд Америк орныг удирдаж байсан Ерөнхийлөгч Жон Адамсын гэргий нь Луиза хэмээх британи бүсгүй байв.
Меланиа Кнаусс тэр үед Югославын бүрэлдэхүүнд байсан Словенийн Севница хотын ойролцоох нэгэн тосгонд мэндэлжээ. 16 настайдаа моодны ертөнцөд хөл тавьж Милан, Парисын загварын шоунд оролцож, 1996 онд Нью-Йорк руу шилжлээ. Таван жилийн дараа АНУ-д байнга оршин суух эрхтэй болж, 2006 онд Америкийн иргэншилтэй болжээ. Түүний эцэг нь коммунист үзэлтэй хүн байсан аж. Гэвч тэрээр энэ талаар нэг их яриад байдаггүй ч эцэг эхээсээ өвлөж авсан зан чанар, нэр төрөө хүндэтгэн дээдэлж явдаг ажээ. Цагаачдыг “чангална” гэж байсан нөхрийнх байр суурийн талаар сэтгүүлчид лавлахад Меланиа “Хууль дүрмийг л дагах ёстой” гэж хариулсан юм.
1998 онд Нью-Йоркт болсон Загварын долоо хоногийн шоуны үеэр Меланиа, Трамп хоёр танилцжээ. “Бид хэн нэгэндээ зааварлаад байдаггүй тун чөлөөтэй байдаг.  Би түүнд санаа бодлоо чөлөөтэй хэлдэг, зөвлөх юм их гардаг” хэмээн CNN-д ярилцлага өгөхдөө онцолж байв. Трамп хатуу ширүүн өнгөөр ярьдаг нь таалагддаггүй гэдгээ бас хэлсэн аж. Трамп эхнэрээ “Гайхалтай ээж, итгэмээргүй сайхан эмэгтэй” хэмээн тодорхойлжээ.

Орчуулагч Б.Нямдорж: Габогийн хоёр оргил бүтээлийн нэг нь "Тахлын үеийн дурлал"

Монголчуудын сайн танил, суут Габриель Гарсия Маркесийн бас нэг сод бүтээлийг уншигчдад хүргээд байгаа испани хэлний орчуулагч Б.Нямдоржтой уулзлаа.

-Колумбын бичгийн их хүн, Нобелийн шагналт Габриель Гарсия Маркесийн бас нэг гоё ном уншигчдад хүрсэн, тэгэх тэгэхдээ бүр эх хэлнээс нь орчуулагдсан гээд аазгай хөдөлгөөд байна...?

-Хэ хэ.. Тийм ээ, бидний сайн танил домогт Габогийн “Тахлын үеийн дурлал” (El Amor en los tiempos del colera) гэдэг бас нэг гоё номыг орчуулж гаргалаа. Нэрт зохиолчийн өөрийнх нь хамгийн дуртай, “Зуун жилийн ганцаардал”-аасаа ч илүүд үздэг ном л доо.

-Энэ номыг орчуулах санаа яаж төрсөн юм бэ?

-Маркес гуай энэ зохиолоо одоогоос яг 30 жилийн өмнө бичсэн. Анх, бараг арав гаран жилийн өмнө ч юм уу, Б.Эрдэнэчимэг багшаасаа энэ номны тухай сонсож байлаа. Тэгээд хоёр жилийн өмнө суут зохиолч өөд болоход Испанийн телевизээр түүний тухай маш их ярьж, намтар, ярилцлагыг нь хэдэн цагийн турш гаргасан юм. Тэгэхэд Габо “Тахлын үеийн дурлал”-ынхаа талаар ярихыг сонсоод “За, ерөөсөө энэ номыг нь орчуулъя” гэж шийдсэн.

-Суут зохиолч энэ номныхоо талаар яг юу гэж ярьсан юм бол?

-“Тахлын үеийн дурлал”-даа хамгийн дуртай, “Зуун жилийн ганцаардал”-аасаа ч илүү үнэлдэг гэдгээ хэлж байсан. “Тахлын үеийн дурлал” бол түүний хоёр оргил бүтээлийн нэг. “Та аль номдоо хамгийн дуртай вэ” гэсэн асуултад Габо “Зуун жилийн ганцаардал” бол үлгэр, домгийн ч юм шиг сонин ном шүү дээ. Харин итгэмээргүй, хамгийн гоё гайхалтай хайрын тухай өгүүлдэг “Тахлын үеийн дурлал” хамгийн гоё нь. Би энэ романдаа хамгийн дуртай” гэж байсан. Тэгээд л “Ерөөсөө үүнийг орчуулъя” гэж шийдээд их сургуулийн найз, испани хэлний бас нэг мундаг мэргэжилтэн Б.Пүрэвсүрэнг Испани явахад нь энэ номыг захиж авчруулаад орчуулаад суучихсан.

-Овоо зузаан ном байна лээ. Хэдий хэр хугацаанд орчуулж дуусгав?

-Жил хагас болсон байх аа. Дунд нь залхуураад хэд хэд хаясан л даа.

-Уран зохиол, номын орчуулга гэснээс орчуулгын эрх, зохиолчийн эрх гэж нэг юм бий. Та зохих зөвшөөрлийг нь авч орчуулсан уу?

-Энэ ч яах аргагүй ярих сэдвийн нэг. Бид яваандаа аливаа ном, зохиолын эрхийг нь авч, хууль ёсны дагуу орчуулж гаргаж байх нь зөв. Би энэ талаар бас жаахан юм харж, судалж л байсан. Хэвлэгдээд 30 жил болсон ном зохиогчийн эрхгүй болчихдог гэж нэг юм сонссон, буруу ч байж магадгүй. Тэгээд ч хувь хүнд тэр номыг орчуулж, хэвлэж түгээх эрхийг өгдөггүй, хэвлэлийн газарт л өгдөг юм байна. Энэ талаар жаахан сонирхож байгаад хаячихсан, яараад ч гэх юм уу.

-Юунд яарсан гэж?

-Үгүй яахав, аливаа гадаад зохиолыг эх хэлнээс нь шууд монгол руу орчуулбал илүү гоё, зөв гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Тэгээд ч агуу Габриель Гарсия Маркесийн өөрийнх нь хамгийн дуртай бүтээл эх испани хэлнээсээ монгол руу буувал хамгийн гоё биз дээ, тийм үү. Манай мундаг орчуулагч нар англи, орос хувилбараас нь орчуулчих л байсан байх. Хэвлэгдээд 30 жил болж байгаа ийм гоё зохиол яагаад монгол дээр орчуулагдаагүй байсан юм бол гэж бас гайхдаг л юм. Намайг орчуул аа гээд хүлээгээд байсан юм байлгүй, хэ хэ.

-Номонд дурлагсад Габог дэндүү сайн мэднэ. “Зуун жилийн ганцаардал”, “Хурандаад хэн ч бичихгүй”, “Гунигт янхнуудаа дурсахуй” гээд нэртэй бүтээлүүд нь монгол хэлээр хэвлэгдсэн. Нэрт зохиолчийн өөрийнх нь хамгийн хайртай, дуртай бүтээл анх хэвлэгдсэнээсээ хойш 30 жилийн дараа монгол уншигчдад хүрч байна гэхээр бас л сонин юм...?

-Бараг бүх л хэл дээр хэвлэгдэж тухай бүртээ бестселлер болж байсан ном юм билээ. Испани, итали, герман, бразил, португал хүмүүстэй таарахдаа энэ номны талаар асуудаг юм. “Та энэ зохиолыг уншсан уу, ер нь ямар ном бэ” гэхээр “Юу ярина вэ, маш гоё, хамгийн гоё ном шүү дээ” л гэдэг. Хааяа залхуураад хаячихдаг байсан орчуулгаа дуусгахад тэдний энэ санаа бодол бас ташуур болж байлаа.

-Ном орчуулна гэдэг хэцүү юу?

-Амаргүй ээ.. Ер нь их хэцүү ажил. “Дээвэр дээр суудаг Карлсон”-ы орчуулагч Н.Пүрэвдагва ах саяхан таарахдаа “Ном орчуулна гэдэг чинь их л тэнэг хүний ажил” гэж хэлж билээ. Бодоод байсан чинь бас л үнэн санагдаад орой руу ёгхээд л ороод ирж байна лээ шүү.

-Та номоо яаж орчуулдаг вэ?

-Орчуулагч бүр өөрийн аргатай. График гаргаад өдөрт яг тэдэн хуудас орчуулна гээд яс суудаг мундаг хүмүүс их бий. Зарим нь “Энэ чинь хүн биш, машин юм уу” гэлтэй хурдан орчуулдаг хүмүүс ч бий. Би залхуу, хэнэггүй талдаа. Өөрийнхөө орчуулдаг туршлага, арга ч гэх юм уу, тэрийгээ хуваалцая л даа. Би эхлээд мэдэхгүй үгээ хуудас хуудсаар нь түүгээд биччихдэг юм. Тэгээд тэр үгнүүдээ тольдох, монгол руу буулгах ажилд орно. Орчуулгын нэг чухал хэсэг нь энэ. Тэр үгээ монгол дээр яг оновчтой, утга төгөлдөр буулгахын тулд жинхэнэ эрэл хайгуул эхэлнэ шүү дээ. Тэгээд л мэдэхгүй үгээ тольдож, монголчилж, өөрөө өөртөө испани-монгол толь зохиож аваад зуслан дээр ч юм уу очоод суучихдаг. Гадаад үгийг аль болох бүгдийг нь монголоор буулгахыг хичээдэг. Гэхдээ монгол дээр буулгаж болдоггүй, гадаадаар нь бичихгүй бол болдоггүй үгнүүд байна. Одоо энэ “Тахлын үеийн дурлал” дээр асралж, хариг гэдэг үг гарна. Тэр юу гэсэн, ямар утгатай үг вэ гэдгийг олж мэдсэн хүнд номоо бэлэглэсэн ч болж байна.. хэ хэ.

-Орчуулгын ном, зохиол гэхээр л “Ямар л олигтой юм байдаг юм. Монгол хэл, найруулга нь муу л юм байгаа биз” гэсэн ойлголт байдаг. Энэ номыг сайн орчуулсан гэх ямар баталгаа байна?

-Тун зөв асуулт. Тийм ойлголт газар авчихсан нь харагддаг. Орчуулга муутай ном, зохиол их байдаг ч сайн орчуулгатай нь бас цөөнгүй байна. Олон ном, бүтээл орчуулагдаж гарч байна. Үүнд буруу юм байхгүй. Тооноос чанарт шилжих хуулиараа л явна. Дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй гэдэг шиг би бол орчуулгаа сайн л гэж хэлнэ.  

-Нэг жижүүрийн асуулт. Та хамгийн сүүлд ямар ном уншив?

-“Тахлын үеийн дурлал”.. хэ хэ. Үнэнийг хэлэхэд ном уншихгүй юм өө. Арван жилд байхдаа “Манан будан”, “Зүрхний хилэн”, “Зуун жилийн ганцаардал”, “Цаг цагийн урсгал”, “Элс цас”, “Болор толь”, “Цагаан соёот” гээд хамаг гадаад, дотоодын гоё, сонгодог гэсэн бүхнийг уншдаг байлаа. Одоо яагаад ч юм ном уншихгүй юм. Орчуулсан хэдэн номоо л хааяа эргүүлж, харж байдаг юм. Энд нэг юм хэлмээр санагдаад хэл загатнаад байна.  “Гунигт янхнуудаа дурсахуй” романы талаар Бадам гээд номонд дуртай нэг бүсгүй интернэтэд сэтгэгдлээ бичсэн байсан. Номыг ингэж ойлгож, ажиглаж, ухаарч уншдаг хүнд “Браво” л гэж дуу алдахаас өөр хэлэх үг алга. Тэр юу гэж бичиж байсныг харуулъя.
“Нобелийн шагналт Габриель Гарсия Маркес
“Гунигт янхнуудаа дурсахуй”
Габриель өвөө намайг гайхуулсаар л байна. Энэ номыг яагаад өдий хүртэл уншаагүй явснаа гайхаад олохгүй суух. “Нас гэдэг бол хэн нэгэнд байдаг зүйл биш мэдрэгддэг зүйл юм” гэсэн зохиолын гол дүрийн 90 насны ойтойгоо золгож буй өвгөний үг. Үнэн биз. Бид нас минь явж байна даа, би тэдэн нас хүрчихлээ гэж ярьдаг ч тэр нас бидэнд байхгүй. Духанд суух үрчлээ, ухаажин төлөвших араншин, сулран доройтох махбодь, өөрчлөлт шилжилтийг л бид мэдэрдэг. Тэгээд нас минь явж байна даа гэж санаа алдах. 90 насныхаа ойгоор нэгэн онгон охинтой галзуу шөнийг өнгөрөөх хүсэл. Боломжгүй мэт. 14 настай охин, 90 настай өвгөн хоёрын хайр сэтгэл. Бүр ч боломжгүй мэт. Гэтэл бид “ийм байх ёстой” гэсэн хүлээсэнд баригдчихсан амьдардгаа сая л бүүр түүр ойлголоо. Үүнтэй эн зэрэгцээд жинхэнэ хайрын тухай бодол. Охиныг харах хүсэл, уулзахын тухай бодол, өөрийгөө яг л даль жигүүртэй мэтээр төсөөлөх төсөөлөл, уйлж, гуниглах, инээж баясах...Өвгөнд яг л ийм мэдрэмж хөвөрсөөр.. Үнэхээр нас гэж байдаггүй аж. Зүрх өнө мөнхөд цохилдог, тэр дундаа дурласан, хайрласан зүрх зогсдоггүй юм байна. Зохиолын үйл явдал, тухайн үеийн нийгэм, янхандалтын тухай бичмээргүй байна. Би жингүйдэж байгаа болохоор кккк... Тэгээд ч цөөхөн хуудастай энэ номыг та бүхэн сонирхвол уншихад хэдхэн цагийн л ажил. Харин зохиолын тухай бодмоглох нь маш олон өдрийн ажил болох байх аа”

-Шинэ ном тань аль хэр борлогдож байна даа?


-Номын дэлгүүрт өгөөд хэдхэн л хонож байна. Реклам, сурталчилгаа нь аль хэдийнэ “хийгдчихсэн” зохиол шүү дээ. Нэрт орчуулагч Г.Аким гуай “Зуун жилийн ганцаардал”-ыг олон жилийн өмнө орчуулж, энэ болон дараагаар нь гарсан олон зохиол, бүтээлээр нь монголчууд Габог дэндүү сайн мэддэг болсон. 


Доналд Трамп гэж хэн бэ?

Доналд Жон Трамп 1946 оны долдугаар сарын 14-Нью-Йорк хотын Ямайка Стейтс хэмээх дагуул хотод мэндэлжээ. Тэрээр эцэг эхээс тавуулаа, дээрээс хоёр дахь нь. Түүний эцэг нь герман гаралтай, ээж нь шотланд цустай хүн байв. Трамп 13 настайдаа Нью-Йоркийн цэргийн академид суралцахаар  явж хүүхэд ахуйн сахилгагүй зангаа орхиж дэг журамд суралцсан гэдэг. Ирээдүйн эрбумтны хүмүүжилд хамгийн их нөлөө үзүүлсэн хүн бол мэдээж эцэг Фред нь. Тэд зан аашийн хувьд усны дусал шиг ижилхэн байв.
Бизнесийн ертөнцөд хөл тавихаасаа өмнө залуу Доналд эцгийнхээ үгийг дагаж коллежид суралцахаар болов. Тэрбээр 1964 онд Фордхамийн их сургуульд орж хоёр жилийн дараа Пенсилванийн Санхүү худалдааны их сургуульд шилжин суралцлаа. Трамп ердийн нэг оюутан байсангүй. Архи, тамхи хэрэглэдэггүй байв. Гэвч хичээл сургууль түүний хувьд гол зүйл байсангүй. Эцэгтээ бизнест нь туслахын зэрэгцээ ирээдүйн тэрбумтан үл хөдлөх хөрөнгийн наймааг сонирхож хэзээ нэгэн цагт эцгээсээ илүү том гарын бизнесмэн болно гэж мөрөөдөж байв.
Сурч байх үедээ тэрээр эцэгтэйгээ зөвлөлдсны дагуу Охайо мужид дампуурсан компанийн айлын орон сууцны цогцолборыг худалдаж авлаа. Сонирхолтой нь Трамп гэр бүлийн авсан энэ цогцолборыг сэргээн засварлахад улсаас мөнгө гаргаж байжээ. Ердөө зургаан сая доллараар авсан цогцолборыг тэд 12 саяаар эргүүлэн зарсан аж. Энэ амжилттай наймаа нь ирээдүйн барилгын магнатад тун их урам хайрласан гэдэг. Гэхдээ түүний ажил хэрэг үргэлж анхных шигээ амжилттай байгаагүй аж. Тэрбээр зөн совингоороо Нью-Йорк руу тэмүүлдэг байсан бөгөөд энэ хот түүнд их мөнгө авчирна гэдгийг мэддэг байжээ.

Трамп 1988 оноос улс төрийг сонирхож, 2008, 2012 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр оролдож байсан билээ. Тэрээр казино, зочид буудал, үл хөдлөх хөрөнгөөс гадна дэлхийн 90 оронд 2,5 тэрбум хүн үздэг “Дэлхийн мисс” тэмцээний албан ёсны эзэмшигч. Доналд Трамп гурван эхнэрийн таван хүүхэдтэй. Түүний гурав дахь эхнэр Словенийн загвар өмсөгч Мелани Кнаусс тэрбумтан нөхөртөө хүү төрүүлж өгсөн юм. 
Дональд Трамп АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Н.Мөнхжин

АНУ-д тун ширүүн өрсөлдөөнтэй сонгуульж болж Бүгд найрамдах намын нэр дэвшигч, 70 настай Дональд Трамп АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Цагаан ордны эзний сонгуульд үргэлж шийдвэрлэх нөлөө үзүүлсээр ирсэн Флорида, Охайо, Хойд Каролина мужийн сонгогчдын ихэнх нь Трампт саналаа өгчээ. Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдоход шаардлагатай 288 төлөөлөгчийн санал авсан нь нэгэнт тодорхой болсны дараа Дональд Трамп Нью-Йорк дахь сонгуулийн  төв штабт цугласан хамт хүчин үтгэсэн багийнхан, намын гишүүд, дэмжигчдийнхээ өмнө гарч үг хэллээ. “Та нарыг хүлээлгэсэнд уучлаарай, тайзан дээр гарч ирэх амаргүй байлаа. Баярлалаа, та бүхэнд. Дөнгөж сая Хиллари утсаар ярьж баяр хүргэлээ. Би түүнд болон гэр бүлд нь баяр хүргэсэн. Тэр маш хатуу, нөр их тэмцэл өрнүүлж, гайхамшигтай өрсөлдлөө. Түүний улс орондоо өргөсөн хүчийг нь бид талархан баяр хүргэх ёстой. Би бүх америк хүний Ерөнхийлөгч байх болно. Тарж бутраад байгаа улс орноо нэгтгэх хэрэгтэй болж байна. Би эдийн засгийг сайжруулж, найрсаг гадаад бодлого баримтлах болно” хэмээн мэдэгдлээ.

Дэлхийн хамгийн хүчирхэг гүрнийг дараагийн дөрвөн жилд хэн удирдах, алан хядагчид, хэт даврагч байгууллагуудын эсрэг ямар тэмцэл явуулах, АНУ дотроо эдийн засгийн ямар бодлого баримтлах, америк мөрөөдлөөр жигүүрлэсэн цагаачдыг хэрхэх гээд АНУ-ын Ерөнхийлөгч болон парламентын дээд, доод танхимийн сонгууль нь дэлхий дахины хувь заяанд ихээхэн хамаатай үйл явдал билээ. “Исламын улс” бүлэглэлийг нэн даруй булшлана хэмээн амласан Дональд Трамп ОХУ-д талтай, Кремлийн удирдагч В.Путинийг шүтэн биширдэг гэж мэдэгдэж байсан нь ихээхэн сонирхол татаж байна. Нам доторх сунгаа, намын их хурлаар нэр дэвшигчээ батлах, дараа нь хоёр гол өрсөлдөгчийн сонгуулийн кампанит ажил гээд жил гаруйн турш дэлхий дахиныг шуугиулсан сонгууль ийнхүү дууслаа. Ойрхи Дорнод дахь дайн хямрал, дүрвэлт, Ирак, Сири, Афганистан, Пакистан дахь террористуудын үүр уурхай, амиа золиослогч алан хядагчдын сүлжээг таслан зогсоож дэлхий даяар энх тайван тогтооход АНУ-ын оролцоо тун чухал юм. Энэ бүгдийг удирдан зангидах үүргийг 70 настай Дональд Трамп хүлээж байна. Тэрээр 2017 оны нэгдүгээр сарын 20-нд АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөж бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлэх юм.

Monday, 7 November 2016







Кубын тэмдэглэл

Эрх чөлөөний арлын орон Куба нь ертөнцийн нөгөө бөөрөнд орших ч монголчуудын хувьд хамгийн дотно, ах дүүгийн барилдлагатай улс билээ. Фидель Кастро, Эрнесто Че Гевара тэргүүтэй хувьсгалчид Америкийн талыг баримтлагч дэглэмийг түлхэн унагаж, социализм, коммунизмийг цогцлоон байгуулах их үйлсэд ханцуй шамлан орж, одоо ч үзэл бодолдоо үнэнч зүтгэсээр даруй хагас илүү зууныг элээгээд байгаа Куба орон. АНУ-ын талыг баримтлагч дэглэмийг түлхэн унагаж, хөрөнгөтнүүдийг хөөж гаргасныхаа төлөө Вашингтоны зүгээс хориг арга хэмжээ, бүслэн хаалтад ороод 60 гаруй жил болж байгаа Куба. Дэлхий дээр хуруу дарам цөөн үлдсэн социалист, нэг намын системтэй кубачууд. Ийм нэг “сонирхолтой” бөгөөд сэтгэлд ойр арлын Куба оронд зочлох завшаан тохиов. 
“Аэрофлот”-ын Airbus агаарын хөлөг Москвагаас хөөрсний дараа “Таныг манай авиа компаниар үйлчлүүлж буйд талархаж байна. Гавана хүртэл манай нислэг 12 цаг 30 минут үргэлжилнэ” хэмээн зарлаж байна. Миний хажууханд 30 орчим насны нэг хар залуу таарсан нь харваас куба гэдэг нь илт. Бие хаа нь тэгш гоолиг, тэгээд ч тамирчин мэт хувцасласан байсан тул спортын хүн байх хэмээн таамаглав. Чилийсэн 12 цагийн нислэгийг унтаж, сэрж, сэтгүүл, видео энэ тэр үзэж өнгөрөөсөөр уйдахдаа нөгөө залуутай яриа өдлөө. Нэр нь Рейнер.

-Сайн байна уу, та куба хүн биз дээ?
-Тийм ээ. Тө өөрөө?
-Аан, би монгол.
-Өө, Монгол. Гайхалтай.
-Та тамирчин хүн үү.
-Үгүй, би балетчин. 
-Тийм үү?
-Тийм ээ, би Италид ажиллаж, амьдардаг. Одоо амралтаа нутагтаа өнгөрөөхөөр явж байна.
-Хэзээнээс гадаадад бүжиглэж байгаа вэ. Аль хотод байдаг юм?
-Би гадаадад бүжиглээд дөрвөн жил болж байна. Эхлээд Венецийн, одоо Ториногийн дуурийн театрт бүжиглэдэг. 
-Сонирхолтой юм байна. Нээрээ хоёр жилийн өмнө Монголд Бостоны балетийн бүжигчид ирж тоглоход тэдэн дунд Родриго Алмаралес гэдэг куба залуу ирсэн. Түүний ур чадвар үнэхээр гайхалтай байсан. Хамгийн шилдэг нь байсан. Та түүнийг мэдэх үү. Их алдартай балетчин байсан. 
-Родриго Алмаралес аа... Дуулаагүй юм байна. 
-Родриго Алмаралес нээрээ хэдэн жилийн өмнө Италид “Авъяастныг тодруулахуй” телевизийн шоунд оролцож финалд шалгарч байсан юм байна лээ. Мэдэхгүй гэж үү?
-Тийм шоу байдаг. Гэхдээ Алмаралесийг мэдэхгүй юм байна аа. Кубын олон сайн балетчин гадаадын театруудад бүжиглэдэг. Маш олон байдаг. 

“Бостон балет”-ийн Алтанхуягийн авчирсан бүжигчид дунд байсан куба залуу Родриго Алмаралес үнэхээр гайхалтай бүжиглэж байсныг та бүхэн санаж байгаа биз дээ. Гэтэл Кубаар дүүрэн, дэлхийгээр дүүрэн хэдэн мянган Родриго Алмаралесууд байдаг ажээ. Энэ нь мэдээж эдүгээ 90 нас сүүдрийг зооглож яваа, дэлхийд зартай балетчин явсан Алисиа Алонсогийн үндэслэн байгуулсан Кубын үндэсний балеттай (Balet Nacional de Cuba) салшгүй холбоотой. Кубын үндэсний балетийг төгссөн л бол дэлхийн ямар ч дуурийн театрт гологдохгүй, ер нь бол урилга заллагаар бүжиглэж явдаг бололтой. 
Гавана дахь Хосе Мартигийн нэрэмжит олон улсын нисэх буудалд газардаад паспортны хяналтаар орох гэж харин овоо уддаг юм байна. 20-оод цонх байх ч тус бүр дээр нь асар урт дараалал үүсч, нэлээн цаг авах юм. Хилийн хяналтаар орж, чемоданаа аваад гараад ирэхэд таксичид “Гавана орох уу, ноёнтоон, 30-аар явна шүү” хэмээн хоргооно. 30 гэдэг нь 30 хөрвөх песо. Кубын мөнгөн тэмдэгт нь песо. Гэхдээ песо нь дотроо хоёр янз байх аж. Энгийн буюу Кубын песо, мөн хөрвөх песо гэж байна. Одоо бол бараг ихэнх худалдаа, үйлчилгээ хөрвөх песогоор хийгддэг. Харин бүтэн сайнд гардаг хүнс, ногооны зах, хямдхан цайны газар, жижиг мухлаг, хоолны газруудад л энгийн песогоор тооцоо хийнэ. Нэг хөрвөх песо нь нэг америк доллартай тэнцүү. Нэг хөрвөх песо нь 24 энгийн песотой тэнцэнэ. 
Интернэтээр мэдээлэл хайж байхад “Гаванын нисэх буудал дээр зөвхөн такси байдаг. Хувийн автомашинаар хүн тосохыг хориглодог. Автобус нисэх буудлаас явдаггүй. Зөвхөн таксигаар хотын төв рүү ордог” гэж байсан ч тийм биш байлаа. 
Нисэх буудлаас гарахад 1950-аад оны америк машинууд өөрийн эрхгүй нүд булаана. Кубад байдаг автомашинуудын тал хувь нь 50-60 насласан ч ажрахгүй явсаар байгаа “Buick”, “Chevrolet”, “Cadillac”. Эдгээр төмөр хүлгүүд нь аялагч, жуулчдыг татах нэг соронз болдог ажээ.
Нисэх буудлын гадаа “Наашаа ноёнтоон, ийшээ суучих. Гаванын төв рүү 30-аар явдаг. Би 25-аар явна. За наашаа” хэмээн хоргоолгож байх хооронд онгоцонд танилцсан балетчин залуу гэнэт гарч ирээд “Эй, амиго. Манай дүүгийн найз машинтайгаа ирчихсэн байна. Чамайг буух газар дээр чинь хүргээд өгье. 20 хөрвөх песо. Болно биз дээ” гэлээ. “Тэгье тэгье” гээд очлоо. Нөгөө хуучин америк машин. Үнэхээр сонин санагдаж, орчин үеийн таксигаар бус, 50-аад оны америк машинаар Гавана орох болсондоо баярлав. Би ч урд суудалд, жолоочин хажууд тухалж авлаа. Рейнер дүүтэйгээ арын суудалд сууж хууч хөөрч байх хооронд Райдел хэмээх жолооч залуутай танилцаж, бяцхан хөөрөлдөв. 
-Энэ хэдэн оны машин бэ?
-1953 оных.
-Америк машин уу?
-Яг тийм, ноёнтоон. 
-Одоо болтол явж байхыг бодоход та нар машинаа сайн арчилж, торддог байх нь ээ?
-Тэгэлгүй яахав. Тордож, засч янзалж байж л хөдлөнө биз дээ. 
-Иймэрхүү машин ямар үнэтэй байх вэ?
-20-30 мянган доллар л гэдэг юм. Гэхдээ ийм өндөр үнээр авна гэж юу байхав дээ. 
-Бензин ямар үнэтэй байх уу?
-Литр нь нэг хөрвөх песо. Гэхдээ бид нар контрбандын (хууль бусбензин авч машиндаа хийдэг юм. Хамаагүй хямдхан. 
Тэртээ тэргүй нисэх буудлаас 20-30 доллараар Гавана хот орох юмыг найздаа үйлчлүүлэгч олж өгч орлого оруулж байгаа нь тэр. Кубууд ийнхүү танил тал, найз нөхөддөө туслаж “сэргэлэнтэхдээ” гарамгүй юм байна лээ. 
Кубад дундаж цалин тун бага тул ингэж хууль бусаар бараа таваар “гулгуулж” аргалахгүй бол болдоггүй бололтой. Монголчууд бид өөрсдийгөө хамгийн сайн жолооч, хамгийн сайн механик, засварчин гэж өргөмжилдөг бол биднээс илүү машиныг засч тордож, “монголчилдог” хүмүүс тэнд байна шүү. Хэдэн жилийн өмнө Ховдод “69”-өө 14 жил тордож, хөдөлгөж яваа жолоочтой таарч шагшиж байж  билээ. Гэтэл юун 14 жил, 50, 60 жил төмөр хүлгээ амьдруулсаар байгаа хүмүүс бол нээрээ зөвхөн кубачууд юм байна даа гэж бодогдлоо. Зарим нь тэрхүү нас өндөр америк машиныг хурц, тод өнгөөр будаж алаглуулан, дээгүүр нь задгай болгон жуулчдыг суулган “Сити тур” хийн багагүй мөнгө олдог юм байна лээ. 
Америк машинуудын хажуугаар Оросын “Лада”, “Жигули”, “Москвич” бас л духъя харагдана. Япон, Солонгос, Германы сүүлийн үеийн машинууд бас байна аа. Харин манайд “хогоороо” байдаг данхар жип ер нь байхгүй юм. Тэрхүү хуучин америк машинууд нь манайхаар бол микрийн үйлчилгээ үзүүлдэг. Хуучин Гавана орно гээд л хүмүүс суугаад буугаад, суугаад явах юм. Нэг зорчигч 10 энгийн песо буюу манай мөнгөөр 500-600 төгрөг төлнө. Нийтийн автобус нь бүр хямдхан юм билээ. 100 төгрөг юм уу даа. 
Куба нь аялагч, жуулчдын хувьд үзэж, харах юм ихтэй. Виньялесийн хөндий, Санта Круз дахь ром дарсны үйлдвэр, Варадеро, Каёо далайн эргийн амралт, Сапатагийн дархан цаазат газар, Хувентуд арал гээд л жуулчдын сонирхлыг татсан, очих дуртай газар олон. Үүнээс гадна Гавана бол дэлхийн аялагч жуулчдын хувьд алдартай хот.
Өнгөрсөн онд Куба улс 2.8 сая гадаадын жуулчин хүлээж авчээ. Энэ нь 2011 оныхоос 4.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Улс орны эдийн засагт орлого оруулдаг гол эх үүсвэр нь энэ юм. Мөн навчин тамхи, ром дарс төсөвт ихээхэн нэмэр болно. Энэ жил гадаад жуулчдын тоог гурван саяд хүргэх зорилт тавиад байна. Өнгөрсөн жил Кубад зочилсон гадаад жуулчдын талаас илүү хувь нь канадууд байжээ. Канадууд хоёр жил дараалж ийм рекорд тогтоож байгаа аж. Тэгээд араас нь Аргентин, Орос, Перу, Колумб, Хятад, Бразилийн жуулчид хамгийн ихээр ирдэг байна. Сүүийн үед монголчууд ч бас цөөнгүй Куба орныг сонгон зорчдог болж. Цагаан сарын үеэр хөгжмийн зохиолч Балхжав, жүжигчин Урнаа тэргүүтэй хэсэг нөхөд Кубаар аялсан сураг дуулдав. Мөн Америк, Канад зэрэг хол бус оронд ажиллаж, амьдардаг монголчууд Кубад ирж амарчихаад буцдаг болсон гэж байна. 
Кубын Засгийн газрын тэтгэлгээр 24 монгол оюутан шүдний эмч, спортын дасгалжуулагч, архитектур зэрэг мэргэжлээр суралцаж байна. Байр, хоол үнэгүй, сардаа таван долларын тэтгэлэгтэй. Монголд байдаг монгол оюутнууд шиг наргиж цэнгэж, баар сав хэсч явдаггүй, тийм боломж байдаггүй юм байна. Хоорондоо уулзах нь бас ховор, хааяа нэг Монголын тэмдэглэлт баяраар Элчин сайдын яаман дээрээ цуглаж, хөгжилддөг аж. Тиймээс Кубад сурдаг монголчууд бодож санах юмгүй хичээлдээ шамдсаар төгсдөг, тэр тусмаа дэлхийн хаана ч гологдохгүй шилдэг мэргэжилтнүүд болоод ирдэг байна.  

Кубад суух элчин сайд Даваасамбуу хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа аж. Кубын анагаах ухаан, боловсролын систем дэлхийд алдартай. Куба дахь монгол оюутны тоог нэмэх, зөвхөн Засгийн газрын тэтгэлгээр бус, мөн төлбөртэй, ховор, нарийн мэргэжлээр суралцагчдын тоог нэмэгдүүлэх, монгол жуулчдыг аялалын багцад хамруулж, хямдрал үзүүлэх, Куба дахь эмчилгээний аялалыг хөгжүүлж, монголчуудыг оролцуулах, спортын өндөр амжилт гаргадаг сургалт, арга барилаас нь суралцах зэрэгт манай тал тодорхой санал тавьчихаад байгаа аж. Дөрөвдүгээр сард хоёр улсын Засгийн газар хоорондын уулзалт Гавана хотод болохоор төлөвлөгджээ. Энэ уулзалтаар хамтын ажиллагааны шинэ гэрээ хэлэлцээг батлах, өргөжүүлэхээр бэлтгэж байгаа аж. Испани, Латин Америк буюу испани хэлт ертөнцөөс ганцхан орны элчин сайдын яам Улаанбаатарт байдаг нь Кубынх билээ. Латин Америкт Монголыг төлөөлдөг ганцхан дипломат төлөөлөгчийн газар байдаг нь бас л Кубад. Сүүлийн үед Латин Америкийн орнуудын Монголыг сонирхох, хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхол нь илт нэмэгдэх болсныг элчин сайд онцолж байв. 

Фидель Кастро 2006 онд эрүүл мэндийн улмаас дүү Раульдаа эрх мэдлээ шилжүүлж өгснөөс хойш Засгийн газрын төв хэвлэл “Гранма”-д “Эргэцүүлэл”-ээ тэрлэн суух болсон юм. Нэг хэсэг эрчтэй бичиж, нийтлүүлж байснаа сүүлийн үед цөөрч, бараг бичихээ больжээ. Дүү Рауль Кастро нь Кубын нэгдүгээр хүн болсноосоо хойш ЗХУ задарсны дараа нурж унаад байсан эдийн засгаа сэргээхээр үе шаттай шинэчлэл хийж иржээ. Кубад одоо л хувийн өмч дөнгөж хөгжиж байна. Раулийн Засгийн газар жижиг, дунд тариачдад газрыг нь эзэмшүүлж, тариа, ногоогоо тарьж, зах дээр худалдах эрхийг нь олгожээ. Мөн хоёр жилийн өмнөөс иргэд орон сууц, автомашинаа худалдах, худалдан авах эрхтэй болсон юм. Америкийн хориг арга хэмжээний улмаас гадаад орнууд харилцаагаа хөгжүүлэхээс дөлж байх үед угийн уламжлалт сайн харилцаатай Испани улс зориглон хөрөнгө оруулж том том зочид буудлууд барьжээ. Украин, канадууд ч аялал жуулчлалын салбарт чамгүй хөрөнгө оруулж байна. Ром дарсны хамгийн алдартай “Havana club” брэндийг гэхэд л Францын нэгэн компани, Кубын Засгийн газар хоёр хамтран эзэмшдэг байх жишээтэй. Гурван жилийн өмнөөс куба иргэд орон сууцандаа, нэг давхартаа дэлгүүр, цайны газар ажиллуулах эрхтэй болжээ. Эдүгээ Панам, Гаити зэрэг улс руу ганзагын наймаанд явж “гахай дарж” ирдэг гэж байна. Газрыг тариачдад эзэмшүүлж байгаа ч улсын өмч хэвээрээ. Рауль Кастрогийн дэглэм саяхан нэг томоохон шинэчлэл хийсэн нь Цагаачлалын шинэ хууль юм. Куба иргэд гадаадад зорчихын тулд заавал нөгөө талын урилга, мөн Засгийн газраас гадаад руу аялах зөвшөөрөл авдаг байсан. Нөгөө талын урилгатай ч энэ зөвшөөрлийг Засгийн газраасаа авч чадахгүй бол гадаадад зорчих боломжгүй байсан. Тэгвэл өнгөрсөн нэгдүгээр сарын 14-нөөс хойш энэ хоёр шаардлагыг байхгүй болгожээ. Гадаад паспортоо аваад тухайн зорчих гэж буй орныхоо визыг авчихвал “Та яв яв” гэдэг болсон аж. Цагаачлалын шинэ хууль батлагдсаны дараа куба иргэд гадаад паспорт авахаар иргэний бүртгэлийн газарт, виз авахаар гадаадын элчин сайд, консулын газарт дугаарлан зогсох болжээ. Гэвч гадаад улс орнууд куба иргэдэд виз олгохдоо улам чанга шаардлага тавьдаг болсон, ер нь кубуудад виз өгөх дургүй болсон гэж ярьж байна. “Бид нарыг очоод үлдчихнэ гээд бүр виз өгөхөө больсон” хэмээн ярьж байлаа. Шинэ хууль гарсны дараа Монгол руу зорчих куба иргэдийн тоо ч өсөх хандлагатай болсныг Гавана дахь манай элчин сайдын яамныхан өгүүлж байв. “Монголд байр, сав ямар үнэтэй вэ, цалин хэд вэ. Зоогийн газар нээвэл хэдэн төгрөг шаардлагатай вэ” хэмээн асуун сонирхох гурван ч залуутай таарлаа. Монголд ирэх сонирхол байдаг ч хэл мэдэхгүй, мөн онгоцны зардал нь үнэтэй болохоор хэцүү байдаг бололтой. Гэхдээ л кубууд бол үнэхээр сэргэлэн, ялангуяа бизнест толгой нь дэндүү сайн ажилладаг хүмүүс дээ. Амьдралын хэцүү, хомс, тарчиг нөхцөлд амьдраад, тэсч үлдээд сурчихсан хүмүүс чинь маниус шиг элбэг дэлбэг, эрхэлчихсэн баагийнуудыг бодвол шал өөр байдаг бололтой. Гадаадад гарсан кубууд яаж, ийж байгаад л арга эвийг нь олоод л хэдэн жилийн дараа “хөл дээрээ босч”, шаггүй хувийн бизнестэй болчихсон явж байдаг. Кубуудын энэхүү сэргэлэн зан, онцлогийг өрнөдийнхэн бүгд хүлээн зөвшөөрдөг. Дээхэн үед Америк, Испани руу гарчихсан куба иргэдийн ихэнх нь хувийн компанитай, бизнесиэй болчихсон байдаг. Кубын хойд эргээс 160-хан км-ийн зайд орших Майами хотод гэхэд л 1.8 сая куба иргэд амьдардаг. АНУ-д амьдардаг латин гаралтай (испани хэлтэй) толгой баячууд, бизнесмэнүүдийг жагсаахад эхний 100 байрны 80-ыг куба гаралтай иргэд эзэлдэг ажээ.    


Кубын дундаж цалин 20-50 доллар. Навчин тамхи, ром дарсны үйлдвэр, аялал жуулчлалын салбарт ажилладаг нөхөд арай илүү цалин авдаг бололтой. “Та нар ийм бага цалин аваад яаж амьдардаг юм” гэхээр “Бид нар хуулийн дагуу амьдарвал чадахгүй, тийм боломж ч байхгүй” гэх юм билээ. Таксины жолооч нар нь бензинээ хууль бусаар “гар дээрээс” авдаг. Танилцсан куба айлын хөргөгчинд ундааны саванд хийчихсэн шаргал ундаа өрөөстөй байсныг асуувал “Шар айраг, үйлдвэрийн шар айргийг нууцаар гаргаад ингэж савлаад зардаг, хямдхан” гэнэ. Ром дарсыг ч ингэж хулгайгаар зардаг юм байна лээ. Ер нь ийм контрбандын сүлжээ дэлгэрчихсэн, түүнийгээ дагаад авлига их байдаг бололтой юм. Дээр нь гадаадад, тэр тусмаа АНУ-д амьдардаг хамаатан, садангуудаас нь ирдэг мөнгөн илгээмж, гуйвуулга куба иргэдэд ихээхэн тус болдог ажээ. Төсвийг гол орлогыг бүрдүүлдэг аялал жуулчлалын салбар, навчин тамхи, ром дарсны үйлдвэрлэл дээр Америкаас голдуу ар гэрийнхэндээ илгээдэг мөнгөн тусламж орно. Кубад америк долларыг үндэсний мөнгө рүү хөрвүүлэхдээ 18 хүртэл хувийн шимтгэл авдаг. Америк дахь куба иргэдээс ар гэрийнхэндээ илгээсэн мөнгөнөөс Засгийн газар нь өндөр хувь аваад төсөвтээ нэмэрлэчихдэг. Хэдий хэмжээний гэр бүлийн мөнгөн гуйвуулга гадаадаас орж ирдгийг Гаванын Засгийн газар нууцалдаг ч жилд 800 саяаас нэг тэрбум 500 сая долларын мөнгөн илгээмж орж ирдэг гэсэн тооцоо бий. Куба иргэн бүрт Америкт амьдардаг ямар нэг хамаатан, ах дүү, аав ээж байдаг гэж үнэн ажээ.   


Кубад одоо ч картын систем нь хэвээрээ. Айл бүр сардаа нэг удаа кофе, тамхи, хүнсний ногоо, талх, угаалгын нунтаг, саван зэрэг нэн тэргүүний хэрэгцээт зүйлээ картаар, маш хямдаар авчихдаг. Бүтэн сайнд задгай зах дээр гардаг хүнсний ногоо, жимсний худалдаа куба песогоор тооцоо хийнэ. Тариачид, үйлдвэрлэгчид зуучлагчгүйгээр, шууд авчирч зардаг эдгээр жимс, ногоо нь “Арай ч дээ” гэмээр хямдхан. Бүгд органик, жинхэнэ байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг чинь тэнд л байна. Тарихгүй, байхгүй жимс ногоо ч гэж алга. Тэгээд дээр нь ямар ч шатны боловсрол, эмнэлэг, анагаах нь үнэгүй байдаг нь атаархмаар. Кубыг ядуу ядуу, хөөрхий гэдэг ч сайн тал маш их. Рауль Кастрогийн Засгийн газар “гэнэтийн цочмог эмчилгээ” хийж ард иргэдээ “элгээр нь хэвтүүлэхгүйн” тулд эдийн засгийн шинэчлэлийг аажим, аажмаар хийсээр байна. Тэрээр хэдхэн хоногийн өмнө дахин таван жилээр Кубын удирдагчаар сонгогдохдоо “Би одоо бүрэн эрхийн хугацаагаа дуусгаад халаагаа өгнө” хэмээн парламентын индрээс мэдэгдсэн билээ. Дэд Ерөнхийлөгчөөр сонгогдсон Мигель Диас-Канель Кубын дараагийн удирдагч болно хэмээн ярьж байна. 53 настай, Кубын үе чацуу Диас-Канель Ерөнхийлөгч болвол хэрхэн, ямар шинэчлэл хийх нь хэн бүхэнд сонин байгаа аж. Кубын одоогийн удирдагчид эдийн засаг, нийгэмдээ бага багаар шинэчлэл хийж байгаа ч улс төрийн системээ солих бодолгүй байна. Харилцаа холбооны систем, эдийн засгийн сул хөгжлөө Америкийн хориг арга хэмжээтэй холбон тайлбарлах ч Кубын улс төрийн системд бас чир байдаг л бололтой. Тус улсад интернэт бараг хөгжөөгүй гэхэд л болно. Ард иргэд нь интернэт гэгчийг бараг мэдэхгүй. Төрийн байгууллагын ажилтнууд, гадаадын иргэд л интернэтийг хязгаартайгаар хэрэглэх эрхтэй. Гадаадын хөрөнгө оруулалттай том зочид буудлуудад интернэт кафе байх ч тэр хэтэрхий үнэтэй, бас удаан. “Яагаад интернэт хөгжөөгүй юм бэ” гэхээр куба иргэд “Америкийн хориг арга хэмжээнээс болоод” гэж хариулах нь бий. Гэвч Кубын эрх баригчид болохгүй бүтэхгүй гэсэн бүхнээ Америкийн хориг арга хэмжээ рүү чихээд сурчихсан хэмээн сөрөг хүчнийхэн шүүмжилдэг юм билээ. Хүйтэн дайны бараг сүүлчийн үлдэгдэл гэгдэж буй хориг арга хэмжээ одоо утгаа алдаж, дэлхийн улс орнууд АНУ-ын Засгийн газарт хандан энэ хоригоо даруй цуцлахыг шаардсаар  байгаа ч Вашингтон үл тоомсорлосоор. Хориг арга хэмжээ мөдхөн байхгүй болно гэдэгт куба иргэд итгэдэг. Харин тэр цагт Кубын улс төрийн системд ямар өөрчлөлт орох бол. 

Хэдийгээр өрнөдийн улс орнууд Кубын нэг намын системийг шүүмжилж, ардчилал, олон намын систем, чөлөөт сонгуулийг шаарддаг ч ах дүү Кастро болон бусад удирдагчид өөрсдийн үзэл бодолдоо үнэнч, тууштай хэвээр байна. Кубад сонгууль болоход сурталчилгааны кампанит ажил гэж болдоггүй. Тухайн тойрогт дэвшсэн хүн нь сонгуулийг тойрог, хороон дээр намтраа, зурагтайгаа өлгөчихдөг гэж байгаа. Өөр сурталчилгаа энэ тэр байхгүй. Манайхан шиг мөнгийг сая, тэрбумаар нь сонгуулийн сурталчилгаандаа зарцуулна гэж байхгүй. Энэхүү хэмнэлттэй, амар сурталчилгааны системийг нь манайх аваад хэрэгжүүлчихвэл зүгээр ч юм шиг санагддаг юм. Жишээ нь, Баянгол дүүргийн 1-р хороонд нэр дэвшсэн Бат, Сүрэн нар янз бүрийн орц, хаалган дээр ухуулах хуудас, плакат нааж, цагаан хоолойгоор дуу тавьж, уулзалт энэ тэрд урина гэхгүй, орой бүр зурагтаар хөтөлбөрөө ярьж залхаахгүй.  Зүгээр л сонгуулийн хэсгүүд дээр намтар, цээж зураг нь наалттай. Сонгогч намтрыг уншиж, гэгээн дүрийг нь хараад л “За, Батад д саналаа өгье” гээд л гүйцээ. Зүгээр биш гэж үү. 
Сүүлийн үед Хайнань, Сингапур, Жэжү рүү завсар зайгүй аялах болсон монголчуудын зам Куба руу эргэнэ гэдэгт итгэж байна. Одоохондоо ганцхан Оросын “Аэрофлот” шууд нислэгтэйн дээр хамгийн хямд гэж байгаа, өөр шууд нислэг алга. Тэр нь бас дундаж монгол иргэнд ахдахаар үнэтэй (УБ-Москва-Гавана-Москва-УБ нислэгийн үнэ гурван сая 300 мянга). Тавдугаар сард Turkish Airlines УБ-аас Туркээр дамжсан шууд нислэг Гавана руу хийж эхлэх юм байна лээ. Энэ мэтээр өрсөлдөөн гарч, нислэгийн үнэ хямдарвал манайхан Куба руу хөвөрнө биз. Аялагч, жуулчдын хувьд бол Куба үнэхээр сонирхолтой, үзэж харах юм ихтэй. Хүн төрөлхний үнэт өвд багтсан, Испанийн колоничлолын үед баригдсан Хуучин Гавана, цагаан элстэй Варадеро амралтын газар гээд л. Варадеро бол далай руу түрж орсон 20 гаруй км үргэлжлэх хошуу. Цагаан элстэй эргийг нь дагаад юу байна гэвэл амралт, зочид буудал л байна. Хямдаасаа аваад үнэтэй хүртэл янз бүрийн үнэтэй, далайн эрэг дээр байж болох бүх л зугаа цэнгээ, усанд шумбалт, завины аялал зэрэг бүх юм бий. Өрөөгөө жуулчдад түрээсэлдэг айлууд ч зөндөө. Энэ нь хямдхан бөгөөд тун тохилог. Эзэд нь тун найрсаг. Кубууд ер нь их найрсаг хүмүүс. Зам, гудамж асуухаар тун дуртай хэлж өгнө. Тэр тусмаа хөгшин хүмүүс нь тун ч найрсаг, манайд орж кофе уу гэж урина. Куба хүмүүс гэснээс куба хүүхнүүдийн тухай ярихгүй өнгөрвөл алдас болно биз. Монгол хүүхнүүдийн хүслэн болсон нөгөө алим шиг бөгс куба хүүхнүүдэд зүгээр л бурхнаас заяасан гэлтэй. Цагаан, хар, бүр жаахан охидууд хүртэл гоолиг, туранхай мөртлөө яг л алим шиг бөгстэй. Нөгөө салса, меренге бүжгээ хийсээр байгаад тийм болчихдог юм уу, бүү мэд. 
Хуучин Гаванын барилга байшин нь их шигүү. Гудамж талбай нь жуулчин, хүн ихтэй. Эртний уран барилга, гудамж, алдартай уушийн газар, музей ихтэй Хуучин Гаванад нэг хэцүү юм бий. Тэрүүгээр явж байгаад куба хүнээс гудамж, хаяг асуух юм уу, эсвэл “Хэй, амиго, сайн уу. Та аль улсаас ирсэн бэ” гэж асуухад нь “Сайн” гээд хариулах л юм бол нөгөөх чинь “За, навчин тамхи сонирхох уу. Худалдаж ав гэж тулгахгүй. Зүгээр ийшээ ороод үзчих” гээд л жинхэнэ ядаргаа болно доо. Нэг залуу навчин тамхи байна гэхээр нь “Ямар үнэтэй юм” гэж асуулаа.

-Хямдхан, хямдхан. Энүүхэн энд, Капитолын (АНУ-ын Вашингтон дахь Капитолын ордонг дуурайлган барьсан Гавана дахь түүхт барилга) ард навчин тамхины үйлдвэр байдаг юм. Хажуугийн гудамжинд нь ажилчид нь амьдардаг. Засгийн газраас сардаа нэг удаа ажилчиддаа хэдэн хайрцаг тамхи өгч тал үнээр нь зарах боломж олгодог юм. Өнөөдөр тэр өдөр нь. Одоо дөрвөн цагт тэр худалдаа нь хаагддаг. Сардаа нэг удаа таардаг өдөр та таарчээ, азтай байна- гэв. За, яахав, очиж үзье гэж бодоод дагаад явлаа. Тэгсэн нэг байрны орц шиг юмаар орж нэг айл руу яваад орчихов. 40 орчим насны бор залуу гэрийнхээ гал тогооны ширээн дээр Cohiba, Romeo Julieta, MonteCristo зэрэг хамгийн алдартай брэндийн навчин тамхинуудыг гоё гоё хайрцагтай нь тавьжээ. Нөгөө залуу “За, жинхэнэ ориг навчин тамхи ийм байдаг юм. Хайрцаг сав нь ийм гоё, тамга тэмдэг, шошготой. Нэг хайрцагтаа 25 ширхэг навчин тамхи байдаг. Сайн, чанартай навчин тамхийг гараараа, алганыхаа хооронд ингэж имэрч гүйлгэвэл доошоо үйрмэг тамхи доошоо унадаггүй юм” гээд л үзүүлж байна. “Тэгээд ямар үнэтэй юм бэ дээ” гэхэд “За, энэ Фидель Кастро, Жон Кеннеди нарын татах дуртай Cohiba брэнд 210 доллар. Үйлдвэрийн үнэ нь 380 доллар. Засгийн газраас нэг удаа ингэж хямдруулж зарах боломж олгодог юм. Та энэ б оломжийг алдаж болохгүй” гээд л ярьж өгч байна аа. 

-Уучлаарай, би Кубад ирээд дөнгөж нэг хонож байгаа болохоор үнэ энэ тэрийг сайн мэдэхгүй байна. Эхний өдрөө тамхи авахгүй. Буцахынхаа өмнөх өдөр л авна. Тэгээд ч таны навчих тамхи надад үнэтэй санагдаж байна.

-Найз аа, энэ ганц боломж шүү. 

-Уучлаарай, би одоо авч чадахгүй нь.

-Ээ, за яахав, 180 доллараар ав. 

-Үгүй ээ, би дөнгөж эхний өдрөө явж байна. 

-Чи манай гэр бүлд туслахгүй юм уу, найз аа. Энийг худалдаж авч манай гэр бүлд туслаач (Ингэж хэлэнгээ хажуугаар нь гүйх жаахан охиноо зааж байна)

-Уучлаарай...

-Чи тэгээд манай гэр бүлд туслахгүй юм биз дээ- гэж нойтон хамуу царайлав. Уучлаарай гээд гэрээс нь гартал “Чи наад залуудаа мөнгө өг” гэв. “Намайг энд дагуулж ирлээ гэж мөнгө өгөх юм уу” гэтэл “Анха” гэж байна. 
Арай ч дээ. Жаахан мөнгө өгсөн болоод салав. Жуулчдыг ажиглан зогсох куба залуус шууд л навчин яриад унах юм. “Алив, ийшээ ороод үзчих” гээд л бараг л чирч, гулдрах нь холгүй. Гэтэл нөгөө сардаа нэг удаа Засгийн газраас брэндийн навчин тамхийг хямдхан зарах зөвшөөрөл өгдөг гэдэг нь худал болж таарлаа. Жуулчдын тэгж панаалддаг бололтой. Өөр гудамжинд таарсан залуус нөгөө л Cohiba-г худалдаж авахыг санал болгож үнэ нь бүр 70 доллар болж буурчээ. Гэхдээ дэлгүүрт бол үнэхээр үнэтэй юм байна лээ. 350-500 доллар. Гэвч “сайхан гарууд” үйлдвэрээс нууцаар гаргаад ийнхүү албан ёсны үнээс нь хямдхан зараад байдаг аж. Куба иргэн бүрт навчин тамхины үйлдвэрт ажилладаг хамаатан садан, танил нөхөд байдаг гэж үнэн бололтой. Бололтой ч юу байхав үнэн юм байна.