Дональд
Трамп АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдлоо
Н.Мөнхжин
АНУ-д тун ширүүн өрсөлдөөнтэй сонгуульж
болж
Бүгд найрамдах намын нэр дэвшигч, 70 настай Дональд
Трамп АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Цагаан ордны эзний сонгуульд
үргэлж шийдвэрлэх нөлөө үзүүлсээр ирсэн Флорида, Охайо, Хойд Каролина мужийн
сонгогчдын ихэнх нь Трампт саналаа өгчээ. Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдоход
шаардлагатай 288 төлөөлөгчийн санал авсан нь нэгэнт тодорхой болсны дараа
Дональд Трамп Нью-Йорк дахь сонгуулийн төв штабт цугласан хамт хүчин үтгэсэн
багийнхан, намын гишүүд, дэмжигчдийнхээ өмнө гарч үг хэллээ. “Та нарыг
хүлээлгэсэнд уучлаарай, тайзан дээр гарч ирэх амаргүй байлаа. Баярлалаа, та
бүхэнд. Дөнгөж сая Хиллари утсаар ярьж баяр хүргэлээ. Би түүнд болон гэр бүлд
нь баяр хүргэсэн. Тэр маш хатуу, нөр их тэмцэл өрнүүлж, гайхамшигтай өрсөлдлөө.
Түүний улс орондоо өргөсөн хүчийг нь бид талархан баяр хүргэх ёстой. Би бүх
америк хүний Ерөнхийлөгч байх болно. Тарж бутраад байгаа улс орноо нэгтгэх
хэрэгтэй болж байна. Би эдийн засгийг сайжруулж, найрсаг гадаад бодлого
баримтлах болно” хэмээн мэдэгдлээ.
Дэлхийн хамгийн хүчирхэг гүрнийг дараагийн дөрвөн жилд
хэн удирдах, алан хядагчид, хэт даврагч байгууллагуудын эсрэг ямар тэмцэл
явуулах, АНУ дотроо эдийн засгийн ямар бодлого баримтлах, америк мөрөөдлөөр
жигүүрлэсэн цагаачдыг хэрхэх гээд АНУ-ын Ерөнхийлөгч болон парламентын дээд,
доод танхимийн сонгууль нь дэлхий дахины хувь заяанд ихээхэн хамаатай үйл явдал
билээ. “Исламын улс” бүлэглэлийг нэн даруй булшлана хэмээн амласан Дональд
Трамп ОХУ-д талтай, Кремлийн удирдагч В.Путинийг шүтэн биширдэг гэж мэдэгдэж
байсан нь ихээхэн сонирхол татаж байна. Нам доторх сунгаа, намын их хурлаар нэр
дэвшигчээ батлах, дараа нь хоёр гол өрсөлдөгчийн сонгуулийн кампанит ажил гээд
жил гаруйн турш дэлхий дахиныг шуугиулсан сонгууль ийнхүү дууслаа. Ойрхи Дорнод
дахь дайн хямрал, дүрвэлт, Ирак, Сири, Афганистан, Пакистан дахь террористуудын
үүр уурхай, амиа золиослогч алан хядагчдын сүлжээг таслан зогсоож дэлхий даяар
энх тайван тогтооход АНУ-ын оролцоо тун чухал юм. Энэ бүгдийг удирдан зангидах
үүргийг 70 настай Дональд Трамп хүлээж байна. Тэрээр 2017 оны нэгдүгээр сарын
20-нд АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөж бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлэх юм.
No comments:
Post a Comment