Saturday, 5 November 2016



Ерөнхийлөгчийн хоёр туслахыг баривчлах шийдвэр гаргажээ

Улс орныг удирдан захирахад хууль бусаар хөндлөнгөөс оролцсон хэргийг шалгах хүрээнд Сөүлийн шүүх Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн хоёр экс туслахыг баривчлах шийдвэр гаргажээ. Ерөнхийлөгч Пак Гын Хегийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Ан Чон Бумыг эрх мэдлээ ашиглаж нууц мэдээллийг задалсан хэмээн үзэж байгаа юм. Амралтын өдрөөр Сөүл хотын гудамжинд мянга гаруй хүн цуглаж Пак Гын Хег даруй огцрохыг дахин шаарджээ. Аравдугаар сарын сүүлчээр телевизийн нэг сэтгүүлч Сөүлийн зочид буудлын хогийн савнаас 2012-2014 оны төрийн нууц баримттай таблетийг олсноор шуугиан дэгдсэн билээ. Тэдгээрийн дунд  Пак Гын Хегийн илтгэлийн 44 гар бичмэл байсан юм. Ерөнхийлөгчийн хэлэх үгийг түүний найз, сөрөг хүчнийхэнд “Үзмэрч” хэмээн нэрлэгддэг Чхе Сун Сил засч, янзалдаг байжээ. Мөрдөн байцаагчид Сун Силийг төрийн хэрэгт “хошуу дүрснийхээ” төлөө мөнгөн шагнал авдаг байсан хэмээн хардаж байна.

Үндсэн хуулиас болж зодолдож байна

Италийн Флоренц хотод Үндсэн хуулийн талаарх санал асуулгыг эсэргүүцсэн хэдэн зуун хүн цагдаа нартай ширүүн зодолджээ. Жагсагчид утаа гаргагч, дэлбэрэх бодис шидэж, цагдаа нар хариуд нь нулимс асгаруулагч хий хэрэглжээ. Нэг цагдаа хөлөндөө бэртэл авсан аж. Идэвхтнүүд Италийн Ардчилсан намын их хурал болж буй ордны гадаа цуглаж “Ренцийг огцруулъя” гэсэн зурагт хуудас барьжээ.
Ерөнхий сайд Маттео Ренци Сенат болон бүс нутгийн парламентын эрх мэдлийг багасгах санаачилга гаргаж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх санаатай байна. Гэвч энэ нь Ерөнхий сайдад хэт их эрх мэдлийг төвлөрүүлнэ хэмээн эсэргүүцэж байгаа аж. Харин Ренци “Миний санаачилга парламент, Засгийн газрын үйл ажиллагааг тогтворжуулахад чиглэсэн” хэмээн тайлбарлаад арванхоёрдугаар сарын 4-нд болох бүх нийтийн санал асуулгаар санал нь дэмжлэг авахгүй бол огцорно гэж хэлжээ. Судалгаагаар, Италийн иргэдийн ихэнх нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжихгүй гэсэн дүн гарчээ.

Орнелла Мути Оросын иргэн болж магадгүй


Италийн нэрт жүжигчин Орнелла Мути Оросын иргэншилтэй болохоор бичиг баримтаа бүрдүүлж байна хэмээн түүний клипийг хийсэн продюсер Александр Ревва ярьжээ. “Орнелла аль дээрээс Орост амьдрах болсон. Тэрээр Оросын иргэн болохоор шийдэж, хууль ёсны үйл явцыг хийх гэж байна” хэмээн Ревва өгүүлэв. Тэрээр “Челентано шиг” хэмээх клиптээ “Зөрүүд эрийг номхотгосон” сүйт бүсгүйг тоглуулсан юм. Орнелла Мути 60 орчим кинонд тоглож, Италийн болон дэлхийн кино урлагийн түүхэнд хүндтэй байр суурь эзэлдэг. Саяхан Холливудын жүжигчин Стивен Сигал бас Оросын иргэн болжээ. 

No comments:

Post a Comment