Тереза
Мэй Brexit-ийн үйл явцыг эхлүүлэв
Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Их Британийг Европын
холбооны бүрэлдэхүүнээс гаргах үйл явцыг албан ёсоор эхлүүлэх баримт бичигт
гарын үсэг зурж баталжээ. Лиссабоны гэрээний 50-р бүлгийг үндэслэн Европын
холбооноос гарах үйл явцыг эхлүүлж байгааг албан ёсоор мэдэгдэж буй захидлыг
Европын зөвлөлийн тэргүүн Дональд Тускт хүргүүлсэн байна. Европын холбоон дахь
Их Британийн төлөөлөгч Тим Барроу гуравдугаар сарын 29-ний 12.30 цагт (Лондоны
цагаар) Ерөнхий сайдынхаа захидлыг гардуулж өгснөөр Brexit буюу Их Британи
Европын холбооны бүрэлдэхүүнээс гарах үйл явц албан ёсоор эхэллээ. Үүний дараа
Тереза Мэй сайд нарын танхимийн гишүүдтэй уулзалт хийж, Британийн парламентад
үг хэлжээ. Тэрээр парламентын гишүүд, лордуудын өмнө хэлсэн үгэндээ Европын
холбоог орхих үйл явц эхэлснийг онцолсон юм. “Энэ улс орны хүн тус бүрт
хэрэгтэй шийдвэрийг гаргасан гэдэгтээ итгэлтэй байна. Европын холбооноос гарах
шийдвэр нэгэнт гарсан тул ард иргэд, улс орныг эв нэгдэл, нягтралд уриалж байна”
хэмээн Мэй хэлжээ.
Тереза Мэй Brexit-ийг албан ёсоор эхлүүлэхээсээ өмнө,
мягмар гаригт Европын зөвлөлийн дарга Дональд Туск, Европын холбооны Засгийн
газрын тэргүүн Жан-Клод Юнкер, Германы канцлер Ангела Меркель нартай утсаар
ярьсан байна. Европын холбооны лидерүүдийн дээд хэмжээний уулзалт өчигдөр эхлэхэд
Их Британийн төлөөлөл байсангүй. Энэ уулзалтаар Европын холбооны Засгийн газарт
Brexit-ийн талаар хэлэлцээ хийх эрхийг олгох аж. Үүний дараа Жан-Клод Юнкер
тэргүүтэй Европын холбооны гүйцэтгэх засаглал яриа, хэлэлцээний төлөвлөгөөг
батлах юм. Их Британи, Европын холбооны хоорондох хэлэлцээ тавдугаар сард
эхэлнэ хэмээн мэдэгдлээ. Лиссабоны гэрээний 50-р бүлэгт зааснаар, хэлэлцэгч
талууд аль нэг улс орныг Европын холбооноос гаргах тохиролцоонд хоёр жилийн
дотор хүрэх ёстой. Мөн талууд тохиролцсоны үндсэн дээр энэ хугацааг сунгаж
болдог аж.
Британийн парламентын лордуудын танхим гуравдугаар сарын
эхээр Европын холбооноос гарах үйл явцыг эхлүүлэх эрхийг Засгийн газарт өгч буй
хуулийг баталсан билээ. Их Британийн Европын холбоог орхих хүслийг Европын
холбоонд уламжлах эрх ийнхүү Ерөнхий сайдад шилжсэн юм. Лондоны Засгийн газар
улс орноо Европын холбооноос гаргах төлөвлөгөөг хоёрдугаар сарын эхээр баталсан
аж. Төлөвлөгөөний дагуу, Их Британи Европын холбооны нэгдсэн зах зээлийг орхиж,
Европын холбоотой худалдаа хийх гаалийн дүрэм журмаа шинэчлэх ажээ. Их Британи
мөн Европын холбооны шүүхийн тогтолцооноос гарч, цагаач, дүрвэгчдийн давалгаанд
хяналт тавих өөрсдийн системийг бий болгох юм.
Хятадад асар их нөөцтэй алтны уурхай олджээ
Хятадын түүхэнд байгаагүй их нөөцтэй алтны уурхайг
илрүүллээ хэмээн China News агентлаг Shandong Gold Group компанийн эх
сурвалжаас иш татан мэдээлэв. Зүүн хэсгийн Шаньдун мужийн Зяодун ольтриг дээр
382 тн алтны нөөцтэй алтын уурхай олдсон аж. Уг уурхайн нөөц 22 тэрбум
доллараар үнэлэгдэж байна. Үнэт металлын нөөц хоёр км зайд тархаж, давхаргын
зузаан нь 67 метрт хүрч байгаа аж. Энэ уурхайг ашиглалтад оруулж бүрэн хүчин
чадлаар нь ажиллуулбал өдөрт 10 мянган тн алт олборлоно хэмээн China News
онцлов. Shandong Gold Group-ийн илрүүлсэн шинэ алтны уурхайг 40 жилийн турш
ашиглана хэмээн мэдэгдлээ.
Леди Гага 31 хүрлээ
Гурван жил завсарласны эцэст дэлхийг тойрсон аялал
тоглолт хийхээр болсон АНУ-ын дуучин Леди Гага 31 нас хүрч байна. Наймдугаар
сард эхлэх түүний аялан тоглолтын бүх тасалбар зарагдаад дуусчээ. Тиймээс зарим
улс, хотод нэмэлт тоглолт хийх талаар яригдаж байна. Леди Гага хамгийн сүүлд гаргасан
Joanne хэмээх цомогтоо халуун, янаг үгтэй дуунууд багтаасан нь ихээхэн шуугиан
дэгдээжээ. Эхэндээ энэ цомгийн борлуулалт хүсэн хүлээж байсан хэмжээнд хүрээгүй
ч тэрээр Super Bowl-д дуулсны дараа борлуулалт эрс нэмэгдсэн юм.
Этгээд хувцаслалт, хэв загвараараа ялгардаг нэрт дуучин
Леди Гага 31 насныхаа ойтой ганц бие золгожээ. Тейлор Киннитэй таван жил хамт
амьдарч, гэрлэхдээ хүртэл тулсан ч тэд саяхан салсан юм. Сүүлийн үед тэрээр
Жастин Бибер, Майли Сайрусын төлөөлөгчөөр ажиллаж байсан Кристиан Каринотой
найзалж байна гэсэн яриа гарсан ч үүнийг батлах нэг ч гэрэл зураг гарч ирээгүй
байна.






















