Элтон Жон 70 хүрлээ
Английн нэрт дуучин, хөгжмийн зохиолч Элтон Жон 70 нас
сүүдрийг зооглолоо. Тэрээр урлагийн замналдаа хэд хэдэн “Грэмми”, нэг “Оскар”
авч байв. Billboard сэтгүүл түүнийг бүх цаг үеийн хамгийн амжилттай дуучдын
нэгээр нэрлэсэн юм. Сэр Элтон Жон дэлхийн хамгийн алдартай дуучин төдийгүй мөн
хамгийн зартай ижил хүйстэн билээ. Тэрээр ижил хүйстэн хандлагатай хүмүүсийн
эрхийг хамгаалж, ДОХ-ын эсрэг тэмцлээрээ танигдсан нэгэн. Элтон өөрийн олон
жилийн хамтран амьдрагч Дэвид Ферништэйгээ 2014 онд гэрлэсэн юм. Тэд хоёр
хүүхэд үрчлэн авч өсгөж байна. Элтон Жон 50 гаруй жилийн замналдаа 300 сая
гаруй цомгоо борлуулжээ. Түүний дуунууд 40 удаа Billboard-ийн шилдэг жагсаалтад
багтаж, 30 жилийн турш аль нэг дуу нь шилдэг 100-д орж байлаа. 1997 онд Уэльсийн
гүнж Дианад зориулж гаргасан “Candle in the Wind 1997” сингл цомог нь дэлхий
даяар 33 сая хувиар зарагджээ.
Ф.Гюленийг Туркт шилжүүлж өгөх талаар ярилцжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх
асан Майкл Флинн Туркт төрийн эргэлт хийх оролдлогод буруутгагдаж байгаа
Фетхулла Гюленийг шилжүүлж өгөх боломжийн талаар Анкарагийн хүмүүстэй ярилцсан
байж магадгүй байна. Флинн болон Туркийн төлөөлөгчдийн хоорондох уулзалтын
талаар ТТГ-ын тэргүүн асан Жеймс Вулси ярьжээ. Тэрхүү албан бус уулзалт
өнгөрсөн оны есдүгээр сард Нью-Йоркийн нэгэн зочид буудалд болсон аж. Туркийн
талаас Ерөнхийлөгч Эрдоган болон Гадаад хэргийн сайд Чавушоглугийн хамаатнууд
уулзалтад ирсэн хэмээн баталж байна. Вулси тэр уулзалтад хоцорч ирсэн бөгөөд
түүнийг байхад Гюленийг АНУ-аас Туркт шилжүүлж өгөх талаар нухацтай ярилцаж
байсан аж. М.Флинны төлөөлөгч ч ийм уулзалт болсныг няцаасангүй.
Майкл Флинн АНУ дахь ОХУ-ын элчин сайдтай хэд хэдэн удаа
холбоо барьж, энэ тухай бүрэн мэдээллээ Ерөнхийлөгчид танилцуулаагүйн улмаас
Д.Трампын зөвлөхын албан тушаалаас огцорсон билээ. Өнгөрсөн оны долдугаар сард
Туркт бүтэлгүйтсэн төрийн эргэлтэд буруутгагддаг Фетхулла Гюлен АНУ-д
амьдардаг. Гюлен тэрхүү төрийн эргэлтэд ямар нэг холбоогүй, хэрвээ Анкара ямар
нэг баттай нотолгоо олох юм бол өөрөө Туркт буцан очиж шүүхийн өмнө зогсоно
хэмээн мэдэгджээ.
Лондоны террорист ганцаараа байжээ
Их Британийн парламентын ордны гадаа хүмүүс рүү довтолсон
этгээд нь ямар нэг хамсаатангүй ганцаараа байсан хэмээн цагдаагийн газраас
мэдэгдэв. “Тэр яагаад ийм аллага үйлдэх болсон нь тодорхойгүй байна. Тэр
ганцаараа энэ хэргийг үйлдсэн нь батлагдлаа” хэмээн Лондоны цагдаагийн газрын
төлөөлөгч Нейл Басу мэдэгдэв. Одоогоор шинэ халдлага гарах аюул байхгүй байгааг
тэрээр онцолжээ. Энэхүү халдлагын дараа Бирмингем хотод 11 хүнийг баривчилсан ч
10 нь энэ хэрэгт холбогдолгүй болох нь батлагдсан юм. Нэг хүнийг сэжиглэн
шалгасан хэвээр байна.
Англид төрсөн Адриан
Рассель хэмээх 52 настай эр (Дараа нь нэрээ Халид Масуд болгон сольсон) Вестминстерийн
гүүрэн дээр автомашинаар хүмүүсийг дайрч дараа нь парламентын ордны хашааг
мөргөжээ. Тэрээр автомашинаас гарч нэг цагдааг хутгалж амь насыг нь хохироосон
юм. Энэ халдлагын улмаас нэг цагдаа, гүүрэн дээр явж байсан дөрвөн хүн амь
насаа алджээ. Халдлага үйлдсэн этгээдийг цагдаа нар буудаж устгасан байна. Халид
Масуд 1992-95 онд Босни Герцоговины дайнд оролцож байсан аж.

No comments:
Post a Comment