Уугуул иргэдийг хөөж гаргана
Герман улс террорист үйл ажиллагаанд сэжиглэгдсэн хоёр
иргэнээ улс орноос хөөж гаргахаар болсноо зарлав. Дотоод яамны төлөөлөгч
мэдэгдэж буйгаар, Германы газар нутаг дээр цагаачдын гэр бүлд мэндэлсэн
хүмүүсийг анх удаа хөөн гаргаж буй тохиолдол болж байгаа ажээ. Тэднийг мөн
Герман руу буцаж орохыг нь хориглож байгаа аж. Нигер болон Алжир гаралтай хоёр
иргэн өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр Германы төвийн хэсгийн Геттинген хотод
баривчлагдсан юм. Нигери гаралтай нь 22, Алжир гаралтай иргэн нь 27 настай. Германд
төрсөн, эсвэл аав, ээжийнх нь аль нэг нь герман бол Германы иргэншил олгож
болдог ажээ.
Энэхүү хоёр этгээдийг террорист үйл ажиллагаанд бэлтгэж
байсан хэмээн сэжиглэн баривчилсан юм. Тэдний гэрийг нэгжихэд галт зэвсэг, сум,
“Исламын улс” бүлгийн далбаа олджээ. Харин тэднийг галт зэвсгээрээ гэмт хэрэг
үйлдэх гэж байсан хэмээн албан ёсоор буруутгалгүй улс орноос хөөн гаргахаас
болсон байна. 2016 оны арванхоёрдугаар сарын 19-нд Берлин хотод ачааны машин
Зул сарын баярын зах руу дайран орж 12 хүний аминд хүрч, 49 хүнийг гэмтээсний
дараа Германд аюулгүй байдлын арга хэмжээг чангатгасан билээ. “Исламын улс”
бүлэг энэ хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн юм. Германы хууль хяналтын
байгууллага Тунисаас гаралтай Анис Амри хэмээх этгээдийг энэ хэрэгт сэжиглэн
эрэн сурвалжилж байв. Тэрээр зугтаж амжин Итали руу гарсан ч бичиг баримт
шалгаж байсан цагдаа нартай тулгаран буудалцах үеэр алуулсан байна. Берлины халдлагын
дараа канцлер Ангела Меркель оршин суух эрх авч чадаагүй дүрвэгчдийг эх нутаг
руу яаралтай буцаахыг уриалсан юм. Хоёр жилийн өмнөөс Европ руу давалгаалан орж ирэх болсон Сири болон Ойрхи Дорнодын орнуудын цагаачид голчлон Германыг зорьж байна. Өнгөрсөн хоёр жилд тус улс дайн байлдаантай орнуудын нэг сая 600 мянга гаруй дүрвэгчийг хүлээж авчээ.
Хакер 100 сая доллар луйварджээ
Литва улсын иргэн Элдас Римаускас АНУ-ын компаниудаас 100
сая доллар луйвардаж авсан хэрэгт буруутгагдлаа хэмээн Нью-Йорк мужийн холбооны
прокурорын газраас мэдэгдэв. Тэрээр АНУ-ын хоёр томоохон корпорацийн цахим
шуудан руу нэвтэрч тэдний данснаас өөр байгууллага руу 100 гаруй сая доллар
шилжүүлсэн аж. Литва хакер кибер луйвар хийсэн хэрэгтээ 20 жилийн ял авч
магадгүй байна. Одоо тэрээр түр баривчлагдаад байгаа аж. Саяхан өөрсдийгөө Turkish
Crime Family хэмээн нэрлэсэн хакерчдын бүлэг iPhone ухаалаг утасны сүлжээг
эвдэлнэ хэмээн сүрдүүлж Apple компаниас ихээхэн хэмжээний мөнгө нэхжээ.
Холбооны мөрдөх товчоо, цахим гэмт хэргийг мөрдөх хэлтэс хакерчдын бүлгийг
илрүүлэхээр ажиллаж байна.
377 мянган хаягийг терроризмыг сурталчилсан хэмээн хаажээ
Twitter сүлжээний захиргаа 2016 оны сүүлчийн хагаст 377 мянган
хаягийг терроризм, хэв даврах үзлийг сурталчилсан хэмээн хаасан байна. “2016
оны зургадугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31 хүртэл 376 мянга 890
хаягийг терроризм сурталчлахтай холбоотой дүрэм журмыг зөрчсөн хэмээн хааж
устгасан” хэмээн 140 тэмдэгтэд багтаан мэдээлэл солилцдог нийгмийн сүлжээний
хэвлэлийн албанаас мэдэгдэв. Терроризмын эсрэг хуулийн зөрчсөн хаягнуудын 74
хувийг буруу, өдөөн турхирсан мэдээллийг илрүүлдэг дотоод програмын
тусламжтайгаар илрүүлсэн байна. Турк, Франц, Оросын Засгийн газар Twitter-ийн ямар нэг хаягийг устгах, хаах хүсэлтийг хамгийн идэвхтэй илгээдэг ажээ.
Хүүхэлдэйн улаан дэнлүүний газар нээгджээ
Испанийн Барселона хотод Lumidolls хэмээх хүүхэлдэйн
улаан дэнлүүний газар хоёр долоо хоногийн өмнө нээгджээ. Sant Miquel гудамжинд
нээгдсэн энэхүү газар эрчүүдийн сонирхлыг ихэд татаж байгаа ч үүнийг даруй хаах
ёстой гэсэн санал, гомдол зарим иргэн, байгууллагаас ирээд байна. Цагдаагийн
газраас Lumidolls янхны газрыг шалгахад ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй,
үйлчлүүлэгч байхгүй байсан аж. Тус газрын хүүхэлдэйнүүдээр хагас цаг “үйлчлүүлэхэд”
80 еврогийн төлбөртэй. 45 минут цэнгэе гэвэл 100 евро, нэг цаг бол 120 еврогийн
үнэтэй. Одоогоор энэхүү улаан дэнлүүний газарт найман хүүхэлдэй үйлчлүүлэгчдээ
хүлээгээд зогсож байна. 161-170 см өндөртэй хүүхэлдэйнүүд бараг л амьд хүүхэн
мэт мэдрэмж төрүүлнэ хэмээн Lumidolls-ийн менежер ярилаа.
Пуужингийн туршилт амжилтгүй болов
Хойд Солонгос өчигдөр ээлжит пуужингийн туршилтаа хийсэн
ч амжилтгүй боллоо хэмээн Өмнөд Солонгос, Америкийн цэргийнхэн уламжлав. Пуужин
хөөрснөөсөө хойш хэдхэн секундын дараа дэлбэрсэн хэмээн АНУ-ын зэвсэгт хүчний
төлөөлөгч мэдэгдэв. Харин хойдууд ямар төрлийн хэдэн пуужин харвасан нь
тодорхойгүй байгаа аж. Пхеньян сүүлийн үед НҮБ-ын хоригийг зөрчин пуужингийн
туршилт явуулсаар байгаа юм. Гуравдугаар сарын 6-нд Хойд Солонгосын тал Япон
тэнгис рүү нэгэн зэрэг дөрвөн пуужин харвасан. Тус улсын эрх баригчид мэдэгдэж
буйгаар, Пхеньяны арми Япон дахь Америкийн цэргийн баазад цохилт өгөх туршилт
хийж байгаа аж. Гурван пуужин Японы Ога ольтригоос 300-500 км-ийн зайтай унасан
байна. Үүний дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон “Мэдээж
бид цэргийн мөргөлдөөнд хүрэхийг хүсэхгүй байна. Гэвч Хойд Солонгосын тал Өмнөд
Солонгос, эсвэл манай цэрэгт заналхийлсэн үйлдэл гаргавал зохих хариуг нь өгөх
болно. Хэрвээ Пхеньяны зэвсэглэлийн хөтөлбөр цэрэг дайны арга хэмжээ авахуйц
заналхийлсэн түвшинд хүрвэл бидэнд бас боловсруулсан хувилбар байгаа” хэмээн
онцолжээ.




No comments:
Post a Comment