Цунамийн хохирогчдод хүндэтгэл үзүүлэв
2011 оны цунамид нэрвэгдсэн хүмүүсийн дурсгалыг
хүндэтгэсэн арга хэмжээ өчигдөр Японд болж Ерөнхий сайд Шинзо Абэ, хунтайж
Акишино нар оролцжээ. Өдрийн 14:46 цагт нэг минут чимээгүй зогсчээ. Зургаан
жилийн өмнөх өдөр яг энэ цагт Японы эрэгт газар хөдөлж аймшигтай давалгаа
үүссэн юм. Цунамийн хохирлыг арилгаж дэд бүтцийг сэргээх ажил бараг дууссан
хэмээн Шинзо Абэ мэдэгдлээ. “Байгалийн гамшгийн дараа тусласан бүх улс оронд
талархаж байна. Бид өөрсдийн туршлагаа ашиглаж байгалийн гамшгаас сэргийлэхэд
хувь нэмэр оруулахыг хүсч байна” хэмээн тэрээр онцллов.
2011 оны гуравдугаар сард Японы зүүн хойд эргийн далайд
газар хөдөлсний улмаас 15 метр өндөртэй давалгаа үүсч эх газар руу орж ирсний
улмаас 18 мянган хүн амь насаа алдсан юм. “Фукушима-1” цөмийн цахилгаан станц
үерт автан сүйрчээ. 2011-2015 онд сэргээн босголтын үйл явцад 220 тэрбум доллар
зарцуулжээ.
Сүүлийн 72 жилд гараагүй хүмүүнлэгийн хямрал
Дэлхийн II дайны төгсгөлөөс хойш
байгаагүй хүмүүнлэгийн хямрал дэлхий нийтийг нөмрөөд байна хэмээн НҮБ-аас
мэдэгдлээ. Йемен, Өмнөд Судан, Сомали, Нигерид 20 сая хүн өлсгөлөнд нэрвэгдээд
байна. НҮБ-ын Хүүхдийн сангаас мэдэгдэж буйгаар, энэ онд 1.4 сая хүүхэд
өлсгөлөнгөөр хорвоог орхиж магадгүй байгаа аж. Яаралтай арга хэмжээ авахгүй бол
дээрх улсууд дахь нөхцөл байдал хүндэрч гамшгийн хэмжээнд очно хэмээн НҮБ-ын
Ерөнхий нарийн бичгийн даргын хүмүүнлэгийн асуудал хариуцсан орлогч Стивен
Брайан ярилаа. Улс орнууд үйл ажиллагаагаа нэгтгэхгүй байгаагийн улмаас хүмүүс
өлсгөлөнгөөр үхэж байна хэмээн тэрээр онцлов. Гамшгаас сэргийлэхийн тулд
долдугаар сараас өмнө 4.4 тэрбум долларын тусламжийг хүргэх ёстой хэмээн үзэж
байна. Сомали, Өмнөд Судан, Йеменд зэвсэгт мөргөлдөөн нэмэгдэхийн хэрээр
хүмүүнлэгийн нөхцөл байдал улам хурцадсаар байна. Нигерид радикал лал босогчдын
үйл ажиллагаа идэвхжсэний улмаас олон арван мянган хүн орон гэрээ орхин дүрвэх
болжээ.
Голланд дахь туркууд үймээн дэгдээжээ
Туркийн Ерөнхийлөгч Эрдоганыг дэмжсэн турк иргэд
Голландын Роттердам дахь Туркийн
консулын газрын өмнө эсэргүүцлийн жагсаал хийж цагдаа нарын эсрэг хүч
хэрэглэжээ. Цагдаа нар жагсаалын тараахын тулд усан буу ашиглаж, туркууд чулуу,
лонх шидэж байв. Голландад ирсэн Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу,
Нийгмийн бодлогын сайд Фатим Бтюль нар Роттердамд амьдардаг турк иргэдтэй
уулзахыг хүссэн ч Голландын эрх баригчид зөвшөөрөөгүй юм. Үүнд эгдүүцсэн турк
иргэд жагсаал хийжээ.
Гуравдугаар сарын 15-нд Голландад болох сонгуульд Герт
Вилдерсийн Эрх чөлөөний нам ялалт байгуулж магадгүй байна. Тус нам улс орондоо
лал шашныг хориглож, Голландыг дахин агуу улс болгоно хэмээн амлаж байгаа аж.
Голландад 400 мянган турк үндэстэн амьдарч байна. Мөн Австри, Герман,
Швейцарийн эрх баригчид Туркийн албаны хүмүүсийг турк иргэдтэй уулзахыг
хоригложээ.

No comments:
Post a Comment